Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Профессор, доктор Г.Баатарбилэг:  “Эрин Эверест Интернэшнл” сургууль Монголд шинэ арга зүй нэвтрүүлнэ

- Олон улсын жишиг  хөтөлбөр дээр суурилсан  монгол маягийн загварыг хөгжүүлэх хэрэгтэй- 

  “Эрин Эверест Интернэшнл” Ерөнхий боловсролын сургуулийн захирал профессор, доктор (Ph.D) Г.Баатарбилэгтэй ярилцлаа.  Дээд математикийн хичээлийг их сургуульд 45 жил заасан Г.Баатарбилэг багш олон улсад хүчтэй түгэн дэлгэрч байгаа сургалтын үр дүнтэй аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж.

-Та юуны өмнө сургуулийнхаа үйл ажиллаагааг танилцуулаач?

-Манай “Эрин Эверест Интернэшнл” ерөнхий боловсролын сургууль нь сургалтаа чанартай, хүртээмжтэй явуулж, монгол өв соёлыг эрхэмлэсэн мэдлэг, боловсролтой өв тэгш үнэ цэнэ бүхий иргэдийг төлөвшүүлэхийг зорьдог. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргийн “Эрин хороолол”-д байрлалтай “Эрин Эверест Интернэшнл” бүрэн дунд сургуулийг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрин Интернэшнл” ХХК 2018 онд байгуулсан.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны болон бусад олон үндэстний хэл-соёлыг сурагчиддаа эзэмшүүлэх, үндсэн бүх хичээл нь англи хэл дээр явагддаг олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилттойгоор ажиллаж байна. Тиймээс багшлах боловсон хүчин, багш нараа чадавхжуулах ажлыг хийж эхэлсэн.

Манай улсад Кэмбрижийн хөтөлбөр, IB гэх мэт олон улсын хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь сайшаалтай. Гол нь багшлах боловсон хүчин Монголд бэлэн байна уу гэдэг нь боловсролын салбарт тулгамдсан асуудал юм. Сайн боловсрол, сайн хөтөлбөр бүх хүүхдэд тэгш, хүртээмжтэй, ялгаварлалгүйгээр хүрэх ёстой. Одоогоор Улаанбаатар хотод “Шинэ үе”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” гэсэн улсын гурван ч сургуульд Кэмбрижийн хөтөлбөр хэрэгжиж байгаа. Эдгээр сургуулиуд нь зургаа, есдүгээр ангиас эхлэн элсэлтийг авдаг. Боловсрол Монголын хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй хүрч чадахгүй, сургуулийн багтаамж хүрэлцээ тааруухан байгаа өнөө үед хувийн хэвшлийнхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, чанартай сургалт явуулахыг хичээн ажиллаж байгаа нь сайн хэрэг.

-Манай улс багшийн дутагдалд орж байна гэлцэх боллоо. Боловсролын байгууллага нь боловсон хүчингүй болж байгаа нь ямар сөрөг үр дагаврыг авчрах бол?

-Боловсролын тогтолцоог уг сууриар нь өөрчлөн шинэчлэхгүй бол алдаатай зүйл харагдаж байна. Удирдлага, менежмент, хөтөлбөр, боловсон хүчний бодлого гээд боловсролын байгууллагын суурь тогтолцоог шинэчлэн хөгжүүлэхгүй явбал цаашид залруулахад төвөгтэй байдалд хүрч мэднэ. Боловсролын салбарт хуримтлагдсан асуудлуудын талаар салбар хариуцсан сайд Л.Энх-Амгалан бидэнтэй уулзахдаа ярьж хэлж байсан. Ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлсэн Кэмбрижийн олон улсын хөтөлбөр үр дүнтэй байгаа талаар яригдаж, манай улс цаашид энэ чиг рүү явах шинж төлөвтэй байна гэж би хувьдаа ойлгосон.  Боловсролын яам салбартаа тулгамдсан шийдэх ёстой асуудлыг өргөн цар хүрээтэйгээр шийдэх, шинэчлэх гэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж харсан. Дэлхийд боловсролын сайн сургалт, хөтөлбөрүүд олон бий тэдгээрийг эх орондоо нутагшуулах, хэрэгжүүлэх явцыг бүтээлчээр хийхгүй юм бол бид хүссэн сайн үр дүнд хүрч чадахгүй.

