-Захиргааны ерөнхий хуулиар эрх баригч намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг УИХ-аар баталсан бодлогын баримт бичигтэй адилтган үзэх өөрчлөлт хийсэн-
УИХ-ын гишүүн З.Нарантуяатай Захиргааны ерөнхий хууль болон Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар ярилцлаа.
-Захиргааны ерөнхий хуулийг УИХ саяхан баталсан. Хуулийн энэ өөрчлөлт маргаан дагуулж байгаа. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хянаж хэлэлцэхгүй болсон гэж байна л даа?
-Захиргааны ерөнхий хуульд олонхоор хүч түрж маш буруу өөрчлөлт оруулсан. Нэг ёсондоо эрх барьж буй намын Улс төрийн зөвлөлийн гаргасан улс төрийн шийдвэрийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аар баталж буй бодлогын баримт бичигтэй адилтган үзэх болсон. Энэ баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхээр хянаж үзэхгүй гэсэн өөрчлөлт хуульд орсон. Дахин хэлэхэд эрх баригч МАН-ын Улс төрийн зөвлөлийн шийдэрийг Монгол Улсын Шүүх засаглал хянахгүй болсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийг давсан шинж чанартай шийдвэр эрх баригчид гаргах боломж бүрдлээ. Тэгэхээр төр, иргэн, хүн бүр Үндсэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн өөрчлөлт. Үүнээс гадна эрх барьж буй нам өөрийн бодлого, хэдхэн хүний хүсэлтийг төрийн шийдвэр мэтээр гаргах бүрэн бололцоог нээж өгсөн. Энэ шийдвэрт нь иргэд олон нийт хяналт тавих боломжгүй болгосон өөрчлөлтийг уг хуулиар хийчихсэн.
-Засгийн газрын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянах үүрэг хүлээсэн. Энэ байгууллага Шүүх засаглалын эрх мэдэлтэй юу?
-Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууль зөрчиж гаргасан УИХ-ын ямар ч шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийн талаар Үндсэн хуулийн цэц зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид бас найдаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн энэ өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих байх гэж бодож байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн цэц Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгохгүй л бол Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага байх хэрэггүй болно.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэж байна л даа. Энэ баримт бичиг хэр чанар чансаатай болсон бэ?
-Жил бүр ирэх онд улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж баталдаг. Харамсалтай нь сүүлийн гурван жил энэ баримт бичгийг маш хариуцлагагүй баталж ирлээ. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэхийн тулд тухайн жилд аль зорилтод түлхүү анхаарч биелүүлэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэхээ маш нарийн тооцож, судалж тодорхойлох учиртай. Гэтэл Засгийн газраас өнөөдөр оруулж ирж байгаа үндсэн чиглэл нь намар баталдаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтаас ямар ч ялгаа алга. Нэг ёсондоо жилд хоёр удаа төсөв, хөрөнгө оруулалтын жагсаалт баталж байгаа юм шиг боллоо. Тэгэхээр Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэдэг баримт бичгийн ач холбогдлыг орхигдуулсан. Хэзээ ч хэрэгждэггүй баримт бичиг л баталдаг болж.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх тухай өмнөх жилийн үндсэн чиглэлийн биелэлт ямар хэмжээнд байна вэ?
-2018 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд Үндэсний аудитын газар аудит хийсэн. Биелэлт нь дунджаар 60-70 хувьтай гэж гарч байна. Ихэнх арга хэмжээ нь 40 хүрэхгүй хувиар биелсэн байгаа юм. Энэ нь зорилттойгоо нийцдэггүй, урт, дунд бодлого чиглэлтэй уялдаагүй асуудал оруулж ирж байгааг харуулж буй хэрэг. Зорилтоо хангах арга хэмжээгээ оновчтой тодорхойлохгүй байгаа юм. Уг алдаа нь 2019 онд дахиад давтагдана. Учир нь одоо УИХ-аар хэлэлцэн баталж байгаа үндсэн чиглэл нь өмнөх жилийнхтэйгээ яг адилхан байна.
