Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Д.Гэрэл: Шуналын сэтгэлээ дарж, байгаль дэлхийг мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг гөрөөчин гэнэ

Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн, гурван үеийн гөрөөчин Д.Гэрэлтэй ярилцлаа.

-Анчин, гөрөөчин гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?
-Анчин гэдэггүй, гөрөөчин гэж ярьдаг номтой. Малчин гэдэгтэй л адил үг. Шуналынхаа сэтгэлийг дарж, байгаль дэлхийгээ мөн чанараар нь ойлгож чадсан хүнийг л гөрөөчин гэнэ. Энэ бол нэг талаас мэргэжил. Нөгөө талаас өв тээгчид гэж хэлж болно. Түүнээс дуртай нэг нь сонирхол хоббигоороо хийдэг ажил биш.


-Малчин гэдэгтэй адил гөрөөчин гэдэг нь мэргэжил юм байна. Тэгвэл өнөөдөр жинхэнэ гөрөөчдийг та бүхэн бэлтгэж байна уу?
-Мэргэжлийн гөрөөчид шавь сургалтаар төрдөг. Гэтэл бид шавь сургалтаар хүн сургаагүйгээс болж өнөөдөр хүссэн бүхэн хөх төмөр хөндлөн үүрээд ан гөрөөнд явдаг болжээ. Гөрөөнд явах хорхойтой хотын залуусыг хөдөөний жинхэнэ гөрөөчидтэй холбож, агнуурын бүс бий болгомоор санагддаг.

Тэндээс ашиг олох гэж улайралгүй, олсон хэдээ тэр газартаа зарцуулаад, ан амьтныг нь өсгөж үржүүлэх хэрэгтэй. Ингэж байж л мэргэжлийн гөрөөч төрөх болов уу.


-Таны хувьд гурван үеийн гөрөөчин болохоор энэ мэргэжлийг удам дамжин өвлөж авсан байх?
-Тийм. Гэхдээ надад цагдаагийн газарт шинжээчээр ажиллаж байсан “Төрийн Моюу” гэж мундаг гөрөөчин багш байлаа. Аав өвөө хоёр минь хоёулаа гөрөөчний замналаар амьдарсан. Би ч түүнийг өвлөж, социализмын үед ангийн бригадад багтаж, тодорхой хуваариар ангаа хийдэг, байгалиа хамгаалдаг байлаа. Би энэ мэргэжилдээ хайртай дуртай гэж жигтэйхэн. Харин одоо энэ мэргэжлийн үнэ цэн алдагдаж байгаад харамсдаг даа.


-Гөрөөчдийг бэлтгэдэг шавь сургалтын талаар яриа дэлгээч?
-Гөрөөчин хүн нэгийг идээд арвыг хамгаалах үүрэгтэй. Жинхэнэ гөрөөчдөд олон сайхан ёс жудаг бий. Гахай унагачхаад сууж байна гэж бодъё. Гэдэс гаргаагүй сууж байхад өөр нэг гөрөөчин ирвэл яг адил хувиар хүртэнэ. Ингэж хувь хүртсэн гөрөөчин ахиад нэг амьтны амийг хэлтрүүлэх учиртай. Гэдэс гаргачихсан хойно ирвэл хувь өгдөг. Хувь гэдэг нь чанаж идэх тогоо мах л байдаг юм. Харин яг тухайн амьтныг гөрөөлсөн, буудсан хүн бол зүлдээ авна. Зүлд гэдэг нь толгой нь. Тэгээд цуг гөрөөлсөн дөрвөөс таван хүнтэй тэнцүү хуваагаад харьцгаадаг. Гөрөөнд яваад ирсэн хүн айл саахалт, нутгийнхандаа хувь хүртээх ёстой. Үгүй бол дараагийн удаад хангай хишгээ өгөхөө больчихдог гэж ярьдаг. Хээлтэй, төлтэй амьтныг гөрөөлдөггүй. Дурандаад харахад төлтэй амьтан чинь хөх нь сэрийгээд, эсвэл биеийн бүтцээрээ хүртэл өөр харагддаг. Монголчуудын дээд удамд малчин, гөрөөчин хүмүүс л байсан учраас гөрөөний соёл маш өндөр сууж өгсөн байдаг.


-Та энэ талаар нилээд хөндөж ярьдаг. Ангийн соёл уламжлалын талаар тодорхой баримт ярина уу?
-Гөрөөчид байгаль, ан амьтнаа хамгаалдаг байсныг нотлох баримт ч бий. Хайсанхүлэг хаан гантай зун “Өвөл зуд болох магадлалтай байна” гээд ард иргэдийг дураар мод түлээгээ бэлдэх, ан гөрөө хийхийг зөвшөөрсөн зарлиг гаргаж, гөрөөчдийн ахлагч нарт хүргүүлж байсан гэдэг. Тэгэхээр гөрөөчин хүн энэ жил амьтдын тоо толгой хэр зэрэг өссөн, тарга хүч сайн авсан эсэх, өнгө зүс ямар байна, хаагуур нутаглаж байна. Үүнийг харгалзан үзээд хэдийг нь, хэзээ гөрөөлөх вэ гэдэг бол монголчуудын ухаан. Ингээд харахаар гөрөөчид бол удам дамжиж ирсэн байгаль, ан амьтан хамгаалагчид юм. Гэтэл энэ өв уламжлал тасарчихлаа. Социализмын үед нэг суманд ганцхан ойн цагдаа байсан хэрнээ, нутаг дэвсгэрийнхээ байгаль, ан амьтныг бүхэлд нь харж чаддаг байсан. Гөрөөчид, иргэдтэй хамтардаг байсан учраас тэр юм. Энэ бол бичигдээгүй хууль. Одоо ойн цагдаа гэдэг нэрийг хаяж, нэг суманд багадаа дөрвөөс тав, зарим газарт 10 орчим байгаль хамгаалагч ажиллуулдаг болж. Тэгсэн хэрнээ байгаль орчноо хамгаалж чадахгүй байна. Өнөөх өв уламжлал чинь алдагдаж, иргэн, гөрөөч хүнийг байгаль хамгаалагч гэж үзэхээ больчихсон учраас тэр. Энэ бол бодлогын маш том алдаа.


-Та гөрөөчин өвөг дээдэс, багш нараасаа сонсч байсан сургаал захиасаас хуваалцана уу?
-Би бол хөвчийн гөрөөчин. Говьд гөрөөлөх, шувуу агнахыг боддоггүй. Хөвчийнхөө гахайнд л явна. “Чи хөх төмөр хөндлөн үүрч байгаа санаатай юм бол гахайгаа л сайн гөрөөлж идээрэй” гэж өвгөчүүл захидаг байлаа. Өвөг дээдсээс бидэнд, гөрөөчдөд захисан захиас гэж бий. “Хятадтай сайдсан тохиолдол болгонд ангийн тоо толгой эрс цөөрдөг юм шүү. Тэр үед хөх төмрөө хол тавиарай” гэсэн байдаг. Мөн “Эр хүн хэрэв хөх төмөр хөндлөн үүрэх гэж байгаа бол олзонд нүд аньж сурах хэрэгтэй” гэсэн захиас ч бий. Энэ захиас өвөг дээдсээс бидэнд өвлөж ирсэн ч бид хойч үедээ үлдээж чадахгүйд хүрээд байна. Үүнээс гадна гөрөөчин хүнд жудаг гэж бий. Амьтныг зовоож гөрөөлдөггүй. Зовсон мах бүү хүрт, бүү түгээ. Зовоож, тамлаж гөрөөлсөн мах юм болдоггүй гэдэг. Сайн анчин бол зовоож шархдуулалгүй ан гөрөөгөө хийнэ. Ер нь аливаа амьтныг зовоохгүй гөрөөлнө гэдэг чинь нэг ёсны буян юм. Үүний тулд гөрөөчин хүн ур ухаан, авьяас чадвар гаргаж, тэвчээр хатуужил зааж байж гөрөөлнө.


-Ёс жудагтай жинхэнэ гөрөөчин амьтны амь тэвчих нь нүгэл биш байдаг байх нь ээ?
-Социализмын үед би төлөвлөгөө биелүүлж олон амьтныг агнасан. Тэр үед н.Моюу гуай, автобаазын дарга байсан н.Рэнцэндорж гуай гээд сайхан гөрөөлдөг хүмүүс байлаа. Нэг удаа анд явахынхаа өмнө би нэг лам дээр очиж “Олон амьтан агнахаар явах гэж байна. Ном уншуулъя” гэсэн. Тэгэхэд нөгөө лам “Гөрөөчин хүний нүгэл буян тэнцдэг юм. Унших ном байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхээр шашинд хүртэл энэ тухай дурдсан байгаа биз.


-Өнөөгийн залуус хурдан буу, том жиптэй анд явцгааж сүр хүчээ гайхуулцгаадаг болжээ. Тэдэнд юу гэж хэлмээр санагддаг вэ?
-Машин, онгоц зэрэг техникийн хүчээр хөөгөөд буудчих амархан. Ингэж илт давамгай, хялбархан хожсон хүнд “Би үүнийг гөрөөлчихлөө” гэх сэтгэгдэл төрөхгүй л болов уу.


-“Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” гээд л сүүлийн үед чоно агнаж хийморио сэргээх хүсэлтэй хүмүүс их болжээ. Та үүнд ямар бодолтой байдаг вэ?
-Гөрөөчид чоно, баавгай, ирвэс гээд махчин амьтдыг өөрсөдтэйгээ адилхан гөрөөч гэж үзээд их хүндэлдэг. Тэдгээр амьтад ч үүнийг мэднэ. Гахайнд явж байхад аргамжааны цаана чоно дагаж явдаг ч гөрөөчин хүний морийг иддэггүй. Адилхан гөрөөч учраас тэр. Гахай агначхаад гэдсийг нь гаргаж, дотрыг нь цэвэрлээд үлдээчихнэ. Буун дуунаар чоно очиж гахайны гэдэс иддэг. Залуу гөрөөчид мэдэхгүй гэнэдэж “Буудъя” гээд багш нартаа загнуулна. “Наадах чинь бидэнтэй хамт нэг сар гөрөөлж, гахайн гэдэс идээд хоолтой байна. Буга унагаахгүй, ан амьтанд хэмнэлттэй байгаа биз дээ. Адилхан гөрөөч байж чи юунд ад үзэв” гэж ахмадууд хэлж сургадаг байлаа. Ийм зүйлийг их, дээд сургууль дүүргээд ч сурдаггүй юм. Хичээл болгоод зааж болдоггүй. Отог дээр өвгөчүүлийн сургаалыг сонсч байж л сурна. Чоныг социализмын үед төлөвлөгөө өгөөд агнуулж л байсан. Одоо л нэг их хайртай болоод л агнуулахгүй гээд байна. Цагаан газарт машинаар хөөж алж байгааг хорьсон нь зөв. Харин хөвчийн чоно ихтэй газарт чоно агнахыг хориглосон нь буруу гэж боддог.

-Яагаад?
-Одоогийн залуучууд хөвчийн чоныг буудаж чадахгүй. Хүн болгонд буудуулаад явдаг чоно гэж хаана байх вэ. Хүн болгон чоно агнаад байж чаддаг ч юм биш. Чоно үхэх хүнийхээ л өмнө ирж үхдэг амьтан.


-Гөрөөлөхөд хамгийн хэцүү амьтан юу вэ?
- Хамгийн хэцүү ан гэвэл тарвага. Их нарийн буундаа ордог. Тарвагыг яг цагаан шанаанд буудах ёстой. Түүнийг онож буудна гэдэг хэцүү. Мундаг гөрөөчдөд бол амархан л даа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]