Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.Ариун-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайхан зусч байна уу. Булган аймагт энэ жил зуншлага ямар болж байна вэ?
-Сайхан. Энэ жил манай нутагт нар хур тэгширсэн сайхан зун болж байна. Нутгийн зон олон минь сайхан наадаж, намрын их ажилтайгаа золгож байна даа.
-Таны хувьд Ардчилсан намын дотоод сонгуульд ялалт байгуулж, Булган аймгийн Ардчилсан намын дарга болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд аймаг орон нутагтаа ямар ажлуудыг хийж амжуулав?
-Намын зүгээс 16 сум, нэг тосгон, 75 баг тус бүрт хүрч ажиллахыг зорьж байна. Бодлогын хувьд хөдөлмөрийн насны ажилгүй залуусыг, ирээдүй болсон өсвөр үеийнхнийг мөн ахмадуудаа дэмжихийг зорьсон. Тухайлбал, арлын Япон улс руу нэг жилийн хугацаатай “Дадлагажигч ажилчин” хөтөлбөрийг санаачилж, 18-38 насны залуучуудад боломж олголоо. Ажил амьдралын гараагаа эхэлж буй залууст энэ хөтөлбөр сэтгэлийн дэм, урам зориг өгч байна. Хөтөлбөрт хамрагдсан эхний ээлжийн 60 гаруй залуус удахгүй аймагтаа эргэж ирнэ. Тэд энэ нэг жилийн хугацаанд өндөр хөгжилтэй орны соёл, амьдрах хэв маяг, харилцаа хандлагаас суралцахын зэрэгцээ тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд, Япон улсын хөдөлмөрийн хуулиар нийгмийн даатгалаа төлүүлээд ирж байгаа юм. Би Япон улсад очиж тэдний хийж байгаа ажилтай танилцсан. Манай залуус япончуудаас наад зах нь цаг барьж ажиллахыг сурсан болов уу. Тэд аймаг орон нутгийнхаа ирээдүй, хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэл зорилготой, чадварлаг, төлөвшсөн ажиллах хүч болоод ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдах дараагийн залуус ээлжээ хүлээгээд байж байна.
-Тэгвэл өсвөр үеийнхэн болон ахмад настнуудад чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?
-Би өөрөө спортоор хичээллэж, спортын үр шимийг хүртэж явсан хүн. Өсвөр насны хүүхдүүдийн төлөвшилд спорт тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулдаг гэж боддог. Тиймээс аймгийнхаа гурван сурагчид Япон улсад үнэ төлбөргүй суралцах боломж олгосон. Япон улстай гадаад харилцаагаа өргөжүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээ авсны үр дүнд бидэнд ийм боломж олдсон юм. Японы тал тэдгээр гурван сурагчийн бүх зардлыг хариуцаж байгаа. Хоёр сурагч нь хөнгөн атлетикаар, нэг нь гар бөмбөгөөр мэргэших хөтөлбөртэй ахлах сургуульд гурван жилийн хугацаатай суралцаж байна.
Харин гурав дахь нь ахмад настнуудад чиглэсэн хөтөлбөр юм. Ахмад настнууд бол улс орныхоо хөгжил дэвшилд нэг насны амьдралаа зориулсан, түүнийхээ үр шимийг хүртэж явах ёстой хүмүүс. Энэхүү хөтөлбөрөө би төрөлх Хутаг-Өндөр сумандаа болон Булган суманд хэрэгжүүлээд байна. Солонгосын ахмадын байгууллагатай 2025 он хүртэл хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Хөтөлбөрийн хүрээнд Солонгос улсын ахмад настай эмч нар жилийн хугацаатай хүрэлцэн ирж дээрх сумдад ажилласан. Тодруулбал, настай хүмүүст зонхилон тохиолддог зөнөх буюу мартаж, санах өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус улсын эмч нар сургалт зөвлөгөө өгсөн юм. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэн шаардлагатай байдаг 10 тэргэнцэрийг авчирснаа маргааш (өнөөдөр) аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулах гэж байна даа.
