Эрх баригч нам УИХ-ын сонгууль болгоны өмнөх жил сонгуулийн хуулийг ёс юм шиг өөрчилдөг жишиг тогтоод байна. МАН ч энэ дагуу Сонгуулийн хуулийг өөрчлөх өөрсдийн хувилбарыг танилцууллаа. Тэд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоогоор ирэх 2020 оны сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ систем өмнө нь яригдаагүй биш яригдаж байсан. Гэвч санал тоолох, хураах зэрэг техникийн хувьд боломжгүй гэсэн шалтгаанаар орхигдож иржээ.
Монгол Улс парламентын түүхэндээ долоон удаа УИХ-ын сонгууль явуулсан. Үүний дөрвийг нь жижиг мажоритар системээр буюу 76 тойрогт нэг мандаттай байхаар явуулсан бол нэг удаа томсгосон тойрог буюу пропорцианаль мажоритар холилдсон системээр, үлдсэн хоёр удаад нь 26 тойрог буюу олон мандаттай гэсэн зарчмаар явсан байдаг.
Сонгуулийн тогтолцоо:
Сонгуулийг хэрхэн яаж явуулахыг сонгуулийн тогтолцоо тодорхойлно. Хамгийн товчоор хэлбэл, энэ нь сонгуулийн дүнг тооцох, санал хуваарилах арга юм. Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхоор тооцох, пропорцианаль буюу хувь тэнцүүлэх гэсэн үндсэн хоёр арга ашигладаг. Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахад парламентын гишүүний бие даасан байдал илүү, пропорцианалиар явуулахад намаасаа шууд хамааралтай байдал нь илүү байдаг.
Мажоритар тогтолцоо:
Мажоритар гэдэг нь “олонх” гэсэн Франц үгнээс гаралтай. Энэ тогтолцоо нь сонгуулийн дүнг тооцох хамгийн анхдагч аргачлал юм. Нэр дэвшигч тухайн тойргийн иргэдээс хамгийн олон буюу олонхын санал авсан тохиолдолд гишүүнээр сонгогдоно. Түүнээс биш нийт иргэдийн санал их, эсвэл бага байх нь огтхон ч хамаагүй гэсэн үг. Жишээлбэл, нэр дэвшигч зөвхөн өөрийн нэр дэвшиж буй тойргийн 2000 гаруй иргэний олонхын буюу 1001 хүний санал авахад л гишүүн болох нөхцөл байдал үүсэх бөгөөд бусад гурван сая иргэний санал авах шаардлагагүй гэсэн санаа. Жижиг мажоритар гэдэг нь улсын хэмжээнд 76 жижиг тойрог үүсгэхийг хэлж байгаа бол том нь улсын хэмжээнд нэгтгэсэн том 26 тойрог үүсгэхийг хэлж буй. Харин холимог систем бол тал хувь нь шууд сонгогдох, тал нь намын жагсаалтаар сонгогдохыг хэлж байгаа юм.
Пропорцианаль тогтолцоо (Хувь тэнцүүлэх):
Ардчилсан сонгуулийн тогтолцооны нэг төрөл. Дотроо олон хувилбартай. Намын нэрээр санал хурааж, нам дотроо жагсаалт гаргаж, парламентын гишүүдийг бүрдүүлдэг нь энэ тогтолцооны гол агуулга. Тодруулбал, энэ системийн аргачлалын зарчим нь нам, эвсэлд авсан саналынх нь хувьд тэнцүүлэн парламентад суудал эзлүүлэх юм.
Хосолсон тогтолцоо:
Сонгуулийн мажоритар болон пропорцианаль тогтолцооны давуу талуудыг нийлүүлсэн холимог тогтолцоо юм. Жишээлбэл, 76 гишүүний тэн хагас нь буюу 38 нь шууд мажоритор тогтолцоо буюу олонхын саналаар сонгогдох бол үлдсэн 38 нь пропорцианаль буюу намын сонголтоор сонгогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, парламентын суудлын 50 хувийг улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн төлөөх санал хураалтаар, үлдэх 50 хувийг намуудад өгсөн сонгогчдын саналыг харгалзан, намын нэрсийн жагсаалтаар бүрдүүлэх юм.
Ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдаж, “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн соёрхсоноор Монгол Улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжиж байсан билээ. Ийнхүү Монгол Улсын УИХ-ыг сонгох анхны сонгууль 1992 оны зургадугаар сарын 28-нд болж, парламентын 76 гишүүнээ сонгож байжээ. 1992-2016 оныг хүртэл нийт УИХ-ын долоон удаагийн сонгууль болсон бөгөөд дөрвөн удаа жижиг мажоритар, хоёр удаа том мажоритар, нэг удаа холимог системээр хийж байжээ. Ингээд өнгөрсөн хугацаанд хэдэн онд, ямар тогтолцоогоор сонгууль явуулж ирсэн тойм мэдээллийг хүргэе.
1992 он: Томсгосон мажоритар: 26 тойрог
УИХ-ын сонгуулийг 1992 оны зургадугаар сарын 28-нд томсгосон мажоритар системээр буюу аймаг дүүргүүдийг нэг тойрог болгож байжээ. Тодруулбал, нэг тойрогт 2-4 хүн томсгосон 26 тойрогт нэр дэвшин өрсөлдөж, сонгогдсон гэсэн үг. Сонгуулийн дүнд, МАХН 70, МоАН, МҮДН, НН-ын “Ардчилсан холбоо” эвсэл дөрөв, МСДН нэг, бие даан нэр дэвшигч нэг суудал авчээ. Үндсэн хуулийн дагуу УИХ-д хамгийн олон суудал авсан МАХН-аас УИХ-ын даргаар Н.Багабандийг сонгожээ.
1996 он: Жижигсгэсэн мажоритар: 76 тойрог нэг мандаттай
Монгол Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулийг 1996 оны зургадугаар сарын 30-нд явуулжээ. Энэ удаад 76 тойрогт нэг мандат бүхий жижигсгэсэн мажоритар тогтолцоогоор сонгууль явуулжээ. Ингээд 1996 оны УИХ-ын сонгуулийн дүнд МҮАН, МСДН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч, төрийн эрх мэдэл анх удаа улс төрийн шинэ хүчинд шилжсэн парламент байгуулагдаж байлаа.
2000 он: Жижигсгэсэн мажоритар: 76 тойрог нэг мандаттай
2000 оны сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд гурав дахь удаагийн сонгуулиар МАХН 72, МҮАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл, ИЗН-НН, Эх орон-МАШСН тус бүр нэг суудал авсан бол бие даан нэр дэвшигч мөн нэг суудал авснаар МАХН парламентад үнэмлэхүй олонх болжээ.
2004 он: Жижигсгэсэн мажоритар: 76 тойрог нэг мандаттай
Энэ удаагийн сонгууль мөн л жижигсгэсэн мажоритар тогтолцоогоор явуулсан. 2004 оны их хурлын сонгуульд улс төрийн долоон нам дангаар, гурван нам эвсэл болж оролцсноос МАХН 37, “Эх орон-Ардчилал” эвсэл 35, Бүгд найрамдах нам нэг суудал тус тус авч, бие даан нэр дэвшсэн гурван нэр дэвшигч гишүүнээр сонгогджээ. Улмаар УИХ-д суудал авсан улс төрийн хүчнүүд хамтран эвсэж төр, засгаа бүрдүүлж ажиллах итгэлийг сонгогчид хүлээлгэсэн өвөрмөц бүрэлдэхүүнтэй парламент бүрэлдэж байжээ.
2008 он: Томсгосон мажоритар: 26 тойрог
УИХ-ын тав дахь удаагийн ээлжит сонгууль 2008 оны зургадугаар сарын 29-нд томсгосон мажоритар тогтолцоогоор болж, нийт 26 тойрогт улс төрийн 11 нам, нэг эвслээс нийт 356 хүнийг нэр дэвшүүлжээ. Мөн 45 хүн бие даан нэр дэвшсэн байна. Сонгуулийн дүнд МАХН /хуучин нэрээр/-аас 45, АН-аас 28, иргэний эвсэл, Иргэний зориг намаас тус бүр нэг, бие даан нэг нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон байна. УИХ-д олонхийн суудал авсан МАН, Ардчилсан намтай засгийн эрхийг хамтдаа барих, 2012 он хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах тохиролцоонд хүрч, хамтарсан Засгийн газар байгуулжээ.
Энэ бүх мэдээллээс харахад, монголчууд, монголын улс төрчид улс нэг тойргоос бусад бүх сонгуулийн тогтолцоог туршиж үзээд байна.
Үргэлжлэл бий...