Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Норгой

О.ӨНӨРЦЭЦЭГ

Их хотын барилгуудыг олон мянган хөлтэй аварга том аалз шиг хэмээн дүрсэлсэн Д.Оюунчимэг зохиолч сүүлийн гуч гаруй жилд хүмүүс олон дүртэй болсныг “Норгой” романдаа өгүүлжээ. Романд Норгой хэмээх нэрд гараагүй зохиолчоор төлөөлүүлэн түүний дотор орших хөгшин, залуу, гэнэн, хашир зургаан дүрээр өөрсдийн хар толгойн төлөө цэц булаалдан амьдарч буй өнөөгийн нийгмийг харуулахыг зорьжээ.
Норгойн доторх дүрийг уншихад цаг нь болохоор хүний дотор өөрөө ч таньж мэдээгүй ямар олон дүр нуугдаж байдгийг таних болно. Зохиолч номынхоо тухай ярихдаа “Мөнгө сайн олж чадсан нь маш мундаг хүн, мөнгө олж чадахгүй бол хэн ч биш гэсэн сөрөг хандлага нийгэмд тогтож буй болжээ. Үүний углуургыг нь олох хэрэгтэй...” хэмээжээ.
Аз жаргалтай нийгэмд амьдрахын тулд хүн өөрийгөө эхлээд шинжих хэрэгтэй. Өөрийн дотор бэртэгчин, эсвэл ямар агуу дүр төрх байгааг мэдэхгүй амьдарна гэдэг хөөрхийлөлтэй. Гэхдээ хүмүүс ихэвчлэн сул дорой, өөнтөгч, зөрүүд, их мэдэгч гэх мэтчилэн муу шинж чанар дээрээ төвлөрөөд байдаг. Өөрт буй аль дүрээ хурцалж, аль дүрээ үгүй хийх вэ гэдэг дээр зоригтой байх нь дайны талбарт тулаан хийж буй цэрэгтэй адил.
Норгойгийн хувьд хар нялхаараа хайртай болсон Алтан хэмээх бүсгүйг хүлээн өнө удах бөгөөд түүнтэй суулгахгүй гэж эх нь хүүхдийг нь авхуулж, тэднийг холтгосон тэр цаг мөчид түүний амьдрал зогсчихсон юм шиг санагдана. Гэвч тэр дотроо анхны хайраа мөрөөдөн хүлээсээр. Хүн ер нь хэзээ ч харагдаж байгаа шигээ байдаггүй бололтой. Хэдий гаднаа 40, 50 хүрсэн ч дотроо хүсч мөрөөдөж, ид асч байсан насандаа өөрийн мэдэлгүй хамаг үнэ цэнтэй бүхнээ орхиод ирчихсэн нь байх. Тэр цаг хугацаа руу хэчнээн тэмүүлэвч буцаж ирэхээсээ нэгэнт өнгөрсөн байхад ч тэр л үеийн нандин мэдрэмжийг дахин нэг удаа ч болов амтлахыг хүснэ. Магадгүй амталбал далавч ургаад нисчих юм шиг гэнэн цагаахнаар төсөөлнө. Норгой бол яг л тийм дүр. Тэр хорвоогийн сайн муутай эвлэрсэнгүй. Өөрийн дотоод хүмүүсийнхээ дуу хоолойг сонсон, хөлсний бичээчийн ажил хийсэн ч эх орноо ухдаг, алуурчин, биеэ үнэлэгчдийн тухай мөнгө хөөсөн зохиол бичих ясны дургүй. Хэдий арван сая төгрөг амласан ч тэрээр өөрийн мөн чанарт хөндөлсөн зохиол бичдэггүй. Өөрийгөө яая гэж өдөр хоногийг зар бичигчийн хэдхэн төгрөгөөр аргацааж байгаа ч хөлсний арван саяыг хүнд өвчин туссан хэн нэгэнд зүгээр л аваачаад өгчихнө. Харин тэр хүн тусыг мэдэж байгаа юм алга. Гэсэн ч тэр гомдоогүй. Нэг ийм л эгэл даруу, өөртэйгөө зөрчилдсөн дүр энэ номыг дуустал үргэлжилсээр эцэст нь хайртай бүсгүй Алтан нь гэнэт гарч ирж, Америкт урихад нь эхэндээ баярлан хөөрсөн ч яг цаг нь ирэхэд яваагүй. 

 

Зүгээр л орхичихсон. Алтангийн ээж түүнийг хариугүй амьтан гэж голон охиндоо хавьтуулдаггүй байсан ч охин нь Монголд хамаг юмаа хаяад ирнэ гэхээс айж, тэнд нь үлдээхийн тулд Норгойг араас нь очихыг зөвшөөрсөн. Гэхдээ тэрээр хайртай охиныхоо амьдралыг хэдхэн халтар цаасаар арилжсанаа даанч юман чинээ бодохгүй өтөлж яваа нэгэн.
Ийм л адармаатай амьдралыг нэгэн хүнээр төлөөлүүлсэн ч монголын өнөөгийн нийгмийн амьдралыг Норгойн дотор орших зургаан дүрээр яв цав харуулж чаджээ. Худлаа хөөргөх, хэрсүү зан гаргаж хөмсгөө атируулах, гэнэн хонгор царайлж хүүхэд шиг чанга орилох, хэрэггүй дээ гэж хаширлан хойш суух гээд бидэнд танил дүрүүд хөвөрнө.


Харийн хүний өвөрт жаргахаар сонголт хийхэд нь “Хайран сайхан Бобима минь...” гэж хамт ажилладаг охиндоо харамсан суух Норгойд “Солонгост ажиллаж ирээд бүх мөнгөөрөө нэг машин авснаас өөр юмгүй залуутай гэрлэж, насаараа дутуу гуцуу амьдарснаас хөгшин ч гэсэн харь хүний гэрт торгонд ороогдож, тосонд умбаж хэвтсэн нь дээр” гэх бүсгүйн ярианд өнөөх л зургаан дуу хоолой нь өөр өөрийнхөөрөө хариулна.
Үнэтэй брэндийн цүнх, туфли, машинд тухлан энэ насны амьдралаа өнгөрөөх нь ганцхан Бобимагийн ч хүсэл бус олон бүсгүйчүүдийн хүсэл болчхоод буй өнөө үед түүнийг буруутгаад ч яах билээ. Хар хор нь холилдсон, хүний амьдрал нохойн амьдрал хоёр бараг ялгагдахаа больсон энэ нийгэмд хэн чадалтай нь амьдарч, чадалгүй нь хог дээр хаягдахад хэн ч “Өөв...” гэхгүй хорвоод бид чинь амьдарч байна шүү дээ.


“Оройн ганц мод” романд гардаг шиг ид шид, үл ойлгогдох далдын зөн совинтой үйл явдлууд энэхүү зохиолд ч үзэгдээд өнгөрнө. Норгойн ганц эгчийн хүү хониндоо яваад хэдэн хоног алга болоод хаанаас ч юм бэ нэг л өдөр гараад ирнэ. Тэрээр өөрийгөө нэг л өдөр боллоо гэх боловч аймаг сумаараа арав гаруй хоног хүүг хайсан байдаг. Гэтэл тэрээр нутгийнхаа нэг уул руу өгсч явтал гэнэт л өөр газарт шилжсэн байдаг. Улирал нь хаврын хавсарга тавьсан зэврүүн цаг атал тэр газар нь цэцэг ногоо алагласан жигтэйхэн сайхан газар байдаг. Нэгэн эмгэн түүнийг дагуулж яван аарц даруулдаг бөгөөд аарцных нь шар сүү он цагийг хэмжих мэт нэг нэгээр дусалж үзэгдэнэ. Тэрээр гэрт нь ороод ширээн дээр нэг толь шиг давхарласан зүйл байхыг олж харах бөгөөд санамсаргүй ээжийнхээ үхэж байгаа дүр төрхийг олж харна. Ингээд эргэж ирсэн хойноо ганцхан Норгойд гайтай энэ зүүд шиг явдлынхаа тухай ярихад Норгойн сэтгэл хямарч сэртхийсэн ч итгэхийг хүсээгүй. Гэвч хэдэн сарын дараа болдог юм болдгоороо болж эгч нь өнөөх л зүүдэнд нь хар багаас нь ордог байсан хар машинд дайруулан нас барсан байдаг.


Жолооч залуу тайлбарлахдаа “Энэ эмэгтэй хаа холоос өөрөө гүйж ирээд, урдуур ороод дайруулчихсан” гэнэ. Гэвч эзгүй шахам сумын төвд машинд дайруулж үхнэ гэдэг бас л таашгүй нэгэн оньсого болж үлдэнэ. Гэхдээ хэн ч түүнд итгэх билээ. Норгойн зохиолд гарсан бүхэн биелэх шиг санагдана. Сүүлдээ зүүд нь ч бодит болох шиг хачин мэдрэмж төрнө. Угаас тэр үг амьтайд итгэнэ. Үгнүүд яг л номын завсраас гараа сарвалзуулан орилолдон чарлалдах мэт санагдана. Энэ магад зохиолчийн хувьд ч үг гэдэг өөрөө амьтай, хувь заяагаа өөрөө сонгодог гэдэг итгэл үнэмшлийнх нь илрэл биз.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]