АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн багш, доктор C.Цогтсайхантай дархлааны тухай ярилцлаа.
-Монгол хүнд коронавирус халдахгүй мэтээр зарим хүн ярьдаг. Ямар нэг үндэстэн аль нэг төрлийн вирусээс дархлаатай байх боломжтой юу?
-Энэ ертөнцөд амьдарч байгаа хүмүүс нэг л төрөл зүйл. Тодорхой үндэстэн угсаатны ген гэж үгүй. Харин ген олон хувилбартай. Тэр олон хувилбарын тархалт үндэстэн угсаатнуудад ялгаатай байдаг. Тийм учраас зарим үндэстэн угсаатан дунд зарим өвчин арай илүү тархалттай байх тохиолдол бий. Вирус хүний биед нэвтрэхдээ тодорхой бүтцээр дамждаг.
Тэр бүтэцтэй сайн холбогддог хувилбар манайд арай цөөн бусад улсуудад арай илүү байж болно. Гэхдээ үндэстнийг генийн материалаас илүү соёл тодорхойлдог. Соёл дотор бидний ахуй нутаг яваа. Байгаль цаг уурын болон ахуйн зарим хүчин зүйлүүд тодорхой хэмжээгээр нөлөөлж магадгүй. Гэхдээ энэ халдвар дөнгөж тархаад удаагүй байгаа өнөө үед шинжлэх ухаан үүнд хариу өгөх болоогүй. Тодорхой хугацааны дараа байгаль цаг уур, бусад хүчин зүйлийн талаар судалгаанууд гарч магадгүй. Соёл, ахуйтай олон зүйл холбоотой. Улаанбаатарт сая 500 мянган хүн, Ухань гээд Улаанбаатар шиг газар нутагтай хотод 11 сая хүн амьдарч байна. Тэнд халдвар тархах нөхцөл өөр байх жишээтэй. Тархвар судлал, байгаль цаг уур, монголчуудын соёл ахуйн зүгээс вирусийн тархалт арай өөр хэлбэрээр явахыг үгүйсгэхгүй. Шинэ гарсан вирус сайн судлагдаж амжаагүй, шинжлэх ухаан үүнд хариу өгөх болоогүй байна.
-Хөдөө өссөн хүмүүс арай өөр дархлаатай гэсэн үү?
-Хөдөө, анхдагч ахуй дотроо төрж өссөн хүмүүсийн дархлаа тогтолцоо нь бүрэлдэж төлөвших явц нь илүү байгалийнхаа жамаар явагддаг. Бид 10-20 их наяд бичил биетүүдийг биедээ тээж явдаг. Бидний гэдсэнд дор хаяж мянган төрөл зүйлийн бактериуд амьдарч байдаг. Ихэнх нь биднийг төрсний дараа хоол хүнстэй хамт орж ирдэг. Энэ бактериуд бидэнтэй “эвийн гэрээтэй”, харилцан ашигтайгаар хамтарч ажиллаж амьдардаг. Дархлаа тогтолцоог тодорхой бичил биетэн өдөөж байвал тамирчин шиг дасгал хийгээд явдаг. Хөдөө ахуйд гэрт, байгальд, амьтанд байгаа бактери бидэнд хамгийн зохицсон байдаг. Бидний дотор байгаа бактериудын генийг биднийхтэй нийлүүлээд микробиом гэдэг. Хоёр хүн микробиомоороо 20-40 хувийн ялгаатай. Үндэстэн угсаатны хувьд тэр ялгаа нь илүү их ажиглагддаг. Мөн хот, хөдөөгийн ялгаа энд гардаг. Жишээлбэл, Европ, Америкийн цагаан арьстнууд хотжоод удсан, насанд хүрсэн хүмүүсийн олонх нь сүү хэрэглэж чаддаггүй. Сүү лактоз агуулдаг. Түүнээс харшдаг. Лактоз биед нь орохоор задалж чадахгүй учраас гүйлгэнэ, суулгана. Тийм учраас сүү хэрэглэхээс зайлсхийдэг. Монголчуудад ийм үзэгдэл цөөн. Манайхны гэдсэнд байдаг нянгууд лактозыг задалдаг юм байна. Энэ тухай судалгааны өгүүлэл гарсан. Наад зах нь бид үүгээрээ ялгардаг. Лактоз задалдаг бактериуд хөдөө л байна. Бидний гэдсэн дотроо агуулж буй бактериуд наад зах нь хот, хөдөөгийн хүмүүст ялгаатай байна.
-Сүү цагаан идээ хэрэглэхэд хүний дархлаа сайжирдаг гэж үнэн үү?
-Ерээд онд дархлаа дэмжих тухай ойлголт байсан. Ургамал амьтны гаралтай бэлдмэлийг дархлаа дэмждэг гэж үзэж байлаа. Тэр үед яадаг байсан гэхээр туршилтын амьтанд ургамлаа идүүлээд, дараа нь тэр амьтныхаа тухайлбал дэлүүнд байгаа дархлааны эсийн тоо олширсон эсэхийг үзээд олширч байвал дархлаа дэмждэг юм байна гэсэн дүгнэлт гаргадаг байсан. Гэтэл энэ хугацаанд шинжлэх ухаан зөндөө хөгжлөө. Эс дотор явагдаж байгаа маш нарийн молекулын процессуудад нөлөөлдөг бодисууд байна. Гэхдээ тэр нь цөөхөн. Дэлхий даяар үүнийг эрж хайж байгаа. Ямар нэг ургамлын ханд дархлааг дэмжихэд нөлөөлж байгааг нотлоход хэцүү. Гэтэл өнөөдөр усыг хүртэл дархлаа сайжруулдаг гэж сурталчилж байна. Үнэндээ дархлаа дэмждэг гээд байгаа бүтээгдэхүүнүүд шууд утгаараа нөлөөлдөггүй. Тийм учраас дархлаа дэмждэг гэж ярих нь буруу. Ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүнүүдийг огт хэрэггүй зүйл гэж хэлээгүй шүү. Харин дархлаа дэмждэг гэж ярих нь зохисгүй гээд байгаа юм. Дархлааны хариу урвал халдварын эсрэг хэсэгтээ идэвхжээд дараа нь өөрийгөө дарангуйлдаг. Тэгэхээр дархлаа дэмждэг гэдэг үүднээс авч үзвэл аль үе шатанд нь дэмжих юм. Дархлаа нь идэвхжиж байгаа үед нь дэмжих үү, байгалийнхаа жамаар буурч байгаа үед нь бууруулахгүй дэмжээд байх юм уу? Энэ байгалийн маш нарийн зохицуулагатай процесс. Дархлааны эсийг идэвхжүүлдэг ганц нэг бэлдмэлүүд бий л дээ. Тэднийг эм болгож хэрэглэж болохгүй байгаа юм. Яагаад гэвэл гаж нөлөөтэй. Гэхдээ эрэл хайгуул үргэлжилж байгаа. Өнөөдөртөө дархлааг өөрчилдөг янз бүрийн бодис байхгүй байна. Тийм учраас дархлаа дэмждэг эм гэж ярих нь утгагүй. Харин онош нь тогтоогдсон тодорхой өвчтөнүүдэд дархлааны эмчилгээ хийдэг. Энэ бол нарийн мэргэжлийн эмч нарын хариуцах ажил.
-Тэгвэл хүмүүс яаж дархлаагаа дэмжих вэ?
-Эрүүл байхад хувь хүний соёл, боловсрол, амьдралын хэвшил, зан үйл нөлөөлнө. Ядаж өөрийгөө хамгаалах тогтолцоондоо гай болохгүй бай. Мэдлэгтэй хүн л өөрийгөө хамгаалж чадна. Дархлаа хэдийд мууддаг тухай ойлголттой болох хэрэгтэй. Амьдралын буруу хэвшил, буруу хооллох, хорт зуршил энэ бүхэн чинь л дархлаа хэвийн байхад саад болдог. Дархлаа дэмжих эм бэлдмэл хайснаас дархлаандаа саад болдог зүйлсийг багасгах хэрэгтэй байна. Түүнээс биш ямар нэг эм бэлдмэл идэж уугаад л дархлаа чинь сайжирна гэж үгүй. Хүн төрлөхтөн олон зуун жилийн турш хэрэглэж дадсан ургамлуудыг хэрэглэхийг эсэргүүцээгүй шүү. Тэр нь бидний тодорхой орчинд дасан зохицох чадварыг л нэмэгдүүлж байгаа юм. Тэднийг голдуу хүнсний нэмэлт бүтээгдэхүүн маягаар хэрэглэдэг. Үүнийгээ хувь хүн өөрөө зохицуулаад хэрэглэ.
-Одоо бол чацаргана, аарц буцалгаж уу, сонгино саримс сайн хэрэглэ гээд байгаа шүү дээ?
-Чацарганыг эсийн түвшинд судалсан судалгаа байхгүй. Гэхдээ энэ нь витамин С-гийн сайн эх үүсвэр. Чацарганын тос бодисын солилцоог эрчимжүүлдэг, судасны ханыг цэвэрлэж өгдөг. Энэ талаасаа чацаргана эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн. Түүнээс биш дархлааг дэмжиж байгааг нь одоогоор тогтоосон юм алга. Дархлаа гэж нэг супер юм байна. Мундаг юм идэж уугаад түүнийг л дэмжвэл би эрүүл явж болох юм байна гэдгээсээ салаарай. Юу идвэл сайн бэ гээд жор шаардаад байдаг. Ер нь юм идэж уухын тухайд уламжлалт анагаах ухаанд нэг ийм сургаал бий. Өчүүхэн өлсөх, өчүүхэн цадах гэж. Хэт их өлсч болохгүй, цадталаа чихэж болохгүй л гэсэн үг шүү дээ. Өвчний шалтгаан идээ ундаа явдал мөртэй холбоотой. Ховдог хомхой идэж болох юм бүхнийг идэж ууж байдаг хүмүүс өвдөөд байна.
-Хүн өөрийгөө таних ёстой гэл үү?
-Удмын хүчин зүйлүүд маш олон. Гэтэл нарийн юмны цаана энгийн юм байдаг. Хувь хүний шинж төрхийн асуудал ч яригдана. Галбир төрхийн талаар ярья. Илүүдэл жингийн асуудал энд багтана. Өөхөн эд үрэвсэл дуудаж байдаг. Өөхөн эд нь дархлааны эсүүдийг өндөр эрчимтэй бус ч байнга цочроож байдаг. Энгийнээр хэлэхэд байнгын өдөөлтөнд байдаг эсүүд жинхэнэ гамшгийн өдөөлт ирэхэд туйлдсан байдаг. Хэвийн жинтэй бол дархлаа тогтолцоо чинь ядаж л илүү ажиллах боломжтой. Монголчууд өөрийн гэсэн соёлтой. Энэ соёлын нэг хэсэг нь уламжлалт анагаах ухаан. Манай тэнхимд сүүлийн арваад жил хийж байгаа нэг судалгаа бий. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана гэсэн ойлголт байдаг. Эдний харьцаа хувь хүн болгонд өөр байдаг. Зарим хүнд бадганын мөн чанар давамгайлдаг. Заримд нь хий давамгайлдаг гэж үздэг. Уламжлалт анагаах ухаан хүн бүрт тохирсон эмчилгээ хийдэг. Энэ нь орчин үеийн шинжлэх ухаантай ямар холбоотой болохыг бид судалж байна. Эрүүл цусны доноруудад хийсэн судалгаагаар хий, шар, бадгана дархлааны эсүүдийн тоотой хамааралтай гэдэг нь харагдаж байгаа юм. Хий, шар, бадгана гэдэг бол бидний бие махбодод байдаг хамгаалалтын хүчин зүйлтэй хамааралтай юм байна. Орчин үед дархлаа эмчилгээ гэж байдаг. Түүнээс биш дархлаа дэмждэг эм худлаа шүү гэж би түрүүнээс хойш хэлээд байгаа. Дархлаа эмчилгээний хамгийн ирээдүйтэй, анхаарал татаж байгаа салбар бол хувь хүнд чиглэсэн эсийн эмчилгээний асуудал юм. Жишээлбэл хорт хавдартай хүмүүсийн дархлааны эсүүд туйлдсан байдаг. Энэ эмчилгээний гол зарчим нь тэдгээр туйлдсан эсүүдийг ялгаж аваад, идэвхжүүлээд буцааж тавих замаар эмчлэх юм. 2018 оны Нобелийн шагналт Аллисон, Хонжо нар дархлаа тогтолцоог саатуулагч уургийг идэвхгүйжүүлснээр хорт хавдрыг хэрхэн эмчилж болох шинэ арга нээсэн шүү дээ. Ийм эмчилгээг бид Монголдоо хийж эхлэхээр зорьсон. Дашцоодолын Нямбаярыг энд онцолмоор байна. Тэр одоо Мюнхэний их сургуульд ажиллаж байгаа. Энэ талаар төсөл хэрэгжүүлээд монгол хүний дархлааны эсүүд ерөнхийдөө ямар байгааг тогтоох судалгаа хийх явцдаа бид уламжлалт анагаах ухааны аргуудыг давхар судалсан. Энэ төслийн эхний үр дүн гарсан. Академик байгууллагад улс төрийн нөлөө орж ирээгүй бол магадгүй өнөөдөр их сургуулийн эмнэлэг маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж, бид энэ эмчилгээнийхээ аргуудыг туршиж эхлэх боломжтой байлаа. Харамсалтай нь одоо зүгээр л төслийнхөө үр дүнг яриад сууж байна. Энэ төслөө цаашид үргэлжлүүлэх шаардлагатай.
-Та нийгмийн эрүүл мэндийн лабораторийн сүлжээтэй болох хэрэгтэй гэж санал болгосон байх аа?
-Шинжлэх ухаан болон судалгаанд суурилсан шийдвэр чухал байна. Одоо ч эрүүл мэндийн салбарынхан ДЭМБ-аас зөвлөсний дагуу, цар тахлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа. Зөвхөн халдварт өвчин бус хүний амьдрах орчинтой холбоотой маш олон хүчин зүйлс байна. Эдгээрийг шинжлэх ухааны аргаар судалж тогтоож байдаг. Эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг зөөлрүүлж сулруулах арга хэмжээ авахыг бодлого гэж ярина. Одоо бол манайд онош зүйн буюу өвдсөн хойно оношилдог лабораториудаа дэмжээд байна. Нийгмийн эрүүл мэндийн лабораторийн сүлжээтэй болох хэрэгтэй. Хүн ам, амьдрах орчинг дандаа тандаж судалж, өөрчлөлтийг нь, аюултай хүчин зүйлийг нь хэмжиж, судалдаг лабораториудыг хэлээд байгаа юм. Дээр нь нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгодог хөтөлбөр, сүлжээтэй болох учиртай.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"