Уншиж байна...
 
ИЗНН Увс аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээВИДЕО: Trishna - ХООСОННийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллааЛ.Оюун-Эрдэнэ: Дунджаар 25.000 өрхөд ипотекийн зээл олгох боломж бүрдлээПрокурор 259 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэвВИДЕО: ОУ-ын Хятад хэлний уран уншлагын тэмцээнийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулж, ялагчид тодорлооШИНЭ ДУУ: Desant & ThunderZ - Хар бензИЗНН Баянхонгор аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийлээҮнэнд гүйцэгдсэн эрх баригчид үндэсний үйлдвэрүүдээ дампууруулах вийТусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байнаТанилц: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдАвтобусны шинэ 19 буудлыг ашиглалтад орууллаа"Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 5км-ийн зайд бүртгүүлэгчдийн тоо өсөж байнаЗасгийн газрын хуралдаанаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалааН.Ундрах: Үе тэнгийнхний дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна
Хөвсгөл далай ээжийгээ оройтохоос нь өмнө одоо л хамгаалъя

Дэлхийн хүн амын 40 хувь нь цэвэр усаар гачигдаж амьдардаг, энэ байдлаараа зургаахан жилийн дараа нийт хүн амын гуравны хоёр нь нь цэвэр усны хомсдолд өртөх магадлалтайг НҮБ-аас хэдийнэ судалж тогтоожээ. Тэгвэл дэлхийн цэвэр усны 0.4-1 хувь, монгол орны цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалах бодлогыг шинэ түвшинд гаргаж, байгалийн гайхамшигт, хосгүй үнэт өвийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгүүлэн, хойч үедээ одоогийн байгаа унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх зорилгоор "Далай ээж эко-соёлын аян” арга хэмжээг 2019 оны долдугаар сарын 04-19-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хөвсгөл аймгийг дамнан зохион байгууллаа. Тус аяныг "Түгээмэл эрх-Хөгжил", "Хөвсгөл Далайн эзэд", "Дөрөв дэх өнцөг", "Захиргааны шинэ санаачилга" төрийн бус байгууллагууд санаачлан зохион байгуулсан бол, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бодлогоор дэмжиж, цэвэр усаар хангагдах эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг түлхүү анхаарч, хамтран ажилласан юм. 

Олон оршил нуршилгүйгээр далай ээж хэмээн нэрийдсэн Хөвсгөл нуурыг хамгаалах хэрэгцээ шаардлага юу байгаа талаарх мэдээллийг баримт нотолгоотой гаргахыг хичээе. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Бямбадорж тус аяны хүрээнд энэ сарын 8-нд Улаанбаатар хотноо зохион явуулсан Хөвсгөл нуурын хамгаалал” эрдэм шинжилгээний хурлын үеэр “ХҮНИЙ ЭРХ-УСНЫ ЭРХ” нэртэй илтгэл танилцуулсан юм. Энэхүү илтгэлд Хөвсгөл нууртай холбоотой хэд хэдэн баримт дурдагдсаныг дор сийрүүлье.

 

Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны 0.4-1 хүртэл хувийг агуулдаг

НҮБ-аас дэлхийн хүн амын усны хэрэглээ өнгөрсөн зуунаас хоёр дахин нэмэгдэж, одоогийн тооцооллоор хүн төрөлхтний 40 гаруй хувь нь цэвэр усны хомсдолтой нөхцөлд аж төрж байна. Энэ байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд 1.8 тэрбум хүн усны хомсдолд нэрвэгдэж, дэлхийн хүн амын 2/3 нь усны хэрэглээ, өсөлт, цаг уурын өөрчлөлтийн улмаас усны хомсдолтой нөхцөлд амьдарч болзошгүй байна. Ирээдүйд тулгарч болох энэхүү сорилтыг бид өөрт байгаа усны нөөцийг хэрхэн үр дүнтэй хадгалах, хамгаалах, захиран зарцуулахаас хамаарах болно гэжээ 2 . Эл байдлаас үзэхэд усны хомсдол, бохирдол нь ус хамгааллын бодлого нь дан ганц нэг улсын асуудал биш нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсныг харуулж байна. Байгалийн тэнцвэрт байдлын болон амьд байгалийн оршин байхын үндэс болсон усаар дэлхийн 70 хувь нь бүрхэгдсэн байдаг хэдий ч үүний зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус юм . Гэтэл Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4-1 хүртэл хувийг дангаараа агуулдаг гэсэн тооцоололтой байна.

 

Хүнийг хүн хэвээр үлдэхэд нөлөөлөх эрх нь цэвэр усаар хангагдах юм

Олон улсын хэмжээнд цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудлыг хүний эрхийн асуудал хэмээн хүлээн зөвшөөрч, дараах байдлаар баталгаажуулжээ. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос усаар хангагдах эрхийн талаарх 15 дугаар Ерөнхий тайлбарын нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг хүн хэвээр нь амьдралаа авч явахад зайлшгүй шаардлагатай эрх бол усаар хангагдах эрх юм. Энэ нь бусад хүний эрхийг хангахад урьтал тавих эрх мөн” гэжээ .

 

Ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал нь хүний эрхийн асуудал

НҮБ-ын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер 2018 онд Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа тайланд дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: Монгол Улс ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал нь хүний эрхийн асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, усны хэрэглээ, ариун цэвэр орчинд амьдрах нь хүний эрх гэдгийг ойлгохгүй байгаа учраас Монгол Улсын Засгийн газрын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй байна. Ус, ариун цэврийн тухай хууль, эрх зүйн орчин нь хангалтгүй байгаа тул энэхүү эрхийг хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрч, бодлого хөтөлбөрүүдэд тусгах шаардлагатай. Монгол Улсын ус, ариун цэврийн салбарын институцийн зохион байгуулалт бүтэц дутмаг байна.

 

 

Устай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах нь ойлгомжгүй бас тодорхойгүй байна

Мөн иргэдэд ундны ус, ариун цэвэртэй холбоотой үйлчилгээ үзүүлэх асуудлыг хэд хэдэн яамд хувааж хариуцаж байна. Үүний үр дүнд устай холбоотой хүний эрхийн асуудлыг Засгийн газар хэрхэн зохицуулах талаар ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүсчээ. Иймээс ус, ариун цэврийн асуудлын уялдааг хангах чиг үүргийг аль нэг төрийн захиргааны төв байгууллагад хуваарилах, харин яам тус бүрд энэ асуудлыг хариуцсан ажилтантай байх нь зүйтэй” гэжээ.Монгол Улсын усны бодлого хэрэгжүүлэх чиг үүргийг судалж үзвэл салангид байдалтай, салбарын яамд, агентлагуудад хуваагдсан байна. Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд усны нэгдсэн бодлого, усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах, Гадаад харилцааны яаманд хилийн усны болон бусад олон улсын байгууллагуудтай байгуулах гэрээ хэлэлцээр, Сангийн яаманд төсөв, санхүүжилт, Хууль зүй, дотоод хэргийн яаманд эрх зүйн шинэчлэл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бэлчээр тариалангийн усжуулалт, хүнс, хөнгөн үйлдвэрийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд сургалт, судалгаа, Зам тээврийн хөгжлийн яаманд усан замын тээвэр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд уул уурхай, хүнд үйлдвэрийн ус хангамж, Эрүүл мэндийн яаманд усны чанар, эрүүл ахуй, Эрчим хүчний яаманд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал хамрагдаж байна.Үүнээс үзэхэд ус хэдий бүх салбарт хамаатай ч олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тавьж буй шаардлагын дагуу ус, ариун цэврийн асуудлыг хүний эрхийн суурь зарчим агуулгад нийцүүлэн төрийн нэгдсэн бодлогоор уялдаа холбоог хангаж, үр ашигтай хөгжүүлэхэд хүндрэл үүсгэж болохоор байна. Иймээс нэн тэргүүнд усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламж, цэнгэг усны экосистемийн хамгаалалтыг цогц байдлаар хэрэгжүүлэх, усны бодлого менежментийг шинэ түвшинд гаргахад төрийн бие даасан бүтцийг байгуулж нэг дор зангидах нь зүйтэй байна.

Хатгал тосгонд 700 айл нүхэн жорлонг ашиглаж байна

Хөвсгөл нуурын өнөөгийн байдлыг авч үзэхэд түүний эргэн тойронд 179 жуулчны бааз, гэр буудалтай, үүний 60 нь жуулчны бааз, 119 нь гэр буудал байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын өгсөн мэдээгээр 2019 онд эдгээрийн 83 хувь нь нүхэн жорлон ашиглахаа больсон бол үлдсэн 17 хувь шийдээгүй байна. Мөн ойрын төвлөрсөн байршил болох Ханх суманд 287 айл нүхэн жорлон, Хатгал тосгонд 700 айл нүхэн жорлонг ашиглаж байна. Нүхэн жорлон ашиглах байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд учруулах хорт нөлөөлөл, аюул эрсдэл нь бидний толгойны өвчин, тулгамдсан асуудал гэдэгтэй хэн ч маргахгүй юм. Нүхэн жорлонгийн бохир хөрсөнд шингэх үед өтгөн ялгадсанд агуулагдах халдварт өвчний нян зөөвөрлөгдөж хөрсний усыг бохирдуулдаг. Ийм нянгаар нэгэнт бохирдсон усыг унд, ахуйд хэрэглэснээр олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй. Мөн нүхэн жорлонд хуримтлагдсан өтгөнд биологийн задрал явагдах үед хүлэмжийн хий агаарт дэгддэг байна. Хүлэмжийн хий нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулааралд нөлөөлж байгаа зэрэг байгаль орчинд олон сөрөг нөлөөллийг үүсгэж байна.

 

129 усан тээврийн хэрэгсэл тоологдсоны 98 нь Хөвсгөл нууранд бий

Монгол Улсын Далайн захиргаанаас 2018 онд хийсэн техникийн хяналтын үзлэгээр нийт 129 усан тээврийн хэрэгсэл тоологдсоны 98 нь Хөвсгөл нууранд байна. Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй жуулчны баазууд, зургаан иргэн үйл ажиллагаа явуулж буй газрынхаа ойролцоо нуурын эрэг дагуу 20 гаруй жижиг зогсоол бий болгосон нь шаардлагад нийцэхгүй, байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр эвдэрсэн, хаалт хашлага байхгүй зэргээс хүн унаж гэмтэх эрсдэлтэй, зогсоолын үйл ажиллагаа явуулах газар, байршлыг орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тогтоох асуудал хэрэгжихгүй усан тээврийн хэрэгслийн аюулгүйн хангалтын багаж хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэрэг зөрчил гардаг байна. Түүнчлэн зарим усан замын тээврийн хэрэгсэлд шатахуун, хөдөлгүүрийн тосоо хольж хэрэглэснээр хөдөлгүүрээс ялгарч буй утаан дахь (нүүрсхүчлийн хий, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, нүүрс устөрөгч /HC/) бодисын хэмжээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарчээ. Иймээс усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарч буй утаан дахь хорт бодисын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх хэмжээг тогтоох, шаардлага хангахгүй хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг цэнгэг устай нууранд ашиглахыг хориглох зэрэг асуудал шийдлээ олоогүй байна
Хөвсгөл нуурын гүнд 30-40 автомашин байгаа

Хөвсгөл нууранд өвлийн улиралд иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэнддээ эрсдэл үүсгэн нуурын мөсөөр авто машинтайгаа зорчих, түүнчлэн нефть бүтээгдэхүүн болон бусад тээвэрлэлтийн үед мөс цөмөрч, усанд живэх тохиолдол мэр сэр гарсаар байна. 1990 оноос авто тээвэрлэлийг хориглосон ч одоогийн байдлаар нуурын гүнд 30-40 автомашин байгаа гэсэн тооцоолол бий. Энэ нь Хөвсгөл нуурын цэнгэг усыг экосистемд бохирдол үүсгэх бас нэг шалтгаан болж байна. Иймээс Монголчууд бидний хувьд хосгүй үнэт баялаг болох Далай ээжийнхээ цэнгэг усны экосистем, унаган төрхийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэхийн тулд одоогийн байгаа нөхцөл байдлыг нэгтгэн үнэлж үзээд, байгаль орчинд ээлтэй, хүний эрхийн зарчим хэм хэмжээнд нийцсэн төрийн бодлого, зохицуулалт, зохион байгуулалтыг бий болгох зүйтэй юм.

 

2016 онд 5,585 гол, горхи тоологдсоноос 263 нь ширгэжээ

Усны тухай хуульд заасны дагуу дөрвөн жил тутамд хийсэн гадаргын усны тооллогын дүнгээс харахад гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэж байна. Тухайлбал, 2016 онд 5,585 гол, горхи тоологдсоноос 263 нь ширгэсэн, 11,420 булаг, шандаас 774 нь ширгэж, 106 нь сэргэсэн, 2,214 нуур, тойрмоос 346 нь ширгэж, 31 нь сэргэсэн гэсэн дүн гарсан байна. Энэ нь малчид гадаргын ус, хур тунадас, булаг, шанд, гүний худаг зэрэг усны нөөцөд түшиглэж амьдардаг учраас усны хомсдол нь малчдын тогтвортой амьжиргаа, оршин сууж буй газар нутгийн экосистемд эрсдэл учруулах төдийгүй тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлөх болоод байна. Түүнчлэн Монгол Улсын хувьд газрын гүний, гадаргын усны байгалийн болон ашиглалтын нөөцийг тогтмол хянах тогтолцоо байхгүй нь усны нөөц бүрдэлт, нөхөн сэргээлт, хомсдол, бохирдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үндэсний хэмжээний дүгнэлт хийх, цаашдын төлөв байдлыг тодорхойлоход бэрхшээл үүсгэдэг байна

 

Бид нэгдэхгүй бол хэн нэгдэх вэ, одоо хамгаалахгүй бол хэзээ хамгаалах вэ

Энэ бол яг үнэндээ оршил. Бичих талбай маань хэмжээтэй ч бичих, хэлэх зүйл олон байна. “Далай ээж эко соёлын аян” гэх нэр хүртэл учиртай. Эко соёл гэж юу юм бол. Та эко соёлтой хүн мөн үү? Хэтэрхий томоор битгий хараарай. Буугаад мордсон газартаа хогоо хаядаггүй бол, цэвэр усаа гамнаж хэрэглэдэг бол, голын усанд машинаа, хувцасаа угаадаггүй бол, шүлсээ гудамжинд хаядаггүй бол та эко соёлтой хүн юм. Ийм л энгийн жижиг зүйлээс л энэ ухамсар, энэ соёл эхэлнэ. Буруутанд зөв шаардлага тавьдаг, болохгүй зүйлсийн хажуугаар нүдээ, чихээ, амаа таглаад өнгөрөхгүй байх нь ч чухал байна.
Бид хэн хэнийгээ эко соёлд уриалан дуудах хэрэгцээ байна. Бидэнд цэвэр, цэнгэг усаа хайрлаж, амьдралыг тэтгэгч рашаан, хүнийг хүн хэвээр нь үлдэх эх суурь нь болсон Хөвсгөл нуураа хамгаалах асуудлыг үндэсний хэмжээнд болон олон улсын анхаарлын төвд оруулах асуудал чухал болоод байна. Тийм ч учраас гадаад дотоодын уран бүтээлчид сайн дураараа нэгдсэн. Яагаад гэвэл бид цэвэр усгүй болбол тэд ч бас усгүй болох учраас. Үүнийг тэд ухамсарласан учраас. Бид хэдийгээр үндэс угсаа, шашин шүтлэг, хэл, ёс заншил өөр боловч нэг л дэлхий ээжтэй. Тиймээс байгаль экологийн өмнө тулгамдсан миний асуудал чинийх, чиний асуудал минийх. Бид хамтдаа эх дэлхийгээ хамгаалах, ирээдүй хойчдоо унаган төрхөөр нь хадгалан, өвлүүлэн үлдээх үйлсэд гар, бие, сэтгэлээрээ оролцох ёстой.


