Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нар “Боловсрол төвтэй улс төр” нэртэй ТББ байгуулж байгаа бөгөөд тэд туулсан замаа, хуримтлуулсан туршлагаа шинэ үеийнхэндээ хэлж, зааж, сургах зорилготой байгаа гэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал:
Өнөөдөр тулгамдаад байгаа нэг асуудал бол Үндсэн хууль тойрсон маргаан. Зөв шийдвэр гаргахын тулд ард түмэн мэдээлэлтэй байх ёстой. Юуг нь яаж өөрчлөх гэж байна, дараа нь ямар үр дагаварт хүрэх бол гэх мэтийг гадарладаг байх учиртай. Үндсэн хууль руу хамаг буруугаа чихэж, ямар нэг байдлаар өөрсдийгөө уснаас хуурай авч гарах үйлдэл хийж байгаа бол арай ондоо байх.
Шүүгчийн хариуцлагын зөвлөл гэж нэг байгууллага байгуулахаар ярьж суугаа юм байна. Хүмүүсийг нь яаж сонгож гаргаж, эрх мэдлийг нь өгөх юм. Гурван хуульзүйн эрдэмтэн байх ёстой гэнэ. Хуульзүйн эрдэмтэн гэж яг хэнийг хэлэх юм гэсэн асуулт гарч ирнэ. Магистр уу, доктор уу, эсвэл шинжлэх ухааны хэмжээнд хэлээд байна уу. Академич хүн байх ёстой юм уу, бүү мэд. Ийм шалгуураар их том юмыг шийдэх гэж байна. Иргэдийн төлөөлөл гурав гэж байсан. Иргэдийг хэн төлөөлөх нь бас л тодорхойгүй. Хаант Орос улсын Жанжин штабын дэргэд “штабный дурак” гэж албан ёсны орон тоо байсан. Жанжин штабаас гарсан тушаалыг хамгийн түрүүнд өнөөхөд уншуулна, өнөө дурак ойлгосон бол ангийн цэргүүд эрх биш ойлгоно гэж үздэг байж. Тэгэхээр иргэдийн төлөөлөл гэж яг хэн бэ гэдэг тавих учиртай асуулт. Энэ мэтээр есөн хүн цуглах юм байна. Тэд шүүгчдийн бүх л хувь заяаг шийднэ. Өөрөөр хэлбэл, шүүх засаглал бие даасан байх уу, эсвэл мафи, улстөрийн популистуудын тоглоом байх юм уу гэдгийг шийднэ. Манай популистууд шаардлагаа тавих нь тодорхой. Манай ахыг тийш нь оруулахгүй бол Засгийн газрыг чинь огцруулна гээд дайрчихвал засагтайгаа үлдэхийн тулд үгийг нь дагаж таарна.
Дараагийн нэг том асуудал нь УИХ-ын дэргэд байгуулагдана гэж буй Хянан шалгах түр хороо. Өнөөгийн УИХ-ын эрх мэдэл нь дутаад байгаа юм биш шүү дээ. Өнөөгийн Засгийн газар, УИХ-д эрх мэдэл нь хангалттай байгаа. Эрх нь илүү гарчхаад үүргээ эрх гэж харчхаад яваад байдаг асуудал бий. Нийтийн эрх ашиг сонирхол гэж үзсэн ямар ч асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэж байна. Нийтийн ашиг сонирхолд хамааралтай гэдгийг хэн тогтоох вэ, юуг хэлээд байна, хянан шалгах хороо маань сүүлдээ хүмүүст хэрэг үүсгэж, мөрдөн шалгаж, яллах нь л дээ. УИХ хууль тогтоох биш яллагч байгууллага болох уу? Ийм л өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулах гээд сууж байгаа ард түмэн. Энэ заалтуудыг ингэж нарийн тайлбарлахгүй, ерөнхийд нь уншаад дэмжих үү, дэмжихгүй байна уу гэж байгаа юм. “Үндсэн хуулийн өөрчлөлтийг 70-80 хувь нь дэмжлээ” гэж байна. Яг үнэндээ “70-80 хувь нь мэдээлэл байхгүй, ойлгохгүй” яваа.
