Төсвийн тухай хуульд зааснаар Засгийн газар жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор ирэх жилийн төсвийн төслийг УИХ-д өргөн барих ёстой. Ингээд 2020 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдээллээ. Тэгэхдээ ирэх жилийн төсвийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Ирэх оны төсвийн орлого, зарлага тус бүр хоёр их наяд гаруй төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 12.9 их наяд төгрөг хэмээн тооцжээ. Мөн нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.8 их наяд төгрөг байх аж. Ингээд төсвийн алдагдал 2.1 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувь байх тооцоо гараад байна. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгажээ. Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор дотоод бонд гаргахгүй юм.
Эндээс яах аргагүй сонгуулийн жилийн зардал нэмэгдсэн, иргэдэд ая тал зассан төсвийн төсөл болсон нь илт харагдаж байгаа юм. Энэ төслийг нь УИХ-аар хэлэлцэхэд гишүүд ч бас өөр өөрийн тойрогтоо илүү хөрөнгө оруулалт татах гэж бөөн “алаан” болдог жишигтэй. Ийм ч учраас төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж хүүхдийн мөнгө, шинжлэх ухааны салбар зэрэгт зарцуулах мөнгийг хасч танадаг зан УИХ-ын гишүүдэд бий. Ингээд сонгуулийн жилд иргэдэд тал засч аядуу зөөлөн, зардал нэмэгдсэн төсвийн төслөөс танилцуулъя.
-Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгана.
-Гаалийн шинэчлэлийн хүрээнд Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч тээвэр, ачаа тээвэр, ачаа тээврийн барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламжийн цогцолборуудыг 2020 онд барьж дуусгана. Мөн Бичигт, Боршоо боомтын шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ. Шинэчлэлийн үр дүнд Замын-Үүд боомтын талбайн хэмжээ найм, өдөрт нэвтрүүлэх зорчигчдын тоо дөрөв, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо, Гашуунсухайт боомтын экспортлох хүчин чадал гурав, Алтанбулаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин тус тус нэмэгдэнэ.
-Мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид олгодог 100 мянган төгрөгийн тэтгэлгийг нэмэгдүүлж 200 мянган төгрөгт хүргэнэ.
-Цэцэрлэгийн хүүхдийн хоол, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр болон дотуур байрын хоолны зардлыг тус тус 50 хувиар нэмэгдүүлнэ
-Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 1995 оноос хойш төлж чадаагүй байсан тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломж олгоно.
-Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлнэ.
-Хүүхдээ асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үүргийг хөнгөлнө.
-Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ.
-Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих Экологийн цагдаагийн алба байгуулна.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн тусгажээ.
Манай улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж орлого олдог гол салбар нь уул уурхай. Энэ салбарын үйл ажиллагаа, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханшаас монголчууд бид түрийвчиндээ хэдэн төгрөгтэй байх нь шалтгаалдаг. АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайн дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, түүхий эдийн үнийг унагах гол эрсдэл болоод буй. Хэрэв ашигт малтмалын үнэ унавал манай улсын эдийн засаг тамирдаж түүний цусны эргэлт болсон мөнгө хомстоно. Үнийн уналтаас гадна БНХАУ-ын эрэлт буурч худалдан авалт нь муудна. Ингээд манай улсын ашигт малтмалын экспорт буурах талтай. Ийм үед төсвийн орлогыг хэт нэмэгдүүлж тооцох нь эрсдэлтэй алхам юм. Тэгвэл ирэх оны төсөвт гол орлого олох ашигт малтмалын үнэ ханшийг хэрхэн тооцсоныг дор өгүүлье. Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолно. Тэгэхдээ нэг тонн түүхий нүүрсийг 72, баяжуулсныг нь 125 ам.доллароор борлуулахаар тооцжээ. Зэсийн баяжмал 1.4 сая тонныг экспортолж нэг тонныг нь 6340 ам.доллар гэж үзэв. Мөн 21 тонн алт олборлож нэг унцыг нь 1328 ам.доллароор үнэлсэн байна. Төмрийн хүдэр 7.5 сая тонныг экспортолж нэг тонныг нь 40 ам.доллароор зарна гэсэн тооцоо хийжээ. Эдгээр ашигт малтмалын экспортын тоо хэмжээ энэ жилийн төлөвлөсөнтэй адилхан байгаа ч үнэ унах эрсдэл дэлхийн зах зээлд бий гэдгийг Азийн хөгжлийн банк, ОУВС болон эдийн засагчид хэлж байгаа юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн барихад бэлэн болсон 2020 оны төсвийн төслийн мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-ОУВС-гийн хөтөлбөр цаашид хэрэгжихгүй гэсэн мэдээлэл бий. Ийм асуудал байгаа юм уу?
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Үр дүнгээ өгч байгаа. Цаашдаа хэрэгжээд явна. Үр дүнтэй хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зарим хэсэг ОУВС-тай холбоотой худлаа мэдээлэл хийж байгаа. Бид ОУВС-тай яаж гэрээ хэлэлцлээ хийхээ мэдэж байгаа. БНХАУ, Япон, ОХУ-тай хамтарч ажиллаж байгаатай адилхан хамтын ажиллагаа. Монгол Улсыг хорлохоор үйл ажиллагаа явуулж байгаа зүйл тэнд байхгүй.
-“Оюу толгой”-н бүтээн байгуулалтын хоёрдугаар шат цаашид үргэлжлэх үү?
-“Оюу толгой”-н үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хуулийн дагуу шаардлагаа тавина, татвараа төлнө. Татварын маргаантай асуудал хэвээр байгаа. Хуулийн дагуу татвараа төлөх л ёстой. Тийм шаардлага тавьж байгаа. УИХ-ын ажлын хэсэг Оюу толгойн талаарх дүгнэлтээ гаргасан. Гэвч УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байна.
-Өмч хувьчлал явуулах байгууллагуудын жагсаалт гаргасан. Гэтэл таг чиг боллоо. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Засгийн газар өмч хувьчлал явуулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Шийдвэр гаргаж өгөөгүй. Ингээд энэ асуудал зогссон байгаа. УИХ-аар өмч хувьчлалын талаар үндсэн чиглэл батлагдаж байж хэрэгжих ажил.