Өвөр Монголын Өөртөө Засах Орны гарьд н.Мөнхдүүрэнтэй бөхийн спортын талаар ярилцлаа.
-Бөхөөр хичээллээд хэдэн жил болж байна. Ямар амжилт гаргаж байна вэ?
-Би Улаанхад хотын Архорчин хошуугаар нутагтай. Би 2010 оноос хойш бөхөөр хичээллэн барилдаж байна. Багаасаа бөхөд дуртай. Ингээд 18 наснаас эхлэн монгол бөхөөр барилдаж байгаа. Өвөр Монголын Өөртөө Засах Орны (ӨМӨЗО) цол олгох барилдаанаас гарьд цол хүртсэн.
-Танай удамд бөх бий юү?
-Миний нагац талд хоёр бөх байсан. Манай аавын удамд бөх хүн байхгүй.
-Бэлтгэл сургуулилтаа хаана хийж байна. Ямар багшийн удирдлага дор хичээллэдэг вэ?
-Багш н.Жигмэдсүрэн маань Дундад улсад (БНХАУ) жүдо бөхөөр барилдаж алдар нэрд хүрсэн хүн. Олон амжилт үзүүлж байсан. Манай Архорчин хошууны хүн юм. Багштайгаа 2011 онд танилцаад удирдлага дор нь бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
-Өвөл, хаврын бэлтгэлээ хэд хоног хийдэг вэ?
-Ер нь арваннэгдүгээр сараас эхэлдэг. Тэгээд цагаан сараас өмнөхөн тардаг. Хөлөнбуйр аймгийн малчин дөрвөн хошуу цагаан сарын барилдаан зохион байгуулж байгаа. Шилийн гол аймгийн Минжүүрийн Соёл, н.Оюунбат багшийн удирдлага дор бэлтгэл хийж байгаа хүмүүс хавар хөдөө гарч адуу малтай ноцолдож, бэлтгэл сургуулилт хийдэг.
-Энэ зун хэр олон наадамд барилдсан бэ?
-Өвөр Монголд зуны улиралд найр, наадам олон болдог. Тухайлбал, нутаг усныхаа ард түмнийг баярлуулах, бороо хур хүсэх гээд олон найр наадам хийдэг. Зуны гурван сард бараг өдөр бүр л найр наадам болно гэсэн үