УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд орох хүсэлт гаргасан тухай мэдээллээ. Тэрбээр:
-Би УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнбатад албан бичиг хүргүүлээд байна. Энэ албан бичгийн гол утга нь “Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллаж найм дахь гишүүн нь болох юм. Улмаар Ардчилсан намыг УИХ-д бүлэгтэй болгож хүчтэй сөрөг хүчин болж хамтран ажиллах” юм. Улсын Их Хурлын тухай хуулийн долоогийн 1 гэсэн заалт бий. Уг заалтад “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно. Нам, эвслийн бүлэгт нэгдсэнийг УИХ-ын дарга УИХ-ын нэгдсэн чуулган дээр зарлах үүрэгтэй” гэсэн байдаг. Иймд би МАХН-аас гаралгүйгээр Ардчилсан намын зөвлөлтэй хамтран сөрөг хүчин болон ажиллахаар нэгдье гэж байгаа юм. МАН олонхоор хүч түрж Үндсэн хуульд өнөө, маргаашгүй нэмэлт, өөрчлөлт оруулах гээд байна. Ийм учраас МАХН-ын эгэл жирийн гишүүдээсээ асуугаад Ардчилсан намын зөвлөлтэй нэгдэж байр сууриа гаргасан нь зөв гэсэн шийдэлд хүрсэн юм. Мөн УИХ-ын ээлжит сонгууль хүртэл маш олон асуудал яригдах нь тодорхой. Тухайлбал, төсвийн бодлого, Засгийн газрын байр суурь гээд ярих асуудал олон. МАН Монгол Улсыг сайхан, өргүй болгоно, үнийн өсөлтийг хязгаарлана, шатахууны үнийг бууруулна гээд олон гоё амлалт өгсөн. Өнөөдөр цаг хугацаа өнгөрөөд байдаг, нэг ч амлалтаа биелүүлээгүй. Тэр ч бүү хэл хулгайчдадаа хариуцлага тооцож чадаагүй. Ийм учраас сөрөг хүчний хувьд яах аргагүй нэгдэж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.
Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Та МАХН-ын гишүүн мөртлөө Ардчилсан намын зөвлөлд нэгдэж орно гэж байгаа нь хууль зүйн ямар үндэслэлтэй вэ?
-Би УИХ-д суудалтай ямар ч нам, эвслийн бүлгийн гишүүн биш. Зөвхөн намын л гишүүн. Намаасаа гарч нэгдэнэ гэсэн хууль байхгүй. Өөрөө УИХ дахь аль ч нам, эвслийн бүлэгт орох эрх нь нээлттэй. Ийм учраас үнэмлэхүй олонх нь 64 байгаа учраас надтай надгүй тэд хүч түрээд явна. Тэгэхээр сөрөг хүчний нэгдсэн хүчтэй байр суурь гаргах цаг үеийн шаардлага байгаа юм.
-МАХН-ын гишүүд таны энэ шийдвэрт ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай намд намын гишүүд, намын дарга гэдэг хоёрхон бүлэгтэй. Намын гишүүд намайг дэмжээд баяр хүргэе, болж байна гэсэн мессеж бичиж, уулзаад ярьж байна. Намын дарга бол хөөрхий мөнхийн дарга байх мөрөөдөлтэй. Та бүхэн санаж байгаа байх. Түүнийг намын дарга болгохыг намын гишүүдийн 99.99 хувь нь дэмжсэн гэдэг. Нэг хүн татгалзсан нь би юм шиг байгаа юм. Тэгээд өөрийгөө дарга болсон гэж мөрөөдөөд маргаан үүсгэсэн. Бидний маргаан Улсын дээд шүүхэд өнөөг хүртэл үргэлжилж байгаа.
-Та Ардчилсан намын зөвлөлтэй нэгдсэнээр УИХ-аас аливаа шийдвэр гаргахад хэр нөлөөлж чадна гэж бодож байна вэ?
-УИХ дахь МАН-ын 64 гишүүн хүсвэл сонгууль явуулахгүй байна шүү дээ. Хүсвэл Үндсэн хууль өөрчилж байна. Хүсвэл хэнийг ч юугаар ч харлуулж чадаж байна. МАН-ынхан хүссэнээрээ, Монгол Улсаар тоглож байна. Тэгэхээр Монгол Улсаар тоглуулахгүйн тулд Ардчилсан намын зөвлөлтэй хамтрах шийдвэр гаргасан. Миний хүсэлтийг хүлээж авах байх гэж найдаж байгаа. Мэдээж үнэмлэхүй олонх эсэргүүцэх байх. Гэхдээ хуулийн хүрээнд гарцыг нь гаргах бичгүүд өгнө гэж харж байгаа.
