Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Хоргодсон сэтгэлийн дуулалтай Хөвсгөл, хөлөг хоёр

Сүхбаатар хөлгөөр зорчсон тэмдэглэл

Наадмын налгар өдрүүд үргэлжилж хот газрынхан хөдөөг зорьцгоов. Их хотын дуу чимээнээс холдож цэлгэр ногоон талдаа хараа бэлчээж, цэнгэг агаарыг цээжнийхээ хэмжээгээр шуналтайгаар амьсгалж, эх орныхоо байгалийн сайхныг биширсээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ирэв. Анх 1931 онд Хөвсгөл аймгийн төв хэмээн байгуулагдаж байсан түүхтэй энэ газар одоо хотжилт, хүн амын нягтаршлаараа аймагтаа хоёрдугаарт ордог суурин газар төдийгүй усан замын боомт тосгон гэдгээрээ онцлог юм. Хөвсгөл далай ээжийг харах, манай улсад ганцхан байх Сүхбаатар хөлөг онгоцоор аялахыг хүссэн гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөнд энэ тосгоныхон дарагджээ. Хил хязгаар нь үл харагдах мэлтийсэн хөх нуурын дээгүүр хөвөх Сүхбаатар хөлгийн ахмад зогсох болсноо илтгэн дуут дохиогоо гурвантаа хангинуулснаар нуурын эрэгт зогслоо. Тус хөлгөөр 16 цагт аялахаар бүртгүүлсэн зорчигчид хөлөгт суудлаа эзэлж аялахад бэлэн болжээ. Хэдэн өдөр хур бороо элбэгтэй байснаас манан будан хөшилдөж цаг агаар жиндүүхэн байв. Гэсэн хэдий ч найман настай балчраас наян настай буурал хүртэл 300 орчим хүн энэ удаагийн аялалд гарахад хэдийнэ бэлэн болжээ.

 

Титаник киноны ямар ч зураг авалт байхгүйг сануулав

Ингээд хөдлөх цаг боллоо. Бидний аяллыг Сүхбаатар хөлөг онгоцны захирал Ч.Үржинбадам удирдан явуулсан юм. Тэрээр аялалд гарахын өмнө зорчигчдод дараах зааварчилгааг хүргэсэн юм. “Бага насны хүүхэдтэй аялж байгаа зорчигчид тэдэнд тавих хараа хяналт сайн тавих, 10 наснаас доош насны хүүхдийг заавал хөтөлж явах, шатнаас буухдаа хүүхэд болон настай хүмүүсийг түшиж буулгах, хамгаалалтын хэсэгт зураг даруулах үедээ мөргөж, унах эрсдэл их байгаа учраас анхаарал болгоомжтой байх, хөлөг онгоц тамхигүй орчин учраас хэн ч тамхи татаж болохгүй. Тамхи татаж байгаа хүн байвал хажуудах хүн нь 10 мянган төгрөгөөр торгоод өөрөө мөнгийг нь аваарай. Хашлаган дээр сууж зураг даруулах, сандал дээр зогсч зургаа даруулж болохгүй. Энд ямар ч Титаник киноны зураг авалт байхгүй гэдгийг дахин дахин анхааруулж байна” гэв. Үнэн бөгөөд бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн зорчигчид нир хийтэл инээлдэж алга нижигнүүлэн ташив. Онгоцны ахмад үргэлжлүүлэн “Өнөөдөр бидэнтэй аялж байгаа эрхэм аялагчид та бүхэнд Сүхбаатар хөлөг онгоцны сүлд дуугаар аян замын мялаалга өргөе. Та бүхэн тавтай сайхан аялаарай” хэмээхэд зорчигчид уухай хадаав. Дууны аяаар найган бүжих зорчигчдын царайд баярын мишээл тодорчээ.

