Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
М.Энхсайхан: Өнөөдөр Монголд популизм оройн дээд очирваань болчхоод байна

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өчигдөр “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр лекц уншсан юм. Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нар “Боловсрол төвтэй улс төр” нэртэй ТББ байгуулж байгаа бөгөөд тэд туулсан замаа, хуримтлуулсан туршлагаа шинэ үеийнхэндээ хэлж, зааж, сургах зорилготой байгаа гэнэ. М.Энхсайханы уншсан илтгэлээс уншигч та бүхэндээ тоймлон хүргэе.


М.Энхсайхан:
-Би Ардчиллын хамгийн анхны Засгийн газрыг тэргүүлсэн. Миний дараа Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар Засгийн газрыг тэргүүлж байлаа. 1996-2000 оны хооронд Монголд маш чухал үйл явдал өрнөсөн. Энэ бол Монгол орон зах зээлийн эдийн засаг руу шилжсэн явдал юм. Засгийн газраас шат дараатай олон арга хэмжээ авч байж монгол орон зах зээлд шилжсэн байдаг. Бид үнэ чөлөөлсөн, өмчийг хувьчилсан, хувийн өмчийг тэргүүлэх чиглэл болгон дэмжсэн, банк санхүүгийн байгууллага дампуурлын ирмэгт байсныг зайлуулсан, импортын татварыг тэглэж, чөлөөт худалдааг тэлсэн.

 

Ашигт малтмалын хууль гаргаж, гадны хөрөнгө оруулалтыг дуудсан. Донорын зөвлөгөөнийг хөрөнгө оруулагчдын уулзалт болгох ажил өрнүүлсэн. Орон сууцыг хувьчилсан. Ажлын зургаан өдөртэй долоо хоногоос ажлын таван өдөртэй долоо хоногт шилжүүлсэн гэх мэтээр зах зээлд оруулахын тулд маш олон арга хэмжээ авсан. Үүний үр дүнгээ харах гэж, монгол орон зах зээл рүү орж байна уу, яаж байна гэж байн байн шалгахыг хүсдэг байсан. Нэг өдөр манай зөвлөхүүд орж ирээд “Тасганы овоо хогоор дүүрсэн байна” гэж хэлсэн. Бид бүгдээрээ баярласан. Яагаад гэвэл тухайн үед “Хог бол зах зээл Монголд орж ирж байна уу, үгүй юу” гэдэг үзүүлэлт болж байлаа.

 

Харамсалтай нь, ардчиллын засгийн газраас хойш Монголд Засгийн газраа ойр ойрхон сольдог улс төрийн буруу соёл тогтсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 20 орчим Засгийн газрын нүүр үзээд байна. Үүнээс болж Засгийн газрын мэргэжлийн чадамж доройтдог. Үүнийг түүхэн сургамж болгож авмаар байгаа юм. Харамсалтай нь энэ үйл явдал үргэлжилсээр байна.
1990 оноос хойш олон өөрчлөлт хийсэн. Зах зээл рүү орсон өөрчлөлт ямар үр дүн авчирсан бэ гэвэл монголын эдийн засаг өнөөдөр тэр үеэс арав дахин өссөн байна. Нэг хүнд ногдох ДНБ гэдэг үзүүлэлтээр ядуу монгол орон дундаж орлоготой монгол орон болж хувирсан. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Зах зээлд шилжих бодлого зөрчил, тэмцэл дундуур туулж байсан гэдгийг онцолмоор байна.


Ардчилсан нам энэ ялгааг арилгахын тулд орлогыг яаж хуваарилах вэ гэдэг асуудалтай тулгараад хүүхдийн мөнгө гэдэг хөтөлбөрийг анх дэвшүүлж гаргасан.
Шилжилтийн эхний шатанд ардчилал бол гарцаагүй бидний сонголт гэдэгт итгэлтэй байсан. Манай хойд хөрш ОХУ-д ардчилал байхгүй. Зах зээл байхгүй. Эдийн засгийн өсөлт нь жилийн нэгээс хоёр хувийн өсөлттэй байна.


БНХАУ-д ардчилал байхгүй. Хүн ам олон учраас зах зээлийн сэтгэлгээ байна. Эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн 30 жил 8-9 хувиар өссөн.
Тэгвэл Монгол оронд ардчилал байна, зах зээл байна. Эдийн засгийн өсөлт жилд 17 хувьд хүрч байсан үе бидэнд бий. Одоо өнөөдөр ардчиллын үнэлэмжээс, зах зээлээс татгалзах юм бол манай эдийн засаг маш амархан доошоо унана. Ардчиллыг дарангуйлал руу чирж болохгүй. Зах зээлийн сэтгэлгээг гүнзгий суулгаж чадах юм бол хөгжил хурдасна.

 

Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй

Өнөөдөр монголын нийгэмд юу болоод байна гэдгийг та бүхэнд тайлбарлая л даа. Энэ танхимд өөрийнхөө харьяалагддаг тойргийнхоо УИХ-ын гишүүдийг мэддэг хүн хэд байна. Гарын арван хуруунд л багтах болов уу. “Тэд таны төлөө юу хийж байна” гэж асуувал мэдэх хүний тоо улам цөөрөх байх. УИХ-ын гишүүдээ юу хийж байгаад хяналт тавихгүй болохоор тэд амин хувийн ажлаа амжуулах боломжтой болдог. Юу хийж байгааг нь мэдэхгүй байна гэдэг бол сонгогчдын өөрсдийн хариуцлагын асуудал.
Ардчилал бол санал өгөх төдийгөөр хязгаарлагдах ёсгүй. “Сонгогдсон гишүүд нийтийн эрх ашгийн төлөө хариуцлагатай ажиллаж байна уу” гэдэг асуудал маш чухал. Энэ асуудалд зөв хариу олохын тулд сонгогчид яагаад буруу сонголт хийдэг вэ гэдгийг ярих хэрэгтэй болж байна.


Хүн нийгмийн амьтан болохын тулд хэн нэгтэй сонирхлын бүлэг байгуулах шаардлага гарч ирдэг. Сонирхлын бүлгийн улс төрийн томхон хэлбэр нь нутгийн зөвлөл байсан болов уу гэж боддог. Томруулаад харвал жалга довны сэтгэлгээ маш хүчтэй өрнөсөн. Гэхдээ би үүнийг буруутгах гэсэнгүй. Овог аймаг болж сэтгэх сэтгэлгээ бол жам ёсны зүйл. Харин улс төрийн намын ач холбогдлыг бууруулаад, нам дагнасан манан гэдгийг бий болгож байна. Нутгийн зөвлөл, бөх, уяач, хошин шогийнхон гэх мэт. Овог аймгийн сэтгэлгээ давамгайлж байгаа улсад том улс төр хэрэггүй болчихдог. Тийм зүйл ярьж байгаа хүн тэнэгдүү, сэтгэлгээний гажигтай юм шиг харагддаг.


“Ардчилсан нийгэмд яагаад буруу сонголт хийдэг вэ” гэвэл монголын нийгэмд болж байгаа дээрх үзэгдэлтэй холбоотой юм. Овог аймаг болон задарсан нийгэмд том улс төр сонирхохоо больдог. Сонгогчид нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг дэндүү хялбаршуулан харах гээд байдаг. Жишээ нь, “Нийгэмд хүүхдээ хүчирхийлсэн гэмт хэрэг гарлаа. Ямар шийдэл байна вэ” гэхээр “Цаазаар авъя” гээд хэлчихэд тэр популист хариулт хамгийн чихэнд чимэгтэй сонсогдоно. “Миний амьдрал бусдынхаас илүү болж чадахгүй байна. Ямар шийдэл байна вэ” гэхээр “Баячуудын хөрөнгийг хураа” гэдэг популист хариулт таалагдах жишээтэй. “Яагаад бусад хөгжилтэй орны иргэд шиг амьдарч чадахгүй байна вэ” гэхээр “Гадаадынханд бид мөлжүүлж, соруулж байна” гэдэг хариулт хүний зүрхэнд амархан очдог. Үүх түүхээ үзээгүй, уншаагүй, мэдээгүй их монгол улсын үеийн монголчуудын байлдан дагууллын тухай сураг сонсч, цээжээ балбадгаас нэг нэгнийгээ цагаан хэрэм давуулж шидэх гээд байна. Гадаадынхныг хөөж туух хэнээрхэлд автаад байна. Ийм хүмүүс цөөнх. Гэхдээ бид цөөнхөд санаачилгаа өгөөд байна. Цөөнх хэдийгээр буруутай бодолтой байгаа ч монголчууд бид цөөхөн шүү гэдэг хандлагаар бид хандах ёстой юм. Нийлбэр дүнгээрээ том төөрөгдөл, харанхуй ангал руу монголыг минь чирчих вий гэж маш санаа зовж байна.


