-Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоог бүхэлд нь нурааж байна-
Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн, хуульч Д.Оросоотой Үндсэн хуулийн өөрчлөлт, 60 тэрбум, ЖДҮ-ийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Эрх баригчдын хийж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдах шинж чанартай болж хувирч байна. Эдгээр өөрчлөлт орвол 2000 оны дордохын долоогоос дор үр дагавар, хор уршиг авчирна. Үүнээс бид ойрын 20 жилдээ гарч чадахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бол Үндсэн хуулийнхаа суурь зарчим, үзэл баримтлалд нийцсэн, тодруулсан, тодотгосон зүйлийг хэлдэг болохоос давсан, хэтрүүлсэн зүйлийг ойлгохгүй.
-Тэгвэл үүнээс ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Хамгийн ноцтой үр дагавар, бидний эмзэглэж буй зүйл бол Монгол Улс цаашид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд Үндсэн хуулийн Цэц хянадаггүй болох зам руу явж байна. Үүнийг санаатайгаар хийж байгаа юм.
Энэ бол Монгол улсын цаашдын ирээдүйд тун хортой, харалган бодлоос үүдэлтэй санаа. УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянахгүй болно гэдэг бол Үндсэн хууль цаашдаа цоожгүй авдар шиг боллоо гэсэн үг. Энэ өөрчлөлтөөс цааш хэн дуртай нь, юу хүссэнээ цензургүй оруулдаг болно. Эрх баригчдын эрх мэдлийн ил, далд зорилго, шунал хүсэл эцэстээ ийм зүйлд хүргэж байна. Үндсэн хуулийн дархлаа үндсэндээ байхгүй болж байна. 1999 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ҮХЦ хянаж хүчингүй болгож байсан юм. 2000 онд дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ҮХЦ хүлээж аваагүй. Тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультайгаа адил, бүрэлдэхүүн хэсэг нь учраас Үндсэн хуулийг ҮХЦ хянахгүй учир нэмэлт, өөрчлөлтийг ч бас хянахгүй гэж үзсэн. Энэ маргаантай асуудлыг 2010 онд Монгол Улс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай бие даасан хууль гаргаж шийдвэрлэсэн. Энэ хуулийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид агсан гардаж хийсэн. Энэ хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хуулийн төсөл хэлбэртэй байна гэж тусгайлан заасан. Ингэснээрээ Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн Цэцээр хянагдах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлсэн юм. Гэтэл эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг өргөн мэдүүлэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар хуулийн төсөл хэлбэрээр өргөн мэдүүлээгүй. Энэ бол зориуд санаатай үйлдэл. Энэ бол 2000 оны маргааныг дахин сэдрээсэн, хууль зөрчсөн асуудал. Би ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гуайгаас маш тодорхой асууж тодруулсан. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт нь хуулийн төсөл хэлбэртэй байна гэсэн нь Үндсэн хуультай зөрчилдсөн учраас уг хуулийг баримтлаагүй гэж хэлсэн. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь хуулийн төсөл хэлбэртэй байна гэсэн энэ заалтыг өнөөдөр Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоогүй, энэ заалтаар маргаан үүсээгүй байхад яаж ингэж тайлбарлаж болдог юм бэ. Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчим байна гэж тодорхой заасан. Хүчин төгөлдөр хуулиа дагаж мөрдөх нь ажлын хэсэг, УИХ-ын гишүүдийн үүрэг шүү дээ. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ хэлбэрээр батлагдах юм бол өмнөх шигээ Үндсэн хуулийн цэц хянахгүй гэсэн үг. Энэ бол маш том ухралт, урвалт юм. Эрх баригчдын хийж байгаа нэмэлт, өөрчлөлт нь Цэц дээр маргаан үүсч магадгүй учраас ийм замыг сонгосон нь үнэхээр харамсалтай. Нөгөө долоо хэмжиж нэг огтолно гэсэн нь яасан юм бүү мэд. Уг нь олон хүний санаа бодлоор шүүгдвэл урт настай хууль гарна биз дээ.
-Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа төсөлд нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд халтай ямар заалтууд байна вэ?
-МАН-ынхан Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр том алдаа хийсэн. Өнөөдөр үүнийг залруулж буй үйл явдлаа урд нь байгаагүй сайн сайхан зүйл хийж байгаа мэтээр яриад байна. Үнэндээ тийм биш. 1992 оны Үндсэн хуульд байсан санааг хассанаа эргэж оруулж ирж байгаа. Үүнийг бид баярлан хүлээн авч, уухайлан дэмжих шаардлагагүй. Харин шүүмжилж гаргасан алдаагаа засч байгаа талаас нь хүлээж авч, харах ёстой. Дээрээс нь энэ өөрчлөлт УИХ-аар батлагдвал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тогтолцоог үндсэнд нь сүйтгэж орхино. Жишээ нь баг, хорооны Засаг даргыг дээд шатны дарга нь шууд томилно гэж байгаа. Ингэвэл баг, хорооны засаг дарга иргэдээсээ холдож, социализмын үеийн хорооны Засаг дарга нар эргэж ирнэ. Тэд иргэдэд бус томилсон хүндээ л үйлчилнэ шүү дээ. Өнөөдөр баг, хорооны Засаг даргыг Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлдэг учраас иргэдэд тайлангаа тавьдаг юм. Гэтэл энэ өөрчлөлтөөр иргэдэд тайлан тавих шаардлага байхгүй болно. Тэгэхээр энэ нь Монгол Улсын засаг захиргааны нэгжийн нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг үгүй хийж байгаа л асуудал. Үүнээс гадна аймаг, нийслэлийн хурлыг үндсэнд байхгүй болгож, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хавсарч хийхээр болж байна. Аймаг, нийслэл нь сум, дүүргийн хавсарга болж хувирч байна. Ийм өөрчлөлт байж таарахгүй. Энэ нь урагшлах биш ухралт. Учир нь сум, дүүрэгт улс төржилтийг дээд түвшинд нь хүргэнэ. Нэг ёсондоо аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч болохын төлөө сум, дүүргийн Иргэдийн хуралд ордог болох юм. Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоно гэж байгаа боловч үнэн хэрэгтээ улс төрийн маш том мөнгөний өрсөлдөөн, улстөржилтийн талбар болж хувирна.
-Энэ өөрчлөлтийг ямар судалгааны үндсэн дээр оруулж ирсэн юм бол?
-Аймаг, нийслэлийг сум дүүргийн хавсарга болговол ямар байх талаар судалгаа огт хийгээгүй. Ямар ч тооцоо судалгаагүй хийж буй асуудал. Яаж бодохоор ийм өөрчлөлт хийдэг юм бол гэж гайхаж байна. Энэ өөрчлөлтийн үр дүнд эцэстээ аймаг, нийслэл, сум, дүүрэгт давхар дээлтэй төлөөлөгч нар бий болж, сум, дүүрэг нь улс төржилт, мөнгөний сонгуулийн халуун цэг болж хоцорч байна, өөр юу ч биш.
-УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаал, эрх мэдлээ ашиглаж ЖДҮХС-гаас авсан зээл, 60 тэрбумын хэрэг гээд олны анхаарлын төвд орсон, нийгмийг доргиосон хэргүүд чимээгүй болж замхрах тийшээ хандлаа. Та хуульч хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хууль хяналтын байгууллага ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглаж нэн хөнгөлөлттэй зээл авсан хэргийг шалгаад үр дүн, явцыг нь ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Хэн нь ямар үндэслэлээр шалгагдаад хэрэг нь ямар учраас хэрэгсэхгүй болж байгааг олон нийт мэдэх эрхтэй. Энэ явдал бол олон нийтийн асуудал. Хувь хүний авсан зээлийн асуудал биш. Ийм учраас хууль хяналтын байгууллага ил тод мэдээлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
60 тэрбумын асуудал бол Монгол Улсын төрийн түүхэнд гарч байгаагүй хор уршиг ихтэй үйлдэл. Үүний үр дагаврыг өнөөдөр бид бүгд л амсч байна шүү дээ. Энэ хэргийн үр дагавар өнөөдөр Гадаад харилцааны яамаар дамжаад Монголоос бүр халиад гарчихлаа. Жишээ нь Турк улсад ажиллаж байсан дипломатууд 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр баригдсан. Үүнээс гадна төрийн байгууллагуудад гараад байгаа ноцтой хэрэг маргаан байна. Энэ бүгд л төрийн албыг мөнгөөр арилжсаны үр дагавар. 60 тэрбумын сүлжээ бол Монголын төрт ёс руу цацсан хор юм. Тэгэхээр 60 тэрбумын хар сүүдэр Монгол Улсыг өнөөдөр бүхэлд нь нөмөрсөн байна. Үүнээс гарах ёстой. Төрд үүссэн энэ хар сүүдрийн сүлжээг бий болгосон МАН тарах ёстой. 2016 оны УИХ-ын сонгуульд МАН 60 тэрбумын сүлжээг үүсгэж сонгуульд орсон. Иймд энэ нам тараагүй тохиолдолд уг асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Ийм учраас хуульчид, иргэд Монгол Улсын дээд шүүхэд хандаж МАН-ыг тараах гомдол, өргөдөл гаргаад байгаа. Үүнийг даруй шийдэх ёстой. Тэгэхгүй бол энэ 60 тэрбумын сүлжээ ханшаа өсгөөд 80 тэрбум ч болж мэднэ. Тэгэхээр энэ сүлжээг санаачлагч МАН-ыг тарааж улсын бүртгэлээс хасах шаардлага манай нийгэмд тулгараад байна.
-Улсын дээд шүүх та бүхний гомдол, өргөдөлд ямар нэг хариу өгсөн үү?
-Хариу өгсөн гэсэн. Хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хүлээж байна гэж ойлгосон.
-Тэр хууль хяналтын байгууллагын шийдвэр хэзээ гарах бол гэж бодож байна вэ?
-Авлигатай тэмцэх газар 60 тэрбумтай холбоотой асуудлыг шалгаж байгаа. Тэр 60 тэрбумын сүлжээ үнэхээр хэрэгжиж үү, үр дүн нь ямар болсон юм бэ, хэдэн хүн төрийн албанд мөнгөөр орсон бэ, энэ сүлжээ Монгол улс, төрд ямар үр дагаврыг бий болгосон гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.
-Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүх 60 тэрбумын асуудлыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Иймд заавал хууль хяналтын байгууллагын шийдвэрийг харах ёстой байсан уу?
-Харин тийм. Намын дарга нь хүлээн зөвшөөрч МАН-ын Хяналтын хороо нь шийдвэрээ гаргаад 60 тэрбумын сүлжээг хэрэгжүүлсэн гээд хоёр гурван хүнд арга хэмжээ авсан. Намын дарга нь “60 тэрбумын сүлжээ бол үнэн шүү” гээд зарласан. Тэгээд уг шийдвэрийг гаргаж хэрэгжүүлсэн гээд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулсан. Эдгээр нь тэр 60 тэрбумын сүлжээ хэрэгжсэн гэдгийг тодорхой, ойлгомжтой факт болсон.
-2016 оны сонгуулиар бүрдсэн УИХ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засагт хор хөнөөлтэй ямар ямар хууль батлав. Энэ талаар хуульчдын зүгээс судалгаа хийсэн зүйл бий юу?
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөртөө ашигтайгаар өөрчилсөн. Ингэснээр өөрсдөдөө давуу бий болгож 60 тэрбумын сүлжээний хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар “ял завшуулах” гэж байгаа юм. Хууль зүйн сайд Ц.Нямдорж эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хамаагүй ярьж болохгүй гээд гишүүдээ загнаад байгаа нь ийм учиртай.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН