Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Ажлын таван өдрийг санаачилсан Автомашин үйлдвэрлэгч Хенри Форд

“Бүтэлгүйтэл гэдэг шинээр эхлэх боломж, гэхдээ илүү ухаалгаар”


Дэлхийд нэртэй Форд машиныг үндэслэгч, АНУ-ын 161 патентын автор, америкийн үйлдвэрлэгч Хенри Форд 1863 оны долдугаар сарын 30-нд Детройтын орчим нэгэн фемд ирландын цагаач гэр бүлд төржээ. Хенри Форд автомашин үйлдвэрлэхэд анх удаагаа үйлдвэрлэлийн дамжлага ашигласан хүн. Түүний “Миний амьдрал, миний ололт” ном нь хөдөлмөр зохион байгуулалтын шинжлэх ухааны сонгодог бүтээл болсон юм.

 

Ажлын гараа

Форд 16 насандаа гэрээсээ зугтаж Детройтод ажилд орохоор явжээ. 1891-1899 онд инженер механикийн ажил эрхэлж байгаад сүүлд нь “Эдисоны цахилгаан компани”-д ерөнхий инженерээр ажилласан байна. Энэ зуур 1893 оноос чөлөөт цагаараа анхны автомашинаа зохион бүтээжээ. 1899-1902 онд “Детройтын автомашины компани” байгуулсан ч хамтрагчидтайгаа санал зөрөлдсөнөөс 1903 онд салж яван тэр жилээ “Форд Мотор”-ыг байгуулан For A маркийн машинаа үйлдвэрлэн гаргажээ.
Гэхдээ ажил хэрэг шулуухан явж, амжилт аяндаа ирсэнгүй. Автомашин үйлдвэрлэлийн салбарт монополь байдлаа хадгалах гэсэн бүлэглэлийн өрсөлдөөнтэй тулгарсан байна. 1879 онд Ж.Б.Селден авто машины төслийн патент авсан ч өөрөө бүтээгээгүй, үндсэн зарчмуудыг нь л бичсэн байлаа. Үүнийгээ үндэс болгон “Форд Мотор компани”-ийн эсрэг зарга мэдүүлсний шүүх ажиллагаа 1911 он хүртэл сунжран үргэлжлэв. Ингэсээр 1909 онд Форд ялагдсан ч шүүх хэргийг дахин авч үзсэнээр автомашин үйлдвэрлэгчдээс хэн нь ч Селдений эрхийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэжээ. Автомашин үйлдвэрлэгч монополиуд ч тэгсхийгээд тарж харин Форд хэрэглэгчдийнхээ ашиг сонирхлын төлөө ажлаа үргэлжлүүлсэн гэдэг.
Амжилтын эхлэл

Форд 1910 онд автомашин үйлдвэрлэлийн салбарт маш сайн гэрэлтүүлэг, агааржуулагчтай хамгийн орчин үеийн “Хайленд парк” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. 1913 оны дөрөвдүгээр сараас энэ үйлдвэртээ угсрах дамжлагын анхны туршилтыг хийж эхэлжээ. Тэд эхлээд генераторыг хамгийн түрүүнээ угсарч туршив.
Нэг ажилчин генераторыг ажлын 9 цаг 54 минутад бүрэн угсардаг байжээ. Харин генераторын 84 эд ангийг 84 ажилчин угсрахад хөдөлгүүр угсрах ажлын хугацаа 40 минутаас илүүгээр богиносчээ. Машинаа ганцхан газар байрлуулаад бүх зүйлийг авчирч угсардаг хуучин нөхцөлд явах ангийг угсрахад 12 цаг 28 минут зарцуулдаг байсан бол хөдөлгөөнт тавцан дээр дамжлагаар угсрахад зарцуулах хугацаа нь бараг хоёр дахин богиносч байв.


Ингээд жилийн дараа 1914 он гэхэд компани дамжлагын тавцанг ажилчны бүсэлхийтэй чацуу болгосон байна. Тэгээд удалгүй нэг нь өндөр ажилчдад зориулсан нөгөө нь намханчуудад зориулсан хоёр дамжлага ашиглалтад орууллаа. Энэ бүх туршилтыг үйлдвэрлэлийн бүхий л дамжлагад хийж боловсронгуй болгосноор Т маркийн машин угсрах хугацаа 12 цагаас багасчээ.
Фордын хатуу хяналтын дор үйлдвэрлэлийн бүхэл бүтэн тойрог бий болж төмрийн хүдэр олборлох, хайлуулахаас авхуулаад бэлэн машин гаргах хүртэлх үйл явц ийнхүү бий боллоо.
Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Хенри Форд өөрийнхөө санаачилгаар Европт энхтайвны элчийн маягаар дайныг хурдан дуусгах итгэлтэйгээр “Оскар-2” хөлгөөр очсон ч Европын хэвлэлүүдийн хатуу шүүмжлэлээс болоод түргэн буцаж иржээ.


Харин 1917 оноос Америк Антантын талд орон дайнд оролцох болсноор Форд үзэл бодлоо өөрчлөн үйлдвэртээ цэргийн захиалгаар хорт хийний баг, төмөр дуулга, “Либерти” машины моторт зориулсан цилиндр, дайны төгсгөлөөр хөнгөн танк, усан доогуур шумбагч үйлдвэрлэж байжээ. Форд үүнийгээ би цэргийн захиалга үйлдвэрлэж байгаа ч улсад бас татвар төлж байгаа юм гэж тайлбарлаж байжээ.


1925 он гэхэд Форд нэг шат ахин өөрийн гэсэн агаарын тээврийн компани байгуулсан нь хожмын Ford Airways байлаа. Тэр жилээ Уильям Стоутын фирмийг худалдан авч, нисэх онгоц үйлдвэрлэхээр шийдлээ. Анхны бүтээл болох онгоц нь гурван моторт Ford 3-AT Air Pullman байв.
Энэ амжилтаа ахиулж “Зэрлэг галуу” хэмээн хочлогддог Ford Trimotor хэмээх гурван моторт зорчигч тээврийн моноплан 1927-1933 онд бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэв. Үйлдвэр нийтдээ 199 ийм онгоц үйлдвэрлэсэн нь 1989 он хүртэл ашиглагдсан түүхтэй.
Автомашин үйлдвэрлэлийн салбарт гаргасан амжилт, хувьсгалт өөрчлөлтийнх нь төлөө 1928 онд Бенжамин Франклины хүрээлэнгээс Фордыг, Эллиот Крессоны медалиар шагнажээ.

 

Хөдөлмөрийн хөлс, ажлын цаг

1914 онд АНУ-д хөдөлмөрийн хөлс хамгийн өндөртөө өдрийн таван доллар байлаа. Ажилчдыг компанийн ашигт оролцох, ажилчны суурин барихыг зөвшөөрдөг байсан ч үйлдвэрийн газруудад үйлдвэрчний эвлэл байгуулахыг бүр 1941 онд л зөвшөөрсөн юм. 1914 онд үйлдвэрүүд найман цагийн гурван ээлжээр бүтэн хоногийн турш, юм уу есөн цаг хоёр ээлжээр ажилладаг байв. Өдрийн таван доллар амьдралын баталгаа болж чадахгүй байлаа. Яг ийм журам Их Хямралын үе хүртэл үргэлжилсэн юм.
Харин Форд капитализмын үзэл санаагаар хүмүүжсэн нэгэн ч гэлээ ажиллагсдын хөдөлмөр, амьдралын нөхцөлийг сайжруулах чиглэлд багагүй зүйл хийсэн бизнесмэн юм. Тэр юуны түрүү ажилчдын халаа сэлгээг багасгаж чадсанаар чадварлаг ажилтан ажилчидтай болсон байна. Үүний тулд ажлын өдрийн цалин 5 долларыг бараг хоёр дахин нэмжээ. Ингэснээр ажилчид байн байн халагдаж солигдох нь эрс буурсан төдийгүй, Детройтын шилдэг ажилтан, ажилчид Фордын компани руу хошуурах болжээ. Үүний дараа Форд долоо хоногийн ажлын цагийг хорогдуулахаар шийдвэрлэж эхлээд зургаан өдрийн 48 цаг болгосон бол дараа нь таван ажлын өдрийн 40 цаг болгож богиносгожээ.
Фордын энэ санаачилга зөвхөн өөрийн ажиллагсдын ахуй амьдралд сайнаар нөлөөлсөн төдийгүй, үйлдвэрлэл нь амжилттай байхын гол үндэс болсон байна. Улмаар Детройтын машин үйлдвэрлэлийн бусад компани, корпорацуудад өрсөлдөөн бий болгож цаашлаад улс төрөөр дамжин эдийн засагт нааштай нөлөөг үзүүлж чадсан юм.

 

Форд Үйлдвэрчний эвлэлийн эсрэг

Форд ажиллагсдын мэргэжлийн хувьд эвлэлдэн нэгдэхийн эсрэг хүн байлаа. Үүнийгээ ч тэрээр “Миний амьдрал, миний ажил” номдоо бичсэн байдаг. Тэр ердөө л өндөр ашигтай үйлдвэрлэлгүйгээр ажиллагсдын эдийн засгийн байдал хэзээ ч бий болохгүй гэж үздэг байлаа. Ажиллагсдын сайн сайхны төлөө хэмээн хөндлөнгөөс нөлөөлөх нь өнгөн талдаа сайн зүйл мэт боловч яваандаа эсрэгээрээ ажилгүйдлийг мөн хөдөлмөрийн бүтээмжийг бууруулна гэж үздэг байж.
Ийм ч учраас Детройтын автомашин үйлдвэрлэлийн компаниудаас Ford Motor хамгийн сүүлд Автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлд нэгдсэн гэдэг. 1941 оны дөрөвдүгээр сард Үйлдвэрчний эвлэл суугаа ажил хаялт зарласнаас River Rouge завод үйлдвэрлэлээ зогсоосон ч Форд арай нэг сүйрэлд хүрчихсэнгүй тэслээ. Өнөөгийнхний бичиж байгаагаар бол эхнэр Клара нь Фордын байр суурийг өөрчилж чадсан гэдэг. Ингээд 1941 оны зургадугаар сард Үйлдвэрчний эвлэл, Форд компанийн хооронд хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

 

Үндсэрхэг үзэл, нацистуудыг дэмжсэн нь

Автомашин үйлдвэрлэлийн энэ аугаа хүн нацист, хэт туйлшрагч тэрс үзэлтэн байсан гэвэл итгэх үү. Форд 1918 оноос “The Dearborn Independent” сониныг эзэмших болж 1920 оны тавдугаар сарын 22-нд үндсэрхэг үзлийн тухай өгүүлэл нийтлүүлсэн байдаг. Тэр намраа арван нэгдүгээр сард дахиад “Олон улсын еврей үзэл” гэдэг ном хэвлүүлжээ.
Энэ бүхний төлөө 1921 оны нэгдүгээр сарын 16-нд Америкийн гурван ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн дарга байсан есөн хүн, нэг кардинал оролцсон төр нийгмийн зүтгэлтэн 119 хүн Фордын үзлийг шүүмжилсэн нээлттэй захидал хэвлүүлж байжээ. Гэхдээ Форд өөрийнхөө үзэл бодол алдаатай болохыг хүлээн зөвшөөрсөн захидлыг бүр 1927 онд л хэвлэлд илгээсэн байдаг.


Тэр захидалдаа “Би шударга хүний хувьд өөрийнхөө еврейчүүдийн талаарх тэнэг үйлдлийн төлөө эх орон нэгтнүүд, ахан дүүсээсээ уучлал гуйж байна” гэж бичжээ.
Хенри Форд фашист германы Ажилчдын Үндэсний социал демократ намыг санхүүжүүлэгчийн нэг байв. Фордын хөрөг Адольф Гитлерийн Сюнхен дэх албан өрөөнд өлгөөтэй байдаг байв. Гитлер “Миний тэмцэл” номдоо нэрийг нь дурдсан цор ганц америк хүн бол Форд. “Детройт Ньюс” сонины сурвалжлагч Аннетта Энтон Адольф Гитлерээс 1931 онд ярилцлага авах үеэрээ Хенри Фордын зураг түүний ширээн дээр байхыг хараад асуухад Гитлер “Хенри Фордыг би өөрийн шүтээн, бүтээгч гэж боддог” гэж хэлжээ.
Германд эзлэгдсэн Францын Пуассид байсан Фордын завод 1940 оноос Германы зэвсэгт хүчинд зориулан онгоцны хөдөлгүүр, ачааны болон хөнгөн тэрэг үйлдвэрлэх болсон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
2 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]