Уншиж байна...
 
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулнаТөрийн албаны тусгай шалгалт эхэллээБие даан нэр дэвшүүлэх талаар сургалт, мэдээлэл хийвИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа
Д.Зоригт: ЖДҮ-г дэмжинэ гэдэг шиг циркт амь тариа хийх хэрэгтэй болжээ

 Монгол Улсад 80 жил хөгжиж байгаа циркийн урлаг мөхөл, сэхлийн ирмэг дээр дэнчигнэн оршиж байна. Улсын харьяалалтай байсан жүжигчид арав гаруй жилийн өмнө гэнэтхэн гудамжинд гарсан. Хувийн байгууллага болж хувирахдаа боловсон хүчнээ “боловсон” халсан байдаг. Арав гаруй жилийн өмнө өрнөсөн энэ үйл явцаас хойш уран бүтээлчид бор зүрхээрээ ажиллаж, амьдарч байгаа. Бараг л гадаадын циркийн бэлтгэн нийлүүлэгчид гэж хэлж болох зарчмаар л энэ урлаг оршин тогтнож байна. Гайхамшигтайг нь мэддэг ч анхаардаггүй, хэрэггүй юм уу гэхээр Монгол Улсын консерваторидоо жүжигчдээ бэлтгэсээр л яваа. Бодлогоос гээгдэж, гадуурхагдсан циркийн урлагийн тухай сэтгэл эмтрэн явдаг нэгэнтэй ярилцлаа. Түүнийг Д.Зоригт гэдэг. “Шинэ цирк” төвийн захирал тэрбээр 1976 онд ЗХУ-д Цирк эстрадын сургууль төгсч акробатчин болоод “Залуусын золбоо”-гоор түүчээлэн нэгэн үеийнхэнтэйгээ хөх асрын манежийг эзлэн явсан. Дараа нь 1980-1986 онд Москвагийн Театр урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгсч, хувьчлагдтал нь Улсын циркт уран сайхны удирдагч, найруулагчаар ажиллаж байсан юм.

-Монгол Улсад Циркийн сургууль байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна. Билэгтэй жил билэггүй зүйл асуух нь, уучлаарай. Монголд циркийн урлаг амьсгаатай байна уу, эсвэл амь нь тасрах гэж байна уу?
-Энэ бүхнийг ярихын өмнө яндашгүй баялаг түүхтэй Монголын циркийн урлагийн түүхийг огтхон ч үгүйсгээгүй гэдгээ онцолъё.
Хувьчлалаас хойших он жилүүдэд хар бараан, гундуу түүх л давамгайлж байна. 2006 онд циркийг хувьчилсан. Яагаад тухайн үед хувьчлах болсон тухай эхлээд ярих хэрэгтэй. Хэн нэгэн шуналтан нь циркийг хувьчилж авах гээд гэнэт ийм зүйл болчхоогүй. Бүр 2002 онд УИХ-аас нийгмийн салбарт өмч хувьчлал явуулах чиглэл гарч, 2005 онд ямар ямар салбарт хувьчлал хийхээ батлахад цирк орсон. Үүний дагуу 2006 онд Засгийн газрын тогтоол гарснаар Төрийн өмчийн хорооноос сонгон шалгаруулалт явуулах журам баталсан. Менежментийн гэрээгээр хувьчилсан болохоор циркийн үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой байсан. Нэгэнтээ АСА баг ялсан. Энэ тухай зөндөө ярьсан болохоор энд яриад яах вэ. Гэхдээ тухайн үед циркийн баг буюу “Монгол цирк” баг ялагдсан шалтгаан нь циркчид бидний эв нэгдэлгүй байсантай холбоотой. Хоёрдугаарт, өрсөлдөгч нар илүү тактиктай байжээ. Төрийн өмчийн хорооноос баталсан журмын дагуу мэргэжлийн хүмүүс багт байх шаардлага тавьсан байсан. Магадгүй тэдний талд тухайн үед циркт менежерээр ажиллаж байсан Н.Болдбаатар, нэр алдартай хүмүүсээс Төрийн шагналт Д.Мажигсүрэн, Н.Намхай багш нар маань ороогүй бол өөр зүйл болох байсан гэж бодогддог. Бид нэгдэх хэрэгтэй гэж олон ч удаа ярьсан. Манай багийнхан нэгтгэх гэж хичээсэн ч хөөгдөөд, үл ойлголцоод л дууссан. Бурхан болчихсон хүмүүсийг муу хэлээд явах утгагүй тул би юу ярих вэ. Гэхдээ тухайн үед хөрөнгө, эд мөнгө амлаж, өөрсдийн талдаа хүмүүсийг авсан санагддаг. Надад ч тийм санал дам байдлаар ирж байсан. Ингээд ялсан баг циркийг мал, амьтан, жүжигчин, тоног төхөөрөмжтэй нь авсан ч хоёр жилийн дотор шат дараатай халсан. Тухайн үед бид муу санаагүй, туршлагагүй байжээ. Зөвхөн өөрсдөө мэргэжлийн хүмүүс учраас бидний зүтгэлийг харна гэсэн итгэл өвөрлөж орсон нь алдаа байлаа. Эсрэг талд илүү булхайтай, хуудуутай гэж хардаж болохоор далд үйл явц зэрэгцэн өрнөсөн.
-Зах зээлийн ханшийг нь та тодруулаад хэлж өгч болох уу?
-Тэрбум гаруйхан төгрөгөөр л улсын циркийг хувьчилсан. Одоо газрынх нь үнэд ч хүрэхгүй.
-Тухайн үед улсаас жилд хэдэн төгрөгийн татаас авдаг байсан бэ?
-300 гаруй сая төгрөг байдаг байх аа. Өмч хувьчлалыг менежмент нэрээр хийсэн луйвардсан л даа. Үүнийг олон жил ярьсан болохоор дахин дахин нуршаад ч яах вэ дээ.
Үнэндээ Монгол Улсын УИХ, Засгийн газрын шийдвэр, бодлогын дагуу л хувьчлагдсан, тэгээд алдсан. Тэр цагаас хойш 14 жил боллоо. Менежментийн хувьчлалын тухай бүгд л мэднэ. Шавь сургалттайгаа нийлээд 200 орчим жүжигчин Улсын циркт төвлөрч байсан нь одоо үгүй. Ингээд харахаар хүмүүс цирк мөхжээ гэж байгаа юм.
Нөгөөтээгүүр, гадаадын тэмцээн, уралдаанд амжилт гаргаад байхаар байгаа ч юм шиг.
Угтаа бол циркийн бүх төрөл жигд хөгжих ёстой ч эдүгээ атракцион, том хөтөлбөр алга болжээ. Уран нугаралт, хүнд жин, акробат гээд үзүүлбэр бүрээр л одоо ярина. Тэгэхээр цирк жижгэрч давжаарсан.
БСШУСЯ бол соёл, урлагийн бодлогыг барьж байгаа газар. Циркийн тухай харин тэд бодлогодоо тусгахаа мартсан байх.
Циркчдийн холбоо, Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Уран нугаралтын холбоо, Морин циркчдийн холбоо, Залуу циркчдийн холбоо болон хувийн продакшн, гадаадад байгаа жүжигчдийг нийлүүлж бодлогоо зангидаад аваад явж болмоор санагддаг. Монголыг сурталчилсан гадаад үйл ажиллагаа болохоор л биднийг санадгаас биш бусад үед мартдаг. Гэтэл жүжигчид энд тэнд бэлтгэл хийж байж л гадаадын цирк рүү очиж цалинтай залгаж байна. Тэгсэн хэрнээ Монгол Улсын консерваторийн Бүжиг, циркийн тэнхимд жүжигчдээ бэлтгэж байна. Боловсон хүчнээ бэлтгээд байгаа ч ажлын байрны тухай тэд санаа зовдоггүй. Мэдээж тэд төгсөөд аль нэг студи, продакшны хийсэн гэрээгээр гадагшаа явж л цалинтай, ажилтай болдог. Гэтэл циркийн асар том масс Монголд байна. Төв талбайд 2016 онд 530 уран нугараач нугарсан. Тэднээс гадна хилийн чанадад 100 гаруй нугараач бий. Энэ том массыг зохицуулж авч явах ёстой биз дээ. Гэтэл аав, ээжгүй хүүхэд шиг л явна. Ж.Раднаабазарын нэрэмжит Циркийн сургууль 80 жилийн ойгоо тэмдэглэж байхад бэлтгэлийн байр болох хуучин циркийг нь тал талаас нь хэмлэсээр хажуу дахь Дашчойлин хийдийн мэдэлд авах нь ээ. 1940 онд Циркийн өвлийн байр болгон засварлаж байсан энэ байрыг шашнаа дэмжин хийдэд өгөх нь л дээ. БСШУСЯ өөрсдөөсөө холдуулж байгаа л хэрэг. Тэд энэ байрны халаалт, дулааны зардлыг өгдөг ч үгүй, шийдэхийг хүсдэггүй учраас Нийслэлийн ИТХ-аар шийдүүлж Хуучин цирк байгаа тэр хавийн газрыг Дашчойлин хийдийн хамгаалалтын бүс болгож, шийдэх гэж байна.
70 жилийн ойн баярын комиссоо тэр Хуучин циркийнхээ жижигхэн өрөөнд хуралдаад хийж байсан. Одоо гэтэл тэр гал голомтыг нь ч булаах нь. Төрийн харалган, сохор бодлогоор л бүхэл бүтэн урлагийн төрөл гадуурхагдаж байна. Чадалтай бол өөрсдөө амьдар гээд өшиглөөд гаргалаа.
Дэлхийд тавд эрэмбэлэгддэг гэж бид бахархдаг байлаа. Дэлхийд эрэмбэлэгдэхийн тулд том хөтөлбөр бүрэн байж л тэгж үнэлэгдэнэ. Алиалал, амьтан, агаарын үзүүлбэр гээд найман төрлийн уран бүтээл өм цөм үгүй болжээ.
Би циркийн урлагт 48 жилийн амьдралаа зориулсан болохоор сэтгэл өвдөх юм. Хойшдоо залуус яах вэ?
-Хэрэгтэй гээд мэргэжилтнээ бэлтгэж байгаа бол ингэж гээж болох уу?
-Хувьчлалаас өмнө бид эзэнтэй, харьяалалтай байлаа. Одоо бол тэр байр хувьчлагдсан. Түрээслэж л ашигладаг. Циркийн буянаар олон улсын циркийн менежерүүдтэй харилцдаг. Тэд Монголд ирээд манай студиэр ирж, номер үзээд бахархдаг. Тэгээд яагаад циркт чинь очиж үзэж болохгүй байна аа гэж асуудаг. Арав гаруй жилийн өмнө би арслан бар, усан циркийг урьж, авчраад тоглуулж л байлаа. ОХУ-д 80-аад цирк бий. Никулиний цирк ганцаараа хотын захиргааных, Росгос цирк гэж том компани бий. Тэр олон циркээ уялдаа холбоотойгоор зохицуулдаг. Хятадыг ч жишээ болгож болно. Гэтэл манайх эндээс ур чадвартай жүжигчдээ гаргаад алдаж байна. Тал нь харийн бэр болоод л явна.
-Аялал жуулчлалын салбартай циркийн шоу шууд холбогддог. Гадагшаа явж байгаа үзүүлбэрүүдийн дийлэнх нь тийм л зорилготой байгаа. Гэтэл тэр том нөөцөө Монголдоо огт ашиглахгүй юм.
-Том шоу, А зэрэглэлийн цирк, Лас вегасын шоу, усан онгоцны аялалд ажилладаг жүжигчин багадаа 2000 ам.долларын цалинтай ажилладаг. Акробатчид алдартай циркт ажиллаад 1500 ам.доллар авч байна. Энэ бол дээд ангиллынх.