 

Дурлалд умбуулсан хайрын далай

Далай ээжийн намуухан түрлэгт, тогтуун хөвөх энэ хөлгийн зорчигчид дуулж, бүжиглэсээр, дурлаж хайрлалцсаар явна. Гэр бүлээрээ аялж байгаа зорчигч байгаа эсэхийг асууж, олноос онцгойруулж гарыг нь дээш өргүүлж тоолсны дараа хайрын тухай дууны аянд хоёр минутын турш үнсэлцэхийг хүслээ. Үерхээд удаагүй залуухан хосоос эхлүүлээд эмээ өвөө, ижий аав болтлоо ханьсан жаргахын жаргал зовлонг хамтдаа туулсан хосууд бас нэгэн хайрын түүхээ далай ээжийнхээ дээгүүр хөвж явахдаа бүтээсэн юм. Монгол хүний цэвэр ичимхий зан зарим хосоос цухалзаж байсан ч тэд бие биенээ хайрын харцаар ширтэж байсан юм. Хээгүй, гүндүүгүй монгол эрчүүд минь, эгэлгүй эрхэмсэг монгол бүсгүйчүүд минь хамгийн сүүлд хэзээ бие биедээ хайртай гэж хэлээ бол. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй хайраа гэж амны уншлага болгосон залуус байдаг ч “Хайртай шүү чамдаа” гээд нүд рүү нь хараад хэлсэн нь хэзээ бол. Аавынх нь гэрээс гэргий болгон авахдаа л амраг чамдаа би хайртай шүү гэж хэлчхээд анзааргагүй зан гаргаад 10, 20 жил хайраа илчлэхээ мартсан юм биш байгаа. Ямартаа ч яг одоо Сүхбаатар хөлөг онгоцон дээр тэд хайрандаа умбаж, шумбаж явна.

 

Урлаг, ухаарлыг нэгтгэсэн уянгын цэнхэр далай

Энэ удаагийн аяллын зорчигчид илүү азтай одтой байгаа бололтой. Учир нь Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх зорилгоор манай улсад зохиож буй "Далай ээж" олон улсын эко соёлын аянд оролцож байгаа есөн орны зураач, дуучид, хөгжимчид, урлаг судлаачид болон тус аяныг санаачлан зохион байгуулж байгаа нийт баг бүрэлдэхүүн энэ удаагийн аяллын багт багтсан нь завшаантай явдал болсон юм. Бид далай ээжийнхээ үзэсгэлэнтэй сайхныг биширч, аялж зугаалахдаа байгаль экологид ээлтэй байж, унаган төрхөөр нь хадгалж авч үлдэх нь чухал асуудал болсон. Энэ асуудалд эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хэн бүхэн анхаарал хандуулж, хандлагаа өөрчилж, бодитоор нөлөөлөл үзүүлдэг байхыг та бүхэнд уриалж байна. Дэлхийн цэвэр усны нөөц өдрөөс өдөрт хомсдож байгаа энэ цаг үед Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг, чанд манах ёстой, чандмана эрдэнэ болсон Хөвсгөл далай ээжийгээ бид хайрлаж хамгаалах ёстой юм шүү хэмээн “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа аялагчдыг байгаль эх дэлхийдээ ээлтэй байхыг уриалсан юм. Олон улсын уран бүтээлчдийн хамтарсан тус багийнхны аялагчдад зориулсан тоглолтоор бидний аялал үргэлжиллээ. Хорвоогийн бүх явдлыг хоёрхон чавхдаст багтаадаг морин хуурынхаа эгшгээр тоглолтоо эхлүүлэхэд аялагчид огшиж, омогшиж байв. Урлаг гэдэг өөрөө харилцахуйн, ойлголцохуйн гайхамшиг санж. Хэдийгээр хэлийг нь ойлгохгүй ч дуу авиа, ая аялгууг нь сонсоод байгаль эх дэлхий, ус мөрнөө, далай ээжийгээ хайрлахыг сануулсан, ухааруулсан, гуйсан дуу хуур хэдэнтээ өрнөв. Тэд хамтдаа урлагийн хэлээр дамжуулж ойлголцож, нэгдэж чадлаа.

Найган бүжих Сүхбаатар хөлөг

Хөлөг онгоц далайд гарснаас хойш 40-өөд минут өнгөрчээ. Тэртээ ногоорох уулсын орой дээгүүр манан будан хөшилдөж, тээр цаана нь тэнгэрийн хаяа хүрэх газарт үзүүр нь үл харагдах далай ээж мэлтийнэ. Хэсэгхэн бодолд умбасан анир чимээгүйг эвдэн моторт онгоцоор аялж байгаа хэсэг залуус Сүхбаатар хөлгийн аялагчид руу гараа даллан орилоход хариуд нь тэд ч мөн тэнхээ мэдэн хашихрцгаав. Хэн хэндээ холоос хайр, жаргал түгээх нь гайхамшиг. Гайхамшиг үргэлжилсээр... Хөлгийн дараагийн үйл ажиллагаа нь бүжгийн аварга тодруулах. Эхлэхээсээ өмнө дүрмийг танилцуулсан. Энэ тэмцээний эхний шалгаруулалтад хүн бүхэн оролцоно. Суудлаасаа босоогүй үлдсэн хүн үг мөчиггүй мянган төгрөгөөр торгуулна. Нэг болон хоёр давхрын аялагчид бүгд босч, бүжиглэлээ. Тэндээс шүүгч хэд хэдэн хүнийг сонгон авч дахин өрсөлдүүлэв. Аваргыг шалгаруулах амаргүй байлаа. Ламбада, Твистээс авхуулаад чадахгүй бүжиг тэдэнд алга. Ингээд аварга бүжигчнээр 13 настай охин шалгарч, хөлгийн ахмадтай түүний экипажинд зураг даруулах онцгой эрхээр шагнуулсан юм. Үргэлжүүлэн тэд бүжиглэсээр... Хөлгийн өмнө Хүслийн хад хэмээх арал газар үзэгдэв. Олон тооны аялагчид тэнд бөөгнөрчээ. Энэ үед хөлөг онгоцны ахмад аялагч, зорчигчидтойгоо уулзахаар гарч ирсэн юм.

 

Хүсэл биелүүлэгч “Хүслийн хад”

Сүхбаатар хөлөг онгоцны капитан Л.Бадамдорж экипажнаасаа гарч ирэн зорчигч, аялагчидтайгаа мэндлээд Хөвсгөл далай, Сүхбаатар хөлөг онгоцны талаар товчхон мэдээллийг хүргэсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хөвсгөл нуурын урт 137 километр, өргөн нь 42 километр, 264 метр гүн, Модон хүй, Хадан хүй, Хүй толгой хэмээх гурван аралтай. Хөвсгөл нуурт 99 голд цутгаж, Эгийн гол Хөвсгөл нуураас эх авдаг. Эгийн гол нь манай хөлөг онгоцны хөдөлдөг зогсоолоос үргэлжилж Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Сэлэнгэ нуур Байгаль нуурт цутгадаг. Тиймээс Байгаль нуур Хөвсгөл нууртай хүйн холбоотой гэдэг. Анх Хөвсгөл нуураар 1910 онд Оросын худалдаачин 40 тоннын даацтай жижиг модон онгоц аялуулсан түүхтэй. Ингээд 1910-1956 он хүртэл Оросын худалдаачид модон онгоцоор бараа тээвэрлэж байсан түүхтэй.1956 оноос эхэлж Монгол Улсын анхны капитан, гавьяат тээвэрчин Чадраабал экабаж бүрдүүлж тээвэр тээж ирсэн. Бидний аялж байгаа Сүхбаатар онгоц нь 1985 оноос эхлэн Хөвсгөл далайд аялж эхэлсэн. ОХУ-ын 60 мэргэжилтэн өөрийн улсын үйлдвэрт эд ангиудыг нь үйлдвэрлэж Хатгал тосгонд авч ирсэн. Ингээд бүтэн жилийн турш угсарснаас хойш 34 жилийн турш ачаа тээвэр болон хүн тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байна. 40 жил ашиглах нормативтай, орчин үеийн автомат удирдлага бүхий 800 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй, 1800 тонн ачаа чирэх чадалтай, цагт 20-22 км хурдалдаг, манантай үед 24 метрийн радиуст ус хуурай газрыг ялгаж харах болон усны гүнд 50 метр дотор хэмжих эхолакатортай зүтгүүр онгоц юм. Хөлөг онгоц нь 41 метр урт 8,5 метр өргөн болон 11 метр өргөнтэй, үндсэн хөдөлгүүрээс гадна 25 квт цагийн хүчин чадалтай хоёр дизель станцтай, 60 тонн багтаамжтай түлшний сав, зургаан тонн багтаамжтай бохирын сав, хуурай болон ахуйн хаягдлын савтай хөлөг онгоц юм. Хөвсгөл нуурын нийт урт 137 километр бол 17 километр яваад Хүслийн хадны хажууд ирж зогсчээ. Энэ зогсоолоос цааш 120 километр газар далай ээж минь үргэлжлэх нь. Усны гүн хөлөг онгоцны доод тушаа 50 метрийн гүнд зогссон байна. Аялал эндээс эргэх тул та аялагчдыг нэг минутын турш Хүслийн хаданд хүслээ шивнэхийг урилаа. Хүсэл бүхэн биелэх болтугай.

 

Аялалд амт нэмэх шинэхэн хуушуур

Халуун хушуур, цай, кофе энэ аян замын амтат зоог. Хөлөг онгоцон дээр шинэхэн хайрсан хуушуур мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол кофе, цай ч мөн адил үнэтэй байна. Сүхбаатар хөлгөөр аялсныг илтгэж, дурсамж сэдрээхээр тус аяллын хөлгийн зураг бүхий хөргөгчний наалт 3000 төгрөг, үхрийн эвэр, гар урлалын эдлэлүүд өргөн сонголттой худалдаалж байв. Гадаад, дотоодын аялагчдад энэ нутгийнхан өөрсдийн амьдарч байгаа газар орныхоо үүх түүх, ёс заншил, соёл уламжлалыг хадгалсан гар урлалын бүтээгдэхүүнд тэр дундаа өөрийн ордны ивээл чулуугаар хийсэн хүзүүний зүүлт, үхрийн эврээр хийсэн аяга, бугын эврэн иштэй орос төмрийн хөрөөний төмрөөр нь ир хийсэн сайн чанарын хутга гэх мэт зүйлсийг ихээхэн сонирхож, худалдан авч байлаа.

 

Хоргодсон сэтгэлийн дуулалтай Хөвсгөл, хөлөг хоёр

Зураг авалт, дуу хуур, бүжиг наадам, хайр дурлал, дурсамж дүүрэн бидний аялал эргэлээ. Далай ээжийн аниргүй, дүнсгэр, үзэсгэлэнтэй дүр төрх аажим аажмаар алсарч байна. Өмнө минь дуу чимээ, барилгажилт, хотжилт, бөөгнөрөл тодорч байна. Сэтгэлд минь багахан гуниг төрж дахиад энэ хөлөг дээр хэсэг хугацаанд баймаар, далай ээжийн үзэсгэлэн гоог биширмээр... Хөвсгөл далай, Сүхбаатар хөлөг, бид гурав хэн хэндээ хоргодсоор. Үүлэн чөлөөний завсраар хэсэгхэн мандсан нар гэрлээ далай ээж дээр хэсэгхэн зуурт тусгахад түүний үзэсгэлэн гоо улам тодорч, зах хязгаар нь үл харагдах нуурын мандал нүд гялбуулан гялтганаж ямар үзэсгэлэнтэй харагдсан гээч. Үүрийн туяа татахаас, үдшийн бүрий хүртэл чамтай би зугаалах сан. Үйлдвэржилт, хотжилтоос дайжиж аниргүйг дахин мэдрэх сэн... Аажим аажмаар ойртсоор байгаа нуурын эргийг ширтэхдээ хамт үлдэх хүсэлд ийнхүү автан суухад дуут дохио гэнэт дуугарч хөлөг онгоц зогсох болсныг илтгэв. Анх удаа далай ээжийнхээ хормойд эрхэлж, Сүхбаатар хөлгөөр зорчсон маань ийнхүү төгсч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]