Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн, нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцсэн билээ. Дээрх хуралдааныг эсэргүүцэж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон МАХН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн гадаа дотоож барин жагсч, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэд “Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгч, УИХ хэлэлцэн баталсан байхад иргэн Д.Ганхуяг энэ шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн гомдол гаргасан. Үүний цаад утга нь Д.Гантулгыг буцаан УИХ-ын гишүүн болгож, нөхөн сонгуулийг цуцлах гэсэн эрх баригчдын явуургүй арга юм. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцийг шударга шийдвэр гаргахыг шаардан, цуглаан хийж байна” гэлээ.
Жагсаалд мөн МАХН-ынхан оролцсон. Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАН-ынхан Үндсэн хуулийн цэцтэй хуйвалдаж, сонгуулийг удаа дараа хойшлуулж байна. Энэ сонгууль маш будилаантай болох гэж байна. Үүнийг СЕХ мэдсэн ч мэдээгүй царай гаргаж байна. МАН-ын өндөр албан тушаалтнууд очоод 50 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт амласан. Энэ бол сонгогчдын саналыг төөрөлдүүлсэн бусармаг үйлдэл. Өнөөдрийн төр засаг болохоо байж, МАНАН дэглэм хэвээр байна” хэмээн шударга сонгуулийн төлөө тэмцэж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ үеэр тус хуралдаанд оролцогч хуульзүйн ухааны доктор Л.Мөнхсайханаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Үндсэн хуулийн цэц “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль бус эсэх” асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Дээрх маргааныг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх хууль эрхзүйн үндэслэл бий юү?
-Үндсэн хуулийн цэц харьяалал зөрчиж маргаан үүсгээд байгаа нь өөрөө хууль бус явдал юм. Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “УИХ-ын гишүүнийг огцруулах, эгүүлэн татах тохиолдолд л Үндсэн хуулийн цэц шийднэ” гэж байгаа.
-Цэц энэ асуудлыг хэлэлцэхгүй хэмээн буцаах үндэслэл байсан уу?
-Зүй нь, Үндсэн хуулийн цэц дээр дурдсан хуулийн 21 дүгээр зүйлийн тав дахь хэсгийн гуравт заасан “Өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш” гэсэн үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргах боломжтой байсан. Гэвч тэгээгүй. Энэ бол цэцийн гишүүд томилгооны хараат хүмүүс гэдгийг харуулж байгаа юм. Цэц өнөөдөр харьяаллын бус асуудлыг авч хэлэлцээд, УИХ, СЕХ-ны шийдвэр гарчхаад байхад маргаан үүсгээд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, улс төр хийж байна л даа. Бас цэцийн гишүүд гомдол гаргаж буй дөрвөн хүнийг нэгдсэн зохион байгуулалтад орж болно гэх мэт зөвлөгөө өгч, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд онолын яриа өрнүүлээд байгаа нь ч буруу. Мэтгэлцэгч талуудын саналыг сонсоод асуултаа тавиад дуусгах ёстой.
-УИХ-ын 49 дүгээр тогтоол хууль бус байсан уу?
-УИХ-ын тухай хуульд зааснаар “Гишүүн өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд, УИХ хүлээж авсан тохиолдолд түүний бүрэн эрхийн хугацаа УИХ-ын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.3-т зааснаар дөрвөн жилээсээ өмнө дуусгавар болдог”. Тэгэхээр хууль зөрчөөгүй гэсэн үг. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн цэц дээр гомдол гаргагч Д.Ганхуяг, Д.Отгонбат, Г.Нацагдорж, А.Кадирбек, Б.Ууганбаяр нар “Юу гэж байна” гэхээр “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шүүх, прокурор албан ёсоор ялласан шийдвэр байхгүй. Тийм болохоор хуулийн хийдэл байна уу, практик асуудлыг нь шийдүүлье, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг үндсэн хуулиар оруулъя” гэж байна л даа. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн асууж байгаа асуултыг нь харахаар “Эрхзүйн онолын маргаан байна” гээд лавшруулаад яваад байна. Тэгэх шаардлагагүй асуудал шүү дээ. Энэ чинь өөрөө онол практикийн хурлуудаар Дээд шүүхийн тайлбараар иргэдийн санал хүсэлтээр, хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу энэ хууль амьдралд хэрэгжихгүй, өөрчлөх шаардлага байна гэвэл хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу УИХ-аар орж шийдэгддэг. Үндсэн хуулийн цэц дээр эрхзүйн онолын маргааныг хэлэлцэхгүй. Гаргасан шийдвэр нь, Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэр нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдэх маргаан эсэхийг нягтлах ёстой. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар өргөдлөө өгснийг УИХ хүлээн авсан бол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно” гээд биччихсэн байхад энэ нь Үндсэн хуулийн харьяалан шийдэх маргаан биш юм.
-УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг ялгаатай авч үзье гэж сая ярьж байна л даа?
-Бүрэн эрх нь хэвээрээ байя. Тэр хүний шүүхийн шийдвэр гараагүй бол тэр хүнийг огцруулаагүй бол шорон, цагдан хорих байрнаасаа хүрч ирээд чуулганд ороод саналаа өгөөд явж байя гэсэн. Халдашгүй байдлыг нь л буулгачихъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлчхээд тэр хүнийг хорьж болно, нэгжиж болно, шалгаж болно гэчихье гэж байна. Энэ өөрөө буруу хандлага юм. Хувь хүний эрх гэж бий. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Гантулга “Би өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэнээс ч хамааралгүй, өөрөө шийдвэрээ бие дааж гаргаж байна. Ёс суртахууны хариуцлага хүлээж байна. Намайг чөлөөлөөд өгөөч” гэж хэвлэлд ярьсан байдаг. Тэгэхээр тэр хүнийг “Чиний бүрэн эрх дуусаагүй ээ, ирж чуулгандаа ор, хэвлэл мэдээллийн бай бол, шүүмжлүүлээд явж бай” гэж болохгүй шүү дээ. Халдашгүй байдал, бүрэн эрх хоёр нь салгаж болохгүй зүйл. Хууль зөрчвөл би бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй гээд тангараг өргөсөн гэдгийг санах хэрэгтэй.
-Улс төрийн намууд сонгуульд орох гээд бэлдээд эхэлчихсэн, нэр дэвшигч нар нь тодорчхоод байна. Энэ нөхцөл байдалд Үндсэн хуулийн цэц сонгууль болох эсэхийг хэлэлцэж байгаа нь хуульд нийцэж байна уу?
-Энэ бол хууль бус асуудал. Гомдол гаргасан судлаач Д.Ганхуяг түрүүнд хэлсэн. “Практик талаас нь үзэх юм бол 280 сая төгрөгийг нэг суудлын төлөө гаргаад яах юм бэ. Хайран мөнгө” гэж хэлсэн. Хайран мөнгө биш шүү дээ. Үндсэн хуулийн цэц үндсэн хуулийн баталгаа байх ёстой атал хуулиа манаж чадахгүй байна. Үндсэн хуулийн баталгаа болсон байгууллага нь харьяаллын биш маргааныг аваад, эрхзүйн онолын маргааныг цэцийн дунд суудлын хурал дээр өрнүүлж байгаа нь нөхөн сонгуульд бэлдэж байгаа ард иргэдийн бухимдлыг төрүүлж байна.
-Хуралдаанаас ямар шийдвэр гарна гэж харж байна вэ?
-Гарах шийдвэр ойлгомжтой. “Хэнтийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэнийг УИХ-ын бусад 75 гишүүн төлөөлж болно. Төсвийн мөнгийг үргүй зараад хэрэггүй. УИХ-ын гишүүдээ очоод ажиллуулчихъя л даа” гэцгээж байна. Тэгэхээр 42 дугаар тойрогт сонгууль явуулах шаардлагагүй гэж үзэх гэж байна л даа.