Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
ДЭЛХИЙН БАНК: Монгол Улсын Засгийн газрын өр сүүлийн жилүүдэд огцом өссөн

Дэлхийн банкны тайлан юуг харуулав?

Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх “Төсвийн зардлын тойм судалгаа”-г өчигдөр Дэлхийн банкнаас танилцууллаа. “Монгол Улсын төсвийн зардлын тойм судалгаа” нь Дэлхийн банкнаас гаргаж байгаа тандалтын хамгийн гол арга хэрэгсэл бөгөөд энэ аргыг зөвхөн Монголд биш гишүүн орнуудынхаа төсвийн зардлын үр ашгийг судалж үзэхэд хэрэглэдэг гэлээ. Дэлхийн банкнаас гаргасан уг судалгаанд төсвийн үр дүнгийн үзүүлэлтийн гурван асуудлыг харуулсан байна. Үүнд нэгдүгээрт санхүүгийн сахилга батын нөхцөл байдал, хоёрдугаарт стратеги, гуравдугаарт нь үйл ажиллагааны үр дүнгийн талаарх мэдээллийг багтаажээ. Энэхүү тайлан илтгэл нь Монгол Улс цаашдаа төсвийн бодлогоо зүй зохистой томъёолоход үр өгөөжөө өгнө гэж итгэж байгаагаа уг тайлан илтгэлийг танилцуулсан Дэлхийн банкны ахлах эдийн засагч, доктор Жийн-Паскал Нгану хэллээ.


Монголын Засгийн газрын өр сүүлийн 5-6 жилд огцом нэмэгдсэнийг тайланд дурдсанаас гадна цалингийн зардлын төсөвт үзүүлэх дарамт нэмэгдэж, төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь болж байгааг онцолжээ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалингийн сангийн өсөлт нь яамдын бүтэц ойр ойрхон өөрчлөгдсөнийг төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна. Иймд мэргэжлийн, улс төрийн нөлөөгүй төрийн албыг тогтвортой болгоход дорвитой шинэчлэл шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас санууллаа. Мөн төсвийн төлөвлөлт сул, ялангуяа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардал бага байгааг тайланд тусгажээ. Түүнчлэн боловсролын салбарын төсвийн зардлыг өртөг өндөртэй тоног төхөөрөмжид зарцуулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хязгаарлагдмал байгаа нь анхаарах асуудлын нэг гэжээ. Мөн тус тайланд насжилт нэмэгдэж байгаа өнөө үед тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага тулгарч буйг тодотгосон байна. Түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсны улмаас Монгол Улсын эдийн засаг 2014-2016 онд огцом суларсан. Харин 2017 он болон 2018 оны эхний хагаст эдийн засаг нэлээд сэргэж, 2016 онд 1.2 хувь хүрч байсан ДНБ-ий өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрч өссөн. Энэхүү өсөлтөд түүхий эдийн экспорт нэмэгдсэн билээ. Үүний үр дүнд төсөв эрүүлжиж байгааг тодотгож буй ч Дэлхийн банкнаас гаргасан тайланд манай улсын төсвийн хэт тэлсэн бодлого төсвийн сахилга батыг алдагдуулсан гэж үзжээ. Улсын төсөвт ихээхэн дарамт болдог бас нэг зардал нь Тэтгэврийн сан. Одоогоор манай улсын ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг энэ санд татаас хэлбэрээр олгодог. Ахмад настны тоо, дундаж наслалт өссөөр байгаа, төрөөс тэтгэврийн хэмжээг нэмэх амлалт байнга өгдөг. Эдгээр нь Тэтгэврийн санг улам хүнд байдалд оруулах эрсдэлтэйг анхаарууллаа. Хэрэв ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол цаашид улсын төсвөөс боловсрол, эрүүл мэндийн зардлаа хумихад хүрэх эрсдэл нүүрлэжээ. Хэрэв Засгийн газар тэтгэвэр нэмэх бол инфляцтай уялдуулах нь зөв гэв. Эс бөгөөс ирэх 40 жилд ДНБ-ий 12 хувьтай тэнцэх хэмжээний татаасыг зөвхөн энэ санд зарцуулах тооцоог мөн гаргажээ.

 


