ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ лхавга гарагт болсон Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулсан билээ. Энэ үеэрээ нэг ноцтой мэдэгдэл хийсэн нь Хөгжлийн банкнаас “Байшин үйлдвэрлэх комбинат” төслийг хэрэгжүүлэхээр 100 тэрбум төгрөгийн зээл авсан “Эрэл” групп зээлээ эргүүлэн төлж чадахгүй байгаа учраас Төрийн өмчит үйлдвэрийн газар болгох асуудал яригдаж буйг мэдээлсэн үйл явдал байлаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Бид “Эрэл” группийнхэнтэй уулзсан. Эргэн төлөлтийн хувьд график эвдэгдсэн асуудал үүссэн. Зээлийн ерөнхий зорилго бол муу биш. Дэлхийн хэмжээний стандарт оруулж ирж, блок үйлдвэрлээд, угсрах хэмжээний үйлдвэр. Улсад стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаж, ач холбогдолтой гэж үзвэл, Хөгжлийн банк тодорхой хэмжээний зээлэнд хамруулж, эргэн төлөх замаар ТӨҮГ болгох асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар ярьж байна” гэсэн юм.
Түүний уг хариуцлагагүй мэдэгдэлд учир мэдэх хүмүүс ихээхэн бухимдаж байна. Учир нь “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөл нь маш муу төсөл гэж шүүмжилж, “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатыг төрд муу бизнесээ шахах гэж байна гэж хардах хүмүүс цөөнгүй байна. Уг үйлдвэр нь яагаад ч 100 битгий хэл 50 тэрбум төгрөгийн ч үнэ хүрэхээргүй үнэлгээтэй аж. Тиймээс ийм муу төслийг худалдан авах шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст ашиг сонирхлын буюу авлигын сэдэл байгааг ч хэлж буй.
Иргэн Г.Ганбат “Хөгжлийн банкнаас зээл авсан “Эрэл” компанийн өрийг хааж, ТӨҮГ болгон зохион байгуулах Л.Оюун-Эрдэнэ сайдын яриаг хэрхэвч зөвшөөрч, хэрэгжүүлж болохгүй. Төр “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын муу бизнесээ шахдаг хогийн сав болсон юм уу. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл ард нь авлигын хэрэг явах нь гарцаагүй. Тэрбээр 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас авчхаад одоо хүртэл зээлээ төлж чадахгүй байгаа. Ингээд 100 тэрбумын оронд үйлдвэрээ өгөхөөр улайрч байна. Үйлдвэр байгуулахаар авсан зээлийнхээ 14 сая еврогоор нь Австрийн Вена хотын казинод тоглосон гэдэг” гэв. Иргэн Х.Буянтогтох “Б.Эрдэнэбатын Австрийн казинод алдсан 14 сая еврог, бизнес нэртэй бөөн алдагдлыг нь Монголын татвар төлөгчид төлөхөөр боллоо. Харин энэ шийдвэрийг гаргасныхаа шанд У.Хүрсэлсүх, Л.Оюун-Эрдэнэ сайд нар ямар шан харамж хүртсэн бол. Ингээд монголчууд татвар төлсөн мөнгөөрөө “Жаст”-ын Ш.Батхүү, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа нарын өрийг дарлаа. Одоо “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын өрийг дарчихвал нэг хэсэгтээ амьсгаа авна гэж найдаж байна” хэмээн егөөдсөн.
Бас нэг ноцтой асуудал ургаж байгаа нь 2014, 2015 онд Хөгжлийн банкнаас “Эрэл” группэд нийт 23 сая ам.доллар, 13.1 сая еврогийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаатайгаар олгохоор шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ Б.Эрдэнэбатын нэр дээрх Хан-Уул дүүргийн III хороонд байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн газар эзэмших эрхийг тусад нь барьцаалахыг зээл олгох банкинд даалгасан боловч тус нөхцөл шаардлагыг хангаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийн газрын асуудлыг шийдвэрлээгүй буюу банкны барьцаанд оруулаагүй байгаа гэсэн үг.
Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор “Байшин үйлдвэрлэх комбинат” төсөлд зориулж Герман улсын Коммерц банкнаас авсан 13.1 сая еврогийн эх үүсвэрийг 2019 оны зургадугаар сар буюу энэ сард багтаан төлөх хугацаатай юм байна. Гэтэл “Эрэл” компани нь 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 381 дүгээр албан бичгээр “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн бүтээн байгуулалтын ажил удааширч, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороогүй, барилгын салбарын зогсонги байдлаас үүдэн зээлийн хугацааг 5-8 жилээр сунгуулах, “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэр ашиглалтад орж байгаатай холбогдуулан эргэлтийн хөрөнгөд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа тул гэр хорооллын дахин төлөвлөлтийн урьдчилгаа хэлбэрээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг Хөгжлийн банкинд ирүүлжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-өөс “Эрэл” ХХК-ийн энэхүү хүсэлтэд үндэслэн зээлийн гэрээг 2026 оны эцэс хүртэл сунгах шийдвэр гарсан боловч “Эрэл”-ийн зүгээс гэрээнд гарын үсэг зураагүй аж. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн гэрээ хүчин төгөлдөр болоогүй байгаа юм. Монголбанкинд тайлагнаж буй Хөгжлийн банкны санхүүжүүлсэн зээлийн талаарх мэдээнд “Эрэл” ХХК-ийн зээлийг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний хугацаагаар тайлагнасан байгаа юм. Энэ асуудал ингээд шүүхээр явж эхлэх бололтой. Түүнээс зээлээ яагаад төлөхгүй байгаа, цаашид хэрхэн төлж барагдуулахыг “Зариг.мн” сайтын сэтгүүлч асуусан байдаг юм.
-Та зээлээ төлсөн гэж худал ярилаа. Хэзээ зээлээ төлөх вэ?
-Би хэрүүл хийхийг хүсэхгүй байна. Чамд байцаагдах албагүй.
-Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Та авчхаад эргүүлж төлөхгүй байна?
-Юм бүтээж байгаа монгол хүн, мөнгийг буруу зарж байгаа хүнээ ялгаж, салгаж сур. Авсан зээлээ графикийн дагуу ном ёсоор нь төлөөд явж байгаа. 2026 онд төлж дуусгах зээлийг одоо яагаад төлөхгүй байна вэ гээд асуудаг чинь ямар учиртай юм.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрэл” групп мөнгөө төлөхгүй байна. Шүүхэд хандана гэсэн мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ хүн худлаа яриад байгаа хэрэг үү?
-Мэдэхгүй ээ. Хэвлэл мэдээллээр алдаатай мэдээлэл гарсан байна лээ. Гэхдээ төлөх оныг нь зөв тавьсан байна лээ.
-Таныг зээлээ төл гэж Хөгжлийн банкнаас ярихаар “Надад хүчээр зээл өгсөн. Би яахаараа төлдөг юм” гэдэг гэсэн. Энэ үнэн үү?
-Өөрийн чинь асуултад таван удаа хариуллаа. Ийм том төслийг зээлгүй авч явахад хэцүү. Тиймээс зээл авсан нь үнэн. Графикийн дагуу бүх ажил явж байгаа нь бас үнэн. Энэ бол Монгол Улсын томоохон, бас нэг бахархал болсон бүтээн байгуулалт гэдгийг би хэлмээр байна.
-Та “Ариг” банкны хэдэн хувийг эзэмшдэг вэ. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол танай банк төлөх бололцоо байгаа юу?
-Зээл төлж чадахгүй гэж юу яриад байна аа. Чингис бондын зээл ном дүрмээрээ явж байгаа. Энэ бол хамгийн сайн зээл, хамгийн сайн төсөл.
-Сайн төсөл юм бол яагаад эргэн төлөлтөө хийхгүй байна вэ. Та баримтаа үзүүлж болох уу?
-Төлөгдөөд явж байгаа. Чи мөрдөн байцаагч юм уу. Графикийн дагуу зээлээ төлж байгаа. Төслийн ажил дуусаад, үйлдвэр байшингаа үйлдвэрлээд явж байгаа. Олгогдсон зээлээ төлөөд 99.5 тэрбум төгрөгийн зээл үлдсэн байх. 2013 онд авсан зээл. Үйлдвэр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орсон гэсэн тайлбарыг тэрбээр нэлээд уур уцаартай өгсөн юм.
“Эрдэнэт”-ийн 40 сая ам.долларыг төлсөн баримт жинхэнэ үү
“Жаст” группын захирал Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан 40 сая ам.долларыг тус үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж барагдуулаад байгаа билээ. Ингэснээр гадаадын банкинд Монгол Улс өргүй болж, ганц саалийн үнээ болсон “Эрдэнэт үйлдвэр”-ийг гаднынханд алдах эрсдэл үгүй болсон гэсэн үг. Харин одоо дотооддоо шийдвэрлэх ёстой хоёр асуудал үүсээд байна. Нэг нь, хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ш.Батхүүгээс 40 сая ам.доллароо авч, “Эрдэнэт үйлдвэр”-т буюу монголын ард түмэнд эргүүлэн өгөх асуудал. Нөгөө нь, 40 сая ам.долларын 26 саяыг нь “Стандарт” банкинд төлж, үлдсэн 14 сая ам.долларыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид “халаасалсан” гэх мэдээлэлд хариулт олж авах.
Тэгвэл энэ хоёр асуудалд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр “Ш.Батхүүгээс нийт 52 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө хураасан. Гэхдээ энэ тоо 85-87 тэрбум төгрөгт хүрч магадгүй гэж хууль хяналтын байгууллага мэдээлсэн. ШТС-уудын хувьд 7-8 аж ахуйн нэгж рүү шилжүүлж, өрөндөө өгсөн гэх мэт асуудал үүсээд байгаа. Үүнийг авлигын шинжтэй эсэхийг нь хуулийн байгууллага судалж байна. Ямартай ч “Эрдэнэт үйлдвэр”-т 40 сая ам.долларыг эргүүлэн төлж, улсыг хохиролгүй болгох ёстой. АТГ-аас бичиг ирүүлсний дараа бид Захиргааны болон Дээд шүүхэд хандана” гэсэн юм. Дараагийн 40 сая ам.доллартой холбоотой баримтад мөн хариулт өглөө. Л.Оюун-Эрдэнэ сайд “Дундын зуучлалын “Ocean partners” компаниас 40 сая ам.доллар хүлээн авч, 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Стандарт банкнаас өр төлбөртэй холбоотой асуудал хаагдсан гэсэн баримт бичиг ирүүлсэн” гээд нэг хуудас цаасаа сэтгүүлчдэд дэлгэн үзүүлсэн. Гэвч уг цаасан дээр ямар нэг баталгаажуулсан тамга тэмдэг байгаагүйг онцолъё. Тиймээс бид албан ёсны тамга тэмдэгтэй 40 сая ам.долларыг бүрэн бүтэн төлж барагдуулсан тухай баримтын эх хувийг олон нийтийн дунд үүсээд байгаа хардлагыг нэг талд гаргах үүднээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс нэхэмжилж, эргэн мэдээлэх болно.
“Капитал” банкны Б.Ундармаагийн хохироосон 800 тэрбум төгрөгийг хэнээр төлүүлэх нь тодорхойгүй байна
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж, Монголбанкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурсныг нь зарласан. Үүнтэй зэрэгцэн маш олон хадгаламж эзэмшигч, харилцагчийн асуудал хөндөгдөж буй. Өнөөдрийн байдлаар 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 1000 орчим иргэн, аж ахуй нэгж байгууллагын 500 орчим тэрбум төгрөгийн асуудал шийдэгдээгүй байна. Мөн “Нийгмийн даатгалын сан”-гийн 105, “Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 136, Хөгжлийн банкны 52 тэрбум гээд нийт 800 орчим тэрбум төгрөг байршиж байж. Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг гэдэгт ЖДҮХС-гийн 47, АШУҮИС-ийн дөрөв, МУБИС-ийн хоёр тэрбум төгрөг багтаж байгаа юм. Ингээд тооцвол Б.Ундармаа гишүүн өнөөдөр 1000 орчим иргэн, компани болон төрийн нэр дурдагдсан зургаан байгууллагад хохирол учруулаад байгаа юм. Одоогоор татвар төлөгчдийн энэ мөнгийг хэн төлөх нь тодорхойгүй байна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулахад “Капитал банкинд “Нийгмийн даатгалын сан”-гийн 105 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр ярилцаад энэ зургадугаар сард багтаж Монголбанкны эрх хүлээн авагчид асуудал тавихаар болсон. Капитал банкны өрийг эрэмбэ дараатай олгож эхэлнэ. Хамгийн түрүүнд иргэдээс татан төвлөрүүлсэн мөнгийг олгох хуультай. Дараа нь манайхыг төлж барагдуулна” гэв.
Ийн татвар төлөгчдийн тэрбум тэрбум төгрөгийг залгичхаад том толгойлж, үл тоосон шинж төрх гаргаж буй “Жаст”-ын Ш.Батхүү, “Капитал”-ын Б.Ундармаа, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэлд хуулийн шүүхийн байгууллагынхан арга хэмжээ авах ёстой.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН