-Зөрчлийн хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол 111 дүгээр төвөөр дамжаагүй монгол залуу гэж алга-
Засгийн газар хоорондын гэрээгээр БНХАУ-ын “Тяньжин фүүдс” компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх чиглэлээр 50 га газар өгөх шийдвэрийг “Автомашинтай жагсагчид” хөдөлгөөнөөс эсэргүүцэн өнгөрсөн сарын 27-нд Сүхбаатарын талбайд машинтай жагсаал зохион байгуулсан. Энэ үеэрээ тус хөдөлгөөнийхөн хууль зөрчиж, төрийн тусгай хамгаалалттай буюу Сүхбаатарын талбай руу автомашинтай нэвтэрч орсон тул хөдөлгөөний тэргүүн Б.Цэгмэдийг Зөрчлийн тухай хуулиар долоо хоног баривчилж, албадан сургалтад хамруулах арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарсан. Тэгвэл Б.Цэгмэд өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, баривчлах төвийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэл өглөө. Тэрбээр “Юуны өмнө, хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаагаа хэлмээр байна. Гэхдээ цагдаа нараас жагсаал зохион байгуулбал Зөрчлийн тухай хуулиар 30 хоног баривчилж, хэрэг тохно гэх мэтээр дарамт шахалт үзүүлж байсныг хэлэх нь зөв байх. Өнөөдрийн гол асуудал бол баривчлах төв. Цагдаа нар маш олон залуусыг хорьж, цагдаж, хүний эрх зөрчиж байгааг өөрийн биеэр мэдэрч, нүдээр үзлээ.
Хүүхэд байхдаа фашистууд еврейчүүдийг хорих лагерьт хэрхэн хорьж байсныг кинон дээрээс үзэж байсан бол үүнээс дор үйлдэл Монголд байдаг юм байна гэдгийг мэдлээ. Учир нь, 200 хүний багтаамжтай баривчлах төвд 450 хүнийг, найман ортой нэг өрөөнд арьс өнгө, сүрьеэ гэх мэт халдварт өвчинтэй 20 хүнийг нэг дор хорьж байна. Өөрөөр хэлбэл, 20 ам метр талбайд 20 хоригдол байна гэсэн үг. Өнөөдөр УИХ-ын гишүүд дөрвөн ортой өрөөнд хоригдож байсан Б.Содномдаржаагийн бичлэгийг үзээд угаалтуур, суултуур алга гээд уйлж майлж байсан. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн хүмүүс 20-уулаа нэг жижиг өрөөнд багтаж шингэх, унтаж амрах зай завсаргүй байдалтай байна. Найман ортой өрөөнд найман хүн унтах бол цаана нь үлдсэн 12 хүн шалан дээр чигцэлдэж, багтахгүй нь орны доогуур нь орж унтаж байна шүү дээ. Энэ бол хүний эрх зөрчигдөж байгаа бодит жишээ. Бичлэг үзээд уйлаад байсан 76-д хэлэхэд бодит амьдрал дээр өнөөдөр ч хүний эрх хэд дахин зөрчигдсөөр байгааг очоод хараарай. Бас 450 хүний дунд нэг, хоёрдугаар давхарт тус бүр дөрвөн ариун цэврийн өрөө, дөрвөн угаалгын өрөө байдаг. Гэтэл үүний дөрөв нь ажиллахгүй байсан. Үндсэндээ 400 хүний дунд дөрвөн суултуур, угаалтуур байна гэсэн үг. Үүний дээр угаалтуурын ус нь даралтгүй. Тэнд цэвэр усны хүртээмж, хангамж гэсэн ойлголт байхгүй” гэв.
Түүнчлэн хүнийг хоол хүнсний гачигдалд оруулж, эрхийг нь зөрчиж байгаа тухай үргэлжлүүлэн мэдээлсэн. Б.Цэгмэдийг очсон эхний өдөр түүнтэй хамт баривчлагдаж ирсэн хүмүүс тэр өдөртөө хоолонд орж чадахгүй өнжиж, дараа өдрийн өглөөний цай уулгүй өдрийн хоолтой залгасан байна. Энэ нь бүхэл бүтэн 24 цаг хүнийг хоол хүнсний гачигдалд оруулж байгаа үйлдэл юм. Мөн Б.Цэгмэдэд долоо хоног баривчлах болон зан үйлд нөлөөлөх 10 цагийн сургалт явуулах шүүхийн шийдвэр гарсан. Гэсэн ч ямар ч зан үйлд нөлөөлөх сургалт явуулаагүй гэдгийг тэрбээр хэлсэн юм. Харин христийн сүмийн нэг хүн ирээд, 20 минут зөв зан чанарын тухай ойлголт өгсөн гэнэ.
Ер нь баривчлах төвд ирсэн хүмүүс долоо хоногийн турш хамт байж, найз нөхөд болохын зэрэгцээ “Хар тамхи хаанаас олж татах. Яаж хилээр оруулж ирдэг” тухай ярьдаг гэнэ. Мөн хорихоос гараад дийлэнх нь эхнэрээсээ сална гэцгээдэг аж. Учир нь Зөрчлийн тухай хуулиар 2-3 удаа долоо хоногоор баривчлах ялаар шийтгүүлбэл дараа удаад нь хүндрүүлж, нэг жилийн ял оноодог аж. Тиймээс эрчүүдийн дийлэнх нь “Нэг удаа барьж өгсөн учраас дахиад барьж өгөхийг үгүйсгэхгүй. Гурав дахь удаагаа баригдвал жилээр хорих ангид очих учраас эхнэрээсээ салахгүй бол болохгүй” гэсэн ойлголттой болдог гэнэ. Тиймээс Зөрчлийн тухай хууль амьдрал дээр нийцэхгүй байгааг тэрбээр шүүмжиллээ.
Хамгийн ноцтой нь, цагдаа нар хэн олон хүн барьж өгч, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн нь илүү өндөр цалин хангамж, цол ахиж, урамшуулал авч, хангамж нь сайжирдаг тухай ч мөн хэлсэн. Нөгөөтэйгүүр, нэг өрөөнд долоо хоносон нөхөр гэгээрч, ухаарахын оронд 20 “сайхан” найзтай болж гардаг нь үнэн юм. Б.Цэгмэд “ Эцэст нь хэлэхэд, монгол эрчүүдээ өөр аргаар засч сайжруулж авахгүй бол Зөрчлийн тухай хуулиар жилдээ 10 мянган хүн шийтгүүлж, 111 гэдэг газраар дамжин өнгөрөөгүй монгол эр хүн үлдэхгүй нь. Тэнд очсон хүмүүс засарч, хүмүүжихийн оронд шоронгийн үг хэллэгээс эхлээд муу муухай бүхнийг сураад гарч байна. Хууль зүйн сайд Ц.Нямдорж 20 гаруй жил энэ салбарыг толгойлохдоо Монгол Улсыг шоронжуулснаас өөр юу ч хийгээгүй юм байна. Шударга гишүүн Х.Нямбаатар санаачилсан хуулиа өөрөө саналаараа татаж авах хэрэгтэй. Тэнд 15-16 насны хүүхэд байна. Ямар ч зан үйлд нөлөөлөх сургалт явуулахгүй байна. Шүүхээр оноосон ялаа гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комисс нэн шуурхай ажилламаар байна. Салбарын сайд нь байрны багтаамжаа сайжруулахад дорвитой арга хэмжээ авмаар байна. Эрчүүдээ хайрлаж, ухааруулж, хамгаалж байж гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл зогсоно гэсэн дүгнэлт хийлээ” гэсэн юм.