УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагын саарал жагсаалтад оруулах магадлал өндөр болсон талаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлсэн гэж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Миний харж буйгаар Үндсэн хуулийн талаар гурван янзын үзэл бодол гараад байгаа юм. Нэг нь Үндсэн хуулийг огт өөрчлөх хэрэггүй. Хоёрт нь, Үндсэн хуульдаа бага зэрэг засвар хийе. Гуравт нь, энэ Үндсэн хуулийг хүчингүй болгож шинээр баталъя гэсэн байр суурь гарч байна. Миний хувьд Үндсэн хууль бага зэрэг өөрчлөлт оруулах байр суурьт нэгдэж байгаа. Нийт иргэдийн 90 орчим хувь нь ийм байр суурьтай байгаа юм. Сүүлийн 30 орчим жилд 2000 онд Үндсэн хуулийг нэг удаа өөрчилсөн. УИХ-ын 2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Тэгэхээр УИХ-ын 56 буюу түүнээс дээш суудал авсан учраас үнэмлэхүй олонхоор Үндсэн хуулийг өөрчлөх талаар ярих, өөрчилж болох эрх өгсөн гэж ойлгож байна.
Үндсэн хууль өөрчлөхөөр ярьж болно. Харин ард түмэн гурван зүйл дээр огт ойлголтгүй байна. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн юуг нь өөрчлөх гэж байгаа талаар ард түмэнд ямар ч мэдээлэл, ойлголт алга. Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулах гэж буй өөрчлөлтийн талаар мэдээлэлгүй учраас манай улсын нийгэм, эдийн засагт ямар үр дагавар гарах, сайн, муу тал нь юу байх талаар төсөөлөлгүй байгаа юм. Гуравдугаарт, Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа хүмүүсийг асар дургүй хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл УИХ-д одоо сууж буй МАН-ын 64 гишүүн нь зөв бодолтой, хулгайч биш байсан бол ард түмэн Үндсэн хууль өөрчлөхөд дургүйцэхгүй. Гэтэл ёс зүйгүй, гэмт хэрэгт холбогдсон нөхдүүд Үндсэн хууль өөрчлөхөөр ярьж байгаа юм. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн 49 гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон. Тэд концесс, ЖДҮ-ийн сангаас албан тушаалаа ашиглаж зээл авсан, бүр хүчингийн хэрэгт хүртэл орооцолдсон. Ийм хүмүүс өнөөдөр эцэг хуульд гар хүрнэ гэдэг нь буруу гэсэн хандлагыг иргэд илэрхийлж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжийн дагуу 69 гишүүн тойрогтоо ажилласан. Тэдний нэг нь би. Ингээд МАН-ынхан иргэдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах мэдээлэл өгч байгаа гэсэн. Нийт 20 орчим мянган хүнтэй уулзсан тооцоо гарсан. Гэтэл эдгээр иргэний 70 орчим хувь нь Үндсэн хуулийн эсрэг байр суурь илэрхийлж байна лээ. Зөвхөн Орхон аймгаар жишээ татаад үзье. Уг нь аймаг, нийслэлийн ИТХ нь уулзалт ярилцлагад нийт иргэдээ хамруулах үүрэгтэй. Харамсалтай нь УИХ-ын гишүүн О.Содбилэгийн уулзалтад 120, миний хийсэн уулзалтад 240 хүн ирсэн. Ингээд бодоход 360 хүн л цугласан. Гэтэл тэдний 20-30 хувь нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг уншиж судалъя, ямар учиртай юм бэ гэж байлаа. Харин үлдсэн 70-80 хувь нь Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт нь дорвитой зүйл биш байна. Хэлбэрийн төдий өөрчлөлт оруулах болж. Агуулгын хувьд биш байна гэж хэлээд байгаа юм.
-Олон нийт, хуульчдын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй ч энэ өөрчлөлт нь хууль зөрчсөн, зөвхөн эрх мэдлийн хуваарлилтыг чухалчилсан гэдэг шүүмжлэл гарч байгаа?
-Тийм, Шууд хэлэхэд Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр одоогийн тогтолцоогоо бэхжүүлэх сонирхолтой байна. Дэлхийн улс орнуудад хоёр янзын нам оршин тогтнодог. Тухайлбал, бодлогын нам, салбарын нам юм. Бодлогын нам нь улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажил, баримтлах бодлогоо тайлбарлан таниулдаг. Жишээ нь ипотекийн зээлийн хүүг гурав хүргэж бууруулъя, НӨАТ-ын онцгой албан татвар төлөгчдөөс бусад тохиолдолд гурван хувь болгож бууруулъя гэсэн асуудал ярьж болно. Иймэрхүү бодлого яриад энэ нь ард түмний дэмжлэг авбал хэрэгжнэ. Гэтэл Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр зөвхөн салбарын намыг бүртгэнэ гэсэн заалт оруулж ирсэн байгаа. Өнөөдөр эрх барьж буй МАН салбарын яам шүү дээ. Мөн төрийн албыг улс төрөөс хараат байлгах тухай ямар ч заалт алга. Шүүхийн шинэчлэл гээд байгаа зүйл нь нас тавьсан, тоо л заасан. Байгалийн баялгийн тэгш хуваарилалт, хариуцлагын тогтолцооны тухай юу ч байхгүй. Манай Монголын нэг онцлог бий. Зуны улиралд ямар бөх хүчтэй, хэний морь хурдан тухай л ярьж хүйтэн сэрүү орохоос өмнө амарч зугаалж авдаг. Гэтэл ийм үед Ерөнхийлөгчийн саналыг авалгүй яаран сандран Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа нь харамсалтай. Нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч саналаа өгөх учиртай.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явуулахгүй. Зөвхөн сум, дүүргээс сонгогдсон Төлөөлөгч байна гэсэн заалт орсон. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Энэ бол Монгол Улсын засаглалын хямрал руу хөтөлнө. Ард түмэн ганцхан зүйлийг хүссэн. Аймаг, сум зэрэг орон нутагт хэн Засаг дарга байх нь чухал биш. Хамгийн гол нь намын харьяалал, улс төржилт сум, дүүрэг, баг, хороонд байгааг болиод өгөөсэй гэж хүссэн. Гэтэл нам бол бүх нэгжид байна гэж заачхаж байгаа юм. Ийм учраас өнөөдөр аймгийн ИТХ-аас томилогдсон Засаг дарга сумын Засаг даргатай харилцан хамааралтай, хараат бусаар ажиллах боломж муу болно. Засаг дарга нь “Би сумын иргэдийн саналаар сонгогдсон” гээд засаглалын хуваагдал гаргахыг үгүйсгэхгүй. Ийм учраас үүнд болгоомжтой хандах ёстой. Би өнөөгийн эрх баригч МАН-ынханд хэлсэн. Тэгэхдээ “Та нар ард түмэнд таалагдах нэрээр популист хандлагаар Үндсэн хуульд өөрчлөлт хийх гэж байна” гэсэн. Жишээ нь байгалийн баялгийг ард түмний мэдэлд өгнө гэдэг. Гэтэл байгалийн баялаг гэж ус, агаар, газар шороог хэлдэг. Төрийн эрх мэдэл ард түмний гарт. Ард түмэн төрөөр дамжуулан байгалийн баялгаа өмчилдөг. Тэгэхээр үүнийг төрийн эрх мэдлээс гаргая гэвэл тусгаар тогнолоосоо татгалзлаа л гэсэн үг. Энэ мэтчилэн ноцтой зүйл нэлээд байна. Ийм учраас сөрөг хүчний зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээс асуу гэж байгаа юм.
-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байхад яагаад чимээгүй суугаад байна вэ?
-Захиалгын байгууллага шүү дээ. Шууд хэлэхэд ард түмэн Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагын гишүүнээр Монгол Улсын хамгийн нэр нөлөө бүхий, ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн, улстөрч, эрдэмтэн, хуульчдыг тавьдаг гэж ойлгож ирсэн. Харамсалтай нь нам Үндсэн хуулийн гишүүнийг сонгодог. Энэ гишүүн нь намын хүсэл, зорилгод нийцүүлж хуулийг ямар ч хамаагүй байдлаар тайлбарладаг байгууллага болчихлоо шүү дээ. Жишээлбэл хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын асуудал байна. Д.Гантулга “Ажлаа хиймээргүй байна” гээд өргөдөл өгсөн. Гэтэл түүний өмнөөс судлаач Д.Ганхуяг гэдэг хүн гомдсон. Харин Үндсэн хуулийн Цэц Д.Ганхуягийн гомдолд хариу өгөхдөө гаргасан өргөдлөөр нь биш өөр асуудлаар хариу өгсөн. Тодруулбал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар хариу өгөх учиртай. Түүнээс биш өргөдөл өгсөн асуудлаар маргаан үүсгэхгүй. Хүн ямар ч өргөдөл өгч болно шүү дээ. Үндсэн хуультай холбоотой байх гэж бодоод өргөдөл гаргаж болно. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэлгүй, өргөдлийг нь чухалчилсан. Тэгэхээр энэ нь Монгол Улс нам төвтэй төрийн тогтолцоо руу орсныг харуулсан явдал. Өнөөдөр ард түмэн чухал биш. Зөвхөн нам гэдэг нь аймшигтай юм. Нам төрийн дээр байна. Намыг дагаж өнөөдөр аж амьдралаа залгуулна, төрийн албанд орно, бүхий л эрх мэдэлд хүрнэ гэсэн маягтай боллоо. Намыг дагаж шударга ёс ярина, нам биш хүн, намд таалагдахгүй бол хүн биш гэсэн сөрөг үр дагаврыг өнөөгийн систем нийгэмд оруулж ирээд байна. Гэтэл Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд системийн өөрчлөлтийн талаар юу ч байхгүй. Хэлбэрийн өөрчлөлт л яриад байгаа юм. Ийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийт ард түмнээр хэлэлцүүлэхгүй бол өөрчлөлт хийх хэрэггүй.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа. Яг ямар ямар зүйл заалт зөрчсөн юм бол?
-Маш олон асуудал бий. Жишээ нь “томилолтын сонсгол” гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуульд “Хууль, шүүхийн байгууллага нь хараат бус байна” гэсэн байдаг. УИХ-ын гишүүд хүсвэл тодорхой албан тушаалд “томилолтын сонсгол” явуулж болно гэж бий. Явуулахгүй ч байж болно. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд “томилолтын сонсгол” заавал явуул гээд тусгасан. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг “томилолтын сонсгол” хийж байхыг үүрэгжүүлж байгаа юм шиг ойлгомжгүй зүйл байгаа юм. Энэ мэтчилэн зүйлийг хэлж болно.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зааль оруулна гээд байгаа. Үнэхээр ийм заалт оруулах болов уу?
-Зөвхөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг л аваад үз л дээ. Улстөрч эрх мэдэлтэй байх үедээ аливаа асуудалд нэр холбогдох, гэмт хэрэгт орооцолдвол хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоочих л доо. Эрх мэдлээсээ буухаар нь шалгадаг болох хэрэгтэй. Ингэвэл амар. Өнөөдөр УИХ-ын гишүүн болох сонирхол юунд байна вэ гэвэл, гишүүн байхдаа хулгай хийчхээд хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаа дуустал эрх мэдэлтэй байхын төлөө улайрч байна. Өнөөгийн УИХ-ын гишүүний бараг 80 хувь нь гэмт хэрэгт холбогдсон. Овоо гайгүй шударга юм уу гэж харж байсан залуучууд нь хүртэл гэмт хэрэгт холбогдоод байгаа.
-Та дээр яриандаа нам төрийн дээр гарсан тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн. Үүнийг Үндсэн хуулиар л засах ёстой юу?
-Үндсэн хуульд арга замыг нь зааж өгөөд Улс төрийн намын тухай хуулиар тодорхой болгох ёстой. Өнөөдөр эрх баригчид мөнхийн эрх мэдэлтэй байхыг хүсч байна. Эрх мэдэлтэй байж болно шүү дээ. Туршлагатай, мэдлэгтэй, ёс зүйтэй төрийн түшээдээс ард түмэн татгалзахгүй. Хамгийн гол нь төрийн эрх мэдэлд хүрээд хулгай хийдэг, ёс зүйгүй авирладаг. Тэгээд эрх мэдлээс буулаа л бол шорон хүлээсэн айдастай байгаа юм.
-Сүүлийн үед Монгол Улсыг ФАТФ буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллагын саарал жагсаалтад ирэх намар орохоор болчихлоо гэсэн мэдээлэл түгээд байгаа. Үнэхээр ийм нөхцөл байдал үүсээд байна уу?
-Тийм. Саарал жагсаалтад орох нь тодорхой болоод байгаа. Энэ жагсаалтад орох гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, манайх эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө, үл мэдэгдэх хөрөнгө орж гардаг. Жишээ нь манайхны оффшор бүст байгаа мөнгөний үнийн дүнг Европт мэддэг. Тэнд нэг хүн 72 сая ам.доллартой сууж байна. Хонгконгийн оффшорт мөн ялгаагүй асар их мөнгө байгаа. Үүнийг эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө, хөрөнгө гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, арилжааны банкуудад байгаа их хэмжээний хадгаламжийн эх үүсвэр нь нууц гэдэг. Гадаад, дотоодын иргэдийн мөнгөний эх үүсвэрийг зарла гэхэд чадахгүй байдалд орсон. Мөн манай улсын гадаад харилцааны сайд байсан хүн зэвсгийн наймааны хэл аманд оролцсон асуудал бий. Чех, Өмнөд Солонгос, Европоор дамжуулсан нь тодорхой байгаа. Гуравдугаарт, попуудын мэдэгдлүүд орно. Банк, санхүүгийн байгууллагынхны эсрэг мэдээлэл хийдэг. УИХ-ын гишүүний хэлсэн үг нь олон улсын түвшинд үндэслэлтэй байх гэсэн ойлголт төрүүлдэг. Ингээд банкны системд тавих шалгуураа өндөржүүлдэг. Поп улстөрчид “Мафийн толгойлогч банктай байна” гэж зарласан удаатай.
Ийм зүйлүүд нь Монгол Улсын нэр хүндэд ноцтой нөлөөлж байгаа учраас эдгээр асуудлаа тодорхой болго. Тэгэхгүй бол саарал жагсаалтад оруулна гэсэн шаардлагыг олон улсын байгууллагаас тавьсан.