-Тэгэхээр та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хуулийн хүрээнд явж чадсан болов уу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д дөнгөж өргөн барьсан. УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байна. Хэлэлцэх хугацаа нь тодорхой болоод ирэхээр аяндаа өргөн барьсан үйл явц нь зөв, буруу эсэхийг яриад явах байх. УИХ-ын даргад ямар ч асуудлаар аливаа бичиг, баримт өргөн барьж болно. Жишээлбэл, УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад Засгийн газрыг огцруулах асуудал өргөн барьж болдог. Өргөн барьсны дараа хэлэлцэх эсэх асуудал нь хуулийн хүрээнд нийцсэн, эс нийцсэн тухай ярьдаг. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхлээгүй учраас шууд дүгнэхэд эрт байна.
-Ардчилсан намын зүгээс танд хариу өгсөн үү?
-Үүнийг ярилцаж байж, ойлголцож байж л бичгээ өгнө. Би бол ойлголцсон гэж бодож байгаа.
-Тэгэхээр та 2020 онд хүртэл хамтарч ажиллана гэсэн үг үү?
-Тэгэхээр өөр арга байхгүй. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тодорхой бодлогод нэгдсэн байр суурь гаргаад явахгүй бол Монгол Улс өнөөдөр маш хүнд байдалтай байна. Тухайлбал, 29 тэрбум ам.долларын өрөнд орсон. Монголыг хятаджуулах бодлого хэрээс хэтэрлээ. Би гурван жишээ хэлье. Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан. Энэ үед Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Олон улсын чөлөөт бүсийг” хятадын хөрөнгө оруулалттай болгох гэрээ хийсэн. Хөрөнгө оруулалт хэн ч хийж болно гэж бодъё. Гэтэл “Чөлөөт бүст 30 хоногийн дотор Хятадын иргэд Монголд чөлөөтэй амьдарна” гэсэн заалт гэрээндээ оруулсан. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлтэй (ҮАБЗ) энэ асуудлаар зөвшилцөөгүй. Би коридорт таараад энэ тухай хэлэхэд “за тэгнэ” гэсэн. Тэгээд ҮАБЗ-д албан бичиг өгч байж уг асуудал нь хойшилсон. Хоёрдугаарт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хамаатантайгаа нийлж малыг Хятад руу амьдаар нь гаргая гээд явж байна. Малчдын холбоо үүнийг эсэргүүцэж байгаа. Гуравдугаарт би газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар ҮАБЗ-д албан бичиг хүргүүлсэн. Бид өнөөдөр 1.3 тэрбум ам.доллараар уг үйлдвэрийг байгуулж байна. Энэ үйлдвэрийн түүхий эдийг хаанаас авах вэ гэдэг асуудал бий. Дотоодоос эсвэл гадаадаас түүхий эдээ авч таарна. Дотоодоос түүхий эдээр хангана гэвэл Дорнод аймаг дахь “Перо чайна Дачин Тамсаг” компанийн олборлож буй газрын тосноос авах ёстой. Гэтэл Газрын тосны тухай хуулийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж 1991 оны гэрээ энэ хуульд хамаарахгүй. Ямар ч нөөц авахгүй гэсэн заалт оруулсан. Үүнээс болж уг гэрээг хэлэлцэх боломжгүй болчихсон. Мөн Л.Болд гэж хүн Ашигт малтмалын газрын дарга байхдаа “Соко” гэдэг компаниас газрын тосны уг орд “Перо чайна Дачин Тамсаг” компанид шилжихэд нь Засгийн газрын хурлаар оруулах ёстой байсан. Гэтэл оруулалгүйгээр агентлагийн шийдвэрээр өгсөн. Үүнээс үүдээд энэ гэрээг дахин авч хэлэлцэх боломжгүй болгосон. Ийм бодлогууд хэрээс хэтэрч байгаа учраас Монгол ялж чадах эсэх нь эргэлзээтэй болоод байна.