-Залуу манлайлагч хүний хувьд аймаг, орон нутгийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Мэдээж, сайн сайхнаар төсөөлөн боддог. Одоогоор бид боловсрол, эрүүл мэнд гээд амин чухал салбарт өөрсдийн хэмжээнд бодлого барьж, дээрх ажлуудыг зохион байгуулаад явж байна. Цаашлаад намын даргын хувьд аймгийнхаа хэтийн төлөв, хөгжлийн гарцыг аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж хардаг. Ялангуяа, аялал жуулчлал бол ганц манай аймгийн ч биш улсын хэмжээнд яригдаж байгаа салбар. Булган аймаг гэхээр хүмүүс Хөгнө тарнийн байгалийн цогцолборт газар, Уран тогоо уул, Чин толгойн балгас зэргийг ирж үзэхийг хүсдэг. Энэ бүхэн бидэнд өвөг дээдсээс үлдээсэн өв соёл. Үүнийгээ түшиглэж аялал жуулчлал гэх том салбарыг барьж авах хэрэгтэй байна. Жилээс жилд нэмэгдэж байгаа Хөвсгөл рүү чиглэсэн жуулчны урсгалыг Булган аймаг руу хэрхэн татах вэ. Үүний тулд наад зах нь жилд нэг удаа Хөвсгөлийн “Мөсний баяр”, “Цаатны баяр” шиг томоохон хэмжээний арга хэмжээг зохион байгуулдаг болохыг зорьж байна. Үүнээс гадна Булган аймаг дангаар хөгжих биш Эрдэнэт, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай зэрэг хангайн бүсийнхэнтэйгээ уялдаж, хөгжихөд анхаарал хандуулж байна.
-Хангайн бүсийн чуулга уулзалт энэ жил анх удаа Булган аймагт зохион байгуулагдах гэж байна. Энэ удаад ямар асуудалд анхаарал хандуулж байгаа вэ?
-Төв нам энэ жилийг залуучуудын жил болгож зарласан. Тэгэхээр хангайн бүсийн чуулга уулзалт ч мөн энэ сэдвийн хүрээнд залуусын хөгжилд анхаарал хандуулж, ач холбогдол өгч байгаа. Ирэх өдрүүдэд зохион байгуулагдах чуулга уулзалтын уриа нь “Урам зоригтой ирээдүй, Үнэт зүйлтэй залуус, Үзэл баримтлалтай ардчилал” гэж байгаа. Эндээс бүх зүйл тодорхой ойлгогдож байгаа биз ээ.
-Таны хувьд самбо бөхийн улсын 14 удаагийн аварга, аймгийн арслан цолтой хүн. Яагаад улстөрд хөл тавих болов?
-Хүн гэдэг харсан, үзсэн, уншсаныхаа хэрээр сэтгэдэг гэдэг. Суусан цэцнээс явсан тэнэг ч гэж үг бий. Миний хувьд спортоор хичээллэсний хүчинд 21 аймаг, таван тивээр явж үзлээ. Энэ хэрээрээ улс орныхоо өнөөдрийн нөхцөл байдлыг гаднаас нь хараад, дүгнээд, харьцуулаад, шүүмжлээд сууж болно л доо. Гэхдээ би ингэхийг хүсээгүй. Галын шугамын тэргүүн эгнээнд, асуудлын дунд нь ороод ажиллаад үзье гэж бодсон юм.
-Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар танай аймагт МАН ялалт байгуулж, засаг барих болсон. Сөрөг хүчний зүгээс эрх баригч намын хийж хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрт ямар дүн тавих вэ?
-Хангалтгүй ажиллаж байна л гэж харж байгаа. Засаг дарга З.Батзоригийн тухайд адилхан залуу хүмүүс болохоор идэвх санаачилгатай, сайн ажиллах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч айл өрхийн хэмжээнд ч тэр, аймаг орон нутгийн хэмжээнд ч тэр гарт баригдаж, нүдэнд харагдахаар бүтээн байгуулалт хийсэнгүй. Санасан хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа болохоор сөрөг хүчний зүгээс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Иргэдийн хурлын төлөөлөгчид маань Засаг даргыг огцруулах тухай санал өргөн барьсан. Аймгийн Засаг даргын өнөөгийн байдлыг дүгнэхэд, морь унасан толгойгүй хүн шиг л харагддаг. Аймагтай холбоотой бүх мэдээлэл, чиглэл, шийдвэрийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зааварлаж байна. Сүүлдээ бүр тэр хүн УИХ-ын гишүүн юм уу, аймгийн Засаг дарга юм уу гэдгийг ойлгохоо больсон. Засаг дарга З.Батзориг өнгөрсөн жил зохион байгуулагдсан аймгийн 80 жилийн ойг тэмдэглэх хөрөнгө оруулалтын тайланг одоо хүртэл ард иргэдэд тайлагнаагүй байна. Энэ мэт шүүмжлэлтэй хандах асуудал нэлээд бий.
-Манай улс парламентын тогтолцоонд шилжсэнээс хойш Булган аймагт Ардчилсан нам хэдэн удаа эрх барьж байсан бэ?
-Ардчилсан нам 2012-2016 онд нэг л удаа төр барьж байсан. Харин одоо бол таван суманд засаглаж, иргэдийн төлөөлөгчдийн хуралд 11 гишүүн сууж байна.