УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл чуулганы хуралдаан дээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ дахь Ардчилсан намын (АН) зөвлөл байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр УИХ-д байгаа МАН-ын 64 гишүүний 50 гаруй нь ямар нэгэн хэлбэрээр зөрчил, гэмт хэрэгт холбогдсон байдалтай байгаа. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллага шалгаад тогтоогоогүй. ЖДҮ-ийг дэмжих сангаас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хөрөнгийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд авч өгсөн. Үүнтэй холбоотойгоор маш их хэмжээний хөрөнгө мөнгийг зүй бусаар авч ашигласан үйлдлүүд ил тод байгаа. Жишээ нь жилийн гурван хувийн хүүтэй авсан ЖДҮ-ийн сангийн зээлийг өөрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан жилийн 36-40 гаруй хувийн хүүтэйгээр зээлж мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан гэх мэт олон нотлох баримтуудыг ярьж болно.
Хоёрдугаарт, төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг хийснээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нам өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь үнэхээр анхаарал татаж байгаа юм.
Тэгэхээр 60 тэрбумын схемээр төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээ өнөөгийн эрх барьж байгаа МАН хүлээн зөвшөөрсөн. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх удаа дараа 60 тэрбумын хэрэг үнэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Тэгэхээр нэгэнт 60 тэрбумын гэгдэж буй асуудлаар гэмт хэрэг үйлдэж төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн улс төрийн нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай Үндсэн хуульд заасны дагуу энэ нам татан буух ёстой. Ийм учраас Ардчилсан нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж байна. Энэ УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эрх зүйн чадамж байхгүй, хариуцлага хүлээх ёстой. Эрх зүйн чадамжтай, ёс суртахуунтай УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх учиртай. Ардчилсан нам байр сууриа илэрхийлсэн. Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтийг олонх хүч түрэн батлахаар бол бид улс төрийн тэмцлийн бүх арга хэлбэрийг ашиглана. Бид улс төрийн бусад намууд, ард түмэнтэй хамтарч эрх баригчдын увайгүй үйлдлийг таслан зогсоохын төлөө тэмцэх болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээсэн юм.
-УИХ-д та бүхэнтэй адил санал, байр суурьтай гишүүд хэр олон байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхлэх эсэх асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэх асуудлыг ярих явцад өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх байх. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, түүний долоон гишүүн, манай зөвлөлтэй хамтран ажиллах саналаа ирүүлсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг байр сууриа илэрхийлж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг орхилоо.
-УИХ-д суудалгүй улс төрийн намуудыг төлөөлөлтэй уулзаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон уу?
-УИХ-д төлөөлөлгүй улс төрийн намууд Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар хүсэлтээ ирүүлсэн юм билээ. Тэгээд Ерөнхийлөгчтэй хамтарч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон нийгэмд үүсээд буй бусад асуудлаар зөвлөл байгуулах зарчмаар ажиллая гэж байр сууриа илэрхийлсэн гэж ойлгосон. Ардчилсан нам УИХ-д суудалгүй намуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа. Монгол Улсын нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал тулгамдаж буй асуудлын талаар эх орныхоо төлөө ажиллаж буй улс төрийн нам, хүн бүртэй хамтран ажиллахад бэлэн.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ тусгай дэгээр хэлэлцэх журамтай. Гэтэл дундуур нь өөр асуудлууд хэлэлцээд явах юм байна. Нэг нам хэт олонх байгаа учраас хүч түрж дордуулсан долоон өөрчлөлтөөс бүр муутгах нөхцөл байдал үүслээ гэж байгаа. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын эрх зүйн хамгийн чухал баримт бичиг нь Үндсэн хууль. Үндсэн хууль нь тухайн улс орны нийгмийн байгуулалт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байдаг. Ийм учраас Үндсэн хуулийг аль нэг нам дангаараа өөрчлөх нь ёс зүйн хувьд зохимжгүй асуудал. Бүх ард түмнээр хэлэлцүүлж санал, хүсэлтийг нь тусгаж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Бүх ард түмний санал асуудлыг зарчмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна” гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр энэ зарчмыг зөрчсөн. Үүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналууд нь хуулийн хэлбэр агуулаагүй юм. Энэ нь бас маш ноцтой зөрчил. Нэг нам УИХ-д олонх суудалтай гэдэгт дулдуйдаж асуудлыг хүчээр шийдэх гэж байгаа бол Ардчилсан нам сөрөг хүчний хувьд зүгээр суухгүй.
-Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэх үү?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Гадаад айлчлалаас ирээд энэ долоо хоногт байр сууриа албан ёсоор илэрхийлэх байх. УИХ-д суудалтай сөрөг хүчний намын хувьд байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан намын улс төрийн шийдвэр удахгүй гарна.
