Ардчилсан нам үзэл баримтлалаа таниулан сурталчлах үндэсний III аяныг орон даяар эхлүүлсэн. Аяны хүрээнд АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 21 аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт амжилттай ажиллаад байна. Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүдийг нэг туган дор нэгтгэсэн Ардчилсан намын шинэчилсэн үзэл баримтлал нь улс төрд цоо шинэ соёл, шинэ давлагаа авчирсныг намын удирдлагууд онцолж байгаа юм. Хэн нэгэн лидерээс үл хамааран үзэл баримтлалаараа нэгдэх нь шинэчлэлийн гол утга учир, зорилго юм. Уг аян нийслэлд үргэлжилж Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт болсон. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүрэгт үргэлжиллээ. Энэ арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга С.Очирбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан нам үзэл баримтлалаа таниулан сурталчлах үндэсний III аян Чингэлтэй дүүрэгт өрнөж байна. Энэ аяны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Ардчилсан нам 2016 оноос хойш өмнөх үйл ажиллагаандаа дүгнэлт хийн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд үзэл баримтлал, үндсэн дүрмээ шинэчилж намын гишүүд, дэмжигчдэдээ танилцуулах аянг өнөөг хүртэл өрнүүлж ирлээ. Намын гишүүд, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ ардчиллыг дэмждэг ч намын үзэл баримтлалын талаар нарийн ойлголт, ухагдахуун бага байсан. Иймд үзэл баримтлалаа сурталчилж, сургалт явуулж байгаа нь үр дүнд хүрч байна. Ардчилсан намын шинэчлэлийн хамгийн том алхам нь үзэл баримтлалаа тодорхой болгосон явдал. Яагаад гэвэл Монголд өрнөсөн ардчилал өнөөдөр 30 жилийн босгон дээр ирэхэд өөр өөрийн үзэл баримтлалтай олон нам нэгдэж Ардчилсан намыг үүсгэсэн. Гэвч үзэл баримтлалаа тодорхой болгох асуудал орхигдож явсан талтай. Ийм учраас намын үзэл баримтлалаа шинэчлэн баталж “Хөгжлийн төлөөх баруун төвийн нам” гэдэг тов тодорхой асуудлыг зааж өгсөн явдал нь асар их ач холбогдолтой юм. Үзэл баримтлалаа танилцуулж буй илтгэгчид, улс төрийн ажилтнууд маань намын гишүүд, дэмжигчдэдээ маш ойлгомжтой хэлбэрээр хүргэж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт намын үзэл баримтлалаа таниулан сурталчлах аян өрнөж байна. Ингээд намын сонгуульт гишүүдээ хамруулж байгаа. Одоо үүнийг цааш нь улам өргөжүүлж намын үүрүүд, гишүүд, дэмжигчдэд танилцуулах ажил үргэлжилнэ. Энэ ажил өргөн хүрээтэй байнга үргэлжлэх ёстой ажил. 1990 онд ард түмэн ардчиллыг хошууран дэмжсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр шалгарал явагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр итгэл үнэмшлээрээ, үзэл баримтлалаа ойлгосон, үүнийхээ дагуу хариуцлагаа ухамсарласан намын гишүүд, дэмжигчдээ төлөвшүүлэх чухал ач холбогдолтой сургалт болж байна.
-Энэ үзэл баримтлалыг хүмүүс хэр хүлээн авч байна. Үзэл баримтлалаа нэг бүрчлэн ярина гэвэл нэлээд их цаг хугацаа орох байх. Тэгэхээр та үүнд тусгасан гол гол зүйлээс та жишээ татан тайлбарлаж өгөөч?
-Тийм. Үзэл баримтлалыг хүмүүс өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байна. Хүн мянга сонсохоор нэг үз гэдэг. Тэгэхээр үзэл баримтлалын ном товхимол тараахаас гадна танхимын сургалт хийх нь илүү үр дүнтэй байгаа юм. Ялангуяа, хөгжлийн асуудалд хүмүүс их идэвхтэй оролцож байна. Хувийн өмч, тогтвортой хөгжил, байгаль орчны тухай асуудлууд хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Тухайлбал, тогтвортой хөгжил гэдэг нь эдийн засаг, нийгэм байгаль орчин гэсэн гурвалсан харилцааг зөв түвшинд барьж байх онол. 1990 онд Даян дэлхийн тогтвортой хөгжлийн асуудлыг дэлхийн 190 гаруй орны төрийн тэргүүн оролцож Бразилын Редо-Жанеро хотод тунхагласан. Үүнийг энгийнээр тайлбарлавал “Манайх шиг байгалийн баялаг ихтэй, уул уурхайтай орон эдийн засгаа хөгжүүлнэ гээд байгалиа сүйтгээд байж таарахгүй. Ниймгийн асуудлаа шийдвэрлэж байна гээд эдийн засгаа сүйрүүлж болохгүй” гэсэн үг. Эдийн засаг, нийгмийн асуудал хүндрээд ирэхэд хүн байгаль руугаа л дайрдаг. Ингээд байгаль орчин сүйддэг. Ийм учраас дахин хэлэхэд энэ гурвын харилцааг тэнцвэртэй, тогтвортой барих ёстой юм. Сүүлийн үед хадуураад зөвхөн байгаль орчны тогтвортой байдал мэтээр тайлбарлаж, ойлгоод байдаг тал бий. Тогтвортой хөгжил гэдэг бол цогц ойлголт. Улс орон болгон өнөөдөр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болсон. Одоо цаашид хэрхэхээ шийдэж Тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлоод 2030 он хүртэлх тунхаглалаа гаргасан. Манай улс “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрөө боловсруулж баталсан. Гэтэл өнөөдөр түүнийг ярьж байгаа хүн энэ төрд алга. Түүнийг хэрэгжүүлж буй бүтэц байхгүй. Тэгвэл эдийн засаг нь уул уурхайгаас хараат байна. Эдийн засгийн бусад салбараа хөгжүүлж олон тулгууртай болгон гэж тунхаглаад байдаг. Тэгээд түүний дагуу юу ч хийж чадахгүй байдалтай байна. Ийм учраас хүмүүс тогтвортой хөгжлийн асуудалд нэлээд анхааралтай хандаж байгаа юм. Оролцогчид нийгмийн халамж тараахаас илүү ажлын байр, хүний орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд түлхүү анхаарах ёстой гэж саналаа илэрхийлж байна.
-Ардчилсан намын үйл ажиллагаа идэвхтэй байж чадаж байна уу?
-2016 онд Ардчилсан намын VI их хурал хуралдсанаас хойш Монгол орон даяар Ардчилсан намаар амьсгалсан он жилүүд болж ирлээ. Тухайлбал, үндсэн дүрмээ шинэчилсний дараа, Үндэсний бодлогын хороо шат шатны намын хороодоо байгуулах үйл явц орон даяар өрнөсөн. Мөн намын их хурал дахин хуралдаж үзэл баримтлалын асуудлаа ярилцсан. Үүнийгээ хэлэлцүүлсэн. Ардчилсан залуучуудын холбооны даргаа сонгох, сунгаа хийж Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах зэргээр Ардчилсан намын үйл ажиллагаа идвэхтэй явж ирлээ. Хамгийн гол нь шат шатны сонгуульд хэдийгээр цөөнх болсон хэдий ч гишүүд төвтэй намд чиглэсэн үйл ажиллагаа явуулж чадсанд оршино. Өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын сонгуульд ялсан. Мөн өнгөрсөн зургадугаар сарын 30-нд сум орон нутагт болсон хэд хэдэн сонгуульд ялсан үр дүн гарлаа. Эдгээр нь 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн ажлын үр дүн гэж харж байна. Ардчилсан нам бол олон урьгалч үзэлтэй. Үг хэлэх эрх нь нээлттэй. Энэ нь 1990 оны ардчилалын өгсөн үнэт зүйлсийн нэг юм. Ийм учраас сүүлийн жилүүдэд Ардчилсан намын үйл ажиллагаа улс орон даяар идэвхтэй өрнөсөн гэж дүгнэж байна.
-Өнөөдөр эрх барьж буй МАН-ын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-МАН мөрийн хөтөлбөрөө ер нь ярихаа больсон шүү дээ. Мөрийн хөтөлбөрөө сонгуулийн үед нэлээд ярьсан байх. Гэвч түүнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Өнөөгийн эрх баригчдын явуулж буй үйл ажиллагааг хамгийн товчоор хэлбэл улс орны хөгжил, эдийн засгийн асуудал алга. Тухайлбал, улс орны санхүү эдийн засгийн асуудлаа ОУВС-д даатгасан. Өөрсдөө популизм хийж хувийн өмч рүү дайрдаг, болж өгвөл хүмүүсийг барьж авч хорьж цагдах зэргээр нийгмийг хар мэдээллээр хангах үйл ажиллагаа л явуулж байна. Хамгийн их бүтээн байгуулалт өрнөдөг, хот нийтийн үйл ажиллагаа нь ард иргэдэд мэдрэгдэж байдаг газар бол нийслэл Улаанбаатар хот. Тэгвэл нийслэлд Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн урд уулзварт барьж буй гүүрийг эс тооцвол бодитой бүтээн байгуулалт хийгдээгүй. Улаанбаатар эргээд хогондоо дарагдаж байна. Зарим гудамж талбай гэрэлтүүлэггүй болж эхэллээ. Иргэдийг ажилтай болгох, өмчилсөн газраа үнэд хүргэх хотын дахин төлөвлөлтийн ажил таг зогссон. Энэ ажлыг уг нь бид 2013 онд эхлүүлсэн байлаа. Үүгээр зогсохгүй 2015 онд хуультай болгоод явсан. Гэтэл хотыг дахин хөгжүүлэх талаар нэг ч алхам хийсэнгүй. Ийм учраас МАН мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт гээд яриад байх зүйл байхгүй. Хэрэгжүүлэх талаар ярих ч үгүй байна. Одоо үлдэж буй хугацаанд ярих ч боломжгүй болсон байх. Миний хувьд өнөөдөр эрх барьж буй МАН-ын үйл ажиллагаанд ийм л дүгнэлт өгч байгаа юм.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил сүүлийн үед ид хүчээ авч байна. Энэ талаар та Монгол Улсын иргэн, улстөрч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хуульч, судлаач, эрх зүйчид Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар янз бүрийн үнэлэлт дүгнэлт хийдэг. Би Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтийг судалж үзсэн. Гэтэл Үндсэн хуульд зайлшгүй оруулах ёстой өөрчлөлтүүдийг хийж чадахгүй байна гэж дүгнэж байгаа. Жишээлбэл, нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээнд дээд шатны байгууллага халдаж үл болно гэсэн заалт Үндсэн хуульд бий. Гэтэл одоо хийх гэж байгаа өөрчлөлтөөр “Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явуулахгүй. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явуулж түүнээс аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа байгуулна” гэсэн заалт оруулж ирсэн байгаа. Ийм хачин эрээвэр, хураавар асуудлаар хөөцөлдөөд байна л даа. 1990 оныг 2019 онтой харьцуулах ямар ч боломж байхгүй. Бид 1990 оны түвшинтэй харьцуулбал асар хурдацтай хөгжсөн. Илүү хурдацтай хөгжих боломж бас байсан. Гэтэл хуучнаа санагалзсан энэ улс төрийн хүчин хөгжлийг тодорхой хэмжээгээр чөдөрлөж ирсэн. Чөдөрлөсөөр ч байна. Тэгэхээр Үндсэн хуульд агуулгын томоохон өөрчлөлт хийх ёстой гэж надад бодогддог. Ийм учраас ойр зуурын өөрчлөлт хийх юм бол Үндсэн хуулийн үндсэн агуулга алдагдах, өмнөхөөсөө дордуулах байдал руу явчих вий дээ гэж сэтгэл эмзэглэж байгаа юм. Жишээлбэл, хотын асуудлыг Үндсэн хуульд засаг захиргаа, хот тосгоны асуудлыг хуулиар зохицуулна гээд тов тодорхой заасан. Гэтэл энэ салбар хуулиа хэрэгжүүлдэггүй байсан. Тэгсэн атлаа одоо улсын харьяалалтай хот, орон нутгийн харьяалалтай хот гэсэн нэр томьёо Үндсэн хуульд оруулж ирж байгаа юм. Ийм нэр томьёо хаана ч байдаггүй. Харин улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот л гэж бий. Энэ мэтчилэн яривал маш олон болж бүтэхгүй асуудал байна.
-Өнөөгийн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх чадамж, ёс зүй бий юү?
-Чадамжийг нь аваад үзвэл олон асуудал бий. Тухайлбал, өнөөгийн УИХ-ын гишүүдийн парламентад суусан туршлага, мэргэшсэн байдал нь ямар билээ гээд харвал Үндсэн хууль байтугай салбарын жижиг органик хууль батлах хэмжээний чадвартай, ёс зүйтэй хүн бараг байхгүй. Ийм бүрэлдэхүүнтэйгээр эцэг хуульд гар хүрнэ гэдэг нь боломжгүй асуудал юм.