Өнөөдөр монголд популизм оройн дээд очирваань болчхоод байна. Популизм бол цэгцэрсэн үзэл баримтлал биш. Тун нимгэн хөрстэй, хийрхэл. Тиймдээ ч популистууд фашизмаас зээлддэг. Цэргийн коммунизм байгуулах маягийн үйлдлүүд хийдэг. Энэ бүгд монголд тус болохгүй. Түр зуурын үзэгдэл. Популистууд худалч байдаг. Худлаа ярихдаа сэтгэл нь өвддөггүй. Худал хэрэг зохиож, худал гэрчийн зааснаар баривчилдаг жишиг тогтчихвол улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга дэгдчих вий гэж санаа зовж байна. Популизм бол өндөр өртөгтэй. Улс үндэстнийг хагалгаж, бутаргадаг. Оспаныг Казах түмний баатар гэж өргөмжлөх нь улс үндэстнээ хагалан бутаргах зорилготой үйлдэл. Тэнэг солиотой гэж зөөлхөн хэлээд популистуудыг зөвтгөж ерөөсөө болохгүй. Монголыг бутаргах ноцтой ажлууд эхэлсэн байна. Популист удирдагчид энэ асуудалд үйлдэл, эс үйлдлээрээ улс эх орноо хагалан бутаргах замыг засч байна. Зориуд анхааруулж хэлмээр байна. Популизм улс орны бие даасан байдлыг алдагдуулах хэмжээнд хүрэхээс сэргийлэх явдал чухал. Хууль хяналтынхан популистуудын гар хөл болж салхилдаггүй, хууль номыг хатуу баримталж, бие даасан байдлаа хадгалж чадвал Монголын ирээдүйд тус болохоор байна.


Яагаад зах зээлийн нийгэмд сонгогчид буруу бодлого сонгодог вэ. Гэдэг талаар товчхон хэлье. Онолын хувьд хүмүүс санал өгөхдөө буруу бодлого сонгодоггүй гэж ойлгодог. Гэвч харамсалтай нь, амьдрал дээр тийм биш. Орчин үеийн төрийн үндсэн үүрэг бол эдийн засгийн бодлого байдаг. Хамгийн гол асуудал бол зах зээлийн үл үзэгдэх гар гэж ойлголт байдаг. Үүнийг ердийн ухамсар, жирийн иргэн олж харж чаддаггүй. Монголчууд тэмтэрч үзэхээс нааш өөрийн итгэл үнэмшил болгодоггүй онцлогтой. Энэ байдал зах зээлийг маш буруу ойлгоход хүргэсэн.



Хувь хүн бүрийн амин хувиа бодож өгсөн санал, шийдвэр нийлбэр дүнгээрээ нийтийн эрх ашгийг хохироох сонголт болж хувирда

Өнөөдөр зах зээлийн эдийн засгийн тухай гурван төрлийн төөрөгдөл байна.
Нэгдүгээрт, гутранги үзэлд автах төөрөгдөл. Зах зээлийн нийгэм маш хурдтай өөрчлөгддөг. Тэр нь хувь хүнд бэрхшээл болж очдог. Жижиг дунд үйлдвэрлэгчид өрсөлдөөнөөс айдаг. Том компаниуд нь дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөнийг урьдчилж харж чадахгүйгээс бэрхшээлтэй тулгардаг. Нийгэмд гарч байгаа өөрчлөлтөд хурдан дасч чадахгүйгээс болоод эдийн засгаа, зах зээлээ дутуу үнэлнэ, болж байгаа явдлыг буруу харна. Дургүйцнэ. Үүнээс болж гутранги үзэл давамгайлдаг. Популистууд үүнийг даамжруулж, хар зураг гаргаж өгч, өөдрөг үзлийг улам бүр мохоодог.