ЗАСГИЙН ГАЗАР ӨРИЙГ БОГИНО ХУГАЦААНД ОГЦОМ НЭМЭГДҮҮЛСЭН

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану:
-2008-2016 оныг хүртэлх эдийн засгийн нөхцөл байдлыг харахад уул уурхайн салбараас хэт хамааралтай, уг хамаарал нь жил ирэх тутам нэмэгдэж байсныг харж болно. Түүнчлэн уул уурхайгаас орж ирэх орлого буурсан жилүүдэд ч төсвийн зардал нэмэгдэж, зардлаа өрөөр санхүүжүүлж байсан байна. Энэ нь Засгийн газрын өрийг богино хугацаанд огцом нэмэгдэхэд хүргэсэн. Монгол Улс хэт өндөр өр тавихгүйгээр хөгжих бүрэн боломж бий. Тиймээс бид тайлангийн гол агуулгаа өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход төр засгийн бодлогыг чиглүүлэх хэмээн тодорхойлоод байгаа. Монгол Улс бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад татварын хувь хэмжээ нэлээд бага түвшинд байна. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь гэдэг бол бага үзүүлэлт. Татварын бааз суурийг нэмэгдүүлэхийн тулд ХХОАТ-ыг шаталсан байдлаар буюу өндөр орлоготой хэсэг нь илүү татвар төлөх шударга зарчмыг нэвтрүүлэхийг зөвлөж байна. НӨАТ болон онцгой албан татвар нь хүн амын ядуу бүлэгт илүү дарамт үзүүлэх хандлагатай байгааг анхаарах хэрэгтэй. Мөн нэлээн олон төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг эргэж харах хэрэгтэй болов уу. Төсөвт нэлээд өндөр дарамт үзүүлж байгаа дараагийн нэг зүйл нь цалингийн зардал. Сүүлийн жилүүдэд цалингийн зардал нэмэгдсээр байгаа. Гэтэл бодит байдал дээр цалин нэмэгдсэн гэхээс илүүтэй төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж, төрийн байгууллагууд, яамдын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой орон тооноос хамаарч зардал нэмэгдсэн байна. Насжилт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа. Одоогийн байдлаар Тэтгэврийн сан төсвөөс ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний татаас авч байна. Цаашид ямар нэг дорвитой шинэчлэлт хийхгүй бол, 2030 он гэхэд 6 хувь болтол өсгөн, улмаар 2050 он гэхэд 11 хувь хүргэх төлөв ажиглагдаж байна. Түүнчлэн уул уурхайн салбарын хамаарал өндөр байгаа нөхцөлд хуримтлуулах соёл буюу эрсдлийн, хуримтлалын сантай болох хэрэгтэй.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД ЗАРДЛАА ХЭТРҮҮЛДЭГ

Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев:


-Өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг хэвээр байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох нь зүйтэй. Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нь нэн чухал. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй байсан зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байж ирсэн талаар ярилаа.

 

Дэлхийн банк юу зөвлөв

Төсвийн зардлын тойм судалгааг 2018 оны зургадугаар сард хэвлүүлсэн бөгөөд судалгааны зөвлөмжид манай улсын татварын бааз суурь байгааг өргөтгөх, татвараас чөлөөлөх, хөнгөлөх хуулийг ойр ойрхон баталж байгааг журамлах ёстойг анхааруулжээ. Мөн манай эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай болсоор байгаа тул олон тулгуурт эдийн засгийн бүтэц рүү шилжих явцыг үргэлжлүүлэх нь зөв гэсэн байна. Тус тайланд дурдсанаар, улсын өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг хэвээр байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох шаардлагатайг зөвлөжээ.


Суурь боловсролын хамралт болон боловсролын салбарын төсөв бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад ойролцоо түвшинд боловч төлөвлөлт сул байгааг онцоллоо. Тухайлбал, боловсролын салбарын нэг ажилтанд ногдох цалин буурч байхад эсрэгээр цалингийн сангийн зардал хурдтай нэмэгдэж байна. Мөн хичээлд хэрэглэгдэх сургалтын материалд бага төсөв хуваарилж байгаа ч, өртөг өндөртэй тоног төхөөрөмжид төсөв ихээр зарцуулж буй зэрэг асуудлууд байсаар байна. Чанартай сургуулийн өмнөх боловсролын хүртээмж ялангуяа малчдын хувьд хязгаарлагдмал хэвээр байгаа нь анхаарах асуудлуудын нэг хэвээр байгааг тайланд дурджээ. Эрүүл мэндийн салбарын төсвийн ДНБ-д эзлэх хувь 2003 онтой харьцуулахад нэлээд буурсан, бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад бага байгаа юм. Монгол Улс нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тал дээр сайжирч байгаа ч халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг тодотгожээ. Үүнд анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар хурдтай нэмэгдэж байгаа архаг өвчлөлийн эзлэх хувийг бууруулж, салбарын төсвийг илүү оновчтой болгон, орон нутаг ба үйлчилгээ үзүүлэгчийн түвшинд удирдлагыг сайжруулах зэргээр үйлчилгээнүүдийн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байгааг сануулсан байна. Мөн төсвийн асуудлыг хариуцсан гол байгууллагуудын үүрэг, хариуцлагуудыг авч үзэн, тэдний хоорондох уялдаа, холбооны асуудлыг хөндсөн байна. Тэдгээр байгууллагуудын гүйцэтгэл, үр дүн харилцан адилгүй боловч ирээдүйн аливаа шинэчлэлийг татварын бодлого, захиргаа, төрийн алба, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, тэтгэвэр ба тайланд шинжлэн дүгнэсэн бусад асуудлуудын хамтаар, цогцоор анхаарч авч үзэхийг мөн онцолжээ.


Хувь хүний орлогын албан татварыг шатлан хэрэгжүүлж, өндөр орлоготой нь илүү татвар төлөх нь шударга. Зэс, алт, нүүрс гэсэн цөөн нэр төрлийн эрдэс баялгийн үнээс манай эдийн засаг ихээхэн хамааралтай. Энэ нөхцөлд татварын сууриа өргөтгөн, татварын орлогоо өсгөх ёстойг зөвлөсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
6 цаг 52 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]