Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
А.Эрдэнэбулган: УИХ одоо тарвал Үндсэн хуулийг урвуугаар ашигласан явдал гэж хэлж болно

Сүүлийн үед УИХ-ын зарим гишүүн УИХ-ыг тараах тогтоолд гарын үсэг зурж байгаа мэдээлэл гараад байгаа. Өөрөөр хэлбэл ЖДҮ-чин гишүүд хэрэгтээ барьцаалагдаж ийм зүйл хийж байгаа гэсэн яриа бий. Ингээд УИХ тарах эсэх асуудлаар Улс төр судлаач Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-УИХ-ыг тарах тогтоолд зарим гишүүн гарын үсэг зурсан мэдээлэл бий. Хэрэв УИХ тарвал манай улсад тэр дундаа улс төрийн хүрээнд ямар үр дагаварт хүрэх вэ?

-Одоогоор УИХ-ыг тараахаар гарын үсэг зуруулсан баталгаатай баримт нь олон нийтэд ил болоогүй байгаа. Гэвч УИХ гэнэт яагаад тарж ээлжит бус сонгууль явуулах яриа, мэдээлэл гарах болсныг судлаач хүний хувьд хоёр зүйл дээр анхааран ажиглаж байнна. Нэгдүгээрт, УИХ өөрөө тарах хууль зүйн ямар үндэслэл байна вэ гэдэг асуудал бий. УИХ тодорхой хэдэн үндэслэлээр өөрөө тардаг. Тухайлбал, Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол тарна. Мөн улсын төсвөө баталж чадахгүй бол тарна. Эдгээрээс гадна Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёрт зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй, боломжгүй боллоо гэж үзвэл тарах үндэслэл, шалтгаан болно. Энэ нь УИХ ард иргэдээ төлөөлж, хуулиа батлах ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Гэтэл хуулиа баталж байна. Тэр ч бүү хэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд ард түмнээс асуух эхийг баталчихсан. Тэгэхээр УИХ өөрөө тарах асуудал нь учир зүйн хувьд логикгүй болчхоод байгаа юм. Яах вэ нөгөө талаас нь харвал өнөөгийн УИХ нэр хүнд ёс суртахууны хувьд унасан байж магадгүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэр хүнд нь шалдаа буутал унах үйл явдал их боллоо. Гэхдээ буруутай гишүүд нь торгууль шийтгэл, ял зэмлэл байдаг бол түүнийгээ хүлээгээд тарвал ойлгомжтой асуудал. Нэг ёсондоо ёс зүйн хувьд үйл ажиллагаа явуулах чадамжгүй боллоо гэж хэлж болно. Харин ийм арга хэмжээ авахгүй зүгээр л улстөрийн тооцоо хийсэн үйлдэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл эрх баригч МАН рейтинг арай гайгүй байгаа дээрээ нөхөн сонгууль явуулах тооцоо хийж байх шиг байгаа юм.

-Тэгэхээр нөхөн сонгуулийн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явуулах Ард нийтийн санал асуулгатай хамтатгаж хийх мэдээлэл гарлаа. Үүнийг та улс төр судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Ард нийтийн санал асуулгыг төсвийн хөрөнгөөр зохион байгуулна. Үүнийг төрийн алба буюу төрийн механизм зохион байгуулах учиртай. Энэ байдал нь төрийн эрх барьж буй намд ашигтай, давуу тал болно. Шууд хэлэхэд төсвийн мөнгөөр сонгуулийн зардлаа хийж төрийн албыг ажиллуулна гэсэн үг. Мөн давхар өөрсдийн сонгуулийн сурталчилгаагаа хийчихнэ. Тэгэхээр УИХ гишүүн хүн арваннэгдүгээр сард сурталчилгаа хийгээд явбал үл ойлгогдох нөхцөл үүснэ. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх Ард нийтийн санал асуулгыг сурталчлаад байна уу, эсвэл өөрийгөө сурталчилж байна уу гэсэн асуудал гарах юм. Товчхон хэлбэл төсвийн зардлаар төрийн албыг дайчлаад сонгууль хийх давуу тал МАН-д бий болно гэсэн үг. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах эсэх Ард нийтийн санал асуулгаа л дангаар нь явуулах ёстой. Энэ нь Монгол Улсын нэн шинэ үеийн түүхэнд буюу 1990 оны Ардчилсан хувьсгал, 1992 оны ардчилсан Үндсэн хуулиас хойш тохиож буй түүхэн үйл явц. Өөрөөр хэлбэл улс орны бодлогын шинж чанартай асуудлаа ард түмнээр шийдүүлэх гэж байгаа юм. Магадгүй ойрын тавь, зуун жил тохиохгүй үйл явц ч байж болно. Тэгэхээр үүнийг 2016 онд үнэмлэхүй олонхоор сонгогдоод 2020 онд дүнгээ тавиулах гэж байгаа нөхдийн асуудалтай хольж хутгаж болохгүй юм.

-Тэгвэл өнөөдөр эрх барьж буй МАН улс төрийн тооцоо хийж ээлжит бус сонгууль явуулах үйл явц өрнөж байгаа явдал нь Үндсэн хууль зөрчиж “Төрийн эрхийг хууль бус аргаар авахыг санаархаж буй үйл явдал” гэж ойлгож болох уу?

-Харин тийм. Үндсэн хуулийн хорин хоёрдугаар зүйлийн 2-т “УИХ чадамжгүй болоод өөрөө тарлаа” гэсэн утгатай заалтыг урвуугаар ашигласан явдал гэж хэлж болно. Хуулийг урвуугаар ашиглаад УИХ-д дахин нэр дэвшээд сонгогдох нь төрийн эрхийг хууль бус аргаар авлаа гэж дүгнэж болохуйц үйл явдал өрнөөд байгаа юм.

-Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулга, УИХ тарах үйл явц нь манай улсыг төрийн хямрал руу түлхэж магадгүй нь гэж үзэж болох нь ээ дээ?

-Би хувьдаа хямрал гэхээс илүү ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа. Хэрэв Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталж чадахгүй бол яах вэ гэдэг асуудал бий. Нэг ёсондоо дараагийн үйл явц юу вэ гэдэг асуулт гарна аа даа. Гэтэл батлах гээд явж байсан УИХ нь тарчихлаа гэж бодъё. Дараагийн гарч ирсэн УИХ юу хийх вэ, ямар байдалтай байх бол гэсэн ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тарсан УИХ-тайгаа хамт цэг тавиад түүхэнд үлдэх үү, эсвэл шинэ бүрдсэн УИХ нь Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг аваад явах уу гэх мэт үйл явдлууд ар араасаа гарна. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийн санал асуулгыг ээлжит бус сонгуультай хамтарч зохион байгуулах юм бол УИХ-ын даргыг сонгох, Засгийн газраа бүрдүүлэх гэж нэлээд цаг авна. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард түмнээр батлагдлаа гэхэд шинэ УИХ нь түүнийг мөрдөж Засгийн газраа томилох уу, үгүй юу гэдэг асуудал ч бас гарч ирнэ. Магадгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард түмний санал асуулгаар батлагдахгүй, УИХ нь ч тарлаа гэж бодсон ч ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Үүнд ард түмэн ямар хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй.

-Өнөөгийн УИХ-ын үйл ажиллагааг та улс төр судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ УИХ-ын үйл ажиллагааг гурван үед хуваан үзэж болно. Нэгдүгээрт, 2016-2017 оныг дуустал Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдсэн. Ерөнхийлөгчид М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр ажилласан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өөрсдийн томилсон Ж.Эрдэнбатын Засгийн газрыг унагахын төлөө УИХ ажилласан. Өөр юу ч хийгээгүй. Үүний дайварт нь УИХ-ын дарга М.Энхболдоо солих үйл явц өрнөснийг хүмүүс мэднэ. Гуравдугаарт, өнгөрсөн жилээс эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ярилаа. Тэгэхээр энэ УИХ-ыг гаднаас нь ажиглахад ийм л гурван ажил байна аа даа. Эндээс хамгийн амжилттай зөв хийсэн ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэж хэлж болно. Гэтэл энэ ажлынхаа ард гарч чадахгүй байна шүү дээ. Энэ УИХ-д хүмүүс өөр өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгсөн байх.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэр үр дүнтэй болж байна вэ?

-Сурагчид дүн тавьж байгаа юм шиг тэр сайн, энэ нь муу гэхэд хэцүү. Анх төлөвлөсөн зорилгодоо хүрч чадаагүй гэж ойлгож байгаа. УИХ-ын 62 гишүүний анх өргөн барьсан төсөл нь Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлээд, Ерөнхий сайд нь ажлаа мэдээд асуудлаа шийдээд бие даагаад ажиллах боломжтой өөрчлөлт орох төсөл харагдаж байлаа. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд нь улс орны хөгжлийн зүтгүүр болох төсөл байсан юм. Гэтэл нэг, хоёрдугаар хэлэлцүүлэгт ороод УИХ-аар шүүгдээд явахдаа маш олон сайн саналыг унагасан. Энэ нь цэвэр улс төрийн л үйл явдал байх л даа. Эхлээд УИХ-ын 62 гишүүн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд гарын үсгээ зурж үзэл бодол, байр сууриа нэгтгээд бүгд дэмжиж байна гэж ойлгож өргөн барьсан. Харин замаасаа зарим нь эргэж буцаад гол гол заалтаа унагасан шүү дээ. Хэдийгээр уг үйл явцыг улс төр гэж харавч бодох л асуудал. Тэгэхээр ажлын хэсэг нь хууль эрх зүйн хувьд техникийн шинж чанартай бүрэн дүүрэн хийж явсан. Харин дундуур нь улс төрийн хөндлөнгийн нөлөөлөл орлоо гэж харж байгаа. Жишээ нь Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлэх асуудлыг гарын таван хуруунд багтах гишүүдийн саналаар унагасан тал бий. Судлаач хүний хувьд 62 гишүүн анх дэмжиж гарч ирчхээд бүгд тэр төслөө яагаад дэмжиж болоогүй юм бэ гэдгийг судлах, сонирхох зүйл гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр эрх барьж буй улс төрийн хүчний нэгдмэл бус байгаа нь эндээс тод харагдаж байна л даа. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль, Ерөнхий сайдаа сольсон үйл явдлын яр шарх нь эдгээгүй өдий хүртэл буглаад байж болох юм.

-Таны ярианаас ойлгоход Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд парламентын засаглалаа бэхжүүлэх тал дээр учир дутагдал гарч ээ дээ?

-УИХ-ын 62 гишүүний эхний өргөн барьсан төсөлд УИХ, Засгийн газар нь өөр өөрийн ажлаа хийх заалтууд орсон байсан. Ерөнхийдөө парламентын сонгодог тогтолцоо гэж дэлхий нийтээр үздэг барууны орнууд, Их Британи, ХБНГУ-ын жишигт нэлээд дөхөхөөр зүйл заалтууд орсон байсан л даа. Нэг ёсондоо тоглоомын дүрэм нь ойлгомжтой болох нь гэж харж байтал араа шүдийг нь тастах замаар өөрчлөлт хийсэн. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссан УИХ, Засгийн газрын ажиллах тоглоомын дүрмийг харвал ганц нэг шүдээ цөм цохиулсан хүн шиг л харагдаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com