Монгол Улс дэлхийтэй хөл нийлүүлэн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхдээ Монголын онцлогтой, монгол хүүхдэд тохируулсан хэлбэртэйгээр явуулах нь зүйтэй юм.

    Улсын хэмжээнд хүн амын өсөлттэй холбоотойгоор сургуулийн эрэлт хэрэгцээ болон багш нарын тоо дутагдалтай байна. Багшийн ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Манай “Эрин Эверест Интернэшнл” сургууль нь заах арга зүйгээр улсдаа үнэлэгдсэн олон жилийн туршлагатай сурган хүмүүжүүлэгч багш нартай. Багш нараа өөрсдийн нөөц бололцоон дээрээ тулгуурлан улам чадавхжуулах, англи хэлээр хичээл заах нөхцлийг хангахаар ажиллаж байна. Манай сургууль нь үндсэн агуулгын хичээлээс гадна нэмэлтээр математик болон гадаад хэлийг илүү цагаар орох зорилготой ажиллаж байна.

Сургуулиас Энэтхэгийн Элчин сайдын яамтай боловсролын хамтын ажиллагааны талаар  ярилцаж, боловсон хүчний бодлого дээр хамтран ажиллахаар ярьж байгаа. Манай сургууль нь дотооддоо ШУТИС, МУБИС, МУИС зэрэг үндэснийхээ том сургуулиудтай, гадаад талдаа АНУ-ын Өрнө, дорнын их сургууль, БНСУ-ын Намсөүлийн их сургууль, БНХАУ-ын Наньжин хотын их сургуулиудтай хамтран ажилладаг. Төгсөгчид маань хамтын ажиллагаатай сургуулиудад суралцах төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд нээлттэй байдаг.

 -Таны хувьд шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан юу байв. Та дээд математикийн хичээлийг 45 жил заахдаа шавь нартаа захидаг гол зүйл юу байв?

-Би Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд МУИС-ийн Физик, математикийн факультетад математикч, математикийн багш мэргэжлээр суралцсан. Тухайн үеийн Дээд боловсролын хорооны томилолтын дагуу дээд математик заах багш улс оронд хэрэгтэй байна гэсний дагуу Хөдөө аж ахуйн их сургуульд багшаар очсон. Сургуульдаа 45 жил дээд математик заасан. Багшлах хугацаандаа Суурь боловсролын факультетын декан, Байгалийн ухааны сургуулийн захирлаар ажиллалаа. Намайг залуу байхад Шинжлэх ухааны академийн Математикийн тасагт судалгаа хийж ажиллаач гэж их зөвлөж байсан. Миний багш Монгол Улсын Ардын багш Лувсанцэрэнгийн Шагдар. Тухайн үед их, дээд сургуульд хичээл зааж буй багш нарт маш өндөр шаардлага тавина. Дээд математик заадаг багш ч цөөхөн байлаа. Би багшлахынхаа зэрэгцээгээр биологийн шинжлэх ухааныг сонирхон судлах болсон. Биологийн чиглэлээр “Бэлчээрийн малын амьдын жин, тарга хүч, махан ашиг шимийн өөрчлөлтийг шугаман бус динамик хэлбэрээр загварчлах нь “ гэсэн сэдвээр биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Биологид математик загварчлалын аргыг хэрэглэснээрээ онцлогтой. Хөдөө аж ахуйн салбарт математикийн арга хэрэглэгдэхүүнийг хэрэглэсэн анхны тохиолдол. Би одоог хүртэл судалгаа шинжилгээ хийж буй залуу эрдэмтэн, судлаач нарт зөвлөгөө өгч, хичээлээ заасаар байгаа. Хүн өөрөө хичээж сурч, авьяас чадвараа бүрэн дайчилвал ямар ч амжилт үзүүлэх бололцоо өмнө нь нээлттэй байдаг.

