Нисэх онгоц гэдэг хамгийн хурдан, найдвартай тээврийн хэрэгсэл гэдэг ч осол гарах нь бий. Гэхдээ АНУ-д авто ослоор жил бүр нас барж байгаа хүний тоо тус улсын агаарын тээврийн түүхэнд онгоцны ослоор амь алдсан хүний тооноос давдаг юм шүү дээ. Тэнгэрээс тэртээ дээрээс унаж байгаа энэ аварга хөлгийн ослоор амьд хүн үлдэх магадлал тун бага, саяд нэг гэж болно. Гэхдээ онгоцны аймшигт ослоос амьд үлдсэн хүн бас байна аа. Ийм хүмүүсийн тухай бид өгүүлэх гэж байна.
Сессилия Сичан
1989 оны наймдугаар сарын 16-нд америкийн Детройтын нисэх буудлаас агаарын тээврийн Northwest Airlines компанийн McDonnell Douglas DC-9-82 чиглэлийн онгоц хөөрөхөд 154 зорчигч явсны нэг нь дөрвөн настай Сессилия Сичан байжээ. Түүнтэй хамт эцэг эх нь зургаан настай ах нь явсан байна.
Онгоц хөөрсний дараа зүүн далавч нь хугарч шатаж эхэлсэн байна. Онгоц хазайж нөгөө далавчаараа машин худалдаалдаг конторын дээврийг шүргэснээр онгоц унаж шатаж эхэлжээ. Гал сөнөөгч Жон Тьед онгоцын эвдэрхий дотроос жаахан хүүхдийн гар харагдаж зөөлөн ёолохыг сонссон байна. Дөрвөн настай охин тархиндаа гэмтэл авч, хөл нь хугаран, гуравдугаар зэргийн түлэгдэлтэйгээр цор ганцаараа амьд үлджээ. Түүнд дөрвөн ч мэс засал хийж, арьс нөхөн суулгаж бүрэн сэргээж чаджээ. Охин өсч том болоод онгоцоор нисэхээс айхгүйгээр үл барам тэр аймшгийг дурсан бие дээрээ онгоцны шивээс хийлгэсэн гэдэг.
Лариса Савицкая
1981 оны наймдугаар сарын 24-нд 20 настай оюутан Лариса Савицкая нөхөр Владимирын хамт хуримын аяллаасаа буцаж байлаа. Ан-24 онгоц Комсомольска-на-Амур хотоос Благовещенскийг чиглэн нисч явсан байна. Гэтэл онгоц 5200 метрийн өндөрт бөмбөгдөгч Ту-16 онгоцтой мөргөлдөх нь тэр. Хоёр онгоцын багийнхан бүгд амь алдаж Ан-24 хэдэн хэсэг болон унахад онгоцны сүүл хэсэгт унтаж явсан Лариса хүчтэй доргилтоос сэрсэн ч суудалтайгаа доош унажээ. Онгоцны тэр хэсэг хусан ойн төгөл дээр унасан болохоор уналтыг зөөллөсөн байна. Хожим нь мэргэжилтнүүд түүнийг онгоцны 3х4 метрийн хэсэгтэй хамт 5200 метрийн өндрөөс найман минутын хугацаанд унасан гэж тогтоожээ. Хүчтэй доргилтоос болон хэсэг хугацаанд ухаангүй байгаад дараа нь сэргэж өөрөө хөдөлж эхэлсэн байна. Ойд онгоцны сэг, олон үхдэлийн дунд ганцаар хоёр хоносон байна. Тэрээр онгоцонд явсан 38 зорчигчоос ийн цор ганцаар амьд үлдсэн байна.
Түүний тархи доргиж, нуруундаа таван газар гэмтэл аван, гар, гуяны яс хугарч, бүх шүд нь үйрч унажээ. Агаарын тээврийн компани түүнд ослын даатгал хэмээн 75 рубль өгсөн гэдэг.
