Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Эрдэнэ: Иргэдийн 67 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэл, ойлголт алга

-Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь зөв зүйтэй асуудал биш-

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа асуудал нь яагаад хууль бус гэж үзэж байгаа болон, Монгол Улсын түүхэнд хараар бичигдэж үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-нд гарсан эмгэнэлт хэрэг явдлын талаар ярилцлаа.

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцээд явж байна. Энэ нь Үндсэн хуульд халдсан явдал гэж зарим хуульчид үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг хийж байгаа үйл явдал нь хууль бус. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг анх хэлэлцэж эхэлсэн үеэс л маш олон хуулийн зүйл заалтыг зөрчиж буй юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Хоёрдугаарт, бүх ард түмнээс санал асуулга авах ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авах ёстой байдаг. Мөн л Ерөнхийлөгчөөс саналыг нь авсангүй. Орж буй нэмэлт өөрчлөлтийг зүйл заалт бүрээр нь уншиж, судлаад үзвэл ашиг сонирхлын зөрчилтэй маш олон асуудал байгаа юм.

-Та бүх аймгаар тойрч Ардчилсан намын үзэл баримтлалаа танилцуулсан. Энэ үеэр ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэхийг сонирхов уу?

-Би саяхан 21 аймгаар тойрч “Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян”-ыг зохион байгуулаад ирлээ. Энэ үеэр иргэд сонгогчидтой уулзалт хийсэн. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар иргэд, сонгогчдын санал бодлыг сонсч харилцан ярилцаж ирсэн юм. Тэгэхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж буй иргэд, сонгогчид бараг алга. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдэг санал гарч байгаа. Гэвч дийлэнх нь ийм ёс зүйгүй, эрх зүйн чадамжгүй УИХ Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй. Үүнээс гадна дийлэнх иргэд “Бидэнд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт оруулах гээд байгаа талаар ямар ч мэдээлэл алга” гэсэн байр суурь илэрхийлж байна. Судалгааны байгууллагын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хийсэн судалгааг харлаа л даа. Гэтэл “Иргэдийн 67 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар ч мэдээлэл, ойлголт алга” гэсэн санал өгсөн байна. Тэгэхээр иргэд мэдээлэл, ойлголтгүй байхад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг нь зөв зүйтэй асуудал биш. Ийм учраас Үндсэн хуультай холбоотой асуудалд анхаарах ёстой. Аливаа улс орны тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын гол баталгаа болдог баримт бичиг бол Үндсэн хууль байдаг. Манай улсад бас ялгаагүй Үндэсний аюулгүй байдал, эрх ашиг, тусгаар тогтнолын гол баталгаа болсон баримт бичиг нь Үндсэн хууль юм. Ийм баримт бичигт дур мэдэн гар хүрэх гэж байна. Үүнээс гадна өнөөгийн эрх баригчдын бодит байдлыг харах хэрэгтэй. Өнөөгийн УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүн дотор гэмт хэрэгт холбогдоогүй хүн тун цөөхөн үлдсэн. Тэдний талаас илүү нь ямар нэг хэлбэрээр гэмт хэрэгт холбогдсон. Эрх мэдэлдээ дулдуйдаад шалгуулахгүй яваад байгаа юм. Жишээ нь, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн олон тэрбум төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан авсан асуудал бий. Мөн 800 гаруй тэрбум төгрөгийн концесстэй холбоотой хэрэг байна. Энэ мэтээр авлига, албан тушаалаа ашигласан маш олон асуудал байгаа юм. Энэ бүх асуудлыг огт шийдээгүй. Хэт олонхдоо дулдуйдаад явж буй нь ёс зүйтэй төрийн төрх байдал биш. Тэгэхээр ийм увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь зөв зүйтэй асуудал биш гэж харж байна.

-Энэ удаагийн УИХ олонхоор хүч түрээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шинжтэй болоод явчихлаа. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөхдөө хууль зөрчсөн ямар ямар үйлдэл гаргаад байна вэ?
-Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар албан бичиг хүргүүлсэн. Үүнд Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой зөрчлүүдийг тодорхой дурдсан.

-Тухайлбал?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэж заасан байдаг. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

-Тэгэхээр үүнээс гадна Үндсэн хуульд оруулах гэж байгаа нэмэлт өөрчлөлтийг хууль бус гэж үзэх хууль зүйн ямар үндэслэл байна вэ?
-Үндсэн хуульд 1999 онд өөрчлөлт оруулсан боловч үйл явцын алдаа гаргасан юм. Ийм учраас Үндсэн хуулийн Цэцээс уг өөрчлөлтийг хүчингүй болгосон. Гэтэл 2000 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ дахин баталсан гашуун түүх бий. Үүнээс өнөөгийн эрх баригч МАН сургамж авсангүй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэхдээ өмнө нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр тогтоосон зөрчил алдаагаа дахин давтсан. Энэ Үндсэн хуулийн эрх зүйн маргаан дахин үүсэх нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм. Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах... саналыг Үндсэн хуулийн Цэц УИХ-д өргөн мэдүүлж болно” гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс санал аваагүй, Цэц санал өгөөгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломж олгоогүй юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн Цэцээс санал аваагүй тохиолдолд, санал авалгүй эс үйлдэхүйг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх жишгийг Үндсэн хуулийн Цэц өмнө нь тогтоосон. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Цэцийн саналыг аваагүй бол уг нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох эцсийн шийдвэрийг Цэц гаргасан байдаг.

