УИХ-ын гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн талаар ийн ярьж байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгох заалт орсон байна. Тэгэхээр аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулахгүй гэсэн үг үү?
-Нэг сонгууль хасагдана. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг сонгох сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгаснаар хасагдаж байгаа юм. Яагаад гэвэл сум, дүүргийн ИТХ-аас сонгогдсон Төлөөлөгчид дотроосоо аймаг, нийслэлийнхээ иргэдийн Төлөөлөгчдийг сонгож гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл, сумын ИТХ-д 20 Төлөөлөгч байна гэвэл тэд хуралдаад ногдсон мандатын тоогоор нэгээс хоёр хүнийг сонгоно. Аймгийн төвүүд нь 3-5 орчим хүн сонгож аймгийн ИТХ-аа бүрдүүлнэ. Ер нь 1992 оны Үндсэн хуульд Аймгийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг томьёоллоор орсон байгаа. Нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүрэг байна гэсэн үзэл баримтлал бий. Төрийн бүхий л үйлчилгээ суманд төвлөрдөг. Иймд сум, дүүрэг нь орон нутгийн үндсэн нэгж юм.
Тэгэхээр эндээс сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдөөс нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийг сонговол сумандаа ажиллаж амьдарч байгаа хүн орон нутгийнхаа төлөө үгээ хэлж байр сууриа илэрхийлж ажиллана гэж үзсэн.
-Үүнээс гадна сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонговол эрх баригч намын бодлого анхан шатны байгууллагад очоод гацах талтай гэсэн болгоомжлол гараад байгаа?
-Энд хоёр талын тайлбар бий. Зарим нь дээрээс нь босоо удирдлагаар нутгийн өөрөө удирдах ёсыг үгүйсгэж томилох боллоо гэж байгаа. Нутгийн өөрөө удирдах ёс суманд л хэрэгждэг. Иймд сум, дүүрэг, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлнэ. Тэр хүнийг нь Ерөнхий сайд томилох юм. Харин томилохгүй бол дахиж нэр дэвшүүлэх учиртай. Үүнийг нь Ерөнхий сайд заавал томилох үүрэг хүлээнэ. Засаг дарга нь төрийн төлөөлөгч, нутгийн өөрөө удирдах ёсыг хослуулах зарчим баримтлах ёстой. Нэг ёсондоо аймаг, сумын Засаг дарга нь төрийн төлөөлөгч юм. Сум, дүүргийн иргэдээс сонгогдож гарч ирсэн би төрийн төлөөлөгч биш гээд суух учиргүй. Ер нь УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч ч бай төрөө л төлөөлж байгаа. Харин ямар ч Засаг дарга яаж ч сонгогддог байлаа гэсэн хуулийн хашаанд, хуулиа хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Хуулиас давсан Засаг дарга байхгүй. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын хуулиар эрх мэдлийг нь хуваарилна. Нэг ёсондоо баг, сум, аймгийн Засаг дарга яг ямар ажил, асуудал эрхлэхийг нарийн тогтоож өгнө. Гэтэл өнөөдөр аймаг, нийслэл, сум, баг, дүүргийн Засаг даргын бүрэн эрх гээд бүгдэд нь том том уут зүүж орхисон байгаа. Тэгвэл аймаг, нийслэлээс өөр байна. Дүүрэг, сум хоёрыг харьцуулбал тэмээ ямаа шиг зөрүүтэй юм. Хороо, баг хоёрын харьцаа ч бас ялгаагүй гэж хүмүүс ярьдаг. Үндсэн хуулийн хөндөж үл болох суурь зарчмын хүрээг эвдэхгүй. Органик хууль буюу Нутгийн удирдлагын хуульд аймаг, сум, багийн Засаг даргын чиг үүрэг гээд нэг бүрчилж тус тусад нь зааж өгнө. Энэ үүргээ биелүүлэхгүй бол иргэд нь огцруулах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд аймгийн Засаг дарга нь огцруулахаар оруулах, хууль зөрчсөн тохиолдолд огцруулах асуудлыг хуулиар нарийн зохицуулна.
-Сум, дүүргийн Засаг дарга огцорлоо гэж бодъё. Тэгвэл яагаад нөхөн сонгууль хийхгүйгээр дээд шатны Засаг дарга нь шууд томилох болж байна вэ?