Гэтэл хөдөө орон нутгийн тэр олон студи продакшнд бэлтгэгдсэн жүжигчид л хил давж л цалинтай болно. Тэгэнгүүт илүү хямд ханшаар ажиллана. Циркчин болгон маш өндөр цалин аваад байгаа юм биш. Уялдаатай бодлогогүй учраас заримдаа өөрсдийнхөө үнэлэмжээс доогуур үнээр ч ажиллаж байна.
ЖДҮ дэмжинэ гэдэг шиг циркт амь тариа хийх хэрэгтэй болжээ. Төр нь бодлогоор дэмжээд, статусыг нь тодорхой болговол хөгжинө. ДБЭТ, УДЭТ, Хүүхэлдэйн театртаа бодлогооор дэмжээд яваад байна шүү дээ. Гэтэл биднийг хавчуурга шиг хаяж болохгүй шүү дээ.
-Ямар ч уялдаа алга. Үүнээс болж циркчин нэртэй ажилгүйчүүд л бий болж байгаа юм биш үү?
-Хил давж л ажилладаг хүмүүс яг энэ цаг үед бүгд л ажилгүй сууж байна. Машинтай нь халтуур хийж байгаа биз. Энэ олон хүнээс хөрвөөд өөр ажил хийх хүн нь хэд билээ. Энэ хүмүүс чинь Монголын иргэн, соёл урлагийн салбарын амьд эсүүд шүү дээ. Ингээд ямар ч харьяалалгүй байж болох уу. Циркийн талаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газарт хамгийн сайн мэдэх хүн нь З.Баянзул. Бас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн захирал Г.Эрдэнэбат ХБК-ийн захирал байсан циркийг бас л мэдэх хүн.
Өмнө нь АСА цирктэй хамтран ажиллах санал хаа хаанаасаа их тавьж байсан. Д.Сумъяабазар хүнээр дамжуулаад надад ажиллах санал тавьсан. “Та яаж ажиллах саналаа аваад ир” гэсэн. Би хоёр л зүйл бичээд очсон. Жилийн төсвөө батлуулаад уран бүтээлээ хийнэ, оны эцэст тайлагнана гэсэн. Хоёрдугаарт “Та бүхэн циркийг хувьчилж авахдаа 3000 хүний суудалтай нүүдлийн цирк авчирна гэж амласан ч хийгээгүй. Гэхдээ би амьдрахын эрхэнд 2000 хүний суудалтай нүүдлийн цирк авчирсан үүнийг мэдэлдээ ав аа” гэсэн. Мэдээж татгалзсан. Намайг мөнгө харж, юмаа шахах нь л гэж бодсон. Дараа нь манай ангийн охин О.Булган захирал болчхоод намайг урьсан ч татгалзсан.
Уг нь тэдний амласныг шалгаж, ажлыг нь дүгнэж, шударгаар үнэлсэн бол иймдээ тулахгүй л байсан.
Эзэнгүй мэт орхисон нь энэ. Төр биднийг гадуурхсан.
Энэ 14 жилийн дотор олон сайдтай уулзсан. Ё.Отгонбаяр сайд биднийг нүүдлийн байдлаараа амьдар гэсэн, Ц.Оюунгэрэл сайд Улсын цирк байгуулна гэж хэлээд таг болсон. Ё.Баатарбилэг сайдтай манай залуус уулзах гээд санал тавьтал сонгууль дуустал завгүй гэсэн.
-Хувьчлал анх хийх гэж байхад та дэмжсэн биз дээ?
-Дэмжсэн. Францын төв талбайд баригдсан хувийн циркт очиж байсан. Парисын нүүр царай гэдэг утгаар нь улс нь урсгал зардлаар дэмждэг байсан. Тэр байшинд циркийн шоугаа ч хийдэг, өөр олон төрлийн үйл ажиллагаа ч явуулдаг байсан. Тэр дотор европын циркийн ямар гоё том музей байдаг гэж санана. Ойроос хэлбэл Москвад байгаа Никулиний цирк бий. Хувийн цирк хэрнээ Москва хотын захиргааны дэмжлэгтэй ажилладаг. Ашиглалтын зардлаа бас л авдаг. Никулиний хүү тэр циркийнхээ захирлаар ажилладаг. Дэлхийд гарах үзүүлбэрээ тэнд бэлдэж, урлагийн бүтээл хийдэг. Хувийн хэвшил, улсын бодлогын уялдаа л эндээс харагдсан. Тийм болохоор ирээдүйг харж хувьчлалыг дэмжиж, бид багаараа оролцсон.
Бид ялсан бол ядаж л 70 хувьд нь циркийн үйл ажиллагаа явах л байсан. Зүрх сэтгэл нь байна, багаасаа энэ чиглэлээр сурсан хүмүүс болохоор хол очиж унахгүй л дээ. Гэтэл энэ хувьчлал мэргэжлийн урлагийн байгууллагыг яаж сүйтгэдгийн жишээ болсон. Намайг зөндөө л сонин хэвлэлээр муулдаг байсан. Гэхдээ намайг байсан байгаагүй цирк гэж үлдэнэ. 10, 20 жилийн дараах цирк ямар байх нь залууст хамаатай. Бид дөрвөн жилийн өмнө чуулган хийсэн. Яам ч тоогоогүй.
-Ялагдсан ч циркчид авсан бол... гэдэг л харуусал танд байна тийм ээ?
-Соён гэгээрүүлэх, мэдлэгжүүлэх сургалт циркчдэд маань дутмаг байжээ. Драмын жүжигчид сонгодог зохиол уншиж өөрийгөө хөгжүүлдэг. Гэтэл бусад урлагийн төрлийнхнөөсөө түрүүлж санхүүгийн эрх чөлөөнд хүрж, хилийн дээс алхсан манайхан хэт амбицтай болсон нь алдаа болжээ. Консерваторид сурч байгаа хүүхдүүд л түүх үзэж байгаа. Гэтэл одоо бол циркийн урлагийн утга учрыг мэдэхгүй хэдэн хүнийг хэлхээнд гэрээнд явуулдаг л талбар боллоо.
Манайд мундаг залуус олон бий. Хувь хувийнхаа юмыг хийж байгаа ч сэтгэлтэй. Б.Золбаяр маань тэр хойно заал барьчхаад зүтгээд байна. Ч.Хатанбаатар ахмад, залуу үеэ холбоод ажиллаж байна. Ц.Пүрэвжаргал, Т.Буд, А.Энхтөр, Д.Ариунболд гээд хамт олноо нэгтгээд, ахлаад явж байгаа үлгэр жишээ залуус олон байна. Тэднийг бодлого зохицуулах ёстой газар нь сонсоосой. Бид хэрэв алдсан бол бидний алдааг давтахгүй, хамтдаа нэгдээд яваасай.
-Хүүхдүүд энэ урлагаас гайхамшгийг мэдэрдэг, мөрөөдлөө ургуулдаг. Харин одоо бол циркийг хэрэггүй мэтээр сурталдах нь утгагүй л дээ.
-Аав, ээж эсвэл найз нөхдөөсөө олж хараагүй гайхамшгаа эндээс олж хардаг. Орж сурсан уран бүтээлчид нь ямар сайхан бие бялдрын хөгжил олж авч, гоо зүйн мэдлэгтэй болдог билээ дээ.
Саяхан БСШУСЯ бидэнтэй уулзлаа. Шагнал урамшууллын талаар санал авах гэж уулзсан. Гэтэл ямар ч уялдаагүй, цаашид яах нь тодорхойгүй байж шагналаа ярьсан. Олон улсын тэмцээнд оролцоод ирэхээр урамшуулах нь зөв. Гэхдээ шагнал авч, улсынхаа нэрийг гаргах ёстой юм бол тэр урлагаа бодлогоор дэмж л дээ. Яагаад тоохгүй байгаа юм бэ. Ядаж нэг хүн суулгаад энэ циркийг хариуцуул л даа. Ингээд л өөрийнхөө амьдралаа зориулсан урлагаа гадуурхагдаж байгааг харахаар дуугүй сууж чадахгүй юм даа.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
3 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]