УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг тойрсон хүлээлтүүд улс төрийн намуудыг уран нүүдэлд дөрлүүлж, улстөрчдийг дуулиан шуугиан дэгдээсэн том том мэдэгдэлд хөтөлж байгаа нь нууц биш. Зөвхөн өнгөрсөн өдрүүд төдийгүй ирэх өдрүүдэд үргэлжлэх энэ бүх маяг дагасан улс төрд өнөөдөр Үндсэн хуулийн Цэц хариулт өгнө гэж үзвэл улстөрчдийн урьтаж, хөдөлсөн нүүдлүүд үнэ цэнгүй болж хувирах гэмтэй. Учир нь, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын суудлыг нэг жил гаруйхны хугацаанд эзэгнэж суух энэ их хүлээлтэд Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн онд татгалзсан хариу өгч байсан удаатай.
Шалтгаан хийгээд шийдлийг нь тодруулах үүднээс уг дүгнэлтийг нэхэн мэдээллэхийн тулд “УИХаас 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал хүргүүлэх өдрийг тогтоох тухай 62 дугаар тогтоолыг батлахдаа төрийн албан хаагч оролцох зохицуулалтыг нарийн тусгаагүй нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан явдал боллоо хэмээн Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэц уг гомдлыг хэлэлцэн үзээд өнгөрсөн оны наймдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэсэн түүхтэй” хэмээн болсон үйл явдлыг товчлон хүргэе.
Харин энэ удаад судлаач Д.Ганхуяг Цэцэд “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн” хэмээн өргөдөл гаргачихсан байгааг та бид мартаж болохгүй. Тэр дундаа, өнөөдөр буюу энэ сарын 27-ны өдөр Цэц уг өргөдлийг хэлэлцэх бөгөөд хэрэв судлаач Д.Ганхуягийн өргөдлийн дагуу “УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Үндсэн хууль зөрчиж бүрэн эрхээс нь чөлөөлсөн” гээд үзчихвэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос УИХын гишүүн болохыг хүссэн мөрөөдөгсөд болоод хүсэгчдийн цуваа нулимстай бутарна аа гэсэн үг.
Хүслийн болоод хүлээлтийн шоглоом гэмээр энэхүү эрсдлийн ард улстөрчид ямар хариу үйлдэл үзүүлэхийг өнөөдөртөө таамаглах боломжгүй ч тэд харин нэр дэвшвэл, цаашлаад ялалт байгуулбал Монголын улс төрийн зураг хэрхэн зурагдах вэ гэдэг талаас нь асуудлыг харах гээд үзье. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц судлаач Д.Ганхуягийн өргөдлийг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, УИХ-ын 42 дугаар тойргийн сонгууль ирэх зургадугаар сарын 30-ны өдөр болдгоороо боллоо гэхэд мөн тэд бултаараа бус нэг нь л яллаа гэхэд асуудал хаашаа эргэх вэ. Хэдийгээр өнөөдрийн Цэцийн хуралдааны шийдвэрийг үл тооцоолон сонгууль болбол гэдгээр асуудлыг харах нь хөөрсөн, хүссэн улстөрчдийн нэгэн адил сэтгэл хөдлөлөөр асуудалд хандсан мэт ойлгогдож болох ч тэд хоёр нүүдлийн ардахыг харж улс төр хийдгийн нэгэн адил сэтгүүлчид нэг сонгуулийн ялалтыг багцаалж, тойм дүгнэлт яахан хийж болохгүй байх билээ дээ, бас.
Иймд, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болдгоороо боллоо. Нэг нэр дэвшигч нь яллаа гэдгээр асуудлыг тайлбарлах гэж хичээе. Ингэхдээ юун түрүүнд хамгийн түрүүнд албан ёсоор нэр дэвшихээ зарласан МАХНын дарга Н.Энхбаярын ялалт болон ялагдлын маргаашийг төсөөлөн харцгаая. Мэдээж тэрбээр өөрийн хүссэнчлэн удаа дараагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадаагүй шархаа нөхөн ялалт байгууллаа гэхэд Монголын улс төрийн газрын зураг дахин зурагдана. УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас татгалзаж, бие даагчийн хувиар толгой хаялсан улс төр хийж буй энэ цагт тус нам хууль тогтоох засаглалд нэг ч суудалгүй болж, хаалганы гадагшаа өшиглүүлж гарсан нь үнэн. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ялалт байгууллаа гэхэд тус нам УИХ-д хэзээ ч ганхахгүй бат нот нэг суудалтай болоод зогсохгүй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх ирэх өдрүүдэд гал ассан улс төр хийх боломж бүрэн бүрдэнэ. Тэд мэдээллийг дотроос нь аваад зогсохгүй гадагшаа гарах улс төрөө эрх баригч намтай тохиролцох бүрэн боломжтой болох юм. Ингэснээр МАХН ирэх 2020 оны улс төрд ханцуй шамлан орохын зэрэгцээ Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг ч бүрэн дүүрэн хяналтандаа авна гэсэн үг. Гэхдээ кноп нь нэгийн тоогоор хязгаарлагдах ч яагаад УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ж.Батзандан, Лу.Болд нарын гурвалсан нэгдлийг эвтэй дөрвөн улстөрчийн эвлэл болгон үргэлжүүлж болохгүй байх билээ. Учир нь, тэд бол улстөрчид. Мөн улс төрийн нүүдлээс бага эв, жижиг сөргөлдөөний хүчээр ямар их ялалтад хүрч болдгийг буй биеэрээ мэдэрчихсэн, мэдчихсэн улстөрчид. Харин ялагдлаа гэхэд... Асуултын хариулт тун тодорхой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гудамжны тэмцэл эрчимжиж, тэд тэмцлийн хөгтэй болно. Энэ нь “Ялалтаа луйвардууллаа” гэсэн том лоозонтой Сүхбаатарын талбай руу гарна гэсэн үг л дээ. Тэгвэл дараагийн нэр дэвшигчийн тухайд Хэнтий аймгийн Ардчилсан намаас албан ёсоор Улаанбаатар хот руу толгой намдаа зориулан “Ж.Оюунбаатарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ үү” хэмээн хүсэлт гаргасан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон. Түүний хувьд Ардчилсан намын цөөнгүй улстөрчийн нэгэн адил УИХ-ын 2016 оны сонгуулиас ялагчийн мандатаа гардаж авдгийн даваан дээр цаг зуурын дуулиан шуугианд дарлуулж, үнэмлэхүй бага хувийн саналаар ялалт байгуулсан гашуун түүхийн эзэн. Мөн 2012-2016 оны дөрвөн жилийн хугацаанд Хэнтий аймагт боломжийн сайн ажилласан Засаг даргаар нэрлэгдэж, тэрүүхэн хавьдаа нутгийн вант улсыг байгуулчихаад байсан нь нууц биз. Нэг ёсны УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг ч урьдчилсан байдлаар намынх нь нөхөд сонгуулийн хөөрөл дундаа гардуулаад өгчихсөн байж мэднэ. Мэдээж албан ёсоор гардуулсан гэхээс илүүтэй яриа хөөрөөгөөрөө өгдөг нэг тийм бичигдээгүй дүрэм сонгуулийн үеийн улс төрд байдаг гэдэг талаас нь харвал шүү дээ. Гэсэн ч тэрбээр ялагдсан. Харин энэ удаагийн нөхөн сонгуулийн хувьд тэрбээр зөвхөн хувь улстөрчийнхөө ялалтыг эргэн олж авахаас илүүтэй Ардчилсан намын бутарч устгагдсан УИХ дахь бүлгийг эргүүлэн олж авчрах үүрэг хүлээж буй гэдгээрээ давхар давхар ачаа үүрч байгаа гэдгээрээ онцлог. Нэг ёсны УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нарын урвалт, шарвалтын төлбөрийг энэ удаад Ж.Оюунбаатар гэдэг нэр дэвшигч өөрийн ялалтаар төлнө өө гэсэн үг. Гэхдээ ялж чадвал гэдгийг энд мартаж болохгүй. Харин ялагдал хүлээвэл тэрбээр дахин 2020 оныг хүлээхээс өөр аргагүй болно. Магадгүй энэ удаагийн нөхөн сонгуульд өвдөг шороодоод ч болов дахин туршлага хуримтлуулснаар жил гаруй хугацааны дараа болох тэр л УИХ-ын сонгуульд бэлэн сонгуулийн штабтай, бэлэн дэмжигсэдтэй, бэлэн багтай болж үлдэх боломжтой гэдгээр ашгийг нь тооцоолж бас болох л юм. Сонгуулийн ялагдлын маргаашнаас ялалт руу давшина гэж үзвэл шүү дээ.
Ялалт болоод ялагдлын аль алинд нь ойрхон байгаа басах аргагүй, багаар бодох шаардлагагүй хоёр гол улс төрийн тоглогч болон улстөрчдийн тухайд ийн дүгнэж болох бол МАН-ын хувьд өнөөдрийн Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж, маргааш буюу энэ сарын 28-ны өдөр Бага хурлаа хийх болсон нь яах аргагүй сонирхолтой хүлээлт.
Урьдчилсан байдлаар тус намаас гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Эрдэнэбатыг нэр дэвшиж магадгүй гэдэг таамаг өнгөрсөн долоо хоногт сошиалд хүчтэй өрнөсөн. Тэрбээр БСШУСЯ-ны Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаад энэ оны нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсний дээр Хэнтий нутгийн уугуул гэдгийг нь монголчууд андахгүй. Иймд тодорхой сэдэл болон шалтгаан, санаархлын улмаас нэр дэвшигчдийн бүрэлдэхүүнд багтааж, сошиалд цацсан нь өөрөө зориудын улс төр байх талтай. Гэхдээ Засгийн газар болон МАНын эх сурвалжуудаас буюу Удирдах зөвлөл болон гүйцэтгэх засаглалын баг бүрэлдэхүүнээс тодруулах нь ээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвших хувь улстөрчийн шийдвэрээ эцэслэн гаргасан гэдэг яриа бас бий. Ингэснээр Цэцийн шийдвэрээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль цуцлагдчихгүй л бол МАН-ын дарга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус намын Бага хурлын гишүүд бэлгэдлийн журмаар баталж, нэр дэвшигчийн үнэмлэх гардах эрхийг нээх нь хамгийн магадлалтай хувилбар. Түүнчлэн энэ нийтлэлийн дашрамд нэмэлт мэдээлэл болгох үүднээс дуулгахад Хэнтий аймгийн 42 дугаар тойрог нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Монголын улс төрд нэртэй, нүүртэй болгох анхны шанг татаж, анхны ялалтыг өгсөн улстөрчийнх нь хувиар өлгийдөж авсан тойрог гэдгээрээ бас сонин тохиолдол. Нэг ёсны нэр дэвших боллоо гэхэд тэрбээр анхны ялалт байгуулсан тойрогтоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар дахин өрсөлдөнө өө гэсэн үг. Мөн тодорхой судалгааны дүнгүүдээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд хол тасархай өндөр үзүүлэлтэй байгаа гэдэг мэдээлэл олонтаа харагдсан. Гэхдээ хөөс үү, бодит байдал уу гэдгийг өнөөдөртөө бас ялгахад хэцүү.
Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хүнд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууснаас хойш ерөнхий дүнгээрээ топ арван улстөрчдийн эгнээнээс буугаагүй байгааг энд бодолцох хэрэгтэй. Дээр нь, Ардчилсан намаас нэр дэвших Ж.Оюунбаатарын Хэнтий дэх нэр хүнд нэгээр биш юм гэхэд айргийн эхний тавд бичигддэг нь бас л жам ёсны гэмээр үзэгдэл болоод удаж буй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд энэ удаад нэр дэвших нь хувь улстөрчийн гэхээс илүүтэй МАН-ын 2020 оны ялалтын манлайллын нөлөөллийн төлөө тэмцэж буй албан ёсны сонгодог улс төрийн мэх хэмээн үзвэл зохино. Гэхдээ бусад нэр дэвшигчдийн нэгэн адил нөхөн сонгуулийн үр дүн ялагдлаар төгсвөл хэрхэх вэ... Мэдээж тэрбээр нөхөн сонгуулийн ялагдлаар өөрийн болон багийнхаа улс төрийг хэмжиж Ерөнхий сайд болон МАН-ын даргын суудлаас сайн дураараа буухгүй. “Ямар их үнээр олдсон ялалт билээ” гэж нэг үг байдаг даа. Тэр утгаар асуудлыг нь харвал ингэж харагдаад байна аа гэсэн үг. Тиймээс түүнийг нөхөн сонгуульд нэр дэвшээд ялагдлаа гэхэд сайн дураараа буух бус харин буулгахын төлөөх МАН-ын хүч тэнхээгүй хэрнээ мэрж, хэмлэх дуртай дотоод улс төр эрчимжинэ. Элдвээр гоочлох, элдэвлэж шоглох нь ч нэмэгдэнэ.
Иймд нэр дэвшигчид дундаасаа Ерөнхий сайдын нэр дэвших шийдвэр зөвхөн ялах гэсэн ганцхан зорилгод яв цав захирагдах нь тодорхой юм. Бусдынх нь хувьд нүүдэл нэг, хоёр гэдгээр эхэлж, дараа дараагийн том улс төрийн бэлтгэл байж болох бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр дэвших шийдвэрт өөр хувилбар байж болохгүй нь жаахан тоогүй. Тэгэхээр засаг Хэнтий рүү нүүж, МАН түр зууртаа нутаг сэлгэж мэдэх л юм... Өөр бусад бие даагч болон жижиг намуудын нэр дэвшигчдийн хувьд нэр тодроогүй ч өрсөлдөгч жижигдэхгүй гэдэг нүдээр харвал бас л сонин. Гэхдээ нэр нь тодроогүй өрсөлдөгчдийг нэг нэгээр нь тааж бичих нь утгагүй гээд ийн дуусгая. Мөн “Цэц давж ниссэн Цэцэн нүүдлүүд” гэдэг нь хувь бичигчийнх бус харин нэр дэвшигчдийн нүүдэл, суудалтай холбоотой гэдэг нь дээрх тооцооллуудаар тайлбарлагдсан хэмээн найдаж буй гэдгээр гарчгийнхаа утгыг тайлбарлаад ийн өндөрлөе өө.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин