Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлэхээр болжээ. Уг хуулийг боловсруулах ажлын хэсгээс Монголын Улс нэг тойрог гэсэн хувилбарыг дэвшүүлж буй юм. Ийм тогтолцоогоор сонгогдсон УИХ-ын гишүүд улсын төсвийг боловсруулах, батлахдаа жалга, довны үзэл гаргахгүй, улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалт өрнүүлнэ гэсэн байр суурийг ажлын хэсгээс илэрхийлсэн. Нөгөө талд дээрх тогтолцоогоор сонгууль явуулснаар шинэ, залуу нэр дэвшигчид гарч ирж чадахгүй. Цаашлаад УИХ-д сонгогдсон гишүүд сум, дүүргийг орхигдуулж, иргэдийг үл ойшооно гэсэн үзэл бодол ч гарах болсон. Ингээд Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.
О.Баасанхүү: МАН-д тавьсан зорилтоо биелүүлсэн, бүтээн байгуулсан, хийсэн ажил юу ч байхгүй
УИХ-ын гишүүн
-Сонгуулийн хуулийг боловсруулсан. Тэгээд улс нэг тойрог гэдэг сонгуулийн тогтолцоог нэвтрүүлэх тухай ярих боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би Сонгуулийн хуулийн талаар байр сууриа илэрхийлж ирсэн. Ажлын хэсгээс дөрвөн янзын санал оруулж ирсэн байна. Тэр дундаа Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсгийнхэн өөрсдийн сонирхлоо улс нэг тойрог гэж илэрхийлсэн. Түүнээс биш улс нэг тойрог гэдэг санал оруулж батлуулъя гэж шийдээгүй байна гэж би ойлгосон. Харин УИХ-д дөрвөн санал оруулах юм байна. Тухайлбал, сонгуулийн тойргийг жижгэрүүлэх, томосгох, бүсчлэх, улс нэг тойрог гэсэн санал байгаа юм билээ. Хуульч хүний хувьд улс нэг тойрог гэсэн сонгуулийн тогтолцоог ганцхан тохиолдолд хийж болно гэж үзэж байгаа. Өмнө нь улс төрийн намыг дугуйлаад авсан хувиар нь пропорцианаль маягаар жагсаалтаар оруулдаг байсан. Одоо бол нэг хүнийг дугуйлаад авсан боломжоор нь пропорцианаль болгоод ард нь байгаа хүмүүс жагсаалтаар орох тухай ярьсан. Энэ бол боломжтой. Үндсэн хуульд сонгуульд нэр дэвшигч хүний нэрийг дугуйлахаар тусгасан. Түүнээс биш 76 нэр дэвшигчийг дугуйлна гэж байхгүй. Намын нэр дугуйлах нь буруу гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон. Харин УИХ-ын сонгуульд оролцож буй улс төрийн нам бүр 76 хүн нэр дэвшүүлээд, та таалагдсан нэг хүний нэр дэвшигчийг сонго гэвэл энэ сонгууль явахгүй. Монголд алдартай нэг хүн бол мотоцикль унадаг У.Хүрэлсүх гэдэг ах бий шүү дээ. Ийм хүмүүст санал өгөх байх. Тэгээд үлдсэн нэр дэвшигч нь саналгүй хоцорно. Хамаатан, хамт олон олонтой хүмүүс нь УИХ-д орох юм даа. Ийм учраас сонгууль худал болно. Тэгэхээр олон нийтийн дунд яриа болгох гэж оруулж ирж буй нэг хэлбэр гэж би ойлгож байна.
-Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн дөрвөн хувилбар бий гэлээ. Та аль хувилбарыг нь дэмжиж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоог тогтох ёстой гэж та хэлж байсан даа?
-Би Үндсэн хуульд гурван юм засч болно гэж хэлж байгаа. Нэгдүгээрт нь сонгуулийн тогтолцооны асуудлаа шийдье. Ялсан нам нь дүрэм зохиодгоо болих хэрэгтэй. Одоо найм дахь удаагийн сонгууль болох гэж байна. Тэгэхээр дахин өөрчлөх хэрэггүй. Үндсэн хуульдаа сонгууль явуулах тогтолцоогоо тодорхой заачихъя. Хоёрдугаарт утаанаасаа салах цаг ирсэн. Үүнээс салахын тулд дагуул хотын статустай болох ёстой. Гуравдугаарт МАН 60 тэрбумаасаа салчих. Би МАН-д төрийн албыг зардгаа болиод улс төрөөс хараат бус болго гэсэн зөвлөгөө өгч байгаа юм. Үүний дараа Сонгуулийн тухай хуульдаа оръё гэж байна. Дахиад л туршилт хийх гээд байна. Энэ туршилт нь боломжтой зөв гэдгийг хэн тогтоогоод байгаа юм бэ? МАН улс төрийн тавцангаас бүтнээрээ арчигдах магадлал өсөөд байгаа учраас айгаад байгаа юм. Судалгаагаар дэмжихгүй байгаа хандлага 70 хувьтай гарч эхэлсэн. Ийм учраас янз бүрийн туршилтын арга хэрэглэж үлдэх гэсэн хувилбар ярих боллоо. Түүнээс биш тэр нь сайн, энэ нь муу гэхээс илүү үндсэн хуулийн гол зарчимдаа анхаараад явах хэрэгтэй.
-Та УИХ-ын Хэнтий аймаг дахь 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг юу гэж үзэж байна вэ?
-МАН-ынхан энэ тойрогт сонгууль явуулах сонирхолгүй байсан. Энэ нь тодорхой харагдсан юм. Одоо Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль гэж биднийг шуугиулж байгаад улсын наадамтай золгоно. Наадмын дараа намар. Тэгээд Үндсэн хуульд хэдэн заалт оруулах, Сонгуулийн тухай хуулиа баталсан болоод 2020 он хүргэнэ. Эрх баригч МАН-д өмнөө тавьсан зорилтоо биелүүлсэн, бүтээн байгуулсан, хийсэн ажил юу ч байхгүй. Хамгийн сүүлд найрамдал зуслангийн газар гэсэн хошин шог тоглолоо. Хэрэв хулгайтай тэмцье гэвэл Хавдар судлалын үндэсний төвд байгаа эмнэлгийн газраа ярьсан нь арай дээр. Учир нь 60 тэрбум төгрөгөөр тэнд барьсан байшинг нь шахах гээд бүтэхгүй болсон. Одоо тэгээд 15 тэрбум төгрөгөөр түрээслүүлэх гээд явж байна. Яагаад гэвэл 60 тэрбум гэдэг үг МАН-ын имиж болчихсон шүү дээ. Гэтэл уг газрыг хоёр тэрбум төгрөгөөр зарснаас нь эхлээд энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Олны сонирхлыг төрүүлэхүйц зүйл ярьж болно. Хамгийн гол нь бодит үнэн гэдэг зүйл байх ёстой.
Д.Тогтохсүрэн: Өмнө нь улс нэг тойрог гэсэн сонгуулийн тогтолцоо УИХ-аас дэмжлэг аваагүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга.
-Сонгуулийн тухай хуульд улс нэг тойрог гэсэн тогтолцоо ярих боллоо. Яагаад ийм хувилбар сонгох болов?
-Бидний олон жил ярьж байгаа хоёр л асуудал бий. Нэгдүгээрт жижиг тойрогт нөлөөлөл их орж байна гэдэг. Жишээ нь мөнгөний нөлөөллөөс эхлээд олон асуудал ярьдаг. Ийм учраас ард түмэн хамгийн сайн гэж үзэж байгаа сонгуулийн энэ тогтолцоог авбал яасан юм бэ гэж үзсэн. Өмнө нь 2008 онд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахалсан ажлын хэсэг сонгуулийг ийм тогтолцоогоор явуулах хууль УИХ-д өргөн барьж байсан юм билээ. Тэгээд тухайн үед манай улсад ийм тогтолцоогоор сонгууль явуулах нөхцөл нь арай бүрдээгүй гэж үзсэн. Учир нь сонгуулийн санал тоолоход техникийн нөхцөл байхгүй гээд УИХ хүлээж аваагүй. Одоо нөхцөл нь бүрдсэн гэж МАН-аас үзэж байгаа.
-Тэгэхээр улс нэг тойрог гээд сонгууль явуулах нь сөрөг тал ихтэй. МАН олонхоор хүч түрээд ийм хууль батлах нь гэсэн шүүмжлэл гараад байна л даа?
-Аливаа асуудалд сөрөг, эерэг тал бий. Одоо Засгийн газраас санал аваад ирэх долоо хоногийн дундуур Сонгуулийн тухай хуулийг УИХ-д өргөн барих байх. Ингээд УИХ уг асуудлыг хэлэлцэнэ. Миний бодлоор энэ хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой. Ингээд УИХ-ын намрын чуулганаар эцэслэн батлах байх. Тэгэхээр уг хуулийг тал талаас нь хэлэлцэх хугацаа хангалттай юм. Би дээр хэлсэн. Мөнгөнөөс хамаарахгүй чадвартай, мэдлэгтэй хүмүүс УИХ-д сонгогдох тогтолцоо гэж бодож байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон удаа ярьж байгаа. Энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж магадгүй. Гэхдээ УИХ-ын 75 гишүүний 57 нь гарын үсэг зурах ёстой. Ингэж байж өргөн барих учиртай.
-Та аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр орон нутагт тулгардаг бэрхшээлтэй асуудлыг шийдэж чадах уу?
-Үндсэн хуульд сумын Засаг даргыг иргэд томилдог болох заалт оруулсан. Одоо ИТХ нь томилдог. Иймд иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа хаягддаг гэж үзэж байгаа. Иргэд УИХ, аймагт хэн сонгогдох нь хамаа алга. Энэ сумыг хэн удирдах нь чухал байна гэдэг юм.
-Үндсэн хуульд сонгуулийн талаар ямар заалт орсон бэ?
-Сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэдэг ганц заалт орсон. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог оруулж болно. Тухайлбал, мажаротар, пропорцианаль, холимог тогтолцоогоор сонгууль явуулна гэсэн заалт оруулах нь амархан. Гэтэл Үндсэн хууль доод тал нь 30, 40, 50 жил хэрэгжинэ. Харин мажораторийн жижиг тогтолцоо гарч ирж байгаа төлөөлөл талдаа сайн. Улсын эдийн засаг талдаа хэцүү. Холимог тогтолцооны сул талыг өнгөрсөн дөрвөн жил ярьсан. Ер нь сонгуулийн тогтолцооны аль аль нь сул талтай юм.
Г.Тэмүүлэн: залуус, эмэгтэйчүүдийн дуу хоолой гарч ирж чадахгүй
УИХ-ын гишүүн
-Сонгуулийн тухай хуульд улс нэг тойрог гэдэг тогтолцоо ярьж байна. Та энэ тогтолцоог дэмжиж байна уу?
-Улс нэг тойрог гэвэл нам дотор нь жагсаалт гарч таарна. Залуучуудын болон эмэгтэйчүүдийн дуу хоолой гэж ярих болсон өнөө цаг үед эхний 20 дотор жагсах боломж байхгүй болно. Тэгэхээр зарчмын хувьд байж болшгүй асуудал. Нөгөө нэг нийгмийн шүүмжлээд байдаг олон жил болсон, асуудлыг шийддэггүй гэдэг хүмүүс жагсаалтаар дахиад гарч ирэх боломж бүрдэнэ. Мөн улс нэг тойрог гээд зөвхөн улс төрийн намын нэр дугуйлбал Үндсэн хууль зөрчинө. Ард түмэн өөрсдийн төлөөллөө сонгодог, УИХ-д өөрсдийн нөлөөллийг бүрдүүлдэг байх зарчим алдагдахад хүрэх юм.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Та дэмжиж байгаа юу. Гарын үсгээ зурсан уу?
-Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Нийгэмд олон жил ужгирсан асуудлыг шийдэх шаардлага бий. Гэхдээ энэ өөрчлөлт нь ямар цар хүрээтэй байхыг ярьж байж шийдэх учиртай гэж бодож байна. Би одоогоор гарын үсгээ зураагүй. Үндсэн хуулийг өөрчлөхдөө нийгэмд олон жил үүссэн тэр дундаа төрийн тогтолцоотой холбоотой, нийгэм эдийн засгийн байдлыг өөрчлөх хэрэгтэй. Дордохын долоог нь өөрчлөх, цөөн хэдэн асуудлыг шийдэх байдлаар хандаж болохгүй. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шийдэгдэх асуудал биш. Ард нийтийн санал асуулга авч тодорхой асуудлуудыг ярьж байж томоохон өөрчлөлт хийх нь зүйтэй.
Л.Оюун-Эрдэнэ: сонгуулийн энэ тогтолцоог дэмжиж байгаа
Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн, ЗХЭГ-ын дарга.
-Сонгуулийн хуульд яагаад улс нэг тойрог гэсэн тогтолцоо оруулах шийдэлд хүрсэн юм бэ?
-Улс орон яавал хөгжих вэ гэдэг чухал. Хувь гишүүдийн тоглолт байхгүй болно. Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог, хуралдаандаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно. Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд гацаж байсан томоохон бодлого хэрэгжиж, бодлогын гажуудал засагдана. Хувь гишүүний хувьд сонгуулийн энэ тогтолцоог дэмжиж байгаа.
-Томгосон тойргийн сул тал юу вэ?
-Ямар ч сайн тогтолцоо хийсэн хүмүүс буруу ашиглавал буруу болно. Энэ тогтолцоогоор орон нутаг орхигдох, ард түмнээсээ салах нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Илүү бүсчилсэн бодлогоо хэрэгжүүлээд иргэдтэй нүүр тулж уулзахгүй байх магадлалтай. танигдаагүй хүмүүс гарч ирэх магадлал өндөр.