-Захиргааны ерөнхий хуульд засвар хийх шаардлагатай гэж үзлээ-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Хоригт УИХ-аас саяхан баталсан Захиргааны ерөнхий хуульд “УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа” гэсэн дэд заалтын хүрээнд төрийн өмч хувьчлалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрүүд, ашигт малтмалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын тушаал, шийдвэрүүд, байгалийн нөөцийн удирдлагын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, тэдгээрийн харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээний асуудал мөн л ямар нэгэн ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарсан” гэж үзсэн байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар боллоо.
Ингээд УИХ-ын чуулганаар уг хоригийг хэрхэн хэлэлцсэн талаарх мэдээллийг хүргэе.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж ирэх үед Ардчилсан нам байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Энэ хуулийг УИХ хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гэж бараг жил гаруйн нүүр үзсэн. Захиргааны эрх зүй, Захиргааны шүүх Монголд дөнгөж л хөлөө олж ядаж буй юм. Иргэний болон хуулийн этгээдийн эрхийг захиргааны буруу шийдвэрээс хамгаалж ирсэн ахицтай хууль гэж бүх нийтээр үзэж байгаа. Харамсалтай Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлт нь гүйцэтгэх засаглалыг дур зоргоороо шийдвэр гаргах цоорхойг нээж өгсөн нь буруу. Иймд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж байна. Би ганц нэг байгууллагын эрх ашгаас болж асуудал тарьж болохгүй гэж байр сууриа илэрхийлж ирсэн. Бүх хүн, аж ахуйн нэгжийн эрхтэй холбоотой зүйлийг ингэж онцолж цоорхойлж авч үзэж болохгүй. Ялангуяа, захиргааны хэд хэдэн байгууллагын дураараа авирлах хаалгыг нээж өгсөн. Үүнээс үүдээд иргэн хүн, хуулийн этгээд эрхээ хамгаалуулах ямар ч газаргүй болж байгаа юм. Батлан хамгаалах яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлал, Хууль зүйн яамд дур зоргоороо шийдвэр гаргах эрхтэй болж байгаа юм. Тиймээс бид танай, манай гэхгүйгээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээд явах нь зүйтэй байна. Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан заалтуудаас үүдэн ямар хохирол учирч болох талаар тодорхой мэдээлэл өгч болох уу.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Ихэнх улсын Захиргааны хуульд батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал хамаардаггүй. Үндсэн хуулийн эрхзүйн асуудалд хамруулдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Үндсэн хуультай холбоотой заалтуудыг Захиргааны хууль хамаарахгүй байж болно. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдээд гэр хорооллын нэг хашааны газрыг улс 10 сая төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргалаа гэж бодъё. Гэтэл иргэн 100 сая төгрөгөөр зарах гээд шүүхэд хандвал Захиргааны ерөнхий хуулиар хориотой болж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Би Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бодож байна. Энэ хууль хэрэгжсэний дараа үүсэх сөрөг үр дагаврын талаар бид мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ёстой. Хүнээс хамаарч байгаа, хүний асуудал шийдэхдээ үндсэн суурь хуульдаа өөрчлөлт оруулж болохгүй юм. Ер нь бол бид хүнээ өөрчлөөд хүнтэйгээ яриад явах боломж бий болсон. Шүүгч болохгүй байна, буруу шийдвэр гаргаж байна гээд суурь хуулиа өөрчлөөд байж таарахгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Монголд гай болж байгаа хэдэн хүн бий. Шүүхийг устгах, тагнуулын байгууллагыг устгах гээд Монгол л сүйрч байвал болох юм шиг хэсэг бүлэг хүмүүс байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авсан. Засгийн газрын тогтоолоор жишиг тогтоох, гэрээт ажилчдыг цомхотгох шийдвэрийг гаргахад ажилчид Захиргааны шүүхэд хандах боломж бий юу. Хууль зүй, дотоод хэргийн яам жийп авсан, түүнийг нь У.