Ийм л учраас тус аянд сайн дураараа итгэл үнэмшлээрээ нэгдсэн Монгол, Непал, Бангладеш, Пакистан, Австрали, Англи, АНУ, Индонез, Франц зэрэг олон орны уран бүтээлчид “Бид нэгдэхгүй бол хэн нэгдэх вэ, одоо хамгаалахгүй бол хэзээ хамгаалах вэ” хэмээн сэтгэл зүрхээрээ нэгдэж, өөр өөрсдийнхөө чаддаг мэддэг бүхнээр эх дэлхийгээ, байгаль орчноо, далай ээжийгээ хайрлаж хамгаалах үйлсийн төлөө өнгөрсөн хугацаанд чадлынхаа хэрээр олон түмэнд сурталчилсан юм. Аадар бороо асгарч байхад ч, алтан нар шарж байхад ч далай ээжийн баяр, шаналал, гунигийг уран бүтээлээрээ дамжуулж ойлгуулахыг хичээсэн. Уран бүтээлчид Хатгал тосгоны соёлын төвд, Сүхбаатар хөлөг дээр, Сүхбаатар хөлгийн зогсоолд гурвантаа тоглолт хийж олон хүмүүсийг эко соёлд уриалан дуудсан. Цаг агаарын ямар ч нөхцөлд бууж өгөлгүйгээр хамтдаа даарч, хамтдаа халууцах нь тэдний бас нэгэн жаргал. Зураачид өөр өөрийн сэтгэмж, дүрслэхүйн онцлогоо харуулсан уран бүтээлүүдээр бага сургуулийн хана болон соёлын төвийн ханыг будаж тохижуулсан. Бага сургуулийн ханыг уран зургийн гайхамшиг болгон өөрчилсөн олон орны уран бүтээлчид хэлэхдээ “Нэг удаа эко соёлын аян өрнүүлээд өнгөрөх бус сургуулийнхаа хаалгаар орж ирсэн хүүхэд бүрт нутгийнх нь онцлогийг харуулсан зураг зурж үлдээх нь тэдний оюун санаанд байгаль далай ээжийгээ хайрлахын ухааныг өвлүүлсэн, нөлөөлсөн ажил болно” гэдгийг онцолж байлаа.


Мөн соёлын төвийн ханыг өрөг урлагийн гайхамшгаар амилуулсан UB багийнхан хэлэхдээ “Соёлын төвөөр үйлчлүүлж, соёлжихоор ирсэн хэн бүхэнд амьдралын эх ундарга болсон ус, агаар H2, O2 ямар чухал хэрэгтэй гэдгийг товч бөгөөд тодорхой илэрхийлэхийг зорьсон” гэсэн юм. Ямартай ч Далай ээж эко соёлын аян дурсамж, туршлага, уярал, ухаарал үлдээгээд өндөрлөж байна. Энэ ажлыг зохион байгуулахаар санаачилж, сэтгэл зүрхээ нэгтгэсэн, ачааны хүндийг үүрсэн “Хөвсгөл далай эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, “Түгээмэл эрх хөгжил” ТББ-ын тэргүүн Т.Саруул, “Дөрөв дэх өнцөг” ТББ-ын тэргүүн Д.Оюун-Эрдэнэ, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв нарт талархал илэрхийлье. Хэдэн мянган бээрийн цаанаас сохор зоосны ч ашиг харалгүй хүний нутгийн төлөө цохилсон зүрх бүхэнд талархъя. Эх нутгийнхаа эзэн нь байхаар сэтгэл шулуудсан сэтгэл бүхэнд талархъя. Одоо байгаагаас нь улам дордуулчихгүйн тулд оройтоогүй дээр нь одоо л далай ээжийгаа хамгаалъя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ВИДЕО: Trishna - ХООСОН
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]