-Зарим хуульч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга тал руугаа явчихлаа гэсэн байр суурь илэрхийлсэн. Үнэхээр ийм байдалд хүрээд байна уу?
-Аливаа хуулийн тодорхой хувийг давсан тохиолдолд шинэчилсэн найруулга гэж үздэг. Зарим хуульч “Энэ бол нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд байна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Нөгөө хэсэг нь “Нэмэлт өөрчлөлтийн хэмжээнээс давсан байна. Тэгэхээр шинэчилсэн найруулга гэж үзнэ” гэсэн зүйл ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бас анхаарч үзэх ёстой.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар ард түмний саналыг авч байна гээд УИХ хэд хоног завсарласан. Иргэдээс авсан гээд байгаа саналаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлдөө тусгах болов уу?
-Ард түмнээс ингэж санал авдаггүй. Өөрийн ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, намынхаа хэдэн гишүүдийг цуглуулж ярьсан. МАН-ын гишүүдийн хийж буй уулзалт, ярилцлагыг сөрөг хүчний хувьд ажиглаж байгаа. Тэдний хийсэн хэлэлцүүлэгт олон иргэн оролцоогүй. Тэр хурал хийсэн танхим нь дүүрэхгүй байна гэсэн. Би дээр хэлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй иргэд алга гэж. Судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар иргэдийн 67 хувь нь мэдээлэлгүй байна гэсэн. Мэдээлэлгүй иргэдэд ярих асуудал байхгүй шүү дээ. Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа, аль зүйл заалт нь нийгэмд ашигтай, ашиггүй гэдэг талаар мэдээлэлгүй хүмүүс юугаа ярих билээ дээ. Нөхцөл байдал ийм байхад ард түмэн дэмжиж байна гэж тархи угаагаад яваад байгаа юм. Хууль бус, ёс зүйгүй ийм байдлаар Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй. 1992 онд Үндсэн хууль батлахад Ардын Их Хурлын 400 гаруй депутатууд, тухайн үеийн нийгмийн бүхий л улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагууд, ард иргэдийн санал бодлыг бүрэн тусгасан байдаг. Ингэж байж одоо мөрдөж буй ардчилсан Үндсэн хуулийг баталсан юм билээ. Тэгэхээр маш өргөн хүрээнд хэлэлцүүлж Монголын ард түмэн бараг бүгд оролцож байж баталсан Үндсэн хуулийг өнөөдөр эрх баригч гэдэг нэрийн дор УИХ-д 64 суудалтай нам дангаараа өөрчлөх нь зүй зохистой үйлдэл мөн үү гэдэг асуудал яригдах учиртай. Ер нь Үндсэн хуульд бид олонх гээд хэн дуртай нь гар хүрч болохгүй.

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар чимээгүй суугаад байгаа. Уг асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой юу?
-Цэц Үндсэн хуультай холбоотой зөрчил, маргаан үүссэн тохиолдолд байр сууриа илэрхийлдэг байгууллага. Түүнээс биш урьдчилсан дүгнэлт хэлдэг байгууллага биш. Хэн нэгний өргөдөл гомдлоор асуудлыг үүсгэж шийдвэр гаргадаг.

-Тэгвэл ард түмэн, хуульчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар гомдол гаргавал хэлэлцэх нь ээ дээ?
-Тийм. Ийм тохиолдолд Үндсэн хуулийн Цэц өөрийн байр сууриа илэрхийлэх ёстой.

-Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн үйл явдал одоогоос 11 жилийн өмнө болсон. Үүнд хариуцлага хүлээсэн хүн бий юу?
-2008 оны долдугаар сарын 1-нд болсон харамсалтай үйл явдалд тушаал биелүүлсэн албан тушаалтнууд хариуцлага хүлээгээд өнгөрсөн. Цагдаагийн байгууллагын хэдэн хурандаа, дарга нар хариуцлага хүлээсэн байдаг. Түүнээс биш тухайн үеийн эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудаас хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Өнөөг хүртэл хариуцлага хүлээгээгүй л явж байгаа. Тэр бүү хэл тухайн үеийн улс төрийн намууд энэ асуудлаар сандал суудлын наймаа хийж байсан тохиолдол хүртэл бий. Энэ асуудлыг өнөөдөр хэн ч ярьдаггүй. Нэг ёсондоо Монголын ард түмний шударга ёсны төлөө хийсэн тэмцлийг л хүчээр нухчин дарсан, хүний амь насыг хохироосон явдал болсон юм. Тэгээд баригдсан хүмүүсийг бүгдийг нь эрүүдэн шүүсэн байдаг. Тухайн үед баригдсан хүмүүсийг цементэн шалан дээр хэвтүүлж байгаад дээгүүр нь гүйдэг, цахилгаан бороохойгоор цохиулах зэрэг үйл явдал болж байсан. Тэгвэл өнөөдөр эрүүдэн шүүлт яриад байгаа нөхдүүд тухайн үед чимээгүй л байсан. Өнөөдөр ч тухайн үед болсон хэрэг явдлыг ярихгүй л байна. Эрүүдэн шүүлт гэдэг зүйл тэнд жинхэнэ утгаараа болсон. Хэдэн зуун хүн хорьж дарангуйллын нийгэм ямар байдгийг харуулсан харамсалтай үйл явдал болсон шүү дээ.

-Тэгэхээр тухайн баригдсан, хохирсон хүмүүсийг цагаатгах, нөхөн төлбөр олгох асуудал яригдах болов уу?
-Энэ асуудлыг сайн судлах ёстой. Аливаа хууль бус ийм үйлдэл хэзээд хариуцлага нэхэж байдаг жамтай. Энэ асуудлын үнэн зөв хэзээ нэгэн цагт шалгагдаж гарах байх. Тэр үед гэм буруутай хүмүүс заавал хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Ардчилсан намын хувьд “Энэ хэргийг илүү нарийвчлан шалгаж гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, гэм буруугүй иргэдээс Монголын төр уучлалт гуйж нөхөн олговор олгох ёстой” гэсэн байр суурьтай байгаа.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com