- Хамгийн их санал авсан 76 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгоно -
МАН-ын бүлгийн даваа гаргийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн бол хоёрдугаарт, ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, гуравдугаарт, сонгуулийн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл сонсчээ.
УИХ-аас 15 хоногийн өмнө Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хуулийн цэц хянана гэсэн хуулийн төсөлд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцээд, хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна. Хоёрдугаарт, ҮХЦ-ийн гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж буй Г.Баясгаланг нэр дэвшүүлэхээр болсон.
Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй төслийн талаар Ажлын хэсгээс мэдээлэл сонсчээ. УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж байгаа юм.
Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “МАН-ын бүлгийн хурлаар манай ажлын хэсгийн боловсруулсан төслийн талаарх мэдээлэл сонслоо. Сонгуулийн тухай гурван хуулийг санаачилж өргөн барих ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Уг ажлын хэсэгт дан ганц МАН-ын гишүүд бус УИХ-д суудалтай улс төрийн нам, бие даагчдын төлөөллийг оруулж, УИХ-ын 12 гишүүн болон бусад хуульч, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 2015 онд УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2016 оны шат шатны сонгуулийг зохион байгуулсан. Цаашид гурван өөр сонгуулийг нэг хуулиар явуулах эрхзүйн боломжгүй байна гэдэг том сургамж авсан. Ингээд УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүрийнх нь хуулиар явуулах зайлшгүй шаардлага бий болсон гэж үзээд, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс долоон удаагийн сонгууль явуулахдаа дөрвөн удаа жижиг мажоритараар хийсэн бол гурван удаад нь том мажоритар болон холимог тогтолцоогоор явуулсан. Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоогоор явуулах нь зөв гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа эрх барьж буй намын талд баталдаг байсан. Цаашид ард түмэнд ашигтай байх талаас Сонгуулийн хуулиа өөрчлөх нь зөв гэж Ажлын хэсэг үзээд дөрвөн хувилбар дээр ярилцсан.
1. Том мажоритар /одоогийн байгаа жижиг 76 /
2. Бүс нэг буюу бүсчилсэн тойрог /Олон мандаттай тойрог/
3. Жижиг мажоритар /бүсчилсэн буюу бүс нэг тойрог/
4. Улс нэг тойрог байх хувилбар оруулж ирсэн. Эдгээр дөрвөн хувилбараас аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэх вэ гэж үзээд, Монгол Улс нэг тойргийн тогтолцоотой байх нь зүйтэй гэдэг гэсэн шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүнд улс орны эдийн засгийн чадавхыг сулруулж байсан. Тойргийн, жалгын систем дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хэдэн хэсэг хуваадаг байсан. Иймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх шийдвэрт хүрсэн" гэлээ.
Хууль тогтоомжийн тухай хуулиудын дагуу хэлэлцүүлэг, үнэлгээг хэдэнтээ зохион байгуулж, одоо зөвхөн Засгийн газраас л санал авах үлджээ. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг улс төрийн 26 нам, төрийн бус найман байгууллага, төрийн байгууллага /УБЕГ, СЕХ гэх мэт/-ыг оролцуулсан хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, 230 гаруй санал ирүүлснээс 135 саналыг нь хүлээн авах боломжтой гэж үзсэн байна.
Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад нэмж хариуллаа.
-Улс нэг тойрог гэхээр нам бүрээс 76 хүн нэр дэвших юм байна. Тэгэхээр тэр олон хүнд санал өгөхийн тулд нэг өдөр хангалтгүй байхгүй юу. Сонгууль өгөх нэг өдрийг сунгах уу?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-76 биш нэг хүнийг л дугуйлна. Улс төрийн намууд нэр дэвшигчийн сонголтоо өргөн хэмжээнд хийнэ. Харин иргэд сонгуулийн өдөр сонголтоо хийчхээд ирнэ гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, нам намаараа жагсаалт гарсан байх нь. Ингээд Дорж, Дулмаа нар тухайн намын нэг хүнийг сонгоно. Хүн дээр өгсөн санал нам дээр хуваарилагдана. Нэг нам 30 суудал авлаа гэхэд тэр намаас нэр дэвшсэн хамгийн олон санал авсан буюу эхний 30-д орсон хүн сонгогдоно гэсэн үг. Миний хувьд тоглоомын дүрэм тодорхой байх ёстой, сонгуулийн хуулиа эрт батлах ёстой гэсэн байр суурьтай. Зарчмын хувьд сонгуулийн хуульд дөрвөн жил тутам гар дүрдэг байдлыг болиулах зорилготой. Гэхдээ одоогийн үйлчилж байгаа гурван нэгдмэл хуулийг салгаж, шинэ хууль хийхээс өөр аргагүй. Хаврын чуулганаар төслөө өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулах нь зөв гэж үзэж байна. Ингээд намрын чуулганы эхэнд батлахгүй бол зургаан сараас доошгүй хугацааны өмнө Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр нэг жилийн өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт хийхийг хориглох заалт оруулна.
-Сонгуулийн тухай хуульд цахим орчинтой холбоотой ямар заалт орох вэ?
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Нэг л зарчмыг баримтална. Сонгуулийн үеэр тухайн иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдахгүй. Харин бүртгэгдээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох гэх мэт бусад улс орнуудад сонгуулийн үеэр ашигладаг зохицуулалтыг хэрэглэнэ. Фэйсбүүк компани манай улсад гурван удаа ирж ажиллахдаа бусад улстай сонгуулийн үеэр яаж хамтарч ажилладаг болох талаарх туршлагаа хуваалцсан. Энэ хүрээнд Фэйсбүүк компани нэлээд хэдэн санал өгсөн. Улс орнууд сонгуулиа тусгаар тогтносон хэлбэрээр хийж чадаж байгаа эсэх өнөөдөр ч гэсэн эргэлзээтэй байгаа. Гаднын нөлөөлөл буюу “троллуудыг” хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал. Сонгуулийн үеэр улс орнуудтай Фэйсбүүк компани маш ойр ажиллаж байгаа юм билээ. Тус компани дотроо улс орнуудын сонгууль хариуцсан бүтэцтэй болж, үүгээрээ дамжуулж сонгуулийн үеэр хамтарч ажиллах боломжтой гэдэг саналаа хэлсэн.
-Нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг танай бүлэг хүлээж авах уу?
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар энэ талаар хэлэлцээгүй. Хэнтийн 42 дугаар тойргийн сонгууль явагдах ёстой гэж үзэн УИХ шийдвэрээ гаргасан. Энэ нь баталгаажих болов уу гэж бодож байна.
-АН-ын зүгээс Үндсэн хуулийн цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа гэж хэлж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Би хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон. Өөрийнхөө гаргасан тогтоолыг 100 хувь хамгаалсан. Захиалга гэж юу байх вэ. Үндсэн хууль зөрчөөгүй гэж хэлнэ. Сонгуулийн хуулийн зарим заалт салаа утгатай байна гэж хэлж байсан. Бид хуулиа уншиж, тайлаад нөхөн сонгуулийг зарлах тогтоолыг баталсан. Гуравдугаар сарын 1-нээс өмнө нөхөн сонгуулийг зарлахгүй бол аудит 120 хоногийн өмнө зардлын дүгнэлт гаргадаг учраас хоёрдугаар сарын 2-ны өдөр тогтоолыг баталсан.
-Одоо энэ асуудал хэрхэх вэ. Нөхөн сонгуулийг явуулах боломж байгаа юм уу?
-Энэ долоо хоногт Цэцийн дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцэнэ. Би дээрх байр сууриа илэрхийлнэ.