Хоёрт, зах зээлд дургүйцэх төөрөгдөл. Төр хувийн хэвшил. Монгол шиг социализмаас ирсэн оронд хувийн хэвшил маш өндөр ач холбогдолтой. Зах зээлийн амин сүнс бол үнэ, эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог. Түүнийг жирийн иргэд, жирийн ухамсар ойлгохдоо, “Компаниуд үнэ ханшаа хөөрөгдөж байна” гэж хүлээж авдаг. Хувийн хэвшлийн компаниуд шинэ бизнес хийхийн тулд маш их зардал гаргадаг. Нэг хэсэг нь амжилтад хүрдэг. Нөгөө хэсэг нь дампуурч, зах зээлээс арчигддаг. Тэдний хүчин зүтгэлийг жирийн ухамсар, жирийн иргэд ойлгодоггүй. Хувийн хэвшлийнхэн нэг л өдөр өм цөм орлого олдог гэж боддог. Эдийн засаг яаж харах, энгийн ухамсар яаж харах вэ гэдэг нь сонголтод нөлөөлөөд байна. Монополийн тухай бас нэг сөрөг ойлголт бий. Энэ нь зах зээлд дургүйцэх маягийн төөрөгдөл үүсгэдэг. Хувийн хэвшил, хувийн өмчтөнийг гадуурхдаг. Хувийн хэвшлийг гадуурхвал манай эдийн засаг маш хурдан доройтно.


Гуравт, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дутуу үнэлдгээс гадаадынхныг үзэн яддаг. Хятадаас айх айдас хүйдэс энэ төөрөгдлийг улам лавшруулаад байдаг. Оюу толгой хүрэх замд ажиллаж байсан дэлгүүрт сэтгүүлч ороод бизнес эрхлэгч эмэгтэйтэй ярилцсан. Ажил төрөл ямар байна гэсэн “Байгалийн баялгаа гадаадынханд алдаад маш их хэцүү байгаа тухай ярьсан. Та сардаа нэг удаа бараа татчихдаг биз дээ гэсэн чинь “Үгүй ээ, үгүй. Юу ярьж байгаа юм. Хоёр долоо хоногт шланзаар нэг удаа татдаг” гэсэн. Юунаас хүмүүсийн амьдрал, худалдан авах чадвар бүрдэж байна гэсэн ойлголт тэнд лав алга. Тэгэхээр сонгогчдын эдийн засгийн буруу ойлголт сонголтод нөлөөлөөд байна. Энэ буруу ойлголт өөрөө системлэг чанартай.
Сонгуулиар нэг ч хүн улс орны талаар бодож санал өгдөггүй. Зөвхөн өөрийгөө боддог. Гэтэл хувь хүн бүрийн амин хувиа бодож өгсөн санал, шийдвэр нийлбэр дүнгээрээ нийтийн эрх ашгийг хохироох сонголт болж хувирдаг юм.

 

Тэгэхээр бид яах ёстой вэ?

Юуны өмнө популизмыг буруушаах хэрэгтэй. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудал тэргүүн зэргийн асуудал. Магадгүй их дээд сургуулиудад политэкономикийн хичээл ордог болмоор байна. Одоохондоо экономик гэдэг хичээл орж байгаа. Улс төртэй хамт заамаар байна. Бэлтгэгдэж байгаа боловсон хүчнүүдэд зах зээл, улс төрийн талаар нэгдмэл ойлголт өгөхгүй бол монголын ирээдүйг хүнд байдалд оруулчхаж магадгүй байна.
Үүнээс гадна намууд үзэл баримтлалдаа анхаарч, улс төрийг зах зээлтэй нь номлодог болох хэрэгтэй. Монголын нийгмийн уншдаг, ойлгодог, юм боддог хүмүүс нь таныг дэмжиж байгаа шүү гэдэг. Бид баярлалаа гэдэг. Бидний үнэт зүйл монголыг өөрчлөх сонголт болох хэрэгтэй байна.



Тэмдэглэсэн Б.Наранчимэг

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com