Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.
-Үндсэн хуулиа өөрчилнө, өөрчлөхгүй гэж дахиад л талцаж маргаад эхэллээ. Та хуульч хүн. “Парламентын засаглал” гэх сэдвээр дипломоо хамгаалсан, Москвагийн их сургуулийг төгсгөсөн гэсэн. 1992 оны Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан хүнтэй Үндсэн хуулийн асуудлаар ярилцах гэсэн юм.
-Үндсэн хуультай холбож яривал миний гуншин ч овоо урт юм байна шүү. Тэгъе ярилцъя. Чухал энэ сэдвийн хаанаас нь эхлэх юм.
-Эхлээд танаас нэг зүйл тодруулъя. Сая болсон Үндсэн хуулийн ойн үеэр би нэг сонин юм дууллаа. Таныг Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх ажилд идэвхтэй оролцсон. Гэхдээ ёсчлон батлах хуралд нь оролцоогүй хаяад явсан гэж ярих юм. “Ийм бантан болсон Үндсэн хуулийг би батлахгүй” гэж хэлээд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгч П.Очирбат руу шидчихээд, төрийн ордноос тэр чигтээ гараад явсан гэж дуулсан. Энэ үнэн үү. Яг юу болсон юм бэ?
-Залуудаа халуурч явсны минь нэг илрэл. Тиймэрхүү юм болох нь болсон. Гэхдээ арай ч Ерөнхийлөгч руу өргөдлөө шидээгүй. Шинэ Үндсэн хууль батлахын өмнөх өдөр юм. Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн дарга, Ерөнхийлөгч П.Очирбат гуайн өрөөнд ажлын хэсгийн гишүүд цуглаад нэлээд халуун яриа өрнөсөн. Улсын Бага хурал боловсруулсан төслөө Ардын их хурлын өмнө хамгаалж гарч чадаагүй, маргааш нь эцэслэн батлах гэж байгаа төсөл маань учир дутагдалтай болсон гээд ширүүн маргаан болсон. Би тэр маргаанд нь оролцож байгаад, эцэст нь шатаж бухимдаад өргөдлөө тэр дор нь бичсэн байдаг. Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх тухай өргөдөл. Тэгээд тэр өрөөнд сууж байсан Ардын их хурал болон Улсын бага хурлын удирдлагад нь өргөдлөө хоёр гардан ёслол төгөлдөр гардуулж өгөөд төрийн ордноос гарч явсан. Гэнэт л тэгж шийдмээр санагдсан. Дэндүү залуу, дэндүү халуун байж дээ, тэр үед.
-Энэ тухайгаа та урд нь яагаад ярьдаггүй байсан юм бэ?
-Яах юм. Үсэрч бууж, үсчиж дэвхцэж явсан тухай сэдэв бол нэг их ярьж гайхуулаад байх сэдэв биш.
-Өргөдлөө гэнэт өгч Улсын Бага хурлаас гарсныхаа дараа та тэгээд хаачсан юм бэ. Танай намынхан юу гэж байв. Улсын Бага хурлын гишүүний суудал бол намын суудал биз дээ?
-Нам төрийн албанд байсан том ах нараас банга сайн хүртсэн. Гэхдээ нэгэнт өгсөн өргөдлөө буцаагаад авалтай биш. Тэгээд л чөлөөт иргэн болсон доо. Тэр хавраас нь Төр, нийгэм судлалын Академид судлаач-багшаар ажилд орсон. Одоогийн Удирдлагын Академи.
-Та тэнд юу судлаж, ямар хичээл ордог байсан юм бэ. Таныг АНУ-д судлаачаар ажиллаж байсан гэдэг. Тэнд юу судлаж байв?
-Намайг хуульч мэргэжилтэй, шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулахад оролцсон хүнийхээ хувьд Үндсэн хуулийн эрх зүй заана шүү гэж эхлээд хэлсэн. Тэгэхэд нь би учирласан. Миний хувьд энэ сэдвээс одоохондоо хол байхыг хүсч байна. Шинэ Үндсэн хуулийн согог алдааг нь мэдэх хүний хувьд танай сонсогчдод этгээд юм ярьж, зааж магадгүй. Тийм учраас энэ сэдвийн багш болмооргүй байна. Тэрний оронд миний сонирхож буй “Жижиг орны аюулгүй байдал” гэх сэдвээрээ судалгаа хийж, энэ сэдвээрээ хичээл заавал яасан юм бэ гэж гуйсан. Академийн удирдлага зөвшөөрсөн. Жил гаруй багшлаад шинэ сэдвээ гүнзгийрүүлэн судлахаар АНУ-ын Вашингтоны их сургуулийн Хэнри Жэксоны нэрэмжит хүрээлэнг зорьсон. Тэнд гурван жил орчим ажилласан.
-Депутат, гишүүн, Байнгын хорооны дарга байсан хүн, цаашаа өсөж дэвших боломжтой залуу боловсон хүчин яагаад гэнэт өргөдлөө өгөхдөө тулсан юм бэ. Цаад учир шалтгаан нь юу байв. “Ийм бантан болсон Үндсэн хуулийг би батлахгүй” гэж хэлсэн тань үнэн юм уу?
-Товчхондоо бол зүтгэсэн ажил, гарсан үр дүн хоёр маань хол зөрсөн учраас тэр. Хоёр сар гаруй хэлэлцээд, маргааш нь эцэслэн батлах гэж байгаа Үндсэн хуулийн төсөлд ноцтой хэдэн алдаа байна гэж үзээд, энийг засъя ажлын хэсгийн дарга нарт урд нь хэдэн ч удаа хандсан байв даа. Ялангуяа төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэнцвэр ноцтой алдагдсан байхад үүнийг нүд анин өнгөрөөх гэж буй Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг буруутай гэж үзэж байсан. “Одоо л үүнийгээ засч залруулахгүй бол хожим хойно засах гэсээр байтал улс, нийгэм маань их хохирно. Тэгээд ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг механизм дийлдэхгүй хүнд байхаар төсөлд тусгасан” гэж олон удаа ярьсан. Хүлээж авах шинжгүй байсан. “Шинэ Үндсэн хуулиа ийм олон хоног хэлэлцэж, арай ядан боож авч байхад олон юм ярилаа” гэхэд нь маш их бухимдсан. Уг нь бидний боловсруулж, Ардын их хуралд өргөн мэдүүлсэн төсөл бол төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, тэнцвэр зэргийг ягштал баримталж боловсруулсан байсан юм. Ардын их хурлаар хэлэлцүүлэх явцад юм юм өөрчлөгдөж, тэнцвэр нь алдагдаад, зарчим нь гажсан учраас над мэтийн хэсэг депутат эсэргүүцээд байсан хэрэг. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд Улсын бага хурлын байнгын хороодын дарга нар тодорхой бүлэг, хэсэг хариуцаж оролцсон. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд надад “Монгол Улсын төрийн байгуулал” гэх гуравдугаар дугаар бүлгийн “Улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар” гэх хэсгүүдийг хариуцуулсан байсан. Гэтэл шинэ Үндсэн хуулийн яг тэр хэсэгт нь зөрчилтэй хэд хэдэн заалт Ардын их хурлын депутатуудын санал хураалтаар орсон байсан. Байнгын хорооны даргын хувьд миний биечлэн хариуцаж байсан Үндсэн хуулийн хэсэг учраас би бусдаас илүү цамнасан байх. Тэгээд л эцэс сүүлд нь зөрчилтэй тэр заалтууд засагдахгүй юм байна гэдгийг мэдээд өргөдөл өгөхдөө хүрсэн.
-Үндсэн хууль батлах үйл явц ер нь яаж өрнөсөн юм бэ. Шинэ Үндсэн хуулийг Ардын Их хурлын депутат 400 гаруй хүн хэлэлцсэн учраас Улсын Бага хурлаас оруулсан анхны төсөл ихээхэн өөрчлөгдсөн, мэргэжлийн хуульч бус хүмүүсийн бодол санаа Үндсэн хуульд олонхын саналаар орсон учраас төслөө дордуулсан гэж ярьдаг. Тийм юм уу?
-Тийм. Улсын бага хурлын боловсруулсан төсөл өндөг шиг өөгүй болсон гэж би хэлэхгүй. Социализмаас дөнгөж салж эхэлсэн бидний мэдлэг, мэдээлэл ч тэр үед ямар хэмжээнд байв даа. Гэхдээ л төрийн эрх мэдлийг хуваарилах дэлхийн нийтийн хүлээн зөвшөөрсөн онол, зарчим дээр суурилсан байсан төсөл. Лильбөрн, Локк, Монтескье зэрэг дэлхийн суутнуудын сонгодог онол, зохиол бүтээлийг нь хүртэл судлаж, улс улсын Үндсэн хуулийг харьцуулж байгаад, бүтэн жил сууж боловсруулсан төсөл юм. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн онол юм бол хэрэгжүүлэх арга зам нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн л арга зам байх ёстой. Тэрнээс зам зуураа “монголчлоод байх” ёсгүй онол, практик юм шүү дээ. Гэтэл 400 гаруй хүн оролцсон хурал гэдэг бол том цуглаан л юм билээ. Цуглаан дээр үндсэн зарчим, үзэл санаа хэлэлцэн батлаж болох байх. Харин хуулийн тодорхой заалт, нарийн томъёолол, тэдгээрийн уялдаа зохицлыг тааруулж, ном ёсоор нь хэлэлцэж батлана гэж үгүй юм билээ.
-Та саяхан “Үндсэн хууль бол нарийн зэмсэг. Үг үсэг, үзэл санаа, оруулсаар ирсэн нэмэлт өөрчлөлт, үүний ялгаа зөрүү, сайн муу тал, нийгмийн шаардлага зэргийг ижил тэнцүү мэддэг улс энэ ярианд орсон бол илүү үр дүнтэй болох байлаа” гэж жиргэсэн байсан. “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон улс төрийн намуудын төлөөлөгч нарын зургийг нь тавьж байгаад жиргэсэн байсан. Та тэр нэвтрүүлгийн юунд нь сэтгэл дундуур байв?
-“Улаан бал” бол миний үзэх дуртай нэвтрүүлэг. Хөтлөгч Лодойсамбуу ярилцах сэдвээ урдчилан судлаад, ярилцаж буй хүнээсээ нарийн ширийн юм шалгааж чаддаг. Нэвтрүүлэг нь сонирхолтой, мэдээллийн агууламж сайтай болдог. Гэтэл Үндсэн хуулийн асуудлаар хийсэн ярилцлага нь санаанд хүрээгүй. Арай л бүдүүн баргийн яриа өрнүүлж байгаа харагдсан. Энэ нэвтрүүлгийн формат нь 1:1 хэвээр байх нь дээр байж ч магадгүй. Цаг хугацаандаа хавчигдаад уу, ярилцлаганд оролцсон хүмүүс тоймтой юм яриагүй. Хэлэх юмгүй, эсвэл одоохондоо хэлэх хэрэггүй гэж байгаа юм шиг. Уг нь бол маш чухал сэдэв шүү дээ.
-Болохгүй байгаа бүх юм, өнөөдрийн алдаа завхрал, хулгай зэлгий хүртэл Үндсэн хуулиас болсон, болоогүй гэж хүртэл туйлширч маргалдах юм. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?
-Ямар ч асуудал дээр туйлшрах хэрэггүй. Болохгүй байгаа бүх юмны суурь Үндсэн хуульд бий гэдэгтэй би санал нийлэхгүй. Гэхдээ амьдралд байгаа буруу зарим зүйлийн эх үүсвэр нь Үндсэн хуулийн зохицуулалт дутуу, бүрхэг, зөрчилтэй байгаагаас болж буй гэдэгтэй санал нийлнэ. Асуудлыг бүхэлд нь, суурь үндсээр нь харж, шаардлагатай бол цогцоор нь засч янзлах ёстой. Үүнийг нас ахисан мань мэт цаг ахих тусам илүү сайн ойлгож явна. Долоо бүү хэл далан долоо хэмжиж байж огтлох ёстой асуудал. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд УИХ дангаараа, эсвэл Үндсэн хуулийн Цэцтэй хамжилцан Үндсэн хуульдаа хэдэн ч удаа гар хүрэв, эсвэл хүрэх гэж оролдов доо. Тэглээ гээд асуудлаа бүрэн гүйцэд шийдэж чадаагүй л явна. Дутуу дулимаг бодоод, цогц бус юм хийгээд байгаа учраас Үндсэн хуульдаа гар хүрэх асуудал байн байн гарч ирсээр байна. “Дордохын долоо” гэдгээсээ эхлээд л дутуу бодож хандасны хар гай.
-“Дордохын долоо” гэснээс хэл ам дагуулсан энэ өөрчлөлтийн талаар таны байр суурь ямар байдаг вэ?
-1999-2000 хоёр он дамжиж өрнөсөн үйл явдал. Би тэр үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хийж байсан. Тэр долоон өөрчлөлт гэж нэлээд сүр дуулиантай юм болсон. Ерөнхийлөгч Н.Багабанди Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёсгүй гэж үзэж байсан учраас мань мэт бол тэр л байр суурийг нь баримтлах үүрэгтэй нь ойлгомжтой. УИХ-ын гишүүдтэй байдгаараа үзэлцээд дийлээгүй. Тэр үеийн УИХ дахь олонх, цөөнх хоёр нийлээд тэр долоон өөрчлөлтийг хүч түрэн зүтгүүлж байсан учраас яаж ч дийлэх вэ дээ.
-Үндсэн хуулиа үнэхээр дордуулсан долоон өөрчлөлт байсан юм уу?
-Тэр долоон өөрчлөлт долуулаа болохгүй, бүтэхгүй зүйл байсан гэж би хэлэхгүй. Сонгож авсан парламентын засаглалаа илүү тогтвортой, баталгаатай болгоход чиглэсэн заалт дотор нь бас байсан. Гэхдээ нэмэлт, өөрчлөлт болгож оруулсан заалтууд нь оочин цоочин байхаас гадна эдгээрийгээ УИХ-аар хэлэлцэх горим журмаа зөрчсөн, илт хүч түрэн зүтгүүлж батлуулсанд асуудал их бий.
-Үндсэн хуулийн яг юуг нь өөрчилсөн долоон өөрчлөлт билээ, та сануулаач. Олон жил өнгөрсөний хойно та тэр өөрчлөлтүүдийг өөрөө санаж байна уу?
-Жил тойрч маргасан долоон өөрчлөлт учраас одоо ч гэсэн цээжээр шахуу мэднэ. УИХ-ын ажлыг хөнгөвчлөх гэсэн хэдэн өөрчлөлт орсон. Жишээ нь, ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг 50-иас доошгүй болгож хассан. УИХ-ын ирцийн босгыг буулгаж, нийт гишүүний дийлэнх олонх нь ирснээр чуулганыг хүчинтэйд тооцдог байсныг жирийн олонхоор тооцдог болсон. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг нууцаар биш, илээр саналаа өгдөг болгож өөрчилсөн. Өөрөөр хэлвэл, намын сахилга батыг чангатгасан гэсэн үг. За цаашилвал уянгын халилаар “давхар дээл” гэж нэрийдсэн зүйлээ хуульчилсан. УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэдэг байлаа. Тэгвэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж өөрчлөн найруулснаар УИХ-ын гишүүд төрийн сайд болох боломжтой болсон. Ерөнхий сайдыг томилох, Засгийн газар байгуулах Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танасан. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байсныг санаж байгаа биз дээ. Ийн буцаадаг байсан үндсийг нь үгүй хийж, Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д үг дуугүй оруулах үүрэгтэй болгож өөрчлөн найруулсан. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлдэг байсныг хэвээр үлдээсэн. Гэхдээ Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн хоёр дахь хэсгийг нэмж өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, сайд нарыг томилох, Засгийн газар байгуулах, бүтэц бүрэлдэхүүнийг нь тогтооход Ерөнхийлөгчийн оролцоо ёс төдий болж хувирсан. Хаа очиж энэ бол зөв өөрчлөлт. Парламентын засаглалтай л юм бол Засгийн газрын бүтэц нь ямар байх, Ерөнхий сайд, сайдаар хэнийгээ томилохоо парламентад олонхийн суудал авсан нам нь шийддэг байх нь зөв. Өөр юу билээ. УИХ-ын дэд даргын тоог нэмж, УИХ-ын нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгодог болсон гэх мэтийн долоон өөрчлөлт оруулж 2000 оны сард баталсан.
-Гэхдээ энэ долоон өөрчлөлт оруулсны дараа Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шинэ төсөл боловсруулж байна, ийм зорилготой ажлын хэсэг байгуулж байна гэж байнга л дуулддаг байсан биз дээ. Яагаад тэр вэ?
-Шинэ Үндсэн хууль маань эхнээсээ л зөрчилтэй хэдэн заалттай батлагдсан тухай би түрүүн ярьсан. Дараа нь оруулсан долоон өөрчлөлт нь оочин цоочин, дутуу дулимаг болсон. Гэтэл төрийн эрх мэдлийн харилцан уялдаа, тэнцлийг хангах, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хангах, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх гэх мэт олон чухал зорилтыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулах шаардлага байсаар л ирсэн. 2000 онд долоон өөрчлөлт оруулсны дараах хорин жилд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг бараг арваад удаа байгуулж байсан байх шүү. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нилээд олон төсөл хувилбар боловсруулж ирсэн. Заримыг би сонирхон уншиж л байлаа. Авах, гээхийн ухаанаар хандах ёстой олон санаа томъёолсон байсан.
-Гэхдээ эдгээр төслийг албан ёсоор хэлэлцэж байгаагүй биз дээ?
-Үгүй. Заримыг нь УИХ-д өргөн барьсан гэсэн. Гэхдээ албан ёсоор хэлэлцэж байгаагүй. Харин эдгээр болон бусад олон төслийг нийлүүлж нэгтгэж байгаад УИХ-ын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төслийг 2019 оны сүүлээр эцэслэн баталсан.
-Ямар ямар чиглэлээр, хэр олон, хэр зөв өөрчлөлт оруулсан гэж та үздэг вэ?
-Би энэ ажилд биечлэн оролцоогүй учраас сураг ажигаар л мэдэх төдий. Гэхдээ эрхбиш Үндсэн хуулийн асуудал учраас алсаас анхааралтай ажигласан байдалтай л байсан. Үндсэн хууль маань 70 зүйлтэй. Эдгээрийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн гэж мэдэгдэж байсан санагдана. Тэгэхлээр Үндсэн хуулийн гуравны нэг орчмыг өөрчилжээ гэсэн үг. УИХ-ын ажлын хэсэг Ерөнхийлөгч Х.Баттулгатай олон асуудлаар санал зөрчилдөж байна гэж хэвлэл мэдээллээс тэр үед дуулддаг байсан, санаж байгаа биз дээ. Хоорондоо ойлголцох гэж нэлээд маргалдаж байгаад зөвшилцөн байж оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бүрэн төгс, тулгамдаад байгаа асуудлаа бүгдийг нь хамарч бас л чадсангүй гэж надад санагдсан. Гэхдээ зөв зүйтэй зохицуулалт ч бас хийгдсэн байсан шүү. Олны санаа оломгүй далай гэгчээр олон хүний оролцоотой хийгдсэн ажлыг ор тас үгүйсгэх ёсгүй. Сайныг сайнаар нь, саарыг саараар нь хэлж байх ёстой.
-Саарын тухай дараа асууя. Сайн ямар зохицуулалт орсон юм бэ. Жишээлбэл?
-Жишээ юу. Жилийн жилд улсын төсвийг батлах цагаар мөнгөний хэрүүл дэгдэн, төрийн ордон бужигнадаг муу жишиг тогтоод удаж байлаа. УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө мөнгө татах зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн төслийг тал талаас нь чангааж, урж тасдан утгагүй болгодог байлаа. Үүний үр дүнд зарлага их хэмжээгээр нэмэгдэн, төсвийн алдагдал их наядаар тоологдож, улс эдийн засгийн хүндрэлд ордог. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэхгүй байх зохицуулалтыг тусгасан нь тун сайн хэрэг. Сайн зохицуулалт хийсний өөр нэг жишээ. Засгийн газар танхимын зарчмаа баримтлан нэгдсэн бодлогоор ажиллах учиртай. Хууль зөрчсөн, хариуцлага алдсан сайдын асуудлыг шуурхай шийдэж байх нь зөв. Гэтэл Засгийн газраас “шүд сугална” гэж айлган УИХ-ын тодорхой гишүүдийн зүгээс дарамт, шантааж хийдэг явдал цөөнгүй гарч байв. Хууль зөрчсөн сайдтай хариуцлага тооцно гэхээсээ ихэнхдээ хувийн зөрчлөөс үүдсэн “тооцоо бодох ажиллагаа” байсан. Ийм зовлон үзээгүй Засгийн газар сүүлийн гучин жилд бараг байхгүй биз. Одоо тэгвэл Ерөнхий сайд танхимын гишүүнээ өөрөө томилж, чөлөөлдөг байх зохицуулалтыг Үндсэн хуулинд тусгасан. Одоо Засгийн газрын, түүний гишүүдийн бүхий л хариуцлага Ерөнхий сайд дээр байдаг парламентын засаглалын суурь зарчим зөв амилсан гэж үзэж болно. Өөр нэг жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн улиран сонгогдох боломжтой байв. Үүний улмаас Ерөнхийлөгч дахин сонгогдохоо бодоод улс төрийн намын харьяалалгүй болсноо умартан үе үе улс төрждөг байлаа. Мөн УИХ, Засгийн газрын ажилд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлого, хатгалга хийсээр ирсэн тохиолдол цөөнгүй. Үндсэн хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Ингэснээр Ерөнхийлөгч дахин сонгогдохын тулд өөрийнхөө болон аль нэг улс төрийн намын явцуу эрх ашиг, эсхүл тодорхой бүлгийн эрх ашигт нийцүүлэн ажилладаг зохисгүй байдал арилах учиртай юм. Энэ мэтээр 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу орсон эерэг нааштай, зөв зүйтэй заалт бий. Би санаанд орж ирсэн ганц нэг жишээ л татлаа шүү.
-Аль ч намаас сонгогдсон Ерөнхийлөгч эргээд намынхаа удирдлагуудтай, Ерөнхий сайдтайгаа зөрчилддөг, өөр хоорондоо дайсагнадаг байдал ажиглагдсаар ирсэн. Та ч энэ зөрчлийн нэг талд нь явж үзсэн хүн. Юунаас болоод энэ зөрчил давтагдаад байдаг юм бэ?
-Дандаа муухай ааштай, хэрүүлч хүмүүсийг л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа сонгож, томилоод л байсан байхгүй юу (инээв). Худлаа худлаа, тоглосон юм. Алдас болно. Үнэндээ бол дандаа л хачин сайхан ааштай, хайлан болсон хүмүүсийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаараа сонгож, томилж ирсэн (дахин инээв). За за. Тоглоом шоглоомгүй ярья. Манайд байсаар ирсэн нэг зөрчлийн тухай би сая хэлсэн. Зөрчлийн өөр нэг шалтгаан бол мөнгө, улсын төсөв юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй. Тус тусынхаа сонгуульд орохдоо аль аль нь ард түмэндээ юм амлана, мөрийн хөтөлбөртөө тэр амлалтаа тусгана. Гэтэл нэг улсын нэг төсөв хоёрын хоёр мөрийн хөтөлбөрийн ачааг даахад хэцүү болж ирдэг. Эндээс зөрчил үүссээр ирсэн. Парламентын засаглалтай улсын сонгодог жишгээр Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болвол энэ зөрчил арилна л даа.
-Үндсэн хуульд орсон сайн өөрчлөлтийн тухай та сая ярилаа. Одоо өөрчлөлтөөр орсон саарын жишээ юу байна?
-Шүүх эрх мэдлийн хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт дутуу санагдсан. Суурийг нь хөндсөн дорвитой өөрчлөлт хийхгүйгээр өнгөц заслаар бид хол явахгүй л дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг Үндсэн хуульд шинэчлэн тусгасан байна. Хууль зөрчсөн, алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох Шүүхийн сахилгын хороо байгуулах заалтыг нэмсэн байна. Үүнээс гадна шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хүртээмжтэй болгох зорилгоор шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зэрэг шинэ шинэ зохицуулалт тусгаж. Чиглэл нь зөв л дөө. Гэхдээ оруулсан энэ мэтийн оочин цоочин нэмэлт, өөрчлөлт нь асуудлыг сууриар нь нааштай шийдэхэд хангалттай биш. Шүүх бол давын өмнө шударга байх ёстой. Хуулиа чандлан мөрддөг байх ёстой. Шүүхийн ажиллагаа шударга огт болоогүй, хуулиас тэс гадуур явдгийг бидний хэсэг хүн шүүхийн танхим дотроос нь харсан. Тийм “сайхан бололцоо” нам намын төлөөлөл болсон бидний хэсэг нөхдөд олдсон юм. “Лифтэнд оцгонодог” хэмээн нэршсэн нэг этгээдээр дамжуулж ял яаж улайм цайм захиалдаг, урьдчилж зохиосон схемээр шүүхийн ажиллагааг яаж хөтөлж, захиалгат ялаа яаж өгдөг зэргийг бидэнд яруу тод харуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш биднийг шүүж байгаа санаатай юм шүү дээ. Бидэнд захиалгат ял өгч, шоронд хийсэн шүүгчдийн зарим нь одоо ажлаас халагдсан, зарим нь бага сага торгууль төлсөн гэж л дуулдсан. Өс санаж буй юм биш, гэхдээ “тэгээд л тэр үү” гэж асуумаар санагдана. Шүүхийн шударга шийдвэр гаргах чадвар, авлигаас ангид байх явдал гээд нийгэмд өрнөсөөр байгаа бухимдал, дургүйцэл хэвээр байхад шүүхийн хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт хангалттай гэж үзэх аргагүй.
-Оруулсан нэмэлт, өөрчлөлтэй холбоотой өөр ямар шүүмжлэл танд байна?
-Шүүмжлэлийн зэрэгцээ эргэлзээ цөөнгүй байгаа юм. Хүний хийснийг гоочлох амархан. Том байгууллага, том албан тушаалтнуудыг ашиг сонирхолын зөрчил, ойлголт, мэдлэгийн зөрүү зэргээс үүдэж төрийн том, бага зохицуулалтыг шинэчлэх, өөрчлөх амаргүйг би мэднэ. Жишээ нь, Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн бие даасан байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт хийж. Тухайлвал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлага хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй байхаар Үндсэн хуульд тусгасан байна. Зөв. Гэхдээ хангалтгүй. Зөвхөн ингэснээр орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал сайжрах уу. Үгүй. Үүнийг орон нутагт амьдарч буй ард иргэд маань, аймаг сумын удирдлагад байсан, байгаа хүмүүс бэлхнээ хэлж байна. Орон нутгийн бие даасан байдал гэдэг маань бас л нийгмийн суурь асуудал мөн. Хөдөөгийн хөгжил, хотын түгжрэл, хүн амын байршил, суурьшил гээд олон асуудлыг араасаа дагуулдаг. Үндсэн хуулинд оруулсан, оруулах гэж ярьж буй нэмэлт, өөрчлөлтөө тэр талаас нь сайн тооцож, долоо хэмжмээр байгаа юм даа.
-“Оруулсан, оруулах гэж ярьж буй нэмэлт, өөрчлөлт” гэж та сая хэллээ. Гуравхан жилийн өмнө өөрчлөлт оруулсан Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах амьдралын шаардлага бий гэж та үзэж байгаа юм уу. Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрээд байх нь хэр зөв юм бэ?
-Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь буруу. Гэтэл Үндсэн хууль маань амьдралын шаардлагад нийцсэн, нийгмийн амьдралд тус дэм болсон, хүмүүнлэг ардчилсан зарчмыг эрхэмлэж хэвшүүлсэн, жинхэнэ эцэг хууль байх ёстой. Үндсэн хуулинд өнөөг хүртэл оруулсаар ирсэн нэмэлт, өөрчлөлтүүд атгаг муу сэдлээр хийгдээгүй нь лавтай. Эцэг хуулиа амьдралын шаардлагад илүү нийцүүлэх, нийгмийн амьдралд илүү тус дэм болгох үүднээс л хийгдсэн. Гэхдээ дутуу дулимаг юм хийгээд байгаа учраас Үндсэн хуулийн реформ маань нэг л өөдтэй болохгүй байна. Яагаад ийм дутуу дулимаг юм хийгээд байгаа юм гэсэн асуулт гарч ирнэ. Үүний учир шалтгаан олон биз. Гол нь том байгууллага, том албан тушаалтнуудын ашиг сонирхолын зөрчил, ойлголт төсөөлөл болон мэдлэг, мэдээллийн зөрүү зэргээс үүдээд ийм юм болоод байна гэж би дээр хэлсэн. Үндсэн хуулийн реформ ерөөс хэрэгтэй юу гэх дараагийн асуулт гарч ирнэ. Амьдралын зайлшгүй шаардлага байвал өөрчлөлт реформ заавал хийх ёстой гэж би үздэг. Хийх ёстой реформыг цагтаа хийхгүй орхивол цаг хугацаа ахих тутам нийгэмд илүү хортой тусдагйг бид яс махаараа мэдэрч явна.
-Тэгвэл яг ямар өөрчлөлтийг амьдралын зайлшгүй шаардлагаар Үндсэн хуульдаа тусгах ёстой гэж та үзэж байна?
-Сая би ярьсан. Шүүх засаглалаа цэгцлэх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах гээд амьдралын зайлшгүй шаардлага ар араасаа шахаж байна. Гэхдээ эдгээрээс ч дутахгүй чухал, зайлшгүй засаж янзлах шаардлагатай нэг асуудал бий. Энэ бол сонгуулийн тогтолцоо. Үүнийгээ бушуу өөрчилж, дан мажоритараас пропорциональ систем рүү шилжих, үгүй ядаж 50:50 холимог болгох амьдралын шаардлага гарцаагүй байна. Энэ өөрчлөлтийг хийхгүй бол ардчилалын арга хэрэгсэл, ардчилалын баталгаа байх учиртай ардын сонгууль маань асар их мөнгөний бохир өрсөлдөөн болж хувирлаа. 1990 оноос хойш бид сонгуулиа мажоритар тогтолцоогоор нийт найман удаа, 2012 онд холимог тогтолцоогоор ганц удаа хийж. Мажоритар тогтолцоо манайд хэрэгжиж эхлэхдээ мөнгөний зарцуулалт тал дээрээ арай л учиртай байж. 1990-д онд сонгуульд оролцохдоо бид овоо их мөнгө зарлаа гэж боддог байлаа. Тэр нь хоёр гурван сарын цалинтай дүйх буюу хэдэн мянган төгрөг болдог байв. Гэтэл шинэ цагт хэдэн зуун сая, одоо бүр хэдэн тэрбумаар өрсөлддөг болж. Мөнгөний ханшны уналт, инфляц зэргээ тооцсон ч энэ бол галзуу их мөнгө. УИХ-ын гишүүн болохын тулд дор хаяж гурваас таван тэрбум хэрэгтэй гэсэн тооцоо гадуур яригдаж байна. Энэ юу гэсэн үг вэ. УИХ-д зөвхөн тэрбумтан бизнесмен, эсвэл хэдэн тэрбум төгрөгийг яаж ийж байгаад босгосон хүмүүс л суух болж байгаа юм уу. “Яаж ийж байгаад” босгосон энэ их мөнгө нь юун мөнгө вэ. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэргээс үүсэл гаралтай мөнгө биш биз гэж аргагүйн эрхэнд бодогдоно… Сонгуульд зарцуулсан бүх мөнгийг бохир мөнгө гэж би хэлэх гэсэнгүй. Гэхдээ ихэнх нь “их л учиртай” мөнгө байх даа. Ардчилсан сонгууль нэртэй энэ асар их мөнгөний бохир өрсөлдөөнийг хувь нэр дэвшигч бүү хэл, улс орны эдийн засаг маань хүртэл даахгүй шинжтэй болж ирж байна. Тийм биз дээ. Нөгөөтэйгүүр, мажоритар тогтолцооны өөр нэг муу тал нь илэрсээр илэрсээр замаа алдсан. Улс орны хөгжлийн нэгдсэн бодлого алдагдаж, улсаа 76 ванлиг ханлиг шиг юманд хувааж тараасан мэт болж ирсэн. Жилдээ ганц хоёр ордог соёлын төв, спортын ордон сум болгонд шахуу баригдсан. Гэтэл улсын нэгдсэн төсөв, бодлогоор баригдах ёстой цахилгаан станц, эмнэлэг, сургууль хүрэлцэхгүй байна гэж тувтхалагласаар суух. Нөгөө олон жил яригдсаар ирсэн бүсчилсэн хөгжлийн бодлого маань мажоритар энэ тогтолцооны үед хэрэгжинэ гэж бодож байна уу?
-Таны хэлснээр мажоритараас пропорциональ систем рүү шилжээд, үгүй ядаж 50:50 холимог болгочихвол бүх юм сайхан болчих хэрэг үү?
-Хөөрхөн ёжилж байх шив дээ (инээв). Бүх юм сайхан хэзээ ч болчихгүй. Үүнтэй адил өндөг шиг өөгүй сонгуулийн тогтолцоо гэж хаана ч үгүй. Мажоритар, холимог, пропорциональ гэх сонгуулийн гурван үндсэн тогтолцоо бий. Тэд бүгд дотроо олон хувилбартай, эдгээр хувилбар нь бүгд л сайн, муу олон талтай. Амьдралын зайлшгүй шаардлагадаа нийцүүлэн арай гайгүйг нь сонгож авах л асуудал байгаа. Пропорциональ тогтолцоо нь сонгуулийг дан мөнгөний өрсөлдөөн болгоод хаячихдаггүй, улсаа нэгдсэн бодлогоор хөгжүүлэх илүү бололцоо олгодог онцлогтой учраас бидэнд өнөөдөр илүү тустай. Тэгээд ч парламентын засаглалыг сонгож авсан орны хувьд энэ тогтолцоо нь илүү тохиромжтой, илүү органик гэж би аль 1992 онд үздэг байсан. Чиний асууж байсан тэр өргөдлөө бичээд өгч байх үед шүү дээ. 30 жил тэгж үзсээр ирсэн, одоо ч тэгж үзсэн хэвээр. Гэвч энэ бол хувь хүний л бодол, итгэл үнэмшил маань. Эцсийн шийдвэрийг нийгэм, нийгмийн гол төлөөлөл болсон УИХ л гаргана.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан. Н.Энхбаяр гуайн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд “Монгол Улсыг Бүгд найрамдах улс болгоно, УИХ дээд, доод хоёр танхимтай байна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс парламентын гишүүнээр шууд томилогддог болгоно” гэсэн утгатай санаанууд орсон байна. Энэ бол Монгол Улс ардчиллаас ухарч, социалист улс болгон системийн өөрчлөлтийг хийх санаа гэх шүүмжлэл нэлээд хөвөрч харагдана лээ. Үүн дээр та ямар санаа бодолтой байна?
-Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг нийгмийн сүлжээнээс олж харсан. Тэр захирамжинд нь, улс төрийн намууд Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал дэвшүүлсээр байна. Тэдгээрийг судлаж нэгтгээд саналаа танилцуулна гэсэн байсан. Тэрнээс шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад ир гэсэн юм алга. Н.Энхбаяр маань нийгмийн өндөр идэвхтэй хүн учраас улс төрийн намуудын санал онолыг судлаж нэгтгэхийн оронд шууд л шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулжээ гэж би ойлгосон. Би тэрнийг нь үзээгүй. Харин орсон зарим санааг нь бас л нийгмийн сүлжээнээс олж харсан. Н.Энхбаяр Үндсэн хуулийн шинэ төсөл боловсруулсныг нь гэмт үйлдэл хийсэн мэт, ардчилалаас ухарч, социализмаа санагалзлаа гэж дүгнэх нь юу юм. Тэр арай хэтрэнэ. Гэхдээ тэр шинэ төсөлд нь орсон санаануудын ихэнх нь миний хувьд тун эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй санагдсан. Шулуухан хэлэхэд.
-Яг юуг нь эргэлзээтэй, хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа талаар танаас арай дэлгэрэнгүй тодруулж асууя. Монгол Улсыг Бүгд найрамдах улс гэж нэрлэх саналын талаар таны бодол юу вэ?
-Республик гэх үгийг монголчлохдоо яагаад ч юм “бүгд найрамдах” гэж буулгасан байдаг. Урд хөршийн хэрэглээнээс дамжиж ирсэн нэршил гэж би дуулсан. Гэвч би хэлний мэргэжилтэн биш учраас баттай хэлж мэдэхгүй. Республик гэдэг нь “рес, публикус” гэх латин хоёр үгийн нийлбэр. Махчилвал “нийтийн үйл хэрэг” гэсэн утгатай. Нийтийн сонгуулиар бүрддэг засгийг хаант засгаас ялгахын тулд гаргаж ирсэн эрт дээр үеийн нэр томъёо. 1924 оноос 1992 он хүртэл улсын маань нэр БНМАУ байлаа. Шинэ Үндсэн хуулиар “бүгд найрамдах, ард” гэх хоёр үг хасагдсан. Хасах гэж бас л бөөн маргаан болж байсан. Тэгээд “Монгол Улс” гэх маш энгийн, элдэв чимэггүй нэр үлдсэн. Миний хувьд бол нэмэх, хасах юм энд юу ч алга. Харин англи руу орчуулахдаа “Монгол Улс” гэдгээ зүгээр “Mongolia” биш “State of Mongolia” гэвэл арай сонсголтой, түүхэн сууриа тодотгож илтгэсэн болох юм шиг надад санагддаг. Гэхдээ энэ бол дахиад л хувь хүний бодол санаа.
-УИХ дээд, доод танхимтай байх нь манайд хэр зөв юм бэ?
-Нэгд, дээд доод танхимтай парламент нь гол төлөв хүн ам ихтэй, холбооны тогтолцоот том улсад байдаг бүтэц. Манайх бол холбооны улс биш. Нэгдмэл, цомхон улс учраас ийм бүтэц илүү санагддаг. Хоёрт, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх аль ч засаглал салаалах тусмаа хариуцлагын тогтолцоо алдагдаж, “чи, би” гэдэгтээ хүрэх гээд байдаг. Нэг ажлыг хоёр хүн хариуцахтай адил юм болдог. “Ямбыг өөртөө, ялыг өрөөлд” гэх хандлага, оролдлого манайд байсаар ирсэн нь нууц биш. Ийм хандлага хамаг ажлын садаа болсоор, хариуцлагын тогтолцоог будилуулж бүрхэгдүүлсээр ирсэн. Гуравт, манайд төрийн популизм газар авсан. Ийм нөхцөлд нэг танхим нь хууль тогтоох бодлогоо хэрэгжүүлж байтал, нөгөө танхимын гишүүд нь тодрох гээд л, “ард түмэндээ илүү хайртай” гэдгээ харуулах гээд л хэрэгжүүлж буй тэр бодлогыг нь хайр найргүй шүүмжлээд, хийсэн шийдсэн бүхнийг нь үгүйсгээд хууль тогтоох ажлыг бүр гацаачих магадлал өндөр.
-Парламентийн гишүүдийн тоог нэмэх нь зөв үү?
-Энэ бол зөв санаа. 1992 оноос хойш хүн ам нэмэгдсэн учраас түүнийгээ дагаад парламентын гишүүдийн тоо ч нэмэгдэх ёстой. “Хорь хүрэхгүй хүн хууль батлаад сууж байна” гэдэг нь худлаа биш. Гэхдээ хүн ам өссөн тэр хэрээр нь нэмэгдэх ёстой. Гишүүдийн тоо хэт олон, эсвэл хэт цөөн байх нь ажилд нэмэргүй. Гишүүдийн тоо хэт цөөн байхлээр нэг гишүүний эдлэх эрх мэдлийн хэмжээ хэт их болж “76 сайд, дарга” болох гээд байдаг. Нөгөө талаас хэлэлцэж баталж буй энэ олон хуулийнхаа үндэслэл тооцоо, амьдралын шаардлагад нийцэж буй эсэхийг судлах боломж нь хомс болдог. Үүнээс болж парламентын хууль тогтоох ажиллагааны чанар мууддаг гэх мэт зовлон бий.
-Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс парламентын гишүүнээр шууд томилогддог болох санаа байна. Н.Энхбаяр гуай энэ санаагаа тайлбарлахдаа “Би өөрийгөө хэлээгүй. Харин Очирбат гуай яагаад тэнд томилогдож болохгүй гэж. Бямбасүрэн гуай яагаад болохгүй юм. Баяр яагаад болохгүй юм?” гэж нэр заан ярьсаныг та юу гэж үзэж байна вэ?
-ОХУ, Казахстан зэрэг зарим улс оронд парламентын дээд танхим буюу сенатын гишүүдийг шууд томилдог практик бий. Манайд бол дээд танхим хэрэггүй учраас ийм практик ч бас хэрэггүй. Мань мэтийн динозаврууд бол “дуудвал оч, асуувал хариул” гэх ахмад настны алтан зарчмаар явж байхад болно. Тэрнээс хууль батлаад л, шийдвэр гаргаад л сууж одоо яах юм. Цагийн юм цагтаа гэдэг. Төр засгийн тэргүүн байсан, парламентад олон удаа сонгогдож хашир суусан хүмүүсийнхээ мэдлэг туршлагыг ашиглая гэж байгаа бол өөр олон практик хэлбэр бэлхнээ байгаа шүү дээ.
-Та Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөлийг хэлж байх шиг байна. Тэр зөвлөл нь ямар давтамжтай хуралдаж, ямар асуудал хэлэлцдэг юм бэ. Та энэ Ерөнхий сайдад хамгийн түрүүнд юу зөвлөмөөр байна вэ?
-Зөвлөлийн хурлын давтамж, хэлэлцэх асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийддэг. Ихэнхдээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газраас авах гэж байгаа арга хэмжээний талаар бидний саналыг асуудаг, харилцан ярилцдаг. Харин чиний сүүлчийн асуултын хувьд гэвэл Ерөнхий сайдад зөвлөх юм байвал түүнийгээ би сурвалжлагчаар дамжуулж биш, өөрт нь шууд хэлсэн дээр байх аа (инээв).
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг та хэрхэн дүгнэж байна. Энэ удаагийн Засгийн газар хулгай зэлгий, авлига хээл хахууль зэрэг өмнөх Засгийн газруудын хийж амжаагүй, чадаагүй зүйлийг гүйцээж, болох бүтэхгүй болгонтой тэмцэж, шийдэж чадаж байна гэж та харж байна уу?
-Хулгай зэлгий, авлига хээл хахуультай энэ Засгийн газар, энэ Ерөнхий сайдын хийж байгаа тэмцэл болон өмнөх Засгийн газруудын хийж амжаагүй, чадаагүй зүйлийг гүйцээх тухай асуудал бол тусдаа том сэдэв гэж бодож байна. Жич дэлгэрэнгүй ярилцах ёстой сэдэв. Хоёулаа уг нь Үндсэн хуулийн асуудлаар л ярилцъя гэж эхнээсээ тохирсон. Өөр сэдэв рүү хазайж ороод л, ярилцлагаа уншихын аргагүй болгон томруулаад баймгүй байна. Тиймээс товчхон л хариулъя. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлсэн нэг үг тухайн үед олны анхаарал татсан байх. “Хулгай зэлгий, авлига хээл хахуультай тэмцэнэ гэдэг бол нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг, өөрийн зарим нөхөдтэйгээ тэмцэнэ гэсэн үг. Үүнийг би сайн ойлгож байгаа” гэсэн утгатай үг хэлж байсан. Тухайн үед бол их л этгээд эрэмгий сонсогдож байсан үгс. Одоо бол тэр яг хэлснээрээ л тэмцэж байна. Энэ бол амаргүй ч, энэ Ерөнхий сайд, энэ Засгийн газрын хийж байгаа энэ тэмцэл амжилтанд заавал хүрэх ёстой. Гэхдээ дан ганц Засгийн газар тэмцээд барахгүй. Энэ тэмцэлд хууль шүүхийн байгууллага “муур хулгана” болж тоглолгүй жинхнээсээ оролцох ёстой. Энэ тэмцэлд нийгмийн өргөн дэмжлэг, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ энэ тэмцэл амжилтанд хүрнэ.
-Сүүлийн асуулт. Та Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслөөс гадна Таван толгой, ураны төсөл зэрэг асуудал шийдэх гэж нэлээд зүтгүүлсэн. Таны үед эхлээд арван жил гацсан төмөр замын бүтээн байгуулалтын ажил одоо л дахин хөдөлж эхэлж байх шиг. Төмөр замгүйгээс болж алдагдсан боломж гэж нийгэмд их ярьдаг. Энэ төмөр зам дээр хэн гавьяа байгуулж, хэн гай тарьсан гэж хардаг вэ?
-Төмөр зам цагтаа амжиж бариагүйгээс болж алдагдсан боломж асар их. Алдагдсан боломжийг яаж тооцож, тоолох ёстойг бүү мэд. Алдагдлын хэмжээг тэрбум, их наядаар тоолоод барахгүй. Хэдэн жилийн улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүнээр л багцаалж хэмжих ёстой байх. Гэхдээ хамгийн гол нь мөнгө биш. Мөнгийг нөхөж олж болдог. Харин алдсан цаг хугацааг нөхөх аргагүй. Энэ зуур мөнгөнөөс гадна хичнээн их өөр олон боломж алдагдсаныг өнөөдөр хэн хэлж мэдэх юм. Хэн гавьяа байгуулж, хэн гай тарьсаныг надаас асууж байна. Би хэлвэл хувийн бодлоо л хэлнэ. Хувийн бодол бол хувийн л бодол. Чиний асуултын эцсийн хариуг манайд одоо байхгүй байгаа ч, бий болох ёстой шудрага шүүх, эргэж нөхөх аргагүй цаг хугацаа хоёр л эцэслэн хэлэх байх даа.
Б.НОМИН-ЭРДЭНЭ