Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
АН: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулах ёстой

-Ерөнхийлөгчийг УИХ сонгодог болсноор парламентын засаглал бэхэжнэ-

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх Ардчилсан намын байр суурийг тус намын УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат Төрийн ордонд өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентаар хэлэлцэж байгаа энэ үед Ардчилсан намын зөвлөл хоёр дахь хэлэлцүүлгийн явц, Ерөнхийлөгчийн саналын явц зэрэг нөхцөл байдалтай танилцсаны эцэст байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзлээ.

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал дээр өөрсдийн саналаа нэмэрлэж, зөвшилцлийн Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл Ардчилсан нам албан ёсны байр суурь, саналаа УИХ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хариуцаж буй Ажлын хэсэгт хүргүүлээгүй байв. Тиймээс бид өчигдөр (2019 оны долдугаар сарын 30) намын удирдлага, намын зөвлөлийн гишүүд болон намаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан байгуулсан өргөтгөсөн Ажлын хэсгийн төлөөллийн хүрээнд хуралдлаа. Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх өөрсдийн байр сууриа тодорхойлж, баримтлах шийдвэрээ эцэслэн гаргалаа” гэв.

 

Тэрбээр цааш нь өгүүлэхдээ, парламентын засаглалын тогтолцоог сайжруулж, бэхжүүлэх нь улс төрийн бүх хүчний хувьд эн тэргүүний зорилго байх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь аливаа нэг улс төрийн нам болон гишүүний явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх ёсгүй. Хэлэлцүүлгийн явцад өрнөж буй нөхцөл байдал, Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан зүйл заалт дотор маргаан дагуулсан олон сэдэв байна. Хамгийн чухал нь, үндсэн суурь зарчимд бүхий л анхаарлаа хандуулах нь зүйтэй гэсэн юм. 

Улмаар, парламентын тогтолцоог бэхжүүлэх, сонгодог парламентыг жинхэнэ утгаар нь бий болгох, парламентын хариуцлагыг дээшлүүлэх, ардчиллын үнэт зүйлийг сайжруулж, төгөлдөржүүлэхэд Ардчилсан намын үүрэг, оролцоо нэн тэргүүнийх байх ёстой. Энэхүү зарчмын байр сууриа өнөөг хүртэл бид хадгалсаар ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт нь Монгол төрийн ирээдүйн хувь заяаг тодорхойлох учраас ямар нэг явцуу эсвэл олонхын эрх ашигт хөтлөгдөх учиргүй. Тиймээс Ардчилсан нам гурван гол зүйлд анхаарлаа хандуулж, хэлэлцлээ гэсэн юм.


“Ерөөс өөрчлөлтийн гол үндсэн зарчим юун дээр тулгуурлах ёстой вэ гэдгийг эхлээд онцлох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгодог парламентын ёс жаягт нийцсэн засаглалын хуваарилалт хангагдаагүй байна. Анхнаасаа л Ардчилсан нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт өнөөгийн УИХ-аар бус ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой гэсэн зарчмын байр суурин дээрээ бат зогсч байгаа. Хэрэв манай намын дэвшүүлсэн санал, санаачилгыг хүлээн авахгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн давуу байдалтай буюу нэг нам олонхоор хүч түрэн батлах оролдлого хийх аваас зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт оролцохгүй, улмаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн тэрбээр онцолж мэдэгдсэн юм.


Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс албан бичиг хүргүүллээ. Тус албан бичигт, Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Ардчилсан нам дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна гэжээ. Үүнд,
1. Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох,
2. Төрийн эдийн засаг, санхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодорхой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах,
3. Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах гэжээ.

 

Ингээд мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аар сонгодог болох санал гаргаж байна гэж ойлголоо. Энэ саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үү?
-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох асуудал нь УИХ-ын өөрчлөлт оруулах бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч өөртэйгөө холбоотой асуудлаар Үндсэн хуульд санал оруулах, солилцох, хэлэлцэх боломж хуулиар олгогдоогүй. Тиймээс бид шууд оруулж байгаа юм. 2015 оны зургадугаар сарын 17-нд Ардчилсан намын нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тусгахдаа сонгодог парламентын засаглалын хуваарилалтыг зөв хийе гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зүйтэй гэсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байсан түүхтэй. Одоо ч энэ байр суурин дээрээ хэвээр байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Үнэхээр засаглалын тогтолцоог зөв болгоё гэвэл хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх эрх мэдэл, шүүхийн зөв харьцааг бий болгох ёстой. Түүнээс Ерөнхийлөгчийн давуу эрх мэдлийг оруулж ирж байгаа нь төр тэнцвэргүй байх шалтгаан болж байна гэж үзэж буй учраас түүнийг ард нийтээс биш парламентаас сонгодог байх нь зүйтэй юм. Ингэж байж парламентын засаглал сонгодог утгаараа тогтоно.

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хувилбар Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд тусгахаар яригдаж байгаа гэсэн. УИХ-ын гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн нөхцөлд УИХ-ын гишүүдийн тодорхой хувиар түүнийг эгүүлэн татах асуудал яригдаж байна. Танай зөвлөлөөс ямар нэг хувилбар санал болгосон уу, эсвэл үүнтэй саналтай нэг байна уу?
-Эгүүлэн татах асуудлаар хуулийн төсөлд шинэ санаачилга гарч байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эсэх нь УИХ-ын өөрийнх нь асуудал байх ёстой. Гэхдээ УИХ-аас гаднах асуудал ч бий. Жишээлбэл, ард иргэдийн итгэлийг алдах юм бол ард иргэд өөрсдөө ямар эрхтэй энэ асуудалд оролцох в?. Мөн намаас сонгогдсон гишүүд өөрийн хувийн эрх ашгийн үүднээс асуудалд хандвал нам нь ямар үүрэгтэй оролцох болох вэ гэх мэт гаргалгааг Үндсэн хуульд зайлшгүй тусгах ёстой гэж харж байна.

-Ард нийтийн санал асуулгыг цаг хугацааны хувьд хэзээ явуулах боломжтой гэж үзэж байна вэ?
-Ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 3-нд зохион байгуулна гэж төлөвлөсөн байна лээ. Энэ хугацаандаа хийх боломжтой гэж бид харж байна. Энэ хуулийг баталгаажуулах гол хүмүүс нь ард иргэд өөрсдөө. Хэрэв ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байвал хэний ч эрх ашгаас үл хамааран баталж, төрийн түшээд нь дагаж мөрдөөд явах үүрэгтэй. Түүнээс биш УИХ ард түмэнд тулган шаардаж, хүчээр батлах ёсгүй гэсэн байр суурьтай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com