Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Уурхайд нуралт үүссэнийг мэдсээр байж цалингаар нь барьцаалж хүний аминд хүрчээ

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол майнинг” ХХК-ийн нүүрсний уурхайд пүрэв гарагт 29 настай Б гэгч залуу дарагдаж амь насаа алдсан билээ. Тодруулбал, уурхайн тогтоол нууранд нуралт болж 60 тоннын том оврын автомашинтайгаа унасан байна. Ослын газарт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 10, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 7 алба хаагч ажиллаж байна. Осолдсон иргэн 29 настай, аав, эхнэрийнхээ хамт амьдардаг байжээ. Тэрээр энэ сарын 4-ний өдөр цалингаа авсан бөгөөд цалин олгосон компани нь “Нагай” ХХК байсан гэнэ. Гэвч уурхайн нэр нь “Шарын гол майнинг” хэмээн ар гэрийнхэнд нь уурхайн ажилчид хэлсэн байна. Тухайн газарт осолдсон иргэний ар гэрийнхэн байгаа бөгөөд эгчээс нь зарим зүйлийг тодруулсан юм.


Тэрбээр хэлэхдээ, “Осол болсон өдөр зургаан хово машинтай, хоёр ковштой жолооч ажиллаж байсан байна. Өдөр нь яг тэр газарт шороо нурж эхэлсэн тул ээлжийн ахлагчдаа дүү маань “Нуралт үүссэн байна. Би энд шороо асгахгүй. Өөр газарт асгая” гэхэд ээлжийн ахлагч нь “Наанаа асга. Заасан газарт асгахгүй бол ажлаасаа гар” гэж бусад ажилчдын дэргэд загнасан юм билээ. Тэгвэл “Ажлаасаа гаръя” гэхэд нь “Цалинг нь өгөхгүй” гэж дарамталсан гэсэн. Уурхайн ажилчдын хэлж байгаагаар энд 50 гаруй хүн бий бөгөөд шөнөөр ажилладаг, ингэхдээ дохиологч, гэрэлтүүлэгч, ХАБ-ын инженергүй байдаг гэсэн. Дүү маань 05.30-нд цалингаа аваад буух хуваарьтай байсан учир тэсч гүрийж байгаад л амиа алдчихлаа. Маш их гомдолтой байна. Ослын газарт уурхайн дарга нар ч алга. Ганц менежер нь компанийнхаа нэрийг ч хэлэхгүй байна. Миний дүүг явж очоод үх гээд түлхчихлээ, энэ уурхайн удирдлагууд” гэсэн мэдээлэл өглөө.

 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч дур мэдэн үйл ажиллагаа эхлүүлснээс осол гарчээ

 

Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцөлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Мөн газар дээр нь мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нөхцөл байдлыг давхар хянан дэмжлэг үзүүлэхээр МХЕГ-ын Байгаль орчин, геологи уул уурхайн газрын дарга Н.Батбаяр хэвлэлийн төлөөлөгчийн хамт ажиллаж байгаа аж. Тэдний мэдээлж буйгаар, “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн гол гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн тавдугаар сарын 23-ны 23:10 цагийн орчимд “HOWO-371” автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашигласан талбайд нөхөн дүүргэлт хийж байхдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон” гэлээ.

 

Осол гарсан уул уурхайн компанид Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийсэн талаар:


1. Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь 2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан, Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан, тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй, ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар 2018 оны зургадугаар сарын 28-ны өдөр үйл ажиллагааг нь зогсоосон.


2. 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг тус компанийн талбайд хяналт шалгалтаар очиход үйл ажиллагаагаа зогссон байсан ба уурхайн хананы дагуу хагарал үүссэнийг илрүүлж уг компанид 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын ахлах байцаагчийн зөвлөмж хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, Мэргэжлийн хяналтын газарт биелэлтийг ирүүлсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэхийг даалгасан.


Уг зөвлөмжийн 11 дүгээр заалт /Ил уурхайн хажуу, догол, траншей, овоолгын байдалд байнгын хяналт тавьж чулуулгийн шилжилт хөдөлгөөнийг (гулсалт, нуралт, суулт гэх мэт) илрүүлэх үзлэг, хэмжилтийн ажлыг тогтмолжуулах, эрсдэл үүсэх шинж тэмдэг илэрвэл уулын ажлыг тухай бүсэд зогсоож шуурхай арга хэмжээ авч, доголын байдалд нарийвчилсан үзлэг хийж, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй болгосны дараа мөрөгцөгт тоног төхөөрөмж байрлуулах/, 12 дугаар заалтад /Гулсалт нуралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ордыг ашиглах зураг төсөлд тусгайлан тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллах, ашиглалтын явцад гулсалт, нуралт гарах хандлага илэрвэл тухайн хэсэг дэх бүх төрлийн үйл ажиллагааг зогсоох, нурж болох саравч ирмэгийг буулгаж аюулгүй ажиллагааг хангах/ болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллах тухай тодорхой зааж өгсөн боловч тусгай зөвшөөрөл эзэмшигч дур мэдэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь осол гарах нөхцөл болсон гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа аж.


“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлжээ.
Осол болсон ил уурхайн 21587 ам метр талбайд дунджаар 6 метр гүнтэй ус тогтсон бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн усны түвшинг багасгах шаардлагатай гэж үзсэний дагуу ус шавхан зайлуулах насосууд ажиллуулж байна.
Одоогоор эрлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд тус уурхайн үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоогоод байна гэсэн юм.

 

“Шарын голын уурхай” ХХК-ийн жинхэнэ эзэн Бадангийн Батбаатар гэж хэн бэ?

Дээрх мэдээллийн дагуу “Нагай” ХХК болон “Пентатерра” ХХК-ийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим лавлагаанаас мэдээлэл хайхад илэрц олдоогүй юм. Харин “Шарын гол уул уурхай” ХХК нь 6377947 регистрийн дугаартайгаар 2018 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн байв. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Борхүүгийн Гантулга бөгөөд хувьцаа эзэмшигч нь “Говь Караван холдинг” байсан юм. Харин “Говь Караван холдинг” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Бадангийн Батбаатар 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байлаа.
Бадангийн Батбаатарын хувьд “Шарын гол уул уурхай” компанийн гүйцэтгэх захирлаар саяхныг хүртэл ажиллаж байжээ. Мөн тэрбээр “Э-транс ложистикс” хувьцаат компанийн ТУЗ-ын гишүүн бөгөөд 2011 онд Вашингтон хотноо Солонго гэх бүсгүйтэй хуримаа хийж байсан гэх мэдээлэл ч олдсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 цаг 32 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]