Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Э.Номин: Анхан шатны хүндрэлийг давчихвал Хятад хэл сурахад маш хялбар

“Отгонтэнгэр” их сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор Э.Номинтой уулзаж ярилцлаа.

 

-Ярилцлагаа Таны хятад хэл сурсан түүхээс эхэлье гэж бодлоо. Таныг бага насаа Хятадад өнгөрүүлсэн, бага сургуулиа ч тэнд дүүргэсэн гэж байсан. Танай гэрийнхэн тэнд сурч, ажиллаж байв уу?
-Аав маань 1992 онд Бээжин хотод худалдааны төлөөлөгчөөр ажиллах болж бид гэр бүлээрээ тэнд амьдрахаар нүүж очсон. Би тэр үед зургаан настай байлаа. Тэгэхээр миний бичиг үсгийн гараа “Фансаоди” /Fang cao di International school/ хэмээх олон улсын бага сургуульд орсноор эхэлж, бүх мэдлэгээ тэндээс авсан. 1998 онд бага сургуулиа дүүргээд Монголдоо ирээд Хятад Монголын “Найрамдал” дунд сургуульд сурч, 2004 онд их сургуульд элсэн суралцсан түүхтэй.


-Ханз сурахад хэцүү юм шиг санагддаг, хятад хэл сурахад хэцүү юү?
-Олон хүн хятад хэл сурахад хэцүү гэсэн ойлголттой байдаг. Эхлэн сурахад хүндрэлтэй, хэцүү юү гэвэл хэцүү. Гэхдээ хамгийн хэцүү болох анхан шатаа давчихвал маш хөгжилтэй, сурахад их сайхан хэл гэж би хэлнэ. Үсгээр сурч байгаа монгол хэл, англи хэлийг бодвол маш их дүрс бүхий ханзтай. Ер нь хятад хэлийг сураад тодорхой түвшний дараа дотоод логик холбоо уялдааг нь ойлгосноороо дараа дараагийнхаа ханзыг ойлгох, шинэ үгээ мэдэх, яаж дуудах нь маш амархан болдог.


-Ханз нь логорифм буюу дүрсэнд суурилан зохиогдсон бичиг гэдэг утгаар нь хүүхдүүдэд сурахад дөхөмтэй юү?
-Анх ханз дүрс үсгээс үүссэн байдаг. Үндсэн ханз байгаль дээрх уул, ус, тэнгэр, дүрстэй холбоотой. Түүгээр нь бид ойлгож болдог. Тэр дүрсээсээ үүссэн маш олон зурлага, хэлбэрүүд байдаг. Тэр нь тодорхой хэмжээний утга агуулгатай байдаг болохоор утгаа ойлгочхож болно. Тодорхой хэмжээний ханзнууд нь дуудлагаа илэрхийлдэг болохоор түүнийгээ ойлгосноор энэ үгийг яаж дуудах чиглэлээ олоод авчихна. Энэ болгон дээр үндэслээд хятад хэлийг сурахад гайгүй. Хүмүүс олон ханзтай, олон үгтэй, дуудлага нь хэцүү гээд халширдаг. Энэ бүгд эхний шатны хүндрэл. Эхний шатанд багахан унтаад, нэлээдгүй сайн цээжлээд авах юм бол дараагийн шатууд нь хөнгөн. Хөнгөн гэдэг маань дүрэмтэй холбоотой. Хятад хэл дүрмийн хатуу шаардлага харьцангуй багатай. Янз янзын байдлаар нэг утгыг олон хэлбэрээр илэрхийлэх боломжтой учраас хатуу дүрэмд захирагдаад байхгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.


-Хятад бичиг их эртний урамжлалтай, түүхтэй бичиг. Энэ бичгийг зээлдэж хэрэглэдэг улс орон маш их байдаг. Жишээлэхэд Тайланд, Япон, Өмнөд Солонгос гээд улсыг нэрлэж болно. Хойд Солонгос хэрэглэж байгаад дараа нь халчихсан?
-Яг ханзаар хэрэглэдэг албан ёсны улс орон гэх юм бол Япон ханз байгаа, Тайвань, Хонгконг хуучин /хуучны бичилтээр/-ы ханзыг хэрэглэдэг. Зүүн өмнөд азийн Хятад үндэстнүүд амьдардаг газар тодорхой хэмжээгээр мөн ханз хэрэглэдэг. Гэхдээ их газрын Хятад улсаас бусад нь хуучны ханзыг хэрэглэж байгаа. Хятадад 70-аад оноос хойш хялбаршуулсан ханзыг илүүтэйгээр ашиглаж байгаа үүнийг үндсэн ханз гэж ойлгож байгаа.


-Толь бичгүүд нь байж байгаад л өөрчлөгдөөд байх шиг байгаа юм. Манайд Я.Цэвэлийн 30000 үгтэй Монгол хэлний товч тайлбар толь бичиг гэж бий. Бид одоо ч хэрэглэдэг. Гэтэл Хятадад тав, арван жил болоод л толь бичгийнх нь агууламж нэмэгдээд л хэвлэгдээд байх шиг. Ямар учиртай юм бол?
-Одоогоос хоёр жилийн өмнө зургаа дахь орчин цагийн хятад хэлний толь бичиг хэвлэгдэн гарсан. Энэ нь орчин цагт маш их шинэ үг хэллэг, шинэ нэр томьёо бий болж байна гэсэн үг. Эдгээрийг тайлбарласан тайлбар толь зайлшгүй шаардлагатай. Энэ утгаараа шинэ үгийг шинэ үгээр баяжуулах, ашиглагдахаа больсон хуучин үгсийг тодорхой хэмжээгээр халж, утга шилжсэн байх юм бол шилжсэн утгыг нь нэмж тайлбарласан байдлаар толь бичиг дахин хэвлэгдсэн.


-Та бага наснаасаа хятад хэл сураад мэдлэгээ ажил мэргэжлээ болгоод ажиллахаар дөхөм байх. Таны хувьд ямар мэргэжилтэй болно гэж бодож, мөрөөддөг байв?
-Миний хувьд гуравдугаар курст ортлоо багш болох тухай бодож явсангүй. Би их сургуулиа төгсчихөөд дахин сурч сэтгэл судлаач эсвэл түүхч болно гэдэг бодолтой байсан. Гуравдугаар курст боловсрол судлал гэдэг хичээл орж, багш болохын сайхныг ойлгосон. Тэгээд л багш болохоор шийдсэн. Сургуулиа дүүргэсний дараа маш азтай манай сургууль надад үргэлжлүүлэн багшаар ажиллах санал тавьсан. Багш болъё гэсэн бодолтой явсан миний хувьд энэ бол алтан боломж. Ингээд л сургуульдаа үлдэж багшийнхаа ажлын гарааг эхэлсэн.


-Та “Отгонтэнгэр” их сургуулийг ямар мэргэжлээр сурч төгссөн бэ?
-Би англи хэлний багш, орчуулагчийн мэргэжлээр төгссөн. Багаасаа хятад хэл сурсан болохоор оюутан байхдаа хятад хэлний олон олимпиадад ордог байлаа. Намайг суралцаж байхад анх удаа өнөөдрийн оюутан болгоны оролцохыг хүсдэг хятад хэлний “Гүүр” хэмээх тэмцээн болж амжилттай оролцож байсан. Мөн анхны хятад хэлний HSK-н тэмцээн болж, тэр түвшин тогтоох шалгалтад гайгүй үнэлгээ авч байлаа.


-Ингээд таны түүхийг сонсоод байхад бага сургуулиа Бээжинд, дараа нь монголд ирээд хятад хэлний “Найрамдал” сургуульд сурч төгссөн гэж байгаа. Монгол хэлээ хэзээ нь сурав?
-Монголд ирээд л сурсан гэж ойлгож болно. Бээжинд байхдаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө монголоороо ярьчихна. Монголд ирэхээсээ өмнө хавар дөрөвдүгээр сард анх крилл үсгээ сурсан. Наймдугаар сард нь Монголд ирээд тэр намраа сургуульд орсон. “Найрамдал” сургуульд сурч байхдаа Монгол гуравдугаар дунд сургуульд өглөө нь давхар сурдаг байлаа. Монгол хүүхдүүд дунд, монгол багшаар заалгаад хурдан сайжирсан. Их сургуульд ороод хэлээ зүгшрүүлэх, хэл бичгээ академик түвшинд эзэмшихэд “Отгонтэнгэр” их сургуулийн багш нар маань багагүй тусалж өнөөдрийн түвшинд хүргэсэн.


-15 жил багшилж байгаа гэсэн. Оюутан залуус хятад хэлийг хэр их сонгон суралцаж байна вэ. Танай сургууль хэдэн хэлээр сургаж төгсгөж байгаа билээ?
-“Отгонтэнгэр” их сургуулийн хувьд гадаад хэлний чиглэлээр англи хэлний багш, хятад хэлний орчуулагч, Солонгос хэлний орчуулагч гэсэн мэргэжлээр сургаж төгсгөж байгаа. Гэхдээ бусад мэргэжлээр сурч буй оюутнууд маань хэрэв сонирхох юм бол бусад хэлийг сонгон суралцах эрх үргэлж нээлттэй байдаг. Хятад хэлийг сонирхон сонгон суралцагчдын тоо нэмэгдэж байгаа. Үүнд бүх насныхан орно. Мөн хятад хэлний, хос хэлтэй бага сургууль, дунд сургуулийн тоо нэмэгдэж байна. Их сургууль болгон хятад хэлний ангитай болчихсон. Ер нь хятад хэлийг сонгон суралцах мэргэжлийн хичээлийг нээлттэй болгож байна.


-Танай сургуулийн дипломыг олон улсад хүлээн зөвшөөрдөг үү. Магадлан итгэмжлэлээр орсон уу?
-Манай сургууль байгууллагын гурав дахь удаагийн магадлан итгэмжлэлээр орсон. Үйл ажиллагаа маань олон улсын стандарт шаардлагыг хангасан гэж үзэж болно. Гурав дахь удаагийн магадлан итгэмжлэлийн өөрийнх нь шалгуур нь олон улсын стандартаа барьж боловсруулагдсанд байдаг юм. Үүгээрээ онцлог. Хөтөлбөрийн хувьд манай хөтөлбөр үндэсний магадлан итгэмжлэлээр баталгаажсан. Олон улсын магадлалын хувьд гэвэл бид хятад хэл болон англи хэлийг олон улсын түвшинд хаана магадлуулах эх сурвалжаа хараахан олж чадаагүй байгаа. Дотоодынхоо магадлан итгэмжлэлд бол хамрагдсан. Манай сургуулийн бизнесийн удирдлагын сургуулийн хөтөлбөрийн хувьд олон улсын магадлан итгэмжлэлээр магадлагдсан.


-Танай сургууль оюутнуудаа гадаадад оюутан солилцоогоор явуулдаг гэж байсан?
-Бид хүүхдүүддээ хэл гэдэг бол дэлхий ертөнцтэй харилцах гүүр гэж ойлгуулдаг. Хэлээ сайжруулснаар хүүхэд маш их мэдээллийн эх сурвалжийг маш дөхөм замаар олж авах боломжтой. Суралцаж байх хугацаандаа оюутнууд урт болон богино хугацааны оюутан солилцоонд хамрагдаж болно.
Хоёр, гуравдугаар курсын оюутнуудын англи хэл болон хятад хэлний мэдлэг нь дундаж түвшинд хүрсэн бол хамтран ажилладаг гадаадын сургуулиудад оюутан солилцоогоор нэг улирал очиж суралцах боломж нээлттэй. Ингэж явах тохиолдол цаад сургуульдаа төлбөр төлөхгүйгээр, энд сургуульдаа төлсөн төлбөрөөрөө суралцана.Үүнийг бид хөнгөлөлттэйгөөр сурах гэж хэлж байгаа юм.


Хятад хэлний ангийн оюутнууд маань Хятадын гурван сургуулиас сонгон оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой.Үүнд, Лиаонинийн их сургууль (Liaoning University), Шэнянь багшийн их сургууль (Shen yang Normal University), Зилин гадаад хэлний их сургууль (Zilin Foreign Language University) гээд сургуулиуд байна. Шалгуур маань маш энгийн. “Отгонтэнгэр” их сургуулийн оюутан байх шаардлагатай. Мөн хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгнө. Сонсох, хэл зүй бичих болон аман ярианы шалгалт авдаг. Шалгалтаа бид өөрсдөө боловсруулж авдаг.

-БНХАУ-ын дарга Ши Зиньпин 2014 онд манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэр үед Хятадын Засгийн газрын тэтгэлгээр жилд 1000 оюутныг таван жилийн хугацаанд суралцуулах баримт бичигт гарын үсэг зурсан. Тэгэхээр танай сургуулийн төгсөгчдөд энэ тэтгэлэгт хамрагдан Хятад улсад суралцах боломж их байна гэж харж байна?
-Манай сургуулийн хувьд суралцах хүсэлтэй оюутнууддаа зөвлөгөө өгч чиглүүлэхээсээ гадна хамтран ажилладаг Лиаонийн их сургууль /Liaoning University/-д шилдэг төгсөгчдөө Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог. Жилд дунджаар “Отгонтэнгэр” дээд сургуулийн шилдэг зургаан төгсөгч Хятадад Засгийн газрын тэтгэлгээр магистрын сургалтад хамрагдаж байна.

-Тэтгэлэг нь хэдэн хувь бэ?
-Манай төгсөгчид бүгд 100 хувийн тэтгэлэг авдаг. Сургалтын төлбөр, дотуур байр, даатгал, амьжиргааны зардал орно. Ирж очих зардлыг оюутан өөрөө гаргана.


-Та Күнзийн институттэй хамтран ажилладаг гэж байсан. Күнзийн институт дэлхийн 140 оронд байгуулагдсан, Монголд л гэхэд гурван институт байдаг?
-Дан ганц манайх биш магадгүй хятад хэлний сургалт явуулдаг бүх сургууль, бүх багш, сургалтад нь хамрагддаг оюутнууд энэхүү институттэй нягт ойр байдаг гэж ойлгодог. Институтийн гол зорилго нь хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх. Энэ утгаараа улс орон болгонд маш олон арга хэмжээг зохион байгуулдаг. Оюутнууд маань тэндээс зохион байгуулдаг тэмцээн уралдаанд оролцдог. Багш нар тэндээс зохион байгуулдаг сургалт, судалгаа, мэргэжил дээшлүүлэх ажилд нь өргөнөөр хамрагддаг.


-Хятад хэлний түвшин тогтоох HSK-ийн шалгалтыг жилд хэдэн удаа авдаг юм бэ. Танай сургуулийн төгсөгчид энэ шалгалтын хэддүгээр түвшинд байна?
-Хятад хэлийг хөндлөнгийн зүгээс түвшинг нь тогтоох зургаан зэрэг бүхий HSK-ийн шалгалтыг Монголд жилд дөрвөн удаа авдаг. МУИС, МУБИС дээр хавар намартаа нэг, нэг удаа гээд тооцохоор дөрвөн удаа авдаг. Манай сургуулийн хувьд дөрөвдүгээр курстээ өгсөн оюутан тавдугаар зэрэгтэй байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг. Гэхдээ өнөөдрийн түвшинд оюутан болгоныг тавдугаар зэргийн шалгалтыг өг гэсэн хатуу шаардлагыг тавьдаггүй. Цаашид үргэлжлүүлэн сурах боломжоо харах үүднээс цаашдаа сургалтынхаа төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан дөрөвдүгээр курсээ төгсөхдөө HSK-ийн тавдугаар зэргийн гэрчилгээгээ авсан байхаар зохион байгуулалтыг хийнэ гэж төлөвлөж байна. Хүмүүс хятад хэлний шалгалт гэхээр зөвхөн HSK-ээр төсөөлдөг. Гэтэл үүнтэй ижил, амаар авдаг түвшин тогтоох HSKК шалгалт бас бий. Бизнесийн HSK гээд бас нэг төрлийн шалгалт байдаг. Багш нарын хувьд мөн шалгалт өгөөд хятад хэлний олон улсын багш нарын гэрчилгээ гэдгийг авдаг. Багш нарын боловсрол судлалын мэдлэг, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, холбогдох онолоо мэдэж байна уу, үгүй юү гэдгийг нь үнэлдэг. Сургалтаа хэрхэн зохион байгуулж байна, хятад хэлийг гадны хүнд яг үр дүнтэйгээр зааж сургаж байна уу гэдгийг нь үнэлж олон улсын сертификат олгодог шалгалт байдаг. Энэ шалгалтыг Монголд аваад эхэлчихсэн.


-Монголд хятад хэлний багш хэр их байдаг юм бол оо?
-Багш нарыг хоёр төрөлд ангилж болно. Хятад хэл заадаг Монгол багш, Хятад хэлийг зааж буй Хятад багш нар гэж. Их, дээд сургуульд Монгол багш нар түлхүү хичээл заадаг. Хятад багш нар дэмжин туслах үүрэгтэйгээр ярианы хичээл заадаг. Ерөнхий боловсролын сургуульд ихэвчлэн Хятад багш нар хичээл заадаг. Монгол багш нарын тоо цөөхөн.


-Хятад хэл сурах сонирхолтой оюутан залуусын тоо нэмэгдсэн байна. Үүнд БНХАУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэг нөлөөлж байна уу. Эсвэл хөрш улс гэдгээр нь сонгон суралцаад байна уу?
-Ер нь Хятад хэлийг сонгон суралцах оюутны тоо их болсон. Үүнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хувьд эцэг эхийн сонголт түлхүү нөлөөлж байна. Хүүхдээ хятад хэл сурчихвал хөрш улсынхаа зах зээл рүү чөлөөтэй нэвтрэх, орчуулагчгүйгээр чөлөөтэй харилцах боломж байна гэж харж байгаа байх. Хүн амынхаа тоотойгоо тэнцэхүйц хүн Хятад руу явж ирж байна шүү дээ. Мөн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж их. Төгсөөд ирлээ гэхэд ажилд ороход хятад хэлний мэдлэг нь том давуу тал болж чадаж байна. Монгол хүүхдүүдийн нэг онцлог нь хэл сурахдаа их авьяастай. Энэ утгаараа богино хугацаанд, үр дүнтэй сурах боломж их байдаг.

 

Э.Туяа

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
6 цаг 57 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]