Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Дэлхийн дулаарлын хамгийн аймшигтай 10 үр дагавар

Хүмүүн бид өөрсдөө агаар мандал хүлэмжийн хий, нүүрс хүчлийн давхар исэл, метан ихээр ялгаруулж байгаа нь агаарын давхаргад нөлөөлөн нарны гэрэл дулааныг хаахыг багасгаснаар дэлхий дахины дулааралд хүргэж байгаа. Энэ үйл явц нь хэдийнээ хүн төрөлхтөнд мэдрэгдэж сөрөг нөлөөллөө үзүүлээд эхэлчихсэн. Гэтэл зарим нь энэ бүхэн зөвхөн хүний өөрсдийнх нь үйл ажиллагаанаас болж байгаа юу, байгалийн өөрийн нь үзэгдэл үү, эсвэл бүр өөр хүчин зүйлээс болж байна уу гэж гайхдаг. 

Гэтэл биднийг дэлхийн дулаарлын тухай ярьж байхад зун нь өмнө байснаасаа сэрүүхэн болж эргэн тойронд минь цаг улирал төдийгүй хүрээлэн байгаа байгаль орчин, уур амьсгал эрс өөрчлөгдөж хэдэн жилийнхээс бүү хэл өмнөх жилээс, өмнөх улирлаас өөр болж байгаа нь мэдрэгдсээр байна. Энэ өөрчлөлт манай гаргийн ус, биологи, салхи, бороо цас, температур гээд өөр хоорондоо уялдаа холбоотой бүхэнд нөлөөлж өөрчилж байгаа юм.


Дэлхийн дулаарал, байгаль цаг уурын энэ өөрчлөлт хэчнээн жил үргэлжилж юунд хүргэх вэ. Ямар үр дагавар дагуулах вэ. Яг үүнийг судалдаг эрдэмтэд энэ талаар юу гэж байна. Цаашдаа, хэдэн жилийн дараа бид ямар нөхцөлд амьдрах вэ. Судлаачид мөсөн бүрхүүл 150 жилийн өмнө байснаасаа эрс багассан, агаарын дундаж температур сүүлийн 100 жилд цельсийн 0.8 градусаар нэмэгдсэн гэж байна. XXI зууны эцэс гэхэд дундаж температур 1.1-6.4 градусаар нэмэгдэнэ гэдэг.
Дэлхийн дулаарлын нөлөөгөөр ойрын жилүүдэд манай гараг хэрхэн өөрчлөгдөж, юунд хүргэх вэ гэдэг талаар хамгийн муу 10 үр дагаврыг толилуулж байна.

 

10. Далайн усны түвшин нэмэгдэнэ


Дулаарлын нөлөөгөөр Арктикт яг Майами шиг дулаан болж уулын мөс, хойд мөсөн далайн мөс хайлснаар далай тэнгисийн усны түвшин тодорхой хэмжээгээр дээшилнэ. Тухайлбал Гренландын мөсөн бүрхүүл хайлснаар АНУ-д нөлөөлж Колорадо голын усны түвшин хэд дахин нэмэгдэх гэнэ. Ер нь эрдэмтдийн тооцож байгаагаар Гренланд, Антарктидын мөс хайлснаар 2100 он гэхэд далай тэнгисийн усны түвшин зургаан метрээр дээшлэх юм байна. Үүний улмаас 1000 арлын орон гэдэг Индонезийн жижиг арлууд, далай дахь нэргүй олон арал усан дор орж үгүй болно гэнэ.

 

9. Мөсөн бүрхүүл эрс багасна


Манай гараг дээрх мөнх цаст уулсын мөс хайлж тоо нь цөөрсөөр байгааг өнөөдөр ямар ч нарийн багаж хэрэгсэлгүйгээр бид харсаар мэдсээр байгаа. Мөнхийн мөсөн бүрхүүлтэй байсаар ирсэн хойд туйлын мөс улам багасч байгааг ярьсаар бичсээр. Мөнхийн цэвдэг байсан тэр газарт одоо ургамал, амьдрал сэргэж эхэлж байна. 500 сая гаруй хүнийг ундаалдаг Ганга мөрнийг усаар тэжээн тэтгэдэг Гималайн мөсөн бүрхүүл жил бүр 37 метрээр хорогдох болжээ.

 

8. Дулаарлын давлагаа


2003 онд Европыг хамарсан дулаарлын давлагааны улмаас хэт халуун болж 35 мянган хүний амийг авч одсон гашуун түүх бий. Чухам энэ давлагаа 1900 оноос эхлэлтэй гэж эрдэмтэд хэлж байгаа юм. Ийм дулаарлын давлагаа сүүлийн 100 жилд 2-4 удаа тохиосон бол ирэх 40 жилд энэ гамшгийн давтамж 100 дахин их болно. Энэ их халууны улмаас ойн түймэр, өвчин эмгэг улам өснө гэж анхааруулж байна.

7. Салхи шуурга, үер

 

Судлаачдын тооцоолж байгаагаар сүүлийн 30 жилд дөрөв, тавдугаар түвшний хүчтэй салхи шуурга бараг хоёр дахин нэмэгджээ. Хар салхийг өдөөгч нь халуун ус байдаг болохоор дэлхийн дулаарлын нөлөөгөөр далай тэнгисийн усны температур нэмэгдэхээр хар салхины гарах магадлал өсөх гэнэ. Сүүлийн хэдэн жилд АНУ-д, Европын олон оронд болсон хар салхи шуурга, үер олон тэрбум ам.долларын хохирол учруулсан. 1905-2005 оны хооронд болсон ийм үзэгдлийн судалгаанаас харахад 1905-1930 онд бол жилд 3.5 хар салхи, 1931-1994 онд жил бүр 5.1, 1995-2005 онд 8.4 хар салхи болж байжээ. 2005 онд болсон хар салхи, шуурга өмнөх бүхий л дээд амжилтыг эвдсэн юм. 2007 онд Их Британид сүүлийн 60 жилд болж байгаагүй үер болсныг бид мэднэ.

 

6. Хуурайшил, ган гачиг


Бөмбөрцгийн нэг хэсэгт усны түвшин нэмэгдэж, хар салхи үер усны гамшиг тохиож байхад нөгөө хэсэгт нь ган гачиг болж байна. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр ган гачигт нэрвэгддэг бүс, газар нутгийн тоо хамгийн багаар бодоход 66 хувь нэмэгдсэн гэж шинжээчид хэлдэг. Энэ нь усны нөөцийг яах ийхийн зуургүй үгүй болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, чанарыг муутгана. Улмаар дэлхий дахины хүнсний нөөцөд нөлөөлж, зарим бүсэд өлсгөлөн нүүрлэнэ гэсэн үг. Ган гачигт өмнө нь ч нэрвэгдэж байсан Энэтхэг, Пакистан, Сахараас урагш орших Африкийн орнуудад орох хур тунадасны хэмжээ ойрын 10 жилд эрс багасна гэж байна. Уур амьсгалын өөрчлөлт судалдаг Засгийн газрын бус шинжээчдийн хэсэг 2020 он гэхэд Африкийн 75-200 сая хүн усаар гачигдаж, энэ тивийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ 50 хувь хорогдоно гэж үзэж байна.

 

5. Өвчин


Хаана амьдарч байгаагаас л хамааран дэлхийн дулаарлын нөлөөгөөр тодорхой өвчнүүдээр халдварлах явдал өсөн нэмэгдэнэ. Үер ус, ган гачиг гэдэг шумуул, бясаа, хулгана, харх өсөх таатай орчин бий болгодог, энэ нь төрөл бүрийн өвчин түгээдэг. Урьд өмнө нь ийм өвчин гарч дэлгэрч байгаагүй улс орнуудад ч өнөөдөр төрөл бүрийн шинэ өвчин гарах болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлэх боллоо. Бүр хүйтэн уур амьсгалтай орнуудад ч ийм халдвар тархаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болсон өвчний улмаас жил бүр 150 мянган хүн нас барж байгаагийн дотор зүрх судасны өвчин хумхаа голлож байна. Мэдээж багтраа, харшил бас нэмэгдсээр байгаа юм.

 

4. Эдийн засгийн үр дагавар


Дэлхийн дулаарал, агаарын температур нэмэгдэхийн хэрээр зардал өснө. Хүчтэй салхи шуурга, үерийн улмаас хөдөө аж ахуйн эдэлбэр газар сүйдэж олон тэрбум ам.долларын хохирол учруулдаг. 2005 онд Америкийн Луизана мужид болсон хар салхины улмаас 135 тэрбум ам.долларын хохирол учирсан бол, энэ гамшгийн дараа орлого 15 хувиар унаж байсан түүх бий. Бүтээгдэхүүний хомсдолоос үүдээд хүнсний бүтээгдэхүүн, дагаад эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, эмнэлгийн үйлчилгээний үнэ өснө. Олон оронд жуулчдын урсгал, үйлдвэрлэлийн ашиг буурч, эрчим хүч, ус, хүнсний бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Тафтсын их сургуулийн дэргэдэх Дэлхийн хөгжлийн хүрээлэн болон Байгаль орчны хүрээлэнгийн явуулсан судалгаагаар 2100 он гэхэд байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдээд дэлхий даяараа 20 их наяд ам.долларын алдагдалд орно гэж гарчээ.


3. Дайн, мөргөлдөөн


Хүнс, ус, үржил шимтэй газар хомсодсоноос бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлөн зөрчил сөргөлдөөн, дайн үүсэх эрсдэл бий болгоно. Америкийн үндэсний аюулгүй байдлын шинжээчид өнөөдөр Суданд болж байгаа мөргөлдөөнийг юуны түрүүнд дэлхийн дулаарлын улмаас байгалийн нөөц баялаг хомсодсонтой холбон тайлбарлаж байна. Энэтхэгийн далайгаас холгүй энэ бүс нутагт бараг 20 жилийн хугацаанд хур тунадас уналгүй агаарын температур өссөн нь ийм сөргөлдөөний гол шалтгаан болжээ.
Байгаль цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавар болох хүнс, ус хомсдох, энх тайван аюулгүй байдал, экологийн хямрал, хүчирхийлэл гээд бүгд өөр хоорондоо шууд холбоотой гэж эрдэмтэд, цэргийн шинжээчид дуу нэгтэй хэлж байгаа юм.

 

2. Биологийн төрөл зүйл устана

 

Дэлхийн дулаарал нь юуны түрүүнд био организмд шууд нөлөөлнө. 2050 он гэхэд агаарын температур өмнө хэлсэнчлэн цельсийн 1.1-6.4 градусаар нэмэгдэх юм бол хүн төрөлхтөн ургамал, амьтныхаа төрөл зүйлийн 30 хувийг алдах эрсдэлтэй учирна гэж эрдэмтэд хэлж байна. Энэ бол дулаарлын нөлөөгөөр ой устаж, цөлжих, далай тэнгисийн усны температур нэмэгдэж, амьтан ургамлын байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох дадал устахтай шууд холбоотой. Нэг үгээр хэлэхэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр эдгээр ургамал, амьтдын амьдрах орчин нь үгүй болно гэсэн үг.
Зэрлэг байгаль судлаачид ургамал амьтны зарим төрөл зүйл “амьдрах”-ын эрхээр умардаас өмнөд рүү, өмнөдөөс умард руу “цагаачилж” байна гэж байгаа ч энэ нь хэр үргэлжлэх, хэр үр дүнтэйг таашгүй. Хамгийн аюултай нь энэ гамшиг хүнийг тойрч гарахгүй. Усны түвшин нэмэгдэж, цөлжих нь хүн та бидний хэрэгцээ болсон хүнс, түлш, шатахуун, орлогын эх үүсвэр болдог өнөө л ургамал, амьтан ховордоход хүргэнэ.

 

1. Эко системийн сүйрэл


Уур амьсгалын өөрчлөлт, агаар мандал дахь нүүрс хүчлийн хийн өсөлт нь манай эко системд хүчтэй нөлөөлнө. Ундны ус, цэвэр агаар, эрчим хүч түлшний нөөц, хүнс, эм хэрэгсэл, бусад чухал бүтээгдэхүүний хомсдолд хүргэж энэ нь хүн төрөлхтнийг амьдрах эсэх гэсэн асуултын өмнө аваачна.


Чухамдаа хүн төрөлхтөн байгалийн бүтээгдэхүүний хувьд, энэ гаргийн амьд организмын нэгийн хувьд дэлхийн дулаарал гэдэг аймшиг манай гаргийн нэг ч эд эс, хэсгийг ялгахгүйн хувьд ямар ч өмгөөлөл хамгаалалгүй л гэсэн үг. Далай тэнгисийн усны температур нэмэгдсэний улмаас далайд шүр ургахаа больж байгааг эрдэмтэд хэлж байна. Мөн ургамал, амьтныг олон төрөл зүйл ховордож зарим нь өөр газар луу шилжиж суурьшиж байна. Дэлхийн дулаарлын улмаас агаарын температур нэмэгдэж аймшигт үер, ган гачиг, ойн түймэр, хүчиллэг бороо орох болж байна.
Хүн төрөлхтөн өөрсдөө агаар мандал, байгаль орчноо бохирдуулж, энэ хэрээрээ дэлхийн дулаарал улам өсөн нэмэгдэж, энэ нь эргээд байгаль орчин, эко системд нөлөөлөн тэр нь та бидний амьдрал, амьд организмд муугаар нөлөөлсөөр. Биднээс эхэлсэн гай гамшиг бүтэн тойроод эргээд бидэнд ирж бидний амьдралд нөлөөлж байгаа нь энэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]