Татвар төлөгчдийн мөнгөөр намыг санхүүжүүлнэ гэж байна. Эдийн засгийн ганц хоёр юм уншсан хэн ч арай дэндсэн заалт гэж хэлнэ. Татвар төлөгчийн мөнгөөр хэдэн дуракийг санхүүжүүлнэ гэдэг толгой сэгсэрмээр заалт. Үндэсний баялагтай холбоотой асуудал байна. Тэгш байдлыг хангана л гэнэ. Шударга ёс, тогтвортой хөгжлийг хангана л гэнэ. Монгол Улсын үндсэн хуульд тэдний тодорхойлолт байхгүй. Тогтвортой хөгжил гэж яг юуг хэлээд байна вэ?
Эрдэмтэн судлаачид янз бүрээр томьёолсон байх. Түүнээс албан ёсны баримт бичигт тийм үг байхгүй. Монгол Улсын эдийн засаг гэсэн тодорхойлолт ямар баримт бичигт байна? 2010 онд баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тийм тодорхойлолт байхгүй. Хэн тэрийг тодорхойлж томьёолох гээд байна аа?
Эцсийн дүндээ таалагдахгүй бол төр өөрийнх болгоно гэсэн санаа харагдаад байна. Эдийн засгийн амин сүнс, хөрс болсон өмчийн эрхийг ичгүүр сонжуургүйгээр уландаа гишгэж байгаа хэрэг. Одоо ч гишгэж байгаа. Гэхдээ одоо түүнийгээ албан ёсоор баталгаажуулж аваад өдөр шөнөгүй уландаа гишгэе гэсэн тохиролцоо л явж байна. Ийм л үндсэн хууль батлах гэж байна.
Хүчээр хэлэлцээд энэ заалтыг хийчих байх. Дараа нь засч өөрчлөх гэж хэчнээн арван жил алдах бол? Ухамсартай сонголт хийе гэж байгаа бол зах зухаас нь болтугай мэддэг байх учиртай. Тэр утгаар нь “Боловсрол төвтэй улстөр” гэсэн санаа олон түмэнд хүрээсэй.
Да.Ганболд: Юу хийхээ мэдэхгүй сохор харанхуй олон түмэндээ хөтлөгдөж явахыг популизм гэдэг
Монгол Улсын тэргүүн шадар сайд асан Да.Ганболд:
Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүдийн тав, зургаахан хувь нь гадаад хэлтэй. Уншиж байгаа зүйлийг нь харъя. Өөрсдөө өчигдөрхөн сонинд өгсөн ярилцлагаа уншчхаад сүүлийн үеийн мэдээ гэж цочирдоод зогсдог. Ихэнх эх үүсвэр нь дандаа сургаар. Тэгсэн бололтой, ингэсэн гэнэ лээ гэж ярина. Зарим сэтгүүлчид нь буруу дутуу ойлгоод биччихнэ. Ийм л зүйлс Монголын мэдлэг, мэдээлэл болоод байна л даа. Хэлгүй учраас өөр эх үүсвэрээс шалгаж чаддаггүй. Монголын хүн амын дийлэнх нь хэл усгүй. Дээр нь ямар нэгэн дипломгүй нэг хэсэг бас бий. Тийм учраас жаахан мэдлэгтэй байрын царайтай нөхрийг юу ч ярьсан хүлээгээд авчихдаг. Зам харгуй, боловсрол, Оюу толгой ярьсан хэнийг ч ингэж сонсдог. Ахиулаад толгой холбоод яривал бүр шүтээд дагачихна. Ер нь энэ нөхөр үнэн ярьж байна уу гэдгийг бөө, ламаас асуух байх. Өөрөөр шалгах тэнхээ байхгүй.
Хорвоогийн жамыг харъя. Ямар нэгэн шинэ бодол, шинэ гэгээ бүх л хүнд нэгэн зэрэг wifi шиг орж ирдэггүй. Цөөнхийн тархи толгой, сэтгэл зүрхэнд эхэлж үүсдэг. Тэр бодол олны таашаал, талархлыг хүлээж авбал нийтийн үзэл, нийтийн бодлого болж хувирдаг. Цөөнх нь олонхоо чирч, дагуулж, хөтөлж явдаг юм. Эрх мэдлийг хахууль, элдэв муу аргаар авсан цөөнх нь юу хийхээ мэдэхгүй сохор харанхуй олон түмэндээ хөтлөгдөж явахыг популизм гээд байгаа юм. Хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй. Аль болох богинохон байгаасай гэж бодож байна. М.Энхсайханы өнөөдрийн илтгэлийн сэдэв олон түмэн яагаад буруу шийдвэр гаргадаг тухай байлаа. Буруу шийдвэр гаргадаг биологийн этгээдийг чухамдаа олон түмэн гэдэг. Доош нь хийлээ гэнэ үү, юу гэх нь хамаагүй. Бүх дэлхийн түүхэнд олон түмнийг гэгээрүүлье, боловсрол номтой болгоё гэдэг бодол санаа маш цөөн соён гэгээрүүлэгчийн тархины өвчин, бодол нь, зүүд нь болсоор ирсэн. Манай Э.Бат-Үүл өнөөдөр тэдний нэг болоод явж байна. Ийм санаачилга гаргасанд нь талархал илэрхийлье.
