Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй Газрын тухай багц хуулийн төсөлд засах шаардлагатай олон зүйл, заалт байгаа нь Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналаас харагдаж байна. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэдэг маргааны дийлэнхийг төрийн захиргааны байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн хооронд газар өмчлөх, эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл, хот төлөвлөлтэй холбоотой маргаан маргаан эзэлдэг. Тиймээс ч шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны явцад хуулийн зохицуулалтыг шүүх хэрхэн тайлбарлаж хэрэглэж байгааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс судалж, эрх зүйн зөрчлийг шинэ хуульд засах учиртай. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас хууль санаачлагч болон УИХ-д хүргүүлсэн онцлог саналуудыг тоймлон хүргэе.
Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах шаардлагатай
Газрын ерөнхий хуулийн төслийн 22.1.6-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга газрын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 48.3-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасантай зөрчилдөж байна гэжээ. Захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг удаа дараа өөрчлөх, ялангуяа сонгуулийн үр дүнгээс хамаарч удирдлага өөрчлөгдсөнөөр захиргааны байгууллагын үйл ажиллагааны залгамж холбоо алдагдах, урьд гаргасан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал тодорхойгүй болох зэрэг үр дагавар гардаг учраас Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалтаар хязгаарлажээ. Хуульд зааснаар захиргааны хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан нь уг шийдвэрийн улмаас бусдад учирсан хохирлыг өөрөө барагдуулах үүрэгтэй, хэрэв захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг алдаатай, хууль бус гэж үзэж, “хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй” байх бол үүний улмаас бусдад учирсан хохирлын асуудлыг хэн, хэрхэн яаж шийдэх талаар дагалдах зохицуулалтыг уг хуульд оруулах шаардлагатай гэдэг саналыг хүргүүлсэн байна.
Зохицуулалтын агуулга нь тодорхойгүй олон заалт байна
Газрын ерөнхий хуулийн төслийн 55.1.1, 77.1.1 дэх хэсэгт заасан “Газрын хязгаарлагдмал эрхтэй этгээд үүргээ хоёр, түүнээс дээш удаа зөрчсөн”, “газар ашиглуулах гэрээний үүргээ хоёр, түүнээс дээш удаа зөрчсөн” бол газар ашиглуулах гэрээг цуцалж, хүчингүй болгох гэсэн зохицуулалтын агуулга нь тодорхойгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй, газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг захиргааны байгууллага өөрийн үзэмжээр, дур зоргоор шийдэх сөрөг үр дагавар үүсгэхээр байна гэжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцлага буюу газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгосон захиргааны шийдвэр нь зөрчлийн шинж байдалд тохироогүй бол уг шийдвэр нь шүүхээс хүчингүй болох үр дагавар үүснэ гэдгийг Улсын дээд шүүхээс анхааруулсан байна. Мөн нийтийн сервитут тогтоох шийдвэрт түүний нөхцөл, болзол, хугацааг тодорхой заахаар хуульчлах зайлшгүй шаардлагатай. Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ байгуулах, ашиглах зорилгоор бусдын өмчлөх болон бусад эрхээр хамгаалагдсан газар дээр төрөөс нийтийн сервитутыг хугацаагүйгээр тогтоох боломжийг аливаа хязгаарлалтгүйгээр олгох агуулгатай зохицуулалт төсөлд байгааг дурдсан байна.
Бусдын хууль ёсны өмчлөл, эзэмшилд байгаа газрыг төрийн мэдэлд эргүүлэн авах бол эрх эзэмшигчтэй тохиролцохыг шаардана
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар санал өгөхдөө Захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр газар чөлөөлөх үйл ажиллагаанд “харьцангуй тодорхой байх” зарчмыг баримтлах шаардлагатайг шүүхээс сануулжээ. Уг хуулийн төсөлд, газар өмчлөгч, газрын эрх бүхий этгээдтэй харилцан тохиролцож, зөвшилцөх замаар газар чөлөөлнө, хэрэв тохиролцоонд хүрээгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу газрыг төрийн мэдэлд эргүүлэн авна гэх агуулгатай заалт оруулсныг өөрчлөх шаардлагатай гэв. Бусдын хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, бусад эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөл, тохиролцоо, нөхөх олговрын үндсэн дээр шилжүүлэн авах хууль зүйн боломжтой, харин “тохиролцохгүй бол шүүхийн шийдвэрээр төрийн мэдэлд эргүүлэн /хураан/ авах” хууль зүйн боломжгүй болохыг Улсын дээд шүүхээс хүргүүлсэн саналд анхааруулсан байна.
Хуулийн дагуу хадгалагдаж байгаа өмчлөх эрх Үндсэн хуулиар хамгаалагдсан болохыг сануулав
Монгол Улсад хувийн “өмчийн эрх” нь Үндсэн хуулиар хамгаалагддаг бөгөөд бусдад өмчлөх эрх үүссэн газрыг чөлөөлж (төр хурааж авах), нийтийн эзэмшилд шилжүүлэхэд туйлын тодорхой, хязгаартай зохицуулалт шаардлагатай гэдгийг хууль санаачлагч болон УИХ-д хүргүүлсэн саналдаа дурдсан байна. Уг заалтын “газрын эрхийн зөрчил” гэж газрын ямар эрхийн зөрчлийг хамааруулсан нь тодорхойгүй, тухайлбал, газар “өмчлөгч”-ийн эрхийн зөрчил нь энэ тохиолдолд юу болох, ямар тохиолдолд уг зөрчил нь газар өмчлөгчийн эрхийг хүчингүй болгох үндэслэл болох нь тодорхойгүй байна. Ямар нэг зөрчил байсан бөгөөд уг зөрчлийг үндэслэн иргэний өмчилсөн газрыг хурааж аваад нөхөн олговор олгохгүй гэсэн шууд агуулгатай бол Үндсэн хууль болон бусад олон хуулийн зарчим, агуулгуудтай зөрчилдөхийг сануулав. Түүнчлэн, газрын эрх эзэмшигчид зөрчлөө арилгах боломж олгох зохицуулалтыг хуульд оруулах, ямар ч тохиолдолд газар өмчлөгчид газрын нөхөх олговор олгох зэрэг уян хатан, иргэний эрхийг хүндэтгэсэн, хамгаалсан зохицуулалт хийж, захиргааны шийдвэр гаргах эрхийг хязгаарлах нь зүйтэйг сануулжээ. Түүнчлэн, газар чөлөөлөлтөд өртсөн этгээд шүүхэд хандах эрхийг хангах, хохирлыг төлөх мөнгөн хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүй байхад газар өмчлөгчийн эрхэд халдах үндэслэлгүй, газар чөлөөлөх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан төлөвлөлтийн дагуу явагдах, эсхүл тухайн хуулиар төлөвлөлтийн тусгай журмыг нарийвчлан зохицуулах зэргийг анхааруулсан байна.
Газрын төлбөрийн өртэй байх нь төрөөс нөхөх олговоргүйгээр газар чөлөөлөх үндэслэл болох уу
Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх тухай хуулийн төслийн 21.2.4-т “газрын төлбөрийн өргүй байх” гэснийг хасах нь саналыг Дээд шүүхээс өгчээ. Учир нь, хуулийн төслийн агуулгаар газар чөлөөлөх үйл ажиллагааны зорилго нь төрөөс хууль гаргаж, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхийг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хязгаарлах явдал бөгөөд үүний тулд газар чөлөөлтөд өртөж буй иргэн, хуулийн этгээдэд уг асуудлаар аливаа үүрэг ногдуулах, үүргийн биелүүлээгүй бол эрхийг нь хязгаарлах агуулгаар зохицуулалт хийх нь буруу гэв. Тухайлбал, газрын төлбөрийн өртэй бол нөхөх олговроос уг өрийг суутгахаар тохиролцох боломжтой байхад хэдий хэмжээний “өртэй”-өөс үл хамааран нөхөх олговор олгохгүй агуулгаар хуулийн төсөлд тусгасан нь газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхийг хөндөх, зөрчих агуулгатай байна гэдгийг анхааруулсан байна.
Өмчлөлийн газар дээрээ сууц бариагүй, мод бут тарьсан бол өмчлөх эрхийг хүчингүй болгох уу
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн төслийн 22.1.2-т “өмчийн газраа зориулалт бусаар ашигласан” гэснийг мөн тодорхой болгох шаардлагатай гэжээ. Газрын ерөнхий хуулийн төслийн 40.1-д “амины орон сууцны байшин, гэр, сууц барих” зориулалтаар иргэнд газар өмчлүүлэхээр заасан, үүнийг ямар зориулалтаар өөрчлөн ашиглаж болохгүй талаар хуульд урьдчилан тодорхой заах, ийнхүү зориулалтыг өөрчлөн ашигласан нь гадагш чиглэсэн ноцтой хор хохирол, үр дагавар учруулсан байх нөхцөлийг зэрэг шаардах нь зүйтэй гэж сануулжээ. Тухайлбал, иргэн өөрийн өмчлөлийн газар дээрээ сууц бариагүй бөгөөд мод бут, эсхүл хүнсний ногоо тарьсан бол газар өмчлөх эрхийг шууд хүчингүй болгох агуулгаар хуульчилж болохгүй гэж саналд дурджээ.
Захиргааны байгууллагын нэхэмжлэлээр иргэний газар өмчлөх эрхийг шүүх хүчингүй болгох уу
Төслийн 29.1.2-т “газар өмчлөх эрхийг хүчингүй болгох талаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэснээс үзэхэд газар өмчлөх эрхийг хүчингүй болгох шийдвэрийг захиргааны байгууллага өөрөө гаргахгүй харин шүүх шийдвэрлэх агуулгатай байна. Энэ нь “маргаан шийдвэрлэх” шүүхийн үндсэн чиг үүрэг, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зохицуулалтуудад нийцэхгүйг сануулжээ. Өөрөөр хэлбэл, шүүх нь захиргааны байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй тул уг зохицуулалтыг тодорхой болгож, газар өмчлөх эрхийг хүчингүй болгох шийдвэрийг хэн гаргах талаар тодорхой зохицуулалт оруулах, уг шийдвэрт эрх нь хөндөгдөж буй этгээд шүүхэд маргах эрхийг тодорхой дурдаж зохицуулах нь зүйтэй гэсэн байна. Газрын тухай багц хуулиар энэ мэт иргэн, аж ахуйн нэгжийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан, халдсан зүйл заалт орсныг шүүхээс анхааруулжээ. Хууль тогтоогчид саналыг төсөлд хэрхэн тусгахаас газартай холбоотой шүүхийн маргаан буурах эсэх нь шийдэгдэх биз ээ.
Улсын дээд шүүхээс хууль санаачлагчид хүргүүлсэн саналын дэлгэрэнгүйтэй https://supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2835&pr=14&tp=list&h=0 холбоосоор танилцах боломжтой аж.