Багш хүний хувьд хэлэхэд хүүхдийг шинжлэх ухаанд дуртай болгох, хичээлд дур сонирхолтой болгох арга зүй байдаг гэдгийг хэлэх байна.

-Сүүлийн үед физик, математикийн багш нар ховордож, энэ төрлийн хичээлээр суралцах оюутны тоо эрс багассан. Физик, математикт дурлах залуучууд цөөн болсныг  та юутай холбоотой гэж үздэг вэ?

-Сүүлийн үед тэр тусмаа физикийн чиглэлээр суралцах оюутнуудын тоо эрс багассан, заах багш ч дутагдалтай байна гэсэн. Математик, физик ойлгохгүй байна гээд халгах биш, харин заах аргаараа хичээлийг сонирхолтой болгож оюутныг математикт дуртай болгох арга зүйг туршиж байлаа. Миний хувьд арван жилээ алтан медальтай төгссөн. Тооны олимпиадад байнга оролцож, түрүүлнэ. Шинжлэх ухаанд их сонирхолтой байсан учраас ирсэн гадаадад суралцах хуваарийг сонирхолгүй шууд МУИС-ийн математикийн ангийн хуваарийг сонгосон. Ний нуугүй хэлэхэд шинжлэх ухааны салбарт нээлт хийх юмсан гэсэн хүүхдийн мөрөөдөл, хүсэл, сонирхол дээрээ хөтлөгдсөн. Одоог хүртэл энэ хүсэл, мөрөөдөл маань байсаар л байна.

-Таны шинжлэх ухааны эрэл хайгуул дуусашгүй, үргэлжилсээр байгаа гэсэн үг үү?

-Одоо гэхэд математикийн нэг асуудлыг хялбархан аргаар шийдчихээд явж байна. Миний шийдсэн асуудлыг өөр математикчид шийдсэн байна уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй. Дахиж гүнзгийрүүлэн авч үзэх нь бас чухал. Шинжлэх ухааны томоохон  сэтгүүл рүү явуулдаг юм уу гэж бодоод л сууж байна.  

-Таны арга үнэхээр шинэлэг байна гэсэн хариу ирэх ч юм бил үү?

-Тийм байж болох талтай. Математикийн шинжлэх ухаанд алдартай асуудлуудыг математикч биш жирийн хүмүүс шийдсэн тохиолдол ч байдаг. АНУ-ын нэгэн жирийн гэрийн эзэгтэй математикийн асуудлыг гурван хувилбараар шийдсэн тохиолдол байдаг.

-Зарим хүн “Би тоонд муу” гэж хэлдэг. Тоонд муу хүн гэж ер нь байдаг уу?

-Бүх хүүхдийг сайн сургаж болох ямар арга байна вэ гэж би их олон жил бодсон. Туршиж үзсэн, үр дүнг харсан багшийн хувьд хэлэхэд тоонд муу хүн гэж байхгүй.  Математикийн хичээл, ер нь  аль ч хичээлд бүх хүнд адил боломж бий. Бүх сурагч суралцах боломжийн хувьд адил, тэгш гэдгийг физик математикийн багш  Украйны Донецк хотын дунд сургуулийн багш Виктор Феодорович Шаталов өөрийн заах арга зүйгээрээ баталчихсан. Тэрээр наймдугаар  ангийг муу дүнтэй төгссөн 24 хүүхдийг сонгон авч, гурван жил сургаад 11 дүгээр анги төгсөх үед Шаталовын аргаар хичээлд суусан бүх сурагч, онц ба сайн дүнтэй төгсөцгөөсөн. Бүр дунд, муу дүнтэй нэг ч сурагч байгаагүй. Энэ нь багш бидний заах арга зүй боловсронгуй, сайн байх юм бол бүх хүүхдийг сайн сургах боломжтойг харуулж байгаа юм. Шаталовын арга нь дэвшилттэй, үр дүнтэй гэдэг нь улс орнуудад хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөж, одоо дэлхийн 40 гаруй оронд энэ аргыг хэрэглэж байна.

-Та энэ арга зүйг туршиж хэрэгжүүлж байсан гэсэн. Үр дүнгийн талаар яриач?

-Би 1980-аад оны дунд үед энэ аргыг Хөдөө аж ахуйн их сургуульд багшилж байхдаа хэрэглэсэн. Дунд сургуулийн хувьд миний найз нөхөд болох хэсэг багш нар энэ аргыг хэрэглэж туршсанаас илүү өргөн хэмжээнд ашиглаагүй.  Тухайн үед би Шаталовын аргыг уншиж судлаад оюутнууддаа энэ аргыг нэвтрүүлэхийн тулд эрдэмтэн хүнийхээ цаг завыг харамгүй  зориулж явлаа. Би цөөнгүй жил энэ аргаар хичээлээ заахдаа үр дүнд хүрч чадсан. Математикийн хичээлээс халгадаг оюутнууд хүртэл математикийн хичээлд дур сонирхолтой болцгоосон. Оюутнууд  бүгд жигд сайн бодлогоо боддог болсон.  Дээд математик заалгасан шавь нар маань хожмоо энэ тухай их дурсдаг. “Таны Шаталовын арга бидэнд их урам зориг өгсөн. Бид математикийг их сайн ойлгодог болсон” гэж ярьцгаадаг. Шавь нарын маань талархлын энэ үг надад хамгийн том урам, шагнал юм.

-Таны шавийн тоо хэд хүрч байна вэ?

-Барагцаагаар бодоход шавь нарын тоо 6000  гарсан байх шүү. Хөдөлмөрийн баатар, гавьяат, төрийн шагналт, академич, доктор, профессор, ажил мэргэжлээрээ ажиллаж яваа гээд олон сайхан шавь нар маань бий.

-Алдар цолтнуудыг төрүүлсэн багш таны алдар цол, төрөөс хүртсэн шагнал юу билээ?

-Би Монголын багш нарынхаа адилаар ажлаа хийсээр яваа ахмад багш хүн. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2011 онд   шагнуулсан. Би тэтгэвэртээ гарсан хэдий ч одоог хүртэл Хөдөө аж ахуй их сургуульдаа залуу эрдэмтэн, судлаач нарт зөвлөгөөгөө өгч зөвлөх багшаар ажиллаж байна. Мөн “Эрин Эверест Интернэшнл” сургуулийнхаа захирлаар ажиллаж байна. Их сургуулийн багш хүний хувьд профессор цол маань хамгийн эрхэм хүндтэй шагнал маань гэж боддог доо.  

-“Эрин Эверест Интернэшнл” сургууль таны хэлээд байгаа Шаталовын системийг нэвтрүүлэхээр боловсон хүчнээ бэлдэж байгаа гэсэн үү?

- “Эрин Эверест Интернэшнл” ерөнхий боловсролын сургуульд туршигдсан, батлагдсан заах арга зүйн Шаталовын аргыг хэрэглэж эхэлж байна. Одоо цагийн хүүхдийн оюун, сэтгэхүйн хөгжил гайхалтай байна. Хүүхдийг зөв чиглүүлэх, сургалтын арга барилаар удирдан сургаж чадвал залуу хойч үеэс шинэ санаа, бүтээл дундаршгүй ундран гарах бололцоо чадамжтай. Сургуулийн эрхэм зорилго маань эх орон, эх дэлхийнхээ сайн сайхны төлөө эрхэм үйлсийг бүтээх ирээдүйн иргэдийг бэлтгэж гаргах юм. Их унш, сайн бод, гүнзгий сэтгэ, зөв шийд гарга гэсэн уриа хэрэгжүүлдэг.

Сурагчдаа урам өгч дэмжин дур сонирхол дээр  нь дөрөөлөн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийлгүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эрдэмтэн багш хүний хувьд судалгааны ажлыг хэрхэн хийлгэх, яаж хийхийг зааж зааварлах туршлага байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд судалгааны ажил хийнэ гэдэг их сонин содон юм....

-Багаас нь суурийг нь зөв тавиад өгөх нь  их чухал.   Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийж, “Эрэл Эверест Интернэшнл”сургуулийн сурагчид  маань шинэ нээлт, бүтээл хийнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Хүүхдүүд маань олон улсад танигдаж, монгол хүний ген оюун ухаанаар дэлхийд зам мөрөө гаргах жимийг нь бид гаргаж өгөх  ёстой. Тиймээс бүхий л зүйл дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Заах арга зүй, сургуулийн орчин гээд орчин үед дэлхийн боловсролын чиг хандлага улам нарийн болж байна. Одоо энэ манай сургуулийн барилгыг Японы чанар, стандартаар барьсан.  Олон улсын стандартад нийцсэн байгалийн ухаан, компьютерын лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий ухаалаг үзүүлэн самбар, анги танхимтайгаар хичээллэдэг. Спорт заал,  театр, гадаа хөлбөмбөгийн талбай, балет бүжгийн танхимаар иж бүрдэл хангагдсан. Дэлхийн шилдэг боловсролыг дундаж орлоготой монгол гэр бүлд хүргэхдээ сургалтын төлбөр өндөр байх ёсгүй гэсэн хэмжүүрийг баримталдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 8 сэтгэгдэл
Хишгээ71.217.61.161
Танай сургуульд дутагдалтай тал нэлээн байнаа. Математикийн хичээлийн шалгалтын дүн нийтдээ муу байна гээд гаднаас багш хөлсөлж амралтын өдрүүдээр, бүр хаврын амралтын 7 хоногт хүүхэд амраахгүй давтлага өгч байх юм. Тэр тааруу багшаа халаач дээ, сайн багш олж авах хэрэгтэй болохоос хүүхдүүдийг шийтгэх нь утгагүй. Гол хичээлүүддээ онц сайн шалгагдаад байгаа хүүхдийн дүнг биеийн тамир, зураг гэх мэт дайвар хичээлүүдээр онолын шалгалт авч санаатай дунд тавиад хохироогоод байгааг юу гэж ойлгох вэ?
1 сарын өмнөөмнө
Ж.Янжив202.55.188.104
Хүндэт багш эрхэм найздаа эрүүл энхийг ерөөе !Дунд сургуулийн нэг төгсөлтийн хүүхэд нэр төртөй ажиллаж амьдарсанд баярлаад баршгүй .Энгэр дээр нь ТӨРИЙН сүлдтэй тэмдэг өгч орхивол ОЛОН шавь нар нь бахархана даа !
2022/09/03
202.126.89.235
Davaajav
2022/09/03
66.181.161.6
За шуудхан хэлэхэд танай сургууль одоо больчих өө, түмний хэдэн хүүхдийг мөнгө болгож хардаг, хэдэн багш нараа барилгын хар ажилчид шиг санадаг. Анхны багш нараас хэн ч үлдээгүй, дандаа тэтгэврийн эмээ нарыг ажилд авдаг. Яана даа нээрээ, Эрхэмбаярынх нь эхнэр Валя, охин Болормаа, Дэлгэрмаа гэж хэцүүхэн хэдэн авгай нар үнэндээ л самарч байна дөө. Эрингийн бусад ажилчид нь ч үгээ хэлсэн хэдэн хүмүүс л байдаг даа. Үнэнийг хэлье. Та нар боловсролын салбараас зайл тэхүү?!?!?!
2022/09/03
Зоригоо64.119.16.4
Захирал нь багш нарынхаа аж амьдралд дорвитой хувь нэмэр оруулдаггүй, хэтэрхий мөнгөний хойноос хөөсөн газар байдаг гэж ажиллаж байсан багш нь ярьж байна лээ.
2022/09/01
192.82.87.50
Эрин сургууль сургалтын таатай орчинтой сайн багшийн багтай сайн сургууль
2022/08/31
202.126.90.29
Эрин сургууль багш авах зар тавьсан байсан. Ажиллаж бсан багш нар нь ам муутай бсан нь ямар учиртай юм болоо?
2022/08/31
202.126.90.29
Эрин сургууль багш авах зар тавьсан байсан. Ажиллаж бсан багш нар нь ам муутай бсан нь ямар учиртай юм болоо?
2022/08/31
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
16 цаг 20 минут өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]