Иргэдийг баялагт нь эзэн болгоно, эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ гэж найман жилийн турш амласан эрх баригчид саяхнаас үнэнд гүйцэгдсэнээ мэдрэв үү дээ. Өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэд цалингаас цалингийн хооронд өртэй амьдрах болоод удлаа. Засгийн газраас “Эдийн засаг өсөж байгаа, Монгол Улсын орлого нэмэгдэж байгаа” хэмээн үргэлж тархи угааж байгаа боловч тэр өсөлт нь иргэдийн амьдралд огтхон ч мэдрэгдэхгүй байгаа. Эрх баригчид ч өөрсдөө үүнийгээ 2024 он шилжих үед хүлээн зөвшөөрсөн. Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээндээ “2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно” хэмээн амласан. Ингэж “Одоо л жинхэнээсээ иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ” хэмээх хоосон үгээрээ сонгуулийн жил гарч буйг зарласан. Түүнээс хойш бүтэн нэг улирал өнгөрлөө. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ буураагүй, харин ч өссөөр, халаас тэмтэрсээр. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж дагаад үйлчилгээний өртөг ч нэмэгдэв. Хамгийн наад захын жишээ такси нэг км нь 2000 төгрөг болсон. Энэ өсөлтүүд иргэдийн халааснаас урсан гарч байна. Засгийн газар энэ бүхнийг эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байсаар өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулна гэж хошгоруулсаар 2024 он талдаа орж байна.
Иргэдийнхээ амьжиргааны түвшинг нэмэх бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаа Засгийн газар эцэст нь үнэ бууруулах төлөө бүхнийг хүчээр шийдэх гэж оролдох болов. Чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч байгаагаа тэд таг мартсан гэлтэй. Тухайлбал, улаанбуудайн гурил, малын тэжээл, цементийг гаалын татвараас чөлөөллөө. Ингэж чөлөөлөхдөө тодорхой хугацаа заасангүй, бас оруулж ирэх квот ч тогтоосонгүй. Гаалийн албан татвараас чөлөөлсөн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж зарахыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж ямар ч хамаагүй хэмжээгээр оруулж ирэн зарах боломж бүрдэв. Үүний цаана хохирч үлдэх хүмүүс нь тариаланчид, үндэсний үйлдвэрлэгчид. Дотоодын хүнсний хангамжаа нэмэгдүүлж, цементийн үйлдвэрлэлээ хөл дээр нь босгох гэж Засгийн газраас бага мөнгө зарцуулсан. Үүний төлөө олон хүн хүч хөдөлмөрөө зарцуулсан. Гэвч энэ Засгийн газар үнэ бууруулах нэрийдлээр улаанбуудайн гурил, цементийг гаалийн албан татвараас чөлөөлж байгаа нь үйлдвэрлэгчдэд маш том дарамт болсон шийдвэр боллоо. Мөн хэдий болтол ингэж чөлөөлж буй нь тодорхойгүй байгаа нь цаашид ажлаа төлөвлөхөд нь ч хэцүү болж байна. Тариаланчид энэ хавар тариалалт хийх нь зөв эсэхдээ ч эргэлзэж буй. Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгодог гэдэг шиг Засгийн газар эдийн засгийн оновчтой, зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй, үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах байдлаар бараа бүтээгдэхүүний үнийг бууруулна хэмээн шийдвэр гаргаж байгаа нь улсаа хорлож байгаагаас ялгаагүй хэрэг. Улс орон бүр үйлдвэрлэгч болж байж хөгждөг. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй улс орнууд бүгд ийм байдаг. Манай улс ч үйлдвэрлэгч орон болохыг хүсдэг. Гэтэл энэ Засгийн газар үүнийг эсрэг, өөрсдийнхөө батлан хэрэгжүүлэхээ амласан “Алсын хараа-2050” бодлогынхоо эсрэг ажиллах болов.
Өмнө нь бараа бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгааныг цар тахал, геополитикийн асуудалтай холбон тайлбарлаж өөрсдөөсөө холдуулдаг байсан эрх баригчид энэ удаа үнэнд гүйцэгдэж, аргаа бараад гаалийн татварыг тэглэх эцсийн аргаа хэрэглэж байна. Энэ шийдвэр нь ямар хор уршигтай болох нь хэдхэн сарын дараа тодорхой болох биз ээ. Сонгууль удахгүй дуусна. Харин амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Ардчилсан нам засгийн эрхэнд гарсан тохиолдолд сонгуулийн дараа нэн даруй энэхүү шийдвэрийг цуцална гэдэгт үндэсний үйлдвэрлэгчид итгэж найдан, хүлээж суугаа. Л.Гантөмөр даргатай Ардчилсан нам аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ үргэлж дэмжсээр ирсэн. Тус намын зүгээс стратегийн чухал хүнсний нэг болох гурил үйлдвэрлэгчид болон тариаланчдад энэ нь хүнд тусна гэдгийг эрх баригчдад анхааруулсан боловч үл тоон шийдвэрээ гаргасан юм. Улс орны эдийн засаг хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруун дээр явдаг гэдгийг эрх баригчдад сануулъя.
Энэ бүх үйл явцаас харахад дайнаас болоод эдийн засгийн хоригт орж, дэлхийн зах зээлд шахагдаж, хүндхэн нөхцөлд хүрсэн хойд хөршийг дэмжиж, үндэснийхээ хэдэн үйлдвэрлэгчдийг ад шоо үзэж, буланд шахаж буй дүр зураг л тод харагдаж байна.