-Үүнийг эргэн судалж тодруулахаар болсон. Ямар үед нөхөн сонгууль явуулах вэ гэдгийг хуулиар тогтоож өгнө. Өөрөөр хэлбэл ээлжит сонгууль явуулахад нэг жил, хагас жил дутуу байхад нөхөн сонгууль явуулах шаардлага байхгүй. Ард түмэн үнэхээр болохгүй хүнийг сонгосон бол хариуцлага хүлээх ёстой. Иймд дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргаа томилох тохиолдол гарч болно шүү дээ. Харин нөхөн сонгуулийн хугацааны асуудлыг эргэж харна. Зарим тохиолдолд аймгийн Засаг дарга нар сумдын Засаг дарга нараа огцруулаад ард түмнээс сонгогдоогүй хүмүүсийг оронд нь томилдог болох нь гэж яриад байгаа. Үүнийг эргэн харж засна. Ямар тохиолдолд сумын Засаг даргыг огцруулах вэ гэдэг нарийн зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тодруулж хийж өгөхөөр ажлын хэсэг дээр ярьж байгаа. Дээр нь органик хуулиудаар нарийн зохицуулах юм. Гэтэл томоохон уул уурхайтай сумын Засаг дарга нар хэнд ч захирагдахгүй феодалууд болно гэсэн шүүмжлэл бас бий. Төгс төгөлдөр зүйл хаана ч байхгүй. Харин үүнийг яаж сааруулах, урдчилан сэргийлэх, таслан зогсоох вэ гэдгийг органик хуульдаа давхар зохицуулалт хийнэ.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Дархан, Эрдэнэт улсын чанартай хот гэдэг статустай болно гэсэн. Тэгэхээр дүүргийн зохион байгуулалтаас өгсүүлээд олон асуудлыг органик хуулиар зохицуулах учиртай. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал бас давхар хөндөгдөх үү?
-Улсын хэмжээний, орон нутгийн харьяалалтай хот гэж бий. Хотын асуудлыг түүний өөрийн удирдлага, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын зарчмаар хуулийн хүрээнд зохицуулна гэдэг заалт оруулж байгаа. Ер нь Дархан, Эрдэнэтээс гадна Улаанбаатар ч бас хот шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар улсын хэмжээний гурван хот байна. Цаашид Улаанбаатарын харьяанд Баянзүрх, Сонгинохайрхан гэх мэт орон нутгийн хотууд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Мөн улсын хэмжээний цоо шинэ хот ч гарч ирж болно. Иймд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль сая хэрэгжинэ гэж харж байгаа. Ямар хэмжээнд хүрвэл улсын хэмжээний хот байх юм бэ гэдэг нь ч тодорхой болно. Үүнийг Нутгийн удирдлагын хууль болон Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар нарийн зохицуулж өгнө. Үндсэн хуульд бүхнийг бичих арга байхгүй. Үүнээс гадна бүхнийг нэр заахаас аль болох зайлсхийх шаардлага бий. Орос, Германы хуульд хотыг нэр заасан байдаг. Ингэдэг учир нь Орос, Герман хоёр холбооны улс юм. Монгол нэгдмэл улс учраас нэр зааж болохгүй зарчмын асуудал бий.
-Хотын статусыг улсын болон орон нутгийн гэж ангилах нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Манай улс социализмын үед аймаг, хот, сум, дүүрэг, орон нутгийн харьяалалтай хот, хороо гэж байсан. Манайхтай ойролцоо Болгар, Румын, Эстони, Латви, Литви зэрэг орнууд хот гэдгээ хоёр харьяалалтай болгосон байгаа. Монголд хотжих үйл явц өрнөх ёстой. Энэ өргөн уудам газар нутаг эзэнтэй байхын тулд төрөөс сумын төвийг бэхжүүлж байж тэнд амьдрал өрнөнө. Бүгд хот суурин газар бөөгнөж болохгүй. Орон нутгийн хотуудаа бас дэмжиж хөгжүүлэх нь чухал. Иймд улсын хэмжээний болон орон нутгийн харьяалалтай хот гэдэг асуудлыг ярихаас өөр арга байхгүй.
-Орон нутаг татвар тогтооно гэсэн заалт Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд байна. Тэгвэл тухайн орон нутагт, улсад гээд давхар татвар төлөх асуудал үүсэх талтай юм биш үү?