-УИХ-ын 42 тойргийн 17 мянга орчим сонгогчид Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадахгүй өдий хүрлээ. Энэ талаар Ардчилсан намын зүгээс ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилсан намаас УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж ирсэн. Хэн нэгэн хүний сонгогдох, сонгох улс төрийн эрхийг хязгаарлах эрх хэнд ч байхгүй. Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх. Энэ эрхийг нь Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байгаа нь маш буруу жишиг тогтоож байна. Үндсэн хуулийн Цэц улс төрийн намуудын бас эрх мэдэлтнүүдийн захиалгыг хэрэгжүүлдэг байгууллага болон хувирчээ гэж харж байгаа. Цаашид Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа, чадамжийг Ардчилсан нам анхааралтай ажиглана. Үүнээс гадна Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг өөрчлөх шаардлага ч гарах магадлалтай юм. Өөрсдийнхөө дээр зөвхөн хөх тэнгэр байдаг хэмээн хэлдэг Үндсэн хуулийн Цэцэд хариуцлага тооцох цаг нь болсон. Ямар төрийн байгууллагын дээр хөх тэнгэр гэдэг зүйл байдаггүй. Үндсэн хуулийн хэрэгжилтийг хянаж, хангах учиртай болохоос хэнд ч захирагддаггүй байгууллага биш. Үндсэн хуулийн Цэцийн дээр хууль бий. Хуулийн хүрээнд ажиллах ёстой. Төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэсэн зарчим Үндсэн хуульд байдаг. Энэ зарчим Үндсэн хуулийн Цэцэд үйлчлэх ёстой.
-Таныг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Тийм зүйл байгаа юу?
-Намайг сүүлийн 11 жилийн хугацаанд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангаас хөрөнгө мөнгө завшсан гэдэг асуудлаар гүтгэж харлуулах гэж оролдож ирсэн. Тэгэхээр Авлигатай тэмцэх газарт ямар нэг хэрэг бүртгэл нээсэн талаар надад мэдэгдсэн зүйл одоогоор алга байна. Ямар нэг байдлаар дуудсан асуудал байхгүй. Хэрэв дуудвал хууль дүрмийн дагуу тайлбар өгөхөд бэлэн. Тэтгэврийн даатгал байгуулагдаад 24 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ санд өнөөг хүртэл бодит мөнгөн хэлбэрээр нэг ч төгрөг байхгүй явж ирсэн. 1995 онд эв санааны нэгдлийн зарчмаар үйл ажиллагааг нь зохицуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэдийн мөнгөөр тэтгэвэр тавьдаг. Энэ мөнгө нь хүрэлцдэггүй. Зөрүүг нь улсын төсвөөс олгож ирсэн юм. Уг санд 2021 оноос өмнө багтааж төрөөс 14 их наяд төгрөгийг байршуулах үүрэгтэй. Энэ нь УИХ-аас баталсан Засгийн газрын 2021 он хүртэлх стратеги зорилтод бий. Тэгэхээр өнөөдөр бичилтээр явж байгаа мөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх учиртай. Харин өнөөг хүртэл төр нэг ч төгрөгийг энэ санд мөнгөн хэлбэрээр төвлөрүүлээгүй байна. Хоосон хэлбэрээр хэвээрээ явж байна гэсэн үг.
Ийм үндэслэлгүй нотолгоогүй баримтаар дайрч довтлоод байх шаардлага байхгүй юм. Хоёрдугаарт, Капитал банктай холбоотой асуудал бас ярьдаг. Капитал банкинд байгаа 238 тэрбум төгрөгийн 104 тэрбум нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцахын үлдэгдэл юм билээ. Тэгэхээр ямар нэг гэрээ хэлцэлтэй хадгаламжийн мөнгө биш. Ийм их хэмжээний мөнгийг яах гэж Капитал бакинд байршуулж байсныг ойлгохгүй байна. Энэ бол өнөөгийн эрх мэдэлтэй нөхдийн хийж буй ажил. Эрүүл мэндийн даатгалын сангийн 134 тэрбум төгрөг байсан юм билээ. Түүний 54 тэрбум төгрөг нь мөн л харилцах дансны үлдэгдэл байгаа юм. Яагаад бас ийм мөнгө харилцах дансны үлдэгдэл хэлбэрээр байршуулж байсан мөн л ойлгомжгүй асуудал. Тэгвэл 80 тэрбум төгрөг нь хадгаламжаар байршсан байсан. Энэ мөнгө нь 2018 оны нэгдүгээр сард нэг жилийн хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. Тэгэхээр тэр 238 тэрбум төгрөгийг надтай холбох ямар ч боломжгүй юм. Ийм гүтгэлэг олон удаа гарсан. Би ч тайлбар өгсөн. Хууль хяналтын байгууллага ч олон удаа намайг шалгасан. Дахиад шалгах шаардлагатай шалгаад үнэн зөвийг нь тогтооно биз. Надад үүнд эмзэглээд байх зүйл алга. Яагаад гэвэл гэмт хэргийн холбогдолтой ямар ч үйлдэл хийгээгүй учраас санаа зовоод байх зүйл алга гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.