Г.УУГАНБАЯР
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 03-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгийн талаар зохих түвшинд албан ёсоор танилцуулах нь тодорхой. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэл, мэргэжлийн хүмүүс хийгээд ажиглагчдын байр суурь, Ерөнхийлөгчийн албан ёсны сайт дахь мэдээнүүдэд тулгуурлан гурав дахь хөршдөө хийсэн төрийн тэргүүний айлчлалын ерөнхий дүр зургийг гаргах гээд үзье. Юуны өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлал бол АНУ-д Монгол Улсын төрийн тэргүүн айлчилсан тав дахь тохиолдол болж түүхэнд тэмдэглэгдэх нь. Өмнө нь Ерөнхийлөгч П.Очирбат 1991 оны нэгдүгээр сарын 22-ноос 24-нд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 оны долдугаар сарын 14-22-нд, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 1-нд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны зургадугаар сарын 13-19-ний хооронд тус тус айлчлал хийж байжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацаандаа нэг нэг удаа АНУ-д албан ёсны айлчлал хийж байсан аж. Тиймээс Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал тус улсад Монгол төрийн тэргүүний хийсэн тав дахь айлчлал болж түүхэнд тэмдэглэгдэх нь.
Айлчлалаас хамгийн түрүүнд онцлог, үр дүн хоёрыг нь олон нийт харж, хүлээдэг. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн айлчлал хэд хэдэн онцлогтой байв. Эхний онцлог нь айлчлалд АНУ-ын тал өндөр ач холбогдол өгсөн явдал. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп манай Ерөнхийлөгчтэй таван минут уулзахаар төлөвлөсөн ч 40 гаруй минут уулзав. Манай өмнөх Ерөнхийлөгч нарыг АНУ-д айлчлахад ингэж төлөвлөсөн цагаа хэд дахин сунгаж ийм удаан уулзаж байсан тохиолдол үгүй. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордноосоо гарч үүдэндээ угтсан нь өмнөх айлчлалуудаас ялгарах онцлог байсан гэдгийг ажиглагчид хэлж байгаа юм.
Зочноо хэрхэн угтаж байгаагаас л тухайн айлын хандлага, яриа хөөрөөний өнгө аяс анзаарагддаг. Тэгээд ч дипломат ёсонд утга агуулгагүй үйлдэл, жижиг сажиг зүйл гэж байдаггүйг бодолцох аваас Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ өндөр хэмжээнд хүлээж авч байгаагаа угтах ёслолоосоо эхлэн илэрхийлжээ гэж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, албан ёсны хэлэлцээр хийсэн бөгөөд Монгол Улс, АНУ-ын хамтарсан тунхаглалыг гаргасан нь гол үйл явдал юм. Мөн Ерөнхийлөгч АНУ-д суугаа Монгол Улсын иргэд, Америк, Монголын бизнес эрхлэгчидтэй уулзжээ. АНУ-ын Конгрессын гишүүн, Хууль зүйн сайд, НАСА-гийн дарга зэрэг албаны хүмүүс манай Ерөнхийлөгчид бараалхан ажил хэргийн уулзалтууд хийсэн байна. Товчхондоо бол Монгол, АНУ-ын харилцааг шинэ түвшинд гаргаж, Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласнаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал Монгол Улсын хувьд асар том ач холбогдолтой, эерэг үр дүнтэй боллоо гэж хэлж болно.
Тэргүүлэгч эдийн засагтай түншлэх алхам
Аливаа улс орны гадаад харилцаа бол үндсэндээ гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаан дээр тулгуурладаг гээд хэлчхэд буруудахгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалаараа гадаад худалдаанд анхаарлаа хандуулсан гэдгийг онцлох ёстой. Түүний АНУ-ын төрийн тэргүүнээс эхлээд Конгрессын гишүүн, бусад хүмүүстэй уулзсан уулзалтуудын гол сэдэв ийм байжээ. Манай улс дэлхийн 160 орчим улс оронтой худалдаа хийдэг ч жингийн туухайн дээр тавиад үзэхээр гадаад худалдааны 90 орчим хувийг ганцхан өмнөд хөрштэйгөө хийж байгаа. Монгол Улсын гадаад худалдаа өмнөд хөрш БНХАУ-аас гадна Их Британитай л эерэг баланстай гардаг, энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой шууд хамааралтай юм. Харин АНУ манай улсын гадаад худалдааны эргэлтийн 1.7 хувийг эзэлдэг. Энэ бол өнгөрсөн 2018 оны тоо баримт юм.
Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өндөр технологи, хурдацтай шинэчлэлийн энэ цаг үе, орчинд тохируулж эдийн засгийн хамтын ажиллагааны хөрс сууриа сайжруулах ёстой гэж бодож байна. Манай бүс нутгийн онцлог нь төрийн өмчлөлтэй компаниуд зах зээл дээр үлэмж давамгайлдаг, эдийн засаг нь дунд, урт хугацаагаар төлөвлөгддөг. Ийм орчинд монгол, америк бизнес эрхлэгчдээ чөлөөтэй өрсөлд хэмээн, ямар ч санхүүгийн дэмжлэггүй орхих нь зөөлнөөр хэлбэл боломж муу гэдгийг статистик тоонууд харуулж байна. Монгол, Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна” хэмээн байр сууриа тодорхой илэрхийлсэн байна. Үүгээрээ манай Ерөнхийлөгч дэлхийн хамгийн том эдийн засаг бүхий АНУ-тай гадаад худалдааны балансаа тэнцвэржүүлэх зорилго, эрмэлзлээ илэрхийлжээ.
Өргөтгөсөн хэлэлцээрийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны хуулийг анхааралдаа авна гэдгээ хэлсэн нь онцлох өнцөг юм. Хэрвээ энэ хуулийг АНУ-ын Конгресс батлах юм бол манай улсад олон боломж нээгдэнэ. Үүнийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр “Монголд шууд 30 гаруй мянган ажлын байр шууд утгаараа бий болохоос гадна 800 гаруй мянган малчны орлого дээшлэх боломжтой” гэж томьёолжээ.
Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн бариад байгаа юм. Юутай ч АНУ-ын Ерөнхийлөгч холбогдох албаны хүмүүстээ үүрэг чиглэл өгч, ноос, ноолууран бүтээгдэхүүний татварыг тэглэх асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэдгээ хэлжээ. АНУ-ын Конгресс энэ онд багтаан Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах төлөвтэй байгаа аж.
Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын талаар Унгар улсад олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй судлаач Б.Анударь “Малын гаралтай бүтээгдэхүүний экспортын талаар ярилцсан нь энэ асуудал ажил хэрэг болох итгэлийг бий болгож байна. Ерөнхийлөгчийн зүгээс малын гаралтай бүтээгдэхүүний экспортын асуудлыг ярихдаа ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хоёр үндсэн шалтгааныг дурдсан нь маш ухаалаг, цагаа, байраа олсон тайлбар болох шиг боллоо. Учир нь өнөөгийн дэлхий удирдагчдын зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үздэг асуудлуудын дунд энэ хоёр асуудал маш том байр суурь эзэлдэг” гэж онцолжээ. Манай улс олон жил гадаад харилцаагаа эдийн засагжуулна гэж ярьсаар ирсэн. Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлал энэ чиглэлд бодитой, томоохон алхам болж чадлаа гэдгийг ийнхүү салбарын судлаачид, ажиглагчид хэлж байна.
Хууль, эрх зүйн салбарт хамтарна
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзжээ. Хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцсон зэрэг нь бол албан ёсны л мэдээлэл. Хамгийн гол нь АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцын тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэдгээ амласан явдал олны анхаарлыг татав.
Ийнхүү манай прокурорын байгууллага АНУ-ын прокурорын байгууллагатай хамтран ажилласнаар тус оффшор дансан дахь мөнгөөрөө АНУ-д өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авсан цагаан захтнуудын асуудал цэгцрэх замдаа орж байгаа гэсэн үг. Энэ бол Төрийн тэргүүний айлчлалын шууд үр дүн. Хууль эрх зүйн салбарт хийж буй нэг том алхам ч гэж болно.
Хөршүүд ба ШХАБ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын талаар ОХУ-ын хэвлэлд бичихдээ “Бээжинтэй сөргөлдөөнтэй харилцаатай байгаа энэ үед Орос, Хятадын хооронд стратегийн тун чухал байрлалтай Монгол улстай харилцаагаа бэхжүүлэх нь Вашингтоны хувьд чухал юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Америкт хийж буй айлчлал нь БНХАУ болон ОХУ-тай харилцах харилцаанд тэнцвэрийг хайж байгаа хэрэг” гэжээ.
Түүнчлэн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нөхцөл байдлыг хэлэлцэх нь айлчлалын гол зорилгуудын нэг гэж үзэж байгаагаа ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын хүрээлэнгийн захирал, “Валдай” клубын шинжээч Сергей Лузянин онцолсон аж.
Үнэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлал хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд тэнцвэрийг хайсан, гуравдагч хөршийн бодлогод ахиц гаргахыг хичээсэн гэдгээрээ онцлог болсон. Айлчлалын үеэр гаргасан тунхагтаа ч энэ талаар тодорхой тусгажээ. Тухайлбал хамтарсан тунхагт туссан эрмэлзлийн хоёрдугаарт “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана” гэж заасан нь Монгол Улс ШХАБ-т элсэх нь гэсэн хардлага, сэрдлэгэд бүрмөсөн цэг тавив.
Айлчлал тойрсон шар мэдээ, “бор шувуу”-нууд
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Сибир шатаж байна. Та Путин руу яриач" гэж нөхөрсгөөр зөвлөсөн тухай албан бус мэдээллүүд гарсан. Манай Ерөнхийлөгчийн зөвлөсний дагуу Дональд Трамп В.Путин руу ярьсан гэнэ. Энэ талаар АНУ-ын хэвлэлүүдэд бичсэн байна.
ОХУ-ын хэвлэлд “Д.Трампын адилаар Монголын Ерөнхийлөгч өмнө нь бизнесмэн байсан, мөн л үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлж байсан тул энэ хоёр ерөнхийлөгч харилцаа тогтоочих байх. Х.Баттулга бизнест орохоосоо өмнө спортоор хичээллэдэг байсан бөгөөд самбо бөхийн дэлхийн аварга болж байлаа” хэмээн онцолсон байв. Дональд Трамп манай Ерөнхийлөгчийг сүмогийн дэлхийн аварга хэмээн андуурч хэлсэн, харин Х.Баттулга Ерөнхийлөгч Дональд Трампад морь бэлэглэсэн төдийгүй Монгол бол эртний түүхтэй тэргүүлэх гүрэн гэдгийг Цагаан хэрмийг бариулсан түүхээр жишээлэн хэлсэн зэрэг нь Төрийн тэргүүний айлчлалын эргэн тойрны бор, шар мэдээллүүдэд хачир нэмэв.
Гэхдээ эдгээр мэдээллүүд Ерөнхийлөгчийн айлчлалд сөрөг гэхээсээ илүү эерэг оноо авчирсан. Тухайлбал, “Төрийн тэргүүнүүд уулзалдах үед байгаль орчны сэдвийг хэрхэн хөндөж байгаагаар нь тухайн уулзалтыг дүгнэж байдаг. Энэ талаас харвал Монгол Улсын Ерөнхийлөгч Сибирийн түймрийн талаар хөндсөнөөрөө бүс нутгийн байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг болохоо илэрхийлэн харууллаа. Дараагийн нэгэн чухал зүйл нь Монгол Улс хоёр хөрштэйгээ бүх талын маш нарийн холбоо харилцаатай болохоо дахин нэгэн жишээгээр нотлон харуулснаар Хятад, Оростой холбоотой асуудлаар Монголыг заавал тооцож байх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг өгсөн чухал алхам боллоо” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн судлаач хэлжээ.