Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн өнгөрөгч 30 жил алдаагаар дүүрэн байсан уу гэвэл тийм биш. Гэхдээ тогтолцоогоо өөрчлөх, хөгжлийн бодлого төлөвлөлтөө сайжруулах зайлшгүй шаардлага бий. Үүнийг эрх баригч МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлж онцолсоор ирсэн. Эргээд харахад тэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа энэ бүх өөрчлөлт шинэчлэлтээ хийж амжлаа. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн долоо хоногт УИХ-аар сонгуулийн тойргийг томсгож бүсчилсэн байдлаар байгуулах саналаа тогтоол болгон батлуулав. Ингэснээр манай улс дараах байдлаар УИХ-ын сонгуулийн 13 тойрогт хуваагдав.
- 1 дүгээр тойрог 9 мандаттай (Архангай, Баянхонгор, Өвөрхангай)
- 2 дугаар тойрог 10 мандаттай (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)
- 3 дугаар тойрог 3 мандаттай (Баян-Өлгий)
- 4 дүгээр тойрог 8 мандаттай (Булган, Орхон, Хөвсгөл)
- 5 дугаар тойрог 10 мандаттай (Дархан-Уул, Сэлэнгэ, Төв)
- 6 дугаар тойрог 7 мандаттай (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)
- 7 дугаар тойрог 7 мандаттай (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь)
- 8 дугаар тойрог 5 мандаттай (Баянзүрх)
- 9 дүгээр тойрог 3 мандаттай (Баянгол)
- 10 дугаар тойрог 6 мандаттай (Сүхбаатар, Чингэлтэй)
- 11 дүгээр тойрог 5 мандаттай (Сонгинохайрхан)
- 12 дугаар тойрог 5 мандаттай (Хан-Уул)
- 13 дугаар тойрог 6 мандаттай (Багануур, Багахангай, Налайх)
Ийнхүү сонгуулийн тойргийг томсгон байгуулж байгаа нь сонгуульд мөнгөний, жалга довны, ах дүү хамаатан садны нөлөөг багасгаж шударга сонгууль зохион байгуулах, төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлж дахин сонгогдохын төлөөх тойргийн улс төрөөс илүү том бодлогуудаа хэрэгжүүлэх давуу талтай. Үүнээс өмнө Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналаа батлуулж чадсан. Энэ бүх шийвэр нь улс төрийн тогтвортой байдалтай шууд хамааралтай. Улс төр тогтвортой, улстөржилт багатай байж чадвал хүссэн өөрчлөлтөө хийж болдгийг сүүлийн жилүүд харуулж байна. Товчхондоо тогтвортой засаглалаас тодорхой үр дүн гардаг аж. Бодлогын асуудлууд нь богино зайн улс төрөөсөө хол давхиж буйг хэд хэдэн жишээнээс харж болохоор байна. Ямар боловч одоо 1992 оноос хойш ярьсан ч хийж чадалгүй явсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, улмаар сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах асуудлууд эцэслэн шийдэгдлээ. Ирэх онд болох сонгуулиар Монголын парламент анх удаа 126 гишүүнтэй болох бөгөөд 78 нь тойргоос, 48 нь жагсаалтаар УИХ-д сонгогдоно. Энэ бол Үндсэн хуульд оруулж өгсөн реформ. Энэ бүхнийг манлайлж хэрэгжүүлсэн хүн нь Л.Оюун-Эрдэнэ.
Хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу парламент сонгуулийнхаа тойргийг байгуулчихлаа.
Сонгуулийн тогтолцооны согогийг монголчууд хангалттай их мэдэрсэн. Нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувийн саналыг авсан нам парламентад үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, 40 хувийн дэмжлэгтэй нь гудамжинд лааз өшиглөөд л явж байна. Энэ өнцгөөс нь харвал МАН хоёр сонгууль дараалж ялсан тоглоомын дүрмээ өөрсдөө яагаад эвдэх ёстой гэж. Яагаад гэвэл энэ чөтгөрийн тойргоос одоо л гарахгүй бол Монгол Улс дахиад л дөрвөн жилийн хугацаагаа алдана. Хөгжлөө хойш улдан чангаана. Шанага, бетон, гурил, будаа тараасан нь УИХ-д сонгогддог мөнгөний хүчин зүйл мөддөө арилахгүй. Мөн тойрогтоо мөнгө тавиулах гэж төсвийн хэлэлцүүлэг дээр барьцаалагддаг УИХ-ын гишүүд хэзээ ч алга болохгүй. Яагаад гэвэл, улсын хөгжлөөс илүү сонгогдсон сумынхаа төлөө ажиллах нь тэр хүнд дахин сонгогдоход нь хэрэгтэй. Харин тойргоо томсгосноор ард түмэнд үлдэх өгөөж нь гарцаа байхгүй илүү.
Гишүүд нь төсвийн хөрөнгийг тарамдуулж, жижиг тойргоо усалж байх хугацаанд Монгол Улсын хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт олдсонгүй. V цахилгааны станц, нефть боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр гээд өнөөг хүртэл ярьсан ч үр дүн нь үзэгдээгүй цаасан дээрх төслүүдийн уртаас урт жагсаалт бий. Эрх ашгийн эрэмбээ бодсон ч, улс төрийг цэвэрлэх талаасаа ч, эргээд иргэдэд очих өгөөжийг нь бодсон ч жижиг тойргоор сонгууль явуулж болохгүй гэдэг Ерөнхий сайдын санал санаачилгыг улс төрий намууд, УИХ дэмжиж баталсан нь сайшаалтай.
Ийнхүү Ерөнхий сайд бөгөөд эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоог сонгох, сонгуулийн тойргийг томсгох саналаа ажил хэрэг болгож чадлаа. Одоо энэ бүх өөрчлөлтийг хэрэгжүүлэх л үлдлээ. Энэ их өөрчлөлт шинэчлэлт нь мөн л энэ Засгийн газрын батлуулсан “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Улс орныхоо хөгжлийн төлөө риск гаргасан ч үл тоон зоригтой реформ хийх зайлшгүй шаардлага тулгараад байлаа. Сайн, муу хэлэгдээд ч хамаагүй өөрчлөлтийг эхлүүлэх ёстой байлаа. Магадгүй Ерөнхий сайдын хувь улстөрчийн хувьд томоохон эрсдэл ирж мэднэ. Гэвч өнөөдрийн магтаалын төлөө гараа хумхилгүй зоригтой алхамууд хийх нь ирэх 30 жилийн өнгийг тодорхойлох эхлэл болох буй за.
Б.НОМИН