Э.Бат-Үүл: Монголын улс төр дэх зөн билгийн тулааныг таслан зогсооё гэж нэгдсэн
Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:
1978 онд Прага хотод нэг монгол, нэг францыг баривчилсан байдаг юм. Францын иргэнийг хар тамхины наймаатай холбож, монголыг нь хил давсан хэргээр баривчилсан. Монгол иргэн нь Баабар. Хил давсан гэдэг нь шалтаг. Солженыциний “Худал хуурмаггүй амьдрах юмсан” гэдэг зохиолыг орчуулсаных нь төлөө барьсан. Нөгөөх нь Францын төр засгийг амар тайван байлгадаггүй философич Жак Деррида. Тухайн үеийн Францын ерөнхийлөгч байсан Франсуа Меттираныг зүгээр байлгадаггүй байсан нөхөр л дөө. Тэр үед Метиран “Манай хүнийг бариад үзээрэй” гэж хэлсэн байдаг. Чехийн тусгай албаныхан сандраад сулласан. Жак Деррида Парист баатрын ёсоор очсон л доо. Баабарыг харин гавлаж авчраад эх оронд нь шоронд хорьсон юм. Баабар дараа нь хариугаа авсан л даа. “Бүү март” гэж бичсэн. Үүнийг ярьсан нь учиртай. Хүмүүс үнэт зүйл гэдгийг ойлгодоггүй юм. Үнэт зүйл гэдэг бол хүмүүсийн амьдрах орон зай. Энэ орон зай хумигдвал баларна. Бидний үеийнхэн хумигдсан орон зайд амьдраад залхсан. Гадаад харилцааны сайд асан н.Алтангэрэлийг найзуудтайгаа “Битлз” сонсоод сууж байхад нь машинтай цагдаа нар бүсэлж байгаад барьж хорьж байсан үе. Тэр үеийн нам төрийн удирдлагуудын хүүхэд дунд нь байсан учраас азаар сулласан юм.
Иргэдийг боловсролгүйгээр нь үнэхээр тоглож байна. Сая М.Энхсайхан дээр л гэхэд хэрэг зохиож байгаад хорьчихлоо. Ийм үйл явдал болоход бидний хийж чадах зүйл айдас л байдаг. Энэ бол маш харамсалтай. Гэхдээ амиа бодож айгаад өөрийгөө аварна гэж хэзээ ч байхгүй. Дараа нь танай гэрийн үүдэнд өнөө дарангуйлагчид зогсч байна. Тэр үед нэг нэгээрээ уйлаад орилоод дуусна. 40 мянган монгол ингэж баларсан түүх өнгөрсөнд бий. Тийм учраас бид айх хэрэггүй. Айдас гэдэг бол сохор зүйл. Архи уугаад байвал элэг чинь хатуураад үхнэ гэхээр айж өгөхгүй юм. Эрх чөлөөгөө, үнэт зүйлээ хамгаалах болохоор айгаад байх юм.
Бид “Боловсролд суурилсан улстөр” ТББ-ыг байгуулах болсон шалтгаан маань тодорхой. Монголд байгаа зөн билгийн тулааныг таслан зогсооё гэж нэгдсэн. Хийж байгаа зүйлийнхээ үр дагаврыг тооцдог хүмүүс энэ улс орныг удирдах хэрэгтэй.
Баабар: мөрийцсөн ч алдахгүй ахиад бидэнд 20 жил хэрэгтэй
Нийтлэлч Б.Баабар:
Социализмын үед сайн улсыг депутат болгодог байсан юм. Нэг сайн саальчинг депутат болгож, индрээс хэлэх үгийг нь зааж өгч л дээ. Гэтэл өнөө саальчин балмагдчихсан “Яасан олон дарга нар вэ” гэж үгээ эхэлж байсан гэдэг. Энэ арга хэмжээнд нийгмийг удирдан чиглүүлэгч, сэхээтнүүд ирсэн байх, би ч юугаа ярих вэ. Бид 2000 оноос маш олон судалгаа хийсэн юм. Судалгааны дүн маань бодит байдалтай мөргөдөг. Ялангуяа сонгуулийн судалгаа.
Нийслэлийн сонгуулийн өмнөхөн судалгаа хийхэд Ардчилсан нам 12 хон суудал авахаар гарсан. Дахиад хийтэл бүр 11 болчихсон. Э.Бат-Үүлийн рейтинг нь их өндөр байсан юм. Ардчилсан намын сонгуулийн тактик ч буруу байсан. “Нийт 40 гишүүнээ Э.Бат-Үүлтэйгээ хамт явуулбал болчих гээд байна” гэж зөвлөсөн. Тэгсэн нөгөөдүүл “Э.Бат-Үүлийн хүүхэд асуудалтай байгаа. Дэмий, бидний саналыг доош татна. Махан биеэрээ үзнэ” гээд хотоор нэг паспортныхоо зургийг тавьчихсан. Санаж байгаа бол, 2008 оны сонгуулийн дүнтэй манай судалгаа яг таарчихсан чинь зурагтаар “Хар хайрцагны программыг Баабар хийсэн байна” гэсэн мэдээ гарсан шүү. Энд би судалгааны нэг дүн хэлэх гэж байна. Миний ярих судалгааны дүн найдвартай шүү гэж хэлэх гээд байгаа юм.
Сая бид 20 гаруй агуу их улстөрчдийн рейтингийг гаргалаа. Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Хэнтийг сонгосон. Агуу 20 улстөрчөөс хоёрхон хүн эерэг рейтингтэй байна. Нэг нь, У.Хүрэлсүх. Нөгөө нь Л.Оюун-Эрдэнэ. Манай Женко бол хасах руу орчихсон явж байна. Тийм өндөр рейтингтэй хүн яагаад доошлов гэдгийг судалсан. Их сонин үр дүн гарсан. “Өр төлнө” гэчхээд “Төлөөгүй” гэж гомдоллоцгоож байна. Ямар шалгуураар сонгосон нь харагдаж байгаа биз.
У.Хүрэлсүхийн өндөр рейтингийн гол шалтгаан нь “Хэдэн хүний хөрөнгийг хураана ” гэсэн мэдэгдэл нь байна лээ. Л.Оюун-Эрдэнэ болохоор “Энэ засаг төрийн гол Гебельс нь”. Заримдаа ч бүр ална, хядна болоод явчих юм.
Би боддог юм. Нийтээрээ УИХ, Засгийн газраа хараагаад явдаг. Үнэндээ бол тэд ард түмний тусгал. Түүнээс биш ард түмэн мундаг. Зүгээр л элий балай хэдийг сонгосон хэрэг ерөөсөө биш. Бидний байж байгаа нь л энэ. Энэ бодит байдлаас гарахын тулд боловсрол л бидэнд хэрэгтэй. Өөр юу ч биднийг аврахгүй. Мөнгө авардаггүйг нэг жишээгээр нотолъё. Бид 30 жилийн өмнөхөөс арав гаруй дахин баян амьдарч байгаа. Энэ үнэн. Социализмын үед жаргаж үхэж байлаа гэдэг худлаа. Өдөрт хоёр цаг маханд дугаарладаг байсан. Хамгийн нэр хүндтэй ажил махны худалдагч байлаа. Аль ч нийгэмд нийгмийн баялгийг бүрдүүлдэг цөөхөн хүн байдаг. Нийгмийг чирч явдаг хэсгийн хувь нь маш бага. Гэхдээ большевик аргаар биш. Одоо бид шилжилтийн үедээ явна. Шилжилт гэдэг нь олон байшингий тухай асуудал биш л дээ. Хүн нь өөрчлөгдөх тухай асуудал юм. Бид нэг үеэ өнгөрөөчхөөд байна. Бид муу ч гэсэн коммунист үзэл сурталтай байлаа. Гэтэл сая дурдсан, рейтингээрээ өндөр хоёрт ямар ч үзэл суртал байхгүй. Үүний дараа биднийг цаг хугацаа л хүлээж байна. Мөрийцсөн ч алдахгүй байх. Ахиад бидэнд 20 жил хэрэгтэй.