Хүрэлсүх сайд зараарай гэсэн том толгойтой сайд зараагүй л байна. Энэ асуудлаар Захиргааны хуульд гомдол гаргаж болох уу. Засгийн газрын ямар ч тогтоолоор гомдол гаргах эрхгүй байна гэж л би ойлгоод байгаа юм. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдэлнэ гэж байдаг. Тэгэхээр шүүх шударга бус байна гэж байхгүй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Таны дурдсан жишээгээр бол Захиргааны шүүхэд хандах боломжгүй. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид цомхотголд орвол шүүхэд хандах эрхгүй болох юм. Тэгэхээр Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй нь Захиргааны шүүхэд харьяалагдахгүй бусад нь шууд харьяалагдах ёстой гэж Ерөнхийлөгчийн хоригт тодорхой тусгасан байгаа.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалинг тогтоодоггүй. Засгийн газар яам, тамгын газарт машин авч өгөх тогтоол гаргадаггүй. Сүүлийн үед өөрийнхөө явцуу зорилгоор хуулийг буруу тайлбарлах явдал гарч байна. Эрүүгийн хуульд “Хөөн хэлэлцэх хугацааг бууруулж ял завшуулах гэж байна” гээд л байгаа. Хуульдаа хөөн хэлэлцэх хугацааг багасгаагүй уртасгасан юм билээ. Үүнийгээ болимоор байна, гишүүд ээ. Захиргааны ерөнхий хуулиар иргэдийн эрхэнд халдаагүй. Иргэдийн хашаа хороог тусгасан асуудал байхгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Эрүүгийн хуульд “Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон” гээд шуугиан дэгдээгээд байсан чинь тэгээгүй. Харин эсрэгээрээ уртасгасан байна гэдгийг хууль уншаад гаргаж ирж байгаа юм билээ шүү. Холбогдох асуудалтай холбогдож тодруулна шүү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой тодорхой асуултад холбогдох хариулт өгмөөр байна. Би Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны тухай асуугаагүй. Энэ хөөн хэлэлцэх хугацааны талаар дараа нь мэтгэлцье. УИХ-ын дарга таныг албан ёсоор мэтгэлцээнд дуудаж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газар нь бүтэц зохион байгуулалт менежментийг нь тогтоодог. Хүн болгоны цалин гэхээс илүү ерөнхий төсвийг нь баталдаг юм. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн иргэдийн цалин, хангамжийг бууруулахад хэн ч гомдол гаргах эрхгүй болчхоод байна. Захиргааны ерөнхий хууль ийм болсон гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос асуусан. Ц.Нямдорж гэж хүн Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулиар хариулт өгөх эрхгүй. Ц.Нямдорж гэж хүн яагаад ийм дархан эрхтэй юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хориг нь хууль зүйн үндэслэлийг дэмжиж байгаа юм. УИХ энэ хуулийг эргэж хараад зөв болгох хуулийн үндэслэлийг дахин нягталж үзэх боломж юм. Тэгэхээр УИХ-ын гишүүддээ энэ хоригийг хүлээж авахыг уриалж байна. Хоригийн үндэслэлд байгаа Үндсэн хуулийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдах зүйл, Захиргааны ерөнхий хуульд хамаарах асуудлыг ялгаж салгахгүй бол болохгүй. Энэ хоригийг хүлээж авснаар бас засагдахгүй. Ерөнхийлөгчийн тамгын газраас асууя. Хоригоос гадна Захиргааны ерөнхий хуультай холбоотойгоор УИХ-ын гаргасан шийдвэрийг Засгийн газар биелүүлэхтэй холбоотой аливаа шийдвэр хууль зөрчихгүй, иргэдийн шүүхэд гомдол гаргах эрхийг хаахгүй байх зорилгоор ямар ямар хуульд өөрчлөлт оруулах ёстой байна вэ гэдэг чиглэл Ерөнхийлөгчөөс Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж бодож байна. Энэ талаар ямар нэг судалгаа хийсэн зүйл байна уу? УИХ-ын шийдвэр зарим үед буруу, хууль зөрчиж гарах удаа бий. Үндсэн хуулийн цэцэд очоод унаж байгаа олон шийдвэр, хууль байгаа.
Ерөнхийлөгчийн хууль зүйн зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор А.Эрдэнэцогт:
-Энэ талаар судалгаа нэлээд хийдэг. МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүйн чиглэлээр судалгаа, сургалт эрдэм шинжилгээний ажил явуулдаг. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн дагуу Захиргааны ерөнхий хуульд Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа гэдэг агуулгаар өөрчлөлт оруулахад бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байхгүй гэв.