Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Содбилэг: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд томилгооны заалтууд их орсон байна

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд сөрөг хүчний дуу хоолойг сонсох ёстой-

 

УИХ-ын гишүүн О.Содбилэгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.

-Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих үү?
-Би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан. Тодорхой саналуудаа ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцанд өгсөн юм. Тэгээд миний өгсөн саналууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд орсон уу гэхэд орсон гэсэн. Ийм учраас би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж УИХ-д өргөн барихад нь гарын үсгээ зурсан. Харин өргөн барьсан төслийг нь дэлгээд харвал их мөлгөр, өнөөгийн нийгэм, эдийн засагт хуримтлагдсан, ард иргэдийн хүлээсэн асуудлуудыг шийдэх нэмэлт өөрчлөлт болох заалт төдийлөн алга.

-Тухайлбал ямар заалтууд орсон байна вэ?
-Ихэвчлэн байнга яригддаг томилгооны тухай заалтууд орсон байна. Тэр нь тэрийгээ огцруулбал ингэж, тэгж томилно гэсэн агуулгатай заалт их орсон юм. Ард иргэд УИХ, намуудын үйл ажиллагааг их шүүмжилж байгаа. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэдэг зүйл сонгогчид их ярьдаг. Би энэ талаар ажил хэрэгч хэдэн санал албан ёсоор өгсөн. Гэтэл нэг нь ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүйд жаахан бухимдалтай байна.

-Тэгэхээр та цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүй гэсэн үг үү?
-Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан надад “Өгсөн саналуудыг чинь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсний дараа органик болон дагалдах хуулиуд өөрчлөгдөнө. Тэр үед нь оруулна” гэж хэлсэн. Энэ нь надад итгэл үнэмшилтэй сонсогдохгүй байна. Тэдгээр хуулиуд нь яаж өөрчлөгдөх, хэзээ ч хэлэлцэгдэх юм. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярьж байх үед ажил хэрэгч, дэгийн маягтай заалтууд орох ёстой. Цаашид дэмжихэд хэцүү байна. Гэвч зарим нэмэлт өөрчлөлт нь зөв зүйтэй, шаардлагатай заалтууд ч бий. Олон иргэд цуглуулж хэлэлцүүлэг хийсэн, эрдэмтэн судлаачид оролцсон гээд хүмүүсийн хөдөлмөр шингэсэн учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил зөв явах ёстой гэж үзэж байгаа юм.

-Та яг ямар саналууд өгсөн юм бэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд УИХ-ын нэгдсэн чуулган 75 хоног хуралдах ёстой гэж тусгасан. Үүний тулд тусгай өдөр, хоног зааж өгч хуульчлахгүй бол дээрх хугацаандаа хүрч хуралдахгүй байгаа. Хүмүүс мэдэж байгаа. Өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газрын асуудал яригдаад маш олон хоног УИХ-ын чуулганы ажил гацсан. Ийм учраас хуульд заасан хугацаа, хоногтоо хүрч хуралдаагүй. Тэгээд улс орон, нийгэм, эдийн засгийн амьдралтай холбоотой олон асуудлыг цаг хугацаанд багтааж шийдэж чадаагүй шүү дээ. Би үүнээс гадна бас нэг санал дэвшүүлсэн. Хэрэв Засгийн газрын асуудал УИХ-аар яригдах бол чуулганаа завсарлаад ээлжит бус чуулган зарлаж асуудлаа хэлэлцэж шийдэх учиртай. Үүний дараа ээлжит чуулганаа үргэлжлүүлж хэлэлцэх ёстой байсан асуудлаа гүйцэд шийдэх ёстой.

-Засгийн газрын, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн заалтууд нэлээд орсон энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн заалтууд бий. Миний хувьд Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байх ёстой. Энэ нь парламентын Засаглалтай олон оронд хэрэгждэг зүйл. Жишээ нь Германы Ерөнхий сайд А.Меркел өөрөө парламентын гишүүн. Бас Английн Ерөнхий сайд Т.Мей парламентын гишүүн юм. Тэгэхээр УИХ-ын олонхыг бүрдүүлж буй намын дарга, Ерөнхий сайд нь өөрөө ард түмнээс мандат авсан гишүүн байвал тэр Засгийн газар нь тогтвортой ажиллахад чухал нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа юм.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөлгүй УИХ-д өргөн барьсан. Ард түмнээс санал асуух ёстой гэсэн шүүмжлэл гарч байгаа шүү дээ?
-Би УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт бол бусад хууль хэлэлцэж байгаатай адилгүй. УИХ-ын гишүүд бүгд оролцож санал бодлоо хэлэлцэж байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө ард түмэнд танилцуулж дэмжих эсэхийг нь асуух ёстой. Чухам энэ үед сөрөг хүчний дуу хоолой, үгийг сонсохгүй бол болохгүй. Сөрөг хүчин хэдийгээр цөөн гишүүнтэй ч тэдний ард сонгосон иргэд нь бий. Ийм хэтэрхий нэг талыг барьж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёсгүй.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой Төрийн сүлд өөрчлөгдөх үү?
-Төрийн сүлд өөрчлөх асуудал яриагүй байна. Энэ нэмэлт өөрчлөлтөд тулгуур үзлийн шинж чанартай зүйл алга. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульдаа Монгол Улс, монголчууд ямар үнэт зүйлтэй, бид хэн юм бэ гэдгээ орчин үетэй уялдуулж тодорхойлох ёстой. Үүнийг хэн ч уншаад шууд ойлгохоор зүйл байх учиртай гэсэн байр суурьтай байгаа. Жишээ нь манай улсын Төрийн сүлдийг янз янзаар ярьдаг. Иргэн бүр Үндсэн хуулиа уншаад бид хэн бэ гэдгээ ойлгодог байх ёстой. Үндсэн хуульдаа “Монгол Улс хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна” гээд заасан. Тэгэхээр үүнийг тодорхойлж заах ёстой. Энэ мэтчилэн чухал шаардлагатай зүйлээ өнөө цаг үедээ тохируулан өөрчлөх нь зүйтэй л дээ.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан гэж байгаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах нь зүйтэй байх гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлт нь өнөөгийн Ерөнхийлөгч, УИХ-д хамаатуулж байгаа асуудал биш. Монгол Улсын төр ямар байх вэ гэдгийг л харж хэлж байгаа юм. Парламентын засаглалтай улс юм бол парламент нь сонгодог байх ёстой гэсэн байр сууринаас уг заалтууд орсон байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com