-Эдийн засаг өсч байна гэж эрх баригчид хэлж байгаа. Гэтэл иргэдийн амьдрал, орлогод төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаа нь ямар учиртай вэ?
-Эрх баригч МАН-аас өнөөдөр эдийн засаг өсч 8.6 хувьтай байна. Макро түвшиндээ төсвийн орлого нэмэгдсэн сайн үзүүлэлттэй байна гэж ярьж байгаа. Гэвч энэ өсөлт, сайн үзүүлэлтээ өрх бүрийн хаалгаар оруулах талаар хийх ажил Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусаагүй. Ажилгүй байгаа иргэдийг аль салбарт ажилд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар туссан зүйл алга. Цалин, өрхийн орлогыг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлж хэд болгох, цаашид хөдөлмөрийн зах зээлийг ажилгүй иргэдтэй хэрхэн холбох, хүмүүсээ чадавхжуулах, ажлын байрт бэлтгэх чиглэлээр ямар зүйл хийх нь тодорхойгүй юм. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан 118 арга хэмжээнд дээрх асуудлыг тусгасан нэг ч заалт алга. Нийгэмд ажилгүйдлээс улбаалсан архидалт, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг зөрчил, өвчлөл маш их байна. Харамсалтай нь хүн бүрт, өрх болгонд хүртээлтэй энэ асуудлыг шийдэх нэг ч арга хэмжээ энэ үндсэн чиглэлд байхгүй юм.
-Тэгэхээр өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өслөө, инфляц нэмэгдэх, халдварт өвчин их дэгдэх асуудал гарч байна. Засгийн газар, Монголбанк ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэж болох уу?
-Болно. Эдийн засгийн ерөнхий зохицуулалтын бодлогоор үнэ ханшийн өсөлтөөс хамгаалах үүрэг нь Засгийн газар, Сангийн яам, Монголбанк. Энэ ажлаа дорвитой хийж чадахгүй байгаа учраас гэнэтийн шок үүсч үнийн өсөлт гарч байна. Гадаад валютын ханшийн өсөлт өндөр боллоо. Төгрөгийн худалдан авах чадвар суларч инфляц өсч байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг шатахууны үнэ байнга нэмэгдэж ирлээ. Махны дотоод үйлдвэрлэлийн бодлого гажуудалтай учраас махны эрэлт огцом нэмэгдэхэд төр зохицуулалт хийж чадахгүй байна. Төрийн унхиагүй байдлаас болж иргэд хохирч, өрхийн бодит орлого нэмэгдэхгүй байна. Ноолуур, махны үнэ өссөнийг нийт иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн гэж эрх баригчид өөрсдийгөө хуурч болохгүй. Монгол Улсад 180 гаруй мянган малчин өрх бий. Сум суурин, аймгийн төв, Улаанбаатар хотод 800 гаруй мянган өрх амьдарч байгаа. Бүгд л хүнсэндээ мах, сүү, гурил хэрэглэнэ. Гэтэл үнийн огцом өсөлтөөс сэргийлэх бодлого хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар, Монголбанк оршин тогтнодог.
-Махны үнийн огцом өсөлт малчдад хүртээлгүй. Дундаас нь ченж хэмээн нэрлэгддэг хэсэг бүлэг хүн завшаад байна гэдэг шүү дээ?
-Үүнийг судалгаатай ярих ёстой. ХХААХҮЯ-нд энэ чиглэлээр хийсэн судалгаа байгаа бол одоо гаргаж тавих хэрэгтэй. Харамсалтай нь ийм судалгаа яригдахгүй байгаа юм.
-Инфляцын өсөлтийг тогтоон барих бололцоо Засгийн газар, Монголбанкинд байгаа юу?
-Байгаа. Хамгийн гол нь ажлаа хийж чадахгүй байна.
-УИХ-аар “Оюу Толгой”-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх ёстой. Гэтэл хойшлоод байгаа шалтгаан нь юу юм бол?
-Энэ долоо хоногт хэлэлцэнэ. Би үүнд өөрийн саналаа гаргаад бэлэн болгосон. Оюу толгойн талаар маш өргөн хүрээнд ярих ёстой.