Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Х.Болорчулуун: үндсэн хууль зөрчсөн уих байснаас тарсан нь дээр

-Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хоригийг дэмжсэн санал хураалтыг албаар хүчингүй болгож, хууль зөрчлөө-

 

УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс өмнөх хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр батлагдсанТатварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг, Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. Ийнхүү хоёр байнгын хорооны дүгнэлтийг танилцуулснаар гишүүд хоригтой холбоотой асуулт асууж, үг хэлэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-“Оюу толгой” компани таван хувийн татвар төлдөг бол “Эрдэнэт” үйлдвэр 17 хувийн рояалти төлдөг юм байна. Тэгэхээр төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр их татвар төлөх ёстой, харин “Оюу толгой”-гоос гурав дахин бага татвар авна гэсэн байдлаар татварын асуудлыг шийдээд байгаа юм уу. Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад хөрөнгийг битүүмжилнэ гэж юу гэсэн үг вэ. Түүнчлэн 50 хувийн хөнгөлөлттэй атал хол байвал 90 хувь төлөхгүй, ойр бол 90 хувь төлөх ёстой гэдэг зарчим хэр зөв бэ. Тэгш эрхийн зарчим зөрчигдөж байгаа юм биш үү. Банкны ашгийг жирийн иргэний ашгаас багаар тооцож авч байна гэсэн байна. Банк бага татвар төлөх юм бол бага хүүтэй зээл өгөх ёстой баймаар. Энэ мэтчлэн Ерөнхийлөгчийн хоригт маш олон зөв зүйл харагдаад байх юм. Гэтэл яагаад зөвшөөрөхгүй гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч тавьсан болохоор зөвшөөрөхгүй гээд байна уу?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Ойлголтын өнцгүүд нь зөрөөд байх шиг байна. Олон улсын үндэстэн дамнасан корпорацууд ядуу буурай орнуудаад татвар төлөхөөс зайлсхийдэг.

Тэдгээр татвараас зугтдаг үндэстэн дамнасан компаниудтай тэмцдэг олон улсын байгууллагуудтай хамтарч энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Одоо төлөхгүй байгаа татваруудын хойноос эцсээ хүртэл явна. Гэтэл хуулийг зогсооё гээд байгаа нь бидний зорилгод нийцэхгүй байна. Хоёрдугаарт, банкуудаас бага татвар авах гээд байгаа асуудал огт байхгүй. Харин гаднаас мөнгө төвлөрүүлж ирээд зээл буюу буцаж гарч байгаа мөнгөн дээрээс 10 хувь авдаг байсныг таван хувь болгож бууруулсан. Энэ нь зээлийн хүүгийн хэмжээг бууруулах зорилготой. Хоригийг хүлээж авахгүй гэдэг үндэслэл нь хуулиа сайн ойлгоогүй байна гэж үзэж байгаа.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-О.Баасанхүү гишүүний асуусан яагаад “Оюу толгой” “Эрдэнэт”-ээс гурав дахин том байтлаа гурав дахин бага татвар төлөөд байгаа юм бэ гэдгийг иргэд Ерөнхийлөгчөөс асууж байна. Тиймээс энэ мэт цоорхойг шийдэх гэж хуульд хориг тавиад байгаа юм. Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 1.1, 1.2 дэх заалт яг үүнд чиглэсэн. Татвараа авч чадахгүй юм бол байгалийн баялгаа өгөх хэрэг байна уу гэсэн асуултыг л тавьж байгаа. Ер нь үндэстэн дамнасан корпорацуудаас татвараа авч чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс татварын өөрчлөлт хийх нь зөв. Гэхдээ энэ удаагийнх дутуу байгаад байна. Ч.Хүрэлбаатар сайд зөв яриад буруу хууль гаргаад байна. Хоригийг хэсэгчилж авч болно. Хэрэв хоригийг бүр хүлээж авахгүй бол “Оюу толгой” бага татвар төлдөг чигээр үлдэнэ. Ирээдүйд гадаад нь бага, дотоод нь их татвар төлдөг хэвээр байх уу гэсэн чухал асуудал яригдаж байна. Тиймээс гишүүд асуудлаа ойлгох хэрэгтэй.

 

ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга н.Сүхжаргал:

-“Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээг ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөрийн таван хувь, өсөн нэмэгдэхийг төлөхгүй байхаар зохицуулсан. 2018 онд “Оюу толгой” ХХК улсын төсөвт 320.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Үүний 246.8 тэрбумыг улсын, 73.5 тэрбумыг орон нутгийн төсөвт төлсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2018 онд 551.6 тэрбумыг төлснөөс 503-ыг улсын, 48.7 тэрбумыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. “Оюу толгой” ХХК-ийн аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар алдагдалтай ажиллаж байгаа. Харин “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж байна. Тэгэхээр “Оюу толгой” 2018 онд 15.4, “Эрдэнэт” 171.4 тэрбумыг төлсөн ба 155-ын зөрүү нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр гарч байгаа юм. Хоёрдугаарт, “Оюу толгой” компанийн гадагш шилжүүлсэн хүүгийн орлогыг таван хувь болгосон нь худал мэдээлэл. Энэ хуулийн 20.2.4 дээр Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчийн суутгалын хувь хэмжээг 20 хувь хэвээр үлдээсэн байгаа. Харин банк гадаадын банк санхүүгийн байгууллагаас зээл оруулж ирвэл банкны байгууллагын суутган тооцох хувийг тав болгосон. Энэ хуулийн зохицуулалт уул уурхайн компанид хамаарахгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг харахад, гадаадын хөрөнгө оруулагч Монголд үйл ажиллагаа явуулаад эрхэлж байсан ажлаас 20 хувийг авдаг байсныг таван хувь болгосон юм уу. Үгүй бол ямар заалтаар зохицуулсан бэ? Мөн уул уурхайн компаниуд лиценз шилжүүлэхэд 30 хувийн татварыг 10 хувь болгосон нь хэт бага биш үү? Банкны 10 хувийг яагаад таван хувь болгов?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчийн тус улсаас олсон эх үүсвэртэй орлогод 20 хувиар татвар ногдуулахаар заасан. Тэгэхээр шинэ хуульд ч хуучин хуульд ч огт буулгаагүй. Буулгасан ганцхан заалт байгаа нь гадагш гарч байгаа тохиолдолд арилжааны банкны хүүгийн орлогыг таван хувь болгосон. Энэ нь гаднаас хөрөнгө татаж, зээл олгож, буцаж гарахад нь 10 хувь авдаг байсныг тав болгож байгаа юм. Улсад авах татварыг буулгах замаар зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжиж байна. Гэхдээ энэ нь уул уурхайн салбарынханд хамаарахгүй гэж заасан байгаа. Гэтэл үүнд хориг тавиад байх юм.


ТЕГ-ын Татварын байцаагч н.Энхтуяа:
-“Оюу толгой” компани 2009 оноос хойш цэвэр ашиг олоогүй гэсэн татварын тайлантай. Гэтэл 10 жил алдагдалтай ажиллаж, Х тайлан гаргаж байгаа компанийн татварын зардлыг нэмж өгөх хуулийн заалт оруулж ирснийг хориглож байгаа. Үндэстэн дамнасан корпорац Монгол Улсаас татвар төлөхгүйгээр ашиг олж байна гэж үзэж байгаа. Олон улсын татварын жишигт хөрөнгө оруулагчийн анх оруулсан хөрөнгө нь гурав дахин их хэмжээтэй зээл хэлбэртэй болбол зээл биш хүүгийн орлого гэж үзэж, ногдол ашиг авахыг шинэчилсэн хуулиар улам дордуулсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүгийн зардлыг хүлээн зөвшөөрөх хуулийн эрх зүйн чадамж дордсон. Тиймээс хуулийн энэ мэт өөрчлөлт “Оюу толгой” компанийн татварыг бууруулахыг дэмжсэн гэж Ерөнхийлөгч үзэж, хориг тавиад байна.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
-Маш чухал Татварын багц хуулийг Засгийн газар, Сангийн яам хариуцлагагүй оруулж ирсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газраас 14 зүйл заалтад хориг тавилаа. Энд тавигдаагүй ч зайлшгүй хориглох ёстой заалт бий гэж үзэж байна. Аж ахуй нэгжийн татварын орлогын 18.6.8-д төлөөний газраас бусад газраас 20 хувийн татвар авна гэж заасан байна. Энэ ямар учиртай вэ. Ашиг, орлого хоёр тэмээ ямаа шиг зөрүүтэй. Хуульд ашгаас авах юм уу, орлогоос 20 хувь ногдуулах уу. Түүнээс гадна, лицензийн наймаа, эрх шилжүүлэлт хэрээс хэтэрсэн. Гэтэл өмнө нь орлогоос нь 30 хувь авдаг байсныг ашгаас нь 10 хувь авдаг болгож. Үүнд тайлбар өгөөрэй. Хамгийн ноцтой нь, татварын байцаагч хүн акт тавьж, шүүхийн шийдвэргүй хөрөнгө мөнгө хураадаг болно гэх. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байна. Ийм УИХ байснаас тарсан дээр шүү.

 

ТЕГ-ын татварын байцаагч н.Тэлмүүн:
-Төлөөний газрыг бүртгэж аваад манай улсын бусад компанийн адилаар тайлан гаргаж, борлуулалтын орлогоос зардлаа хасч, ашгаасаа 10 хувь татвар төлнө. Ингээд ашгаа гадагш шилжүүлэх юм бол ахиад 20 хувийн татвар төлнө. Хэрэв зургаан тэрбумаас давбал 25 хувийн татвар төлнө өө. Үүнийг л ашгаас ногдуулах татвар гээд байгаа. Төлөөний газрын заалтыг яагаад онцолж байна вэ гэхээр, хуучин хуулиар нэг л заалт байсан. Төлөөний газар нь Монгол Улсад богино хугацаатай ирээд хөрс хуулалт хийх, барилга барьж буй гадаадын компаниуд татвар төлөхгүй зугтах асуудал түгээмэл байсан учраас төлөөний газрын тодорхойлолтыг өргөжүүлж оруулсан хэрэг. Аль болох төлөөний газруудыг бүртгэж авснаар дотоодын бааз суурь бэхэжнэ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжтой гэж үзсэн юм. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сандал дээрээ суухгүй, хуралдааны танхимд нааш цааш холхиж, гишүүдийн чихэнд үг шивнэж, зарим явах гэж байсан гишүүдийг санал хураалтад оролцчихоод явахыг сануулж байсан дүр зураг ажиглагдаж байлаа. Ингээд хоригийг хүлээж авах санал хураалт нэг гишүүний саналаар дэмжигдсэн боловч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал хураалт буруу гарсан байна. Мөн санал хураалт явуулсны дараа нэмж гишүүн орж ирсэн учир санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин явуулж өгнө үү” гэсэн горимын санал гаргасан. Эндээс харвал Д.Тогтохсүрэн зохион байгуулалттай Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжихгүй байх саналыг хурааж, гишүүдийг чуулганы танхимд “хорьж” байсан гэж ойлгож болохоор байна. Энэ үеэр сөрөг хүчний зүгээс анхны явуулсан саналыг хүчинтэй гэж үзээд, дахин санал хураалт явуулахыг эсэргүүцэж, УИХ-ын даргыг хууль зөрчиж байгааг нь сануулсан боловч УИХ-ын дарга Г.Занданшатар өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явууллаа. Дахин санал хураалтад 39 гишүүн оролцож, 79.1 хувийн саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
5 цаг 9 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]