-Дур дураараа татвар тогтоох асуудал биш. Татвар тогтоох асуудлыг хасчих шиг амархан зүйл байхгүй. Иргэд энэ асуудлыг ярьсан. Судлаачид бас орон нутаг татвар тогтоож байж нутгийн өөрөө удирдах ёс бэхжин тогтоно. Засаг захиргааны үндсэн нэгж гэдэг агуулгадаа очно гэж байгаа. Ингээд уг асуудлыг тусгасан юм. Хэлэлцүүлгийн явцад үүнийг хэрхэн авч үзэхийг мэдэхгүй байна. Финляндад хүн амын тооноос үл хамаараад суурин газар, тосгон үндсэн нэгж гээд ижил тэгш эрхтэй байгаа юм. Тус улс дөрөв, таван сая хүн амтай, манайх шиг тархай бутархай, нэгдмэл улс. Тэгээд аз жаргалын индексээр дэлхийд нэг, хоёрт ордог. Бид энэ улс шиг яагаад явж болохгүй гэж л жишээ авч яриад байгаа юм. Цагаа тулахад татварт дуртай хүн байхгүй. Сум ч, иргэд нь ч хүсэхгүй. Гэвч нийгэм эдийн засгийн цогцолбор болж хөгжих, иргэдэдээ үйлчилгээ үзүүлдэг төв нь болъё гэж байгаа бол орон нутгийн хэмжээний татвараа тогтоодог байх ёстой. Харин нийтийг хамарсан том хэмжээний татвар биш. Орон нутгийн эрх хэмжээг үүгээр нээж өгөх нь зүйтэй гэж олон жил ярьж ирсэн юм.
-Улс төрийн намын үйл ажиллагааг төсвөөс мөнгө хуваарилж дэмжих заалт орсон байгаа. Тэгэхээр бараг хүн бүр нам байгуулаад төсвөөс мөнгө аваад байх нөхцөл үүсэх юм биш биз дээ?
-Парламентад суудалтай намд хамаатай асуудал. Үүнийг Улс төрийн намын тухай хуулиар нарийвчлан зааж өгөх юм. Улс төрийн намууд олигархиудын халаасанд орсон гэсэн шүүмжлэл гардаг. Уг нь улс төрийн намууд байгуулагдах, сонгуульд оролцох үйл явц нь төрийг төвхнүүлэх зорилоготой. Иймд ашиг сонирхлын зөрчлөөс саармагжуулахын тулд төрөөс улс төрийн намууд зөв төлөвшөөд, ил тод, ардчилсан зарчимд үндэслээд төрөөс дэмжлэг үзүүлбэл улс төрийн намууд хувь хүмүүсээс царай алдаж мөнгө нэхэхгүй болно. Зөвхөн бага хэмжээний хандив, гишүүдийн татвараар улс төрийн нам үйл ажиллагаа явуулна гэж байдаггүй. Герман болон бусад орны туршлагыг харахад улс төрийн намд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ төрөөс зуун хувь санхүүжүүлэх асуудал биш. Сонгуулийн зардалд нь дэмжлэг үзүүлнэ. Парламентад суудалтай, суудалгүй намуудад нэр дэвшигчийнх сурталчилгаанд төр яг адил дэмжлэг үзүүлдэг байх ёстой гэж үзэж байгаа. Орон нутгийн болон шашны шинжтэй нам байж болохгүй гэдэг санааг бас тусгасан.
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд улс нэг тойрог гэсэн тогтолцоо яригдах болсон. Энэ асуудал юу болсон бэ?
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд уг асуудлыг тусгаж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байгаа. Урд нь энэ асуудлыг УИХ-д оруулж байсан. Тэгээд УИХ-аар хэлэлцээд их урт жагсаалт болно. Үүнээс хүмүүс сонголт хийхэд хэцүү. Санал тоолох арга байхгүй гэсэн техникийн шалтгаанаар дэмжлэг аваагүй юм.
-Энэ тогтолцоогоор сонгууль явуулбал олны танил хүмүүс л УИХ-д гарч ирнэ гэж байгаа шүү дээ?
-Би хамгийн алдартай 76 хүн морь барьж байгаа юм шиг цуварч гарч ирэх асуудал биш гэж ойлгож байгаа. Бидний урд нь өргөн барьсан төсөлд ч ийм байгаагүй. Хүнд өгсөн санал нь намд өгсөн санал болно. Жишээ нь 76 нэр дэвшигч нь нийт 600 мянган хүний санал авсан нам байлаа гэж бодъё. Энэ нь УИХ-ын 30 гаруй суудалд хуваарилагдаж болох юм. Ингээд ард түмний өгсөн саналын тоогоор эхний 30 гаруй нэр дэвшигч нь тодорно гэсэн үг.