- НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгох заалт шинэ хуулинд орсон -
Татварын багц хууль таван сарын дараа буюу ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулиар, 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа татварын тайлан гаргаад, борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлнө. Энэ категорит 34387 аж ахуйн нэгж багтаж байгаа юм. Харин 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилд хоёр удаа тайлан гаргаж, ашгийн нэг хувиар татвар төлнө. Үүнд 47867 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа аж. Улмаар 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, 10 хувийн татвар төлөөд төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авна. Үүнд 53119 аж ахуйн нэгж хамаарах юм.
Өмнө нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компани жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсныг ингэж хөнгөвчилжээ. Харин татварын илүү төлөлтийг дараагийн улирал руу нь шилжүүлдэг байсан бол одоо шууд буцаан олгохоор хуульд тусгажээ. Мөн Улаанбаатар хотоос 500 км алслагдсан аймаг, суманд аж ахуй нэгж байгууллага, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлөх бол 1000 км-ээс дээш алслагдсан тохиолдолд татварыг 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгасан. Сангийн яамны тооцооллоор эл 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 11600 иргэн, 141 аж ахуй нэгж байгаа бол 90 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдах 8268 иргэн 55 аж ахуй нэгж байна.
Татварын тухай хуулийн 73.2.2-т заасан “Татварын өрийн хэмжээ нь 20 сая төгрөг ба түүнээс дээш бол гадаадад зорчих боломжгүй” зүйл анги нь Монгол Улсын харьяалалгүй, гадаадын иргэнд хамаатай юм. Энэ заалтыг нарийвчлан тусгасан шалтгаан нь өнгөрсөн хугацаанд гадаадын иргэд Монгол Улсад их хэмжээний татварын өрөө төлөлгүй гадаадад гардаг явдлыг таслан зогсоох зорилготой аж. Жишээлбэл, Хятадын хөрөнгө оруулалттай компани Оюутолгойд 72.1 тэрбум төгрөгийн татварын өртэй байсан боловч төлөлгүйгээр хилээр гарч явсан байна. “G time” гэх корпораци нь НӨАТ-ын 1.4 тэрбумын өртэй боловч хилээр гарч зугтаасан төдийгүй олон мянган хүнийг хохироосон байдаг. Тэдгээрийн улсад төлөх татварын өр 120 тэрбумд хүрээд байсан учраас энэхүү заалтыг оруулжээ.
НӨАТ-ын буцаан олголтыг жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгох заалт шинэ хуулинд оруулжээ. Мөн анх удаа үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авсан, барьсан иргэн татварын буцаан олголтоор нэг удаа гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг шинэ хуулиар зургаан сая төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм байна.
Монгол Улсад 2006 оноос хойш эдийн засаг бизнесийн харилцаа өргөжиж, төрөлжсөн учраас татварын хуулийг улам нарийвчлах шаардлага үүссэн. Монголд үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч тус корпорациуд улс хооронд үнэ шилжилт хийн татвараас зайлсхийх эрсдэл үүсч татварын маргаан, үл ойлголцол нэмэгдэж байгаа аж. Аль болох Монголд бага татвар төлөх гэсэн асуудал үүсдэг учраас энэ харилцааг зохицуулах холбогдох заалтуудыг тусгасан гэнэ. Ашигт малтмал, газрын тосны газраас бусад салбарууд Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан аж ахуй нэгж байгууллагууд гадаад болон дотоод зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл худалдан авсан хөрөнгө оруулагчийн хүүгүй орлогод таван хувийн татвар ногдуулахаар болсон. Үүнд өмнө нь хувьцаа гэж байсныг хэлэлцүүлгийн явцад хассан аж.
Мөн зээлийн хүүг бууруулах зорилгоор арилжааны банкны гадаад дотоод эх үүсвэрээс татан төвлөрүүлсэн зээл өрийн хэрэгсэлд буцаан гаргаж буй татварыг таван хувь болгохоор хуульд тусгажээ. Татварын хяналт шалгалтыг бүх аж ахуй нэгжүүдэд бус эрсдэлийг нь үнэлж шалгалт хийх юм. Иймд татварын алба, байцаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, улсын байцаагч албан тушаалын эрхээ хэтрүүлэх болон татвар төлөгчийн нууцыг задруулсан тохиолдолд 10 хүртэлх жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасахаар Татварын багц хуульд тусгажээ. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч бизнес эрхлэгчдийг дарамтлах, хуулийг өөрөөр тайлбарлах боломжийг нь хааж өгсөн гэсэн үг. Ямар нэгэн хохирол учирвал гэм буруутай албан хаагч төлөхөөр тусгасан. Үндэстэн дамнасан корпорациудаас татвараа гүйцэт авдаг болно гэж үзэж байна.
Хуулийн өөрчлөлт хийснээр Европын холбооны хар жагсаалтад орох асуудал арилж, ийм эрсдэл дахин гарахгүй гэж тус салбарынхан үзэж буй. Тэрчлэн 190 гаруй улстай мэдээлэл солилцох боломж бүрдэж, татварын суурийг бууруулах, ашиг шилжүүлэхийн эсрэг “BEPS”-ийн дүрмийг хэрэгжүүлэхэд Монгол Улсад гаднын орнуудаас мэргэжилтнүүд ирж ажиллах гэнэ. Ингэхдээ Үндэстэн дамнасан корпорацуудаас татварыг гүйцэт авдаг болох чиглэлд хамтарч ажиллах аж. Мөн татварын бүртгэл, мэдээллийн санг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд гааль, татварын мэдээллийг нэг системд оруулах чиглэлд анхаарч, энэ ажлыг зохион байгуулж байгаа юм байна.