Весна Вулович
1972 оны нэгдүгээр сарын 26-нд Югославын зорчигч тээврийн Douglas DC-9 онгоц Данийн Копенгагенааас Загреб хот руу нисч яваад Чехословакийн Сербска Камениц тосгоны дээр 10160 метрийн өндөрт дэлбэрсэн байна. Югославын эрх баригчид үүнийг Хорватын алан хядагчид бөмбөг нуусан гэж үзсэн.
Онгоц хэдэн хэсэг болон доош унахад онгоцны дунд хэсэгт стюардесс Весна Вулович сууж явжээ.
Онгоцны хэсгүүд цасанд бүрхэгдсэн модон дээр унаснаас уналтыг зөөллөсөн байна. Ухаангүй хэвтэж байсан түүнийг дайны үед Германы хээрийн эмнэлэгт ажиллаж байсан нутгийн тариачин Бруно Хонке олж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн нь амьд гарах нэг үндэс болжээ. Ослоос цор ганцаараа амьд үлдсэн түүнийг тэр дор нь эмнэлэгт хүргэснээр тэр 27 хоног комд байж, нийтдээ 16 сар эмнэлэгт байгаад амьд үлдсэн юм.
Эрика Дельгадо
1995 оны нэгдүгээр сарын 11-нд McDonnell Douglas DC-9-14 онгоц 47 зорчигч, багийн таван гишүүнтэйгээр Боготогаас Картахен руу нисч явлаа. Өндөр хэмжигч нь ажиллаагүйгээс онгоц нисэх зурвас руу орохын өмнө унахад эцэг эх, дүүтэйгээ нисч явсан есөн настай Эрика Дельгадо охин онгоцны хэсэгтэй хамт шидэгдсэн байна. Охин хожим нь түүнийг онгоцноос ээж нь түлхэж гаргасан гэж ярьжээ. Онгоц дэлбэрч шатаж эхэлсэн ч охин замагтай намган дунд унасан байна.
Ослын дараагаар нутгийнхан хүмүүсийн эд зүйлсийг тонож эхлэх үеэр охины аврал эрсэн дуугаар мэдэж нутгийн нэгэн фермер намгаас татаж гаргажээ. Гар нь хугарсан охин энэ ослоос мөн л орь ганцаараа амьд гарсан юм.
Жулианна Дилер Кепке
1971 оны арванхоёрдугаар сарын 24-нд Перугийн агаарын тээврийн LANSA компанийн Lockheed L-188 Electra онгоц 3200 метрийн өндөрт нисч яваад аянгад цохиулан Перугийн нийслэл Лимагаас 500 км-ийн зайд ширэнгэн ойн дунд унасан байна. Онгоцоор зорчиж явсан 17 настай сурагч Жулианна Кепке онгоцны сүүл хэсэгт сууж явжээ. Мөн л моддын дээрээс унасан нь хүчийг нь сулруулж эгэм нь хугарч, гар нь гэмтэн баруун нүд нь тагларч, бүх бие нь хөх няц болсон байна. Азаар охин явах чадалтай үлдсэнээр биологич эцгийнхээ ойд хэрхэн амьдрах талаар зааж сургаснаар өөртөө хоол хүнс олж идэн горхи олоод түүнийг даган доош явсан байна. Ес хоногийн дараа тэр загасчдыг олсноор аврагджээ. Түүний түүхээр уран сайхны хэд хэдэн кино хийсэн байдаг.
Бахия Бакари
2009 оны зургадугаар сарын 30-нд Йемений агаарын тээврийн Airbus А-310-300 онгоц Парисаас Коморын арлуудыг чиглэн нисэхдээ Йемений нийслэл Санад түр буудаллах байлаа. Зорчигчдын дунд 13 настай Бахия Бакари Коморын арал дээр байдаг эмээ өвөөдөө очихоор Францаас ээжтэйгээ хамт явж байлаа.
Онгоц Энэтхэгийн далай дээгүүр нисч Коморын аралд буухад хэдхэн минут дутуу байхад охин суудал дээрээ унтаж явсан байна. Бахия өөрийгөө онгоцны цонхоор шидэгдсэн гэж үздэг байна.
Охины эгэм хугарч өөр олон гэмтэл авсан ч аврагчдыг иртэл усанд тэсч байх нь бас нэг шалгуур болсон байна. Охин онгоцны сэгээс үлдсэн нэг хэсэг хөвж явахыг олж дээр нь хэвтэн есөн цаг тэсэх хэрэгтэй болсон гэж өөрөө ярьдаг ч зарим эх сурвалж аврагчид охиныг ослоос 14 цагийн дараа олсон гэдэг.
Онгоцны ийм ослоос амьд үлдэх ямар ч боломжгүй, охин хууль бус цагаачдын завинаас үлдэж хоцорсон байх гэсэн цуу яриа байсан ч охиныг тусгай онгоцоор Парист хүргэж өгсөн байна. Түүний хэвтэж байсан эмнэлэгт тэр үеийн Ерөнхийлөгч Николь Саркози өөрийн биеэр ирж уулзаж байжээ.
Бахия Бакари ийнхүү тэр онгоцонд зорчиж явсан 153 хүнээс ганцаараа амьд үлдэж, жил хагасын дараа өөрийнхөө тухай “Амьд үлдэгч” гэсэн ном гаргасан юм.
“Азтай дөрвөл”
1985 оны наймдугаар сарын 12-нд Японд агаарын хөлөг осолдоход нэг удаад хамгийн олон хүний амь сүйдсэн осол гарсан юм. “Жапан Эйрлайнз” компанийн Боинг-747SR онгоц нийслэл Токиогоос Осака руу 524 зорчигчтойгоор нисч явжээ. Онгоц хөөрснөөс 12 минутын дараа 7500 метрийн өндөрт онгоцны сүүлний тогторжуулагч салж унаснаар онгоцны бүхээгт даралт унаж, удирдлагын бүхий л шингэн төхөөрөмж ажилгүй болсон байна.
Онгоц ямар ч удирдлагагүй болсон ч нисгэгчид түүнийг агаарт 32 минут хүчээр барьж байгаад Такамагахар уулын орчимд Токиогоос 100 км зайд осолдсон байна. Уулархаг газарт унасан онгоц руу аврагчид маргааш өглөө нь хүрч чадсан болохоор амьд хүн үлдсэн гэж найдахгүй байлаа.
Гэтэл эрлийн хэсгийнхэн бүр дөрвийн дөрвөн амьд хүн олсон нь 24 настай Юми Отиаи, 34 настай Хироко Ёсидзаки найман настай Микико, 12 настай охин Кэйко Каваками нар байлаа. Эхний гурав нь газар унасан байсан бол 12 настай Куйко охин онгоцноос унахдаа л дээр нь тогтож үлдсэн модон дээр сууж байжээ.
Японд “Азтай дөрвөл” хэмээн нэрлэгдсэн тэд бүгд ослын үед их биеэсээ салж унасан онгоцны сүүл хэсэгт сууж явсан гэдэг.
Кэйко Каваками хожим нь аав болон бусад хүний ёолох дууг сонссон гэж ярьсан байдаг. Эмч нарын хожим тогтоосноор олон зорчигч амьд үлдсэн ч шархнаасаа болон хүйтнээс, шокоос болоод газарт нас барсан гэж тогтоосон байдаг. Ослын улмаас 520 хүн амь алдсан юм.
Санжаагийн Өлзийбаяр
1995 оны есдүгээр сарын 21-нд Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөнг чиглэн нисч явсан МИАТ компанийн Ан-24 онгоц Мөрөнгөөс холгүй Байшинт ууланд осолдоход багийн гишүүд, зорчигч 41 хүн амь алдсан ч Санжаагийн Өлзийбаяр гэдэг залуу амьд гарсан. Өндрөөс унасан түүний нүүр ам, гар хөл нь түлэгдэж, түлэнхий дээр нь өмсч явсан өдөн хүрэмнийх нь нь өд сөд наалдаад үнэхээр нүд хальтрам дүртэй байсан гэдэг. Хоёр хоногийн дараа ухаан орж ёолоод байхаар нь хажуу тийш бага зэрэг эргүүлтэл нуруу нь түлэгдээд, хөдөлгөхгүй байснаас бараг л илжирчихсэн байжээ.