УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-1992 оны Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэж баталсан тул маш сайн болсон. Социализмын үед хүний эрх зөрчигдөж байсан. Ийм учраас уг Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг их тусгаж өгсөн юм. Ингээд хүний үүрэг, хариуцлагын асуудал харьцангуй бага тусгасан гэж хувь хүнийхээ үүднээс боддог. Монголчууд эрхээ хангалттай эдэлж байна. Иймд эрхтэй хамт үүрэг хариуцлагын асуудлыг тодорхой гаргаж өгөх шаардлагатай юм.
-Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг саналын хэмжээнд авч үзэх шийдвэрийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан. Ингээд зөвшилцөх ажлын хэсэг байгуулж үүнийг Ерөнхийлөгч ахлаж байгаа. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн санал болгосон хуулийн төслөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд нэмж оруулах боломжтой зүйлийг нь авна гэсэн үг.
Ерөнхийлөгчийн хуулийн төсөлд тусгасан хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой асуудалд санал нэг байгаа. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэхэд санал нийлэхгүй. УИХ-д 76 гишүүн байхад хангалттай. Манай төрийн толгой данхайсан. Дороо шийдвэр хэрэгжүүлэх механизм нь муу болсон. Төрийн алба дунд түвшинд бас занхайсан стандарт бус бүтэцтэй болсон шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг 108 болгох шаардлагагүй гэж үзэж байгаа. Мөн УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгах шаардлага байхгүй. Манай ажил муу байгаа нь хугацаандаа биш. Үндсэн хуулиа шинэчлэх шаардлага бий. Тэгээд хууль хэрэгжүүлэх механизмаа тодорхой болгох ёстой. Нэг ёсондоо үүрэг, хариуцлага тооцдог болгох хэрэгтэй юм. Гэмт хэрэгт нэр холбогдсон, алдаа гаргасан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцсон асуудал алга. Ийм учраас төрийн дээд түвшинд хариуцлагын тогтолцоотой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцлага алдвал улс төрийн болон хуулийн хариуцлага хүлээдэг болгох шаардлагатай юм. Төрд ажиллах шалгуур муу, чадалтай боловсон хүчингүй байгаа учраас төрийн ажил муу байгаа юм. Түүнээс биш яамны Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаатай сонгоод сайн зүйлд хүрнэ гэж бодохгүй байна.
-Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх талын заалт бий юү?
-Яг тийм заалт байхгүй. Энэ асуудлыг органик хуулиар зохицуулж болно. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явц дунд уг асуудлыг тодорхой болгох ёстой.
-Эдийн засгийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэр тусгаж байна. Эдийн засгийн асуудал орхигдсон гэдэг шүүмжлэл гарч байгаа шүү дээ?
-Би С.Бямбацогт гишүүнтэй хамтарч бодлого төлөвлөлтийн асуудлыг Үндсэн хуульд тусгахаар ажиллаж байна. Манай улсад 500 гаруй бодлогын баримт бичиг бий. Үүний уялдаа холбоо гэж алга. Үүний биелэлтийг дүгнэсэн зүйл байхгүй. Нэг Засгийн газар гарч ирээд өөр өөрийн бодсон санаснаараа нэг төлөвлөгөө гаргаад ажилладаг. Дараагийн Засгийн газар нь түүнийг нь мөрддөггүй. Ийм учраас Монгол Улсын хөгжлийг дунд, урт хугацаанд төлөвлөдөг, түүнийхээ хэрэгжилтийг хангадаг Засгийн газрын бүтцийн байгууллагатай болох ёстой. Өөрөөр хэлбэл Хөгжлийн яамтай болж байж улс орны хөгжил тогтвортой байх юм. Үндсэн хуульд саяхан хийсэн судалгаагаар хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эзэнгүй байна гэж гарсан. Ийм уг асуудлыг Үндсэн хуульд оруулахаар ажиллаж байгаа юм. Эдийн засгийн бүх асуудлыг Үндсэн хуульд оруулах боломжгүй. Гол гол асуудлыг нь тусгахад болно гэж бодож байна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг хэдийд дуусах вэ?
-Ерөнхийлөгчийн санал оруулж ирсэн учраас хоёрдугаар хэлэлцүүлгийн хугацаа хойшилсон. Ингээд нэгдүгээр хэлэлцүүлгээс гарсан зарчмын зөрүүтэй санал дээр Ерөнхийлөгчийн саналыг нэмэх юм. УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 9 хүртэл завсарлаж гишүүд тойрогтоо ажиллана. Тэгэхээр наймдугаар сард багтаж хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх байх гэж бодож байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа долоо хоногийн хугацаанд гишүүд ард иргэдтэй уулзаж ярилцах ёстой. Ингэж байж гуравдугаар хэлэлцүүлэгт орох юм.
-Шүүгчийг 12 жилийн хугацаатай томилох асуудал шүүмжлэл дагуулж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Бид бусдыг дуурайхдаа учиртай хандах ёстой. Манай улсын хувьд шүүгчийг, Төрийн нарийн бичгийн даргыг олон жилээр томилох шаардлага байхгүй. Монгол Улс АНУ шиг болтол хол байна шүү дээ. Ийм учраас одоо томилон ажиллаж байгаа хугацааг нь хэвээр нь үлдээх ёстой.
-Давхар дээлний асуудал нэлээд хүчтэй яригдаж байна. Засгийн газрын гишүүд, сум, дүүргийн Иргэдийн хурлын Төлөөлөгч гээд давхар дээлтэй байх талаар яриа л байгаа шүү дээ?
-Засгийн газрын бодлогын дөрвөн яамыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэж тусгасан. Учир нь УИХ-ын үйл ажиллагааг уялдуулж явах юм. Тухайлбал, Сангийн яам, ХЗДХЯ байна л даа. Ерөнхийлөгчийн саналд Ерөнхий сайдаас бусад нь дан дээлтэй байхаар тусгасан байна. Ер нь төрийн бүхий л түвшинд дан дээлтэй байх ёстой. УИХ-ын гишүүн хууль тогтоогоод салбарыг удирдаад явах боломжгүй юм.