Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Байгалийн баялаг төрийн, эсвэл нийтийн өмч мөн гэсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал дээр хуваагдал үүсэв

УИХ-аас энэ сарын 18-нд 72 дугаар тогтоол баталж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж байгаа нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүг, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт, гишүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар ажиллаж буй.


72 дугаар тогтоолоор байгуулсан Ажлын хэсгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны долдугаар сарын 22-26-нд Төрийн ордонд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтож, эхний гурван өдрийн хэлэлцүүлгийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой асуудлаар тус тус зохион байгуулсан.


Улмаар Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлгийн сүүлчийн тав дахь хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдвээр Төрийн ордонд боллоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ, БОАЖЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллага, мөн их сургууль, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эдийн засагч, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцсон юм.


Сүүлчийн хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улс цаашид байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглаж, тэгш хүртээмж бий болгох вэ гэдгийг тодорхой болгохыг зорьж буй. Монголын иргэн бүр байгалийн баялгийн орлогоос хүртэх учиртай ч өнгөрсөн 27 жил үргэлжилсэн талцал, хуваагдлын үр дүнд байгалийн баялгийн шударга бус хуваарилалт явагдсаныг олон нийт шүүмжилж байна. Нийгмийн нэг хэсгийг хөрөнгөжүүлж, нөгөө хэсгийг ядуу болгосон байгалийн баялгийн тэгш бус хүртээмжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаж чадах уу гэдэг нь хэн бүхний анхаарал татаж буй гол сэдэв юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийн 6.2.-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална" гэж нэмэлт санал оруулсан.


Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд "Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлэх, хүртээмжтэй, тэгш шударга нөхцөлөөр ашиглах" гэсэн саналыг тусгасан юм. Тодруулбал, хуулийн төслийн 6.2.-т "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн.Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална” гэж өөрчлөлт оруулжээ.
Дээрх хоёр хуулийн төсөлд талууд харилцан адилгүй байр суурь илэрхийлж байв. Тухайлбал, нэг хэсэг нь байгалийн баялаг төрийн өмч гэдгийг нийтийн өмч гэж өөрчлөх нь зөв хэмээж, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналыг дэмжиж байгаа бол зарим нь үгүйсгэж, төрийн өмчид хамааруулах нь зөв хэмээн үзэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “1992 оны Үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж яагаад тусгасан бэ гэвэл тухайн үед төр гэдгийг ард түмэн гэж ойлгодог байсантай холбоотой. Харин одоо бол төр гэдгийг ард түмэн гэж ойлгохоо больсон. Ард түмнээс ямар нэгэн аргаар эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүнийг төр гэж ойлгодог болсон. Тиймээс байгалийн баялаг төрийн өмч байна гэж оруулах нь тэр хэсэг бүлэг хүний өмч болох учраас нийтийн өмч мөн гэж оруулж ирсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байна. Гэхдээ нийтийн өмч гэж заачихаад зохицуулалтыг нь тусгахгүй бол цааш явахгүй. Бусад улс орнуудад нийтийн өмчийг хэрхэн захиран зарцуулахыг тусгай хуулиар зохицуулдаг. Манайд ийм хууль байхгүй учир Ерөнхийлөгчийн саналыг амьдруулахын тулд Нийтийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журмыг тусгай хуулиар зохицуулна гэж тусгах нь зохистой” гэсэн юм.


Мөн Ерөнхийлөгчийн саналд “Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно” гэсэн заалттай салбарын сайд нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэв. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ тухай хэлэхдээ “Би гаднын Элчин сайдуудтай энэ асуудлаар ярилцсан. Үндсэн хуулийн суурь үзэл санаа, зарчмыг хөндөхгүйгээр захиргааны болон хүний эрхтэй холбоотой эсвэл шүүх засаглалтай холбоотой зүйлүүдээ тухайн үед нь шийдэж явсан жишээг ярьсан. Эдийн засагтай холбоотой асуудлыг муж, орон нутгийнхаа тухайлсан хуулиар зохицуулдаг. Энэ асуудал нь өдөр тутам, цаг тутам өөрчлөгдөж байдаг учраас тэр бүр Үндсэн хуулиа өөрчлөх нь утгагүй зүйл гэдгийг хэлж байгаа. Үүнийг Үндсэн хуульд зохицуулах гэж оролдох нь байгалийн баялагтай холбоотой Үндсэн хуулийн хямрал руу орох вий. Үндсэн хуульд дахь 6.2 дахь заалт сайн зохицуулалт. Монгол Улсын хөгжлийн замд тохирсон заалт мөнөөс мөн” гэв.


УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн гэж оруулж ирсэн өөрчлөлтэй би санал нэгдэж байна. Хоёрдугаарт, Монголбанктай холбоотой санал нь хэдийгээр зөв боловч Үндсэн хуулийн хөндөгдөөгүй зүйл, заалтад өөрчлөлт оруулах боломжгүй учраас саналыг нь тусгах боломжгүй" гэв. ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн төслийг танилцуулахдаа “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, ай сав төрийн өмч гэдгийг нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа үндэсний аюулгүй байдал, тэгш байдлыг хангана. Оюутолгойн гэрээг хийгээд алдагдалд орно гэж бодоогүй. Цаашид УИХ Оюутолгой шиг баялгийг төрийн өмч мөн гэж үзээд, гэрээ хийх эрхгүй болж байгаа юм. Байгалийн баялаг төрийн өмч гэдгийг нийтийн өмч гэж байна” гэдгийг танилцуулгадаа онцолсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com