-Төрийн эрх мэдлийг ашиглаж, хуулийн хүчээр өөрсдийнхөө албан тушаал, сандал суудлыг баталгаажуулж авч үлдэх гэсэн санаа мөн-
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж, улс нэг тойрог тогтолцоогоор явуулах төсөл гарсантай холбогдуулан Улс төр, менежментийн академийн захирал, улс төр судлаач Д.Уламбаяртай ярилцлаа.
-Мажоратори тогтолцооны тухай ойлголт өгнө үү. Мөн томсгосон болон жижигчилсэн тойргийн ялгааг тайлбарлана уу?
-Үндсэн хуульд ард түмэн төрөө шууд сонгож байгуулна гэж заасан байдаг. Энэ нь иргэд төрийнхөө түшээдээр хэнийг сонгох вэ гэдгээ шийднэ гэсэн үг. Тиймээс сонгуульд мажоратори тогтолцоо нэвтэрсэн. Энэхүү тогтолцоо нь сонгогч нэр дэвшиж байгаа хүмүүс дундаас хэнийг дэмжих вэ гэдгээ ямар нэг зуучлагч, намын оролцоогүйгээр шууд илэрхийлж, дэмжинэ гэсэн санаа юм.
Томсгосон тойрог гэдэг нь нэг дүүргийг, эсвэл нэг аймгийг бүтнээр нь нэг тойрог гэж үзээд мандатын тоотой тэнцэх хүнийг дугуйлахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай учраас зургаа, Чингэлтэй дүүрэг дундаж учраас дөрвөн хүнийг дугуйлах тойрог юм. Гэхдээ энэ тогтолцоо нь сонгогчдын эрх тэгш байдлыг үгүйсгэж байна гэж үзсэн. Тодруулбал, зарим аймаг, дүүргийн иргэд зургаан хүний төлөө санал өгч, төлөөллөө сонгож байхад, Говь-Алтай гэх мэт цөөн мандаттай аймгийнхан зөвхөн нэг хүний төлөө санал өгч, УИХ-д нэгхэн төлөөлөлтэй болох нь шударга бус гэж үзээд, Үндсэн хуулийн цэцээс жижигчилсэн тойргоор сонгууль явуулах нь зөв гэж шийдвэрлэсэн. Ингээд 2016 оны сонгууль явуулахдаа улс орныг 76 жижиг тойрогт хувааж, нэг сонгогч нэг нэр дэвшигчийг сонгох хувилбар гаргасан. Энэ хоёр тогтолцооны аль алинд нь сайн болон сөрөг тал бий. Сайн нь гэвэл, сонгогч хэнийг дэмжих вэ гэдгээ тухайн нэр дэвшүүлсэн нам, мөрийн хөтөлбөр, хувь хүний боловсрол, цаашлаад удам судрыг нь харж сонгох бололцоо олгодог. Харин сөрөг тал нь, танил тал, хөрөнгө мөнгө тараах хэлбэрээр сонгогчдын санал худалдан авч, тойргууд хувьчлагдах үзэгдэл жижиг 76 тойрог дээр гардаг. Энэ нь зөвхөн мөнгөтэй хүмүүс сонгуульд ялах бололцоог нээж өгсөн. Үүнээс болж өнөөдрийн завхралын үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно.
-Үндсэн хуулийн цэц пропорциналь тогтолцоог үгүйсгэсэн. Ямар учир шалтгаантай вэ. Том, жижиг мажоратори тогтолцооноос юугаараа ялгаатай юм бол?
-Өнгөрсөн сонгуулиар Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргаж, холимог буюу намуудыг оруулдаг пропорциналь тогтолцоог халсан. Тэгэхээр нэр дэвшигчийн төлөө шууд саналаа өгөх ганцхан арга зам үлдсэн нь мажоратори тогтолцоо. Угтаа пропорциналь тогтолцоо нь, намууд нэр дэвшигчээ тодруулж, лист гаргаж, сонгогчид хүнийг биш намын багийг тэр чигт нь дугуйлах тогтолцоог хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн намынх нь төлөө саналаа өгөхийг хэлнэ. 2012 оны УИХ-ын сонгуулийг холимог буюу пропорциналь тогтолцоогоор явуулж байсан. Тухайн үед нийт сонгогчдын саналын таван хувийн босгыг давсан нам парламентад суудалтай болсон. Тухайлбал, ИЗНН-ын С.Оюун, С.Дэмбэрэл нар тойрогт нэр дэвшээгүй атлаа намаараа гарч, УИХ-ын гишүүн болж байсан тохиолдол бий. Зарим хүмүүс “Намын жагсаалтын ард нуугдсан хэзээ ч сонгогдохгүй хүмүүс их хуралд гарч ирлээ” гэсэн шүүмж хэлж байсан. Ингээд жижиг мажоратри тогтолцоонд шилжсэн. Гэвч мөнгөтэй нэр дэвшигчид тойргуудыг хувьчилж авч, зөвхөн мөнгөтэй хүн сонгогддог жишиг гарсан. Үүнээс ангижрах боломж нь улс орноороо нэг том тойрог гэж үзэж байгаа бололтой. Улсаараа нэг тойрог болох тогтолцоог урьд өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиар туршиж үзэж байгаагүй, манай улс. Энэ бол дөрвөн хувилбараас туршигдаагүй үлдсэн цорын ганц хувилбар нь. Эрх баригчид энэ тогтолцоог боломж гэж харж байх шиг байна.
-Улсаараа нэг тойрог болно гэхээр нам бүр 76 хүнээ нэр дэвшүүлж, сонгогчид нам бүрээс дэвшүүлсэн 76 гээд нийт хэдэн мянган хүнээс ганцхан хүнийг л дугуйлна гэсэн үг үү?
-Хэрэв улс нэг тойрог гэсэн тогтолцоогоор сонгууль явагдвал улс төрийн намаас тойрог гэхгүй хамгийн олон түмэнд танигдсан, рейтинг өндөртэй хүмүүсээ шүүж, 76 хүний жагсаалт бүхий лист гаргаж таарна. Ингээд үзвэл, онолын хувьд Монголд бүртгэлтэй 33 намаас нэг нам тус бүр 76 хүн нэр дэвшүүлнэ гэвэл 2500, бие даан нэр дэвшигч 100-300 орчим хүн байна гэж тооцвол нийт 3000 орчим хүнээс сонгогч нэг хүнийг дугуйлна гэсэн үг.
-Тэгэхээр 3000 хүний намтартай танилцаж, харьцуулж байж эцсийн сонголтоо хийж нэг хүнийг дугуйлна гэдэг сонгогчдод төвөгтэй байх юм биш үү?
-Тийм л сонгуулийг тулгаж байгаа. Миний хувьд, дугуйлчихмаар хүн гарын таван хуруунаас илүү гарахгүй байх жишээний. Мэдээж, энэ мэтчилэн улс нэг тойрог болоход давуу болон сул тал бий. Давуу тал гэвэл, олонд танигдсан хүмүүс гарч ирнэ. Хүмүүс аль болох таньдаг хүмүүсээ л дугуйлна гэдэг зарчим баримтална. Тэгвэл Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарт парламентад сонгогдох сүүлчийн боломж олдоно. Ерөөс эрх баригчид энэ удаад хууль тогтоох эрх мэдлээ ашиглан дахин сонгогдох боломжоо дархлаажуулж авч байгаа үйлдэл мөн үү гэвэл тийм, нэг талдаа. Нөгөө талдаа, нэгэнт 3000 хүнийг таних бололцоогүй учраас олонд танигдсан урлаг, соёлын одод гэнэтийн дэмжлэг авах магадлал өндөр бий. Тиймээс аль намын хэн байх нь хэнд ч хамаагүй, хэр сайн танигдсан хүн байх вэ гэдэг зарчмаар л сонгууль явагдах болов уу.
-Өмнөх дуучин, яруу найрагч, бөх гишүүдээ яая даа гэж байхад ахиад хуулиа ч, ер юугаа ч мэдэхгүй “од”-ууд гараад ирвэл бүр завхарсан юм болохгүй юу?
-Тийм магадлал асар өндөр бий. Эрх баригч намын хувьд улс нэг тойрог тогтолцоо болбоос өөрсдийнх нь тэсч үлдэх сүүлчийн боломж гэж тооцоолсон байх магадлалтай. Яахын аргагүй одоо парламентад суугаа 76 гишүүн олны танил болсон учраас нэг удаадаа ялах байх гэж үзэж байгаа болов уу. Нөгөөтэйгүүр, улс төрийн жижиг намууд болон бие даагчид өрсөлдөөд хэрэггүй, тарсан нь дээр гэж хэлж байгаатай агаар нэг л үйлдэл болж байна л даа. Үнэхээр “Супер стар” л биш бол сонгуульд оролцоод хэрэггүй л гэж ойлгож болохоор. Яах вэ, энэ тогтолцоогоор явсан сонгуулийн дараа улс орон бүхэлдээ нэг тойрог болох учраас төсвийн мөнгийг хувьчлагдсан тойрог руу цацдаг байдал багасах сайн талтай. Илүү бодлогын хэмжээнд томоор харж, ач холбогдолтой төсөл, хөтөлбөрт анхаарах боломж нээгдэнэ. Түүнчлэн намаар дамжиж, оймс, бандааш, боов боорцог ярьдаг хүмүүс үүгээр арчигдана. Зөвхөн ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс жагсаалтад орох ёстой гэсэн шаардлага тавигдах болов уу. Энэ талаараа давуу. Сонгогчдын саналыг худалдаж авах байдал багасах байх гэж бодож байна. Мөнгөний сонгуулиас илүүтэй хувь хүн бэ гэдэг тоглоомын дүрэмтэй сонгууль байх магадлалтай. Тиймээс бизнесүүдээс гаралтай тоглогчид ч цэвэрлэгдэнэ. Нөгөө талдаа, АН, МАН-ын эрхийг баталгаажуулах алхам болно байх. Жагсаалтын эхэнд байх, хойно байх хоёрын хооронд төдийлэн зарчмын ялгаа байхгүй. Нам доторх бүлэглэл, фракцуудын талцал дуусгавар болох байх.
-Парламентын засаглалтай улс оронд улс нэг тогтолцоогоор сонгууль явуулдаг орон байна уу. Энэ тогтолцооны сөрөг тал нь юу вэ?
-Иймэрхүү тогтолцоогоор сонгуулиа явуулсан орнууд байдаг. Гэхдээ сонгогчид эрх баригчдад дургуй нь хүрэхдээ цоо шинэ намын хүмүүсийг дугуйлах хандлага гаргадаг. Хүмүүс дээрээс нь дугуйлж магадгүй гэж бодоод намын лидерүүдээ хамгийн эхэнд тавьчихдаг. Гэтэл хүмүүс эсрэгээрээ “Хэн ч байсан яадаг юм” гэсэн хандлагаар дороос нь дугуйлсан тохиолдол ч гарсан удаатай. Магадгүй эрх баригчид өөрсдөдөө ашигтай гэж тооцоолж, уг тогтолцоогоор явах гэж байгаа ч магадгүй огцом эргэлт гарахыг хэн ч үгүйсгэхгүй. Тэгэхээр хэн зохион байгуулалтад орж чадсан, хэн хүчтэй багийг бүрдүүлж чадсан тэр баг, тэр нам л ялалт байгуулах боломжтой.
-Үндэсний цөөнхийн хувьд асуудал яаж эргэнэ гэсэн үг вэ. УИХ-д заавал тэдний төлөөлөл байх ёстой юу?
-Ард түмний хүслээр бас сонголтоор л шийдэгдэнэ. УИХ-д үндэсний цөөнх төлөөлөлгүй боллоо гээд яах ч үгүй. Монгол Улсын иргэн учраас хуулиндаа захирагдаад л явна. Энэ сонгуулийн тогтолцоогоор парламентад бараг орохгүй болов уу. Гэхдээ олонх болсон нам нь тухайн хүмүүсийг дэмжинэ гэвэл гүйцэтгэх засаглалд тодорхой ажил, албан тушаалд томилно. Зарчмын хувьд ялгаагүй л асуудал юм даа.
-Хоёр нам эн тэнцүү суудал авах боломж үүсэх үү. Тэгвэл хамтарсан Засгийн газар байгуулах уу. Бие даагчид нэр дэвших болов уу?
-Үндэсний хэмжээнд танигдсан С.Жавхлан, О.Баасанхүү мэтийн бие даагчид гарч ирэх боломж их бий. 76 гишүүн ямар нам эвслийнх байхыг мэдэхгүй ч хоёр том намаас бүрдэх нь ойлгомжтой. УИХ-ын тухай хуулиар аль олон санал авсан нам л Засгийн газраа эмхлэн байгуулна. Санал эн тэнцүү хуваагдаж, улмаар хамтарсан Засгийн газар байгуулах тохиолдол гарах ямар ч боломжгүй.
-Сонгогчдын боловсрол арай өндөр түвшинд ирсэн гэж судлаачид хэлж байна. Тухайлбал, Хууль зүйн сайдаар 22 жил ажилласан Ц.Нямдорж хэчнээн супер од байлаа ч одоо түүнд итгэх хүн гарахгүй л болов уу. Таны бодлоор?
-Энэ хуулиар Ц.Нямдоржийг хэчнээн үзэн ядсан ч тэр сонгогдож таарах л болов уу. Яагаад гэвэл, намынх нь том масс байна, түүнийг мундаг гэж үздэг, дэмждэг бүхэл бүтэн давхарга байна шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайд, намын даргын хувьд У.Хүрэлсүх хэчнээн сайн “попорно”, үзүүлэх тоглолт хийнэ парламентад гишүүнээр сонгогдох боломж төдий чинээ нэмэгдэнэ.
-Олонхоороо түрий барьж, өөрсдөдөө ашигтай хууль баталж байгаа нь ёс зүйн хувьд муухай харагдаж байна. Шуудхан дүгнэхэд, эрх баригчдын яаж сандал, суудалтайгаа үлдэх вэ гэсэн арга мэх юм биш үү?
-Ёс зүйн хувьд ч, харагдах өнцгөөсөө ч тэр цөөхөн хэдхэн хүн төрийн эрх мэдлийг ашиглан, хуулийн хүчээр өөрсдийнхөө албан тушаал, сандал суудлыг баталгаажуулж авч үлдэх гэж байгаа санаа мөн л дөө.
-Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан боловч МАН-ынхан хоригийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Хуулиас давсан гүйцэтгэх засаглал байж болох уу?
-Монгол Улсад хамгийн эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг хуультай. Тодруулбал, гүйцэтгэх хууль тогтоох, гүйцэтгэх шүүх гэсэн хуулийн тогтолцоотой улс орон. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Засгийн газар нь өөрөө шүүхийн эрх мэдлийг хуулиар түрий барьж шууд булаагаад авчихлаа. Хэрэв энэ хууль цаашид хүчин төгөлдөр хэрэгжвэл намын дарга гэдэг хүн хэмжээгүй их эрх мэдэлтэй болж, дураараа дургих боломжтой болно гэсэн үг дээ. Энэ бол өнгөрсөн 29 жилд олж авсан ардчиллын үнэт зарчим, ололт, амжилтаас хэдэн алхмаар ухарсан ухралт болно. Ерөөс шүүхийн эрх мэдлийг Засгийн газар булаагаад авч байна. Ингэснээрээ хэнээр ч хянуулахгүй, хэнд ч захирагдахгүй байх бололцоог гүйцэтгэх засаглалын тэргүүн өөртөө нээж өгч байгаа асуудал бөгөөд үүний төлөө улайран дайрч байна шүү дээ.
-Хэнтийн нөхөн сонгуулийг ҮХЦ-ээс явуулахгүй байх шийдвэр гаргачихлаа. Зөв, буруу эсэх талаар санал, бодлоо хуваалцана уу?
-Цэцийн тухай олон хүмүүс гомдол мэдүүлдэг. Цэц захиалгаар ажилладаг улс төрийн байгууллага гэдгээ алхам тутамдаа нотолж байна. Энэ удаад ч Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой гаргасан шийдвэр нь захиалгынх байлаа шүү дээ. Намуудаас тэтгэвэртээ гарсан, улс төрийн карьер нь дууссан улс төрчдийн орогнодог газар Цэц болсон учраас л өөрийг нь томилсон намдаа үйлчилж байна л даа. Энэ нь Үндсэн хуулийн гол алдаа согог ч байж магадгүй. Тиймээс Цэцийн гишүүдийг намуудаас хараат хэлбэрээр байгуулах, эсвэл бүр засаг төртэй огт холбоогүй байдлаар сонгуулийн болон олон нийтийн зарчмаар шалгаруулж, томилох боломж бололцоо байгаа юу гээд авч хэлэлцэх, бодох асуудал олон байна.
-Эрх баригчид олонх байгаа дээрээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Хэт олонх байгаа нөхцөлд эцэг хуульдаа гар дүрж болох уу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ хийх ёс зүйн эрх байх уу, үгүй юу. Учир нь, өнөөдрийн эрх баригч намын УИХ-ын гишүүн бүр ямар нэг хэрэг төвөгт холбогдож, ёс зүйн алдаа гаргасан хүмүүс эцэг хуульдаа гар хүрэх эрх байхгүй гэж бодож байна. Миний анзаарснаар, Үндсэн хуульд оруулж байгаа асар олон заалт нь бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж авах, хязгаарлах сонирхол дээр тулгуурласан байна гэж харагдсан. Иймд олон нийтийн болон Ерөнхийлөгчийн дэмжлэг авч чадах эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагууд ч бүгд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн эсрэг байр суурьтай байгаа. Хэдийгээр 600-700 мянган хүнээс санал асуусан гэж байгаа ч үнэндээ нийгэмд идэвхтэй, санал өгөх түвшний, үзэл бодлоо нэмэрлэх хүмүүс уг санал асуулгад оролцоогүй байна лээ. Тэгэхээр төдий тооны хүнээс авсан санал нь хуурамч эсвэл захиргааны аргаар зохион байгуулж авсан санал байх магадлалтай учраас хүчинтэй гэж тооцох эргэлзээ, маргаан дагуулж байна.
-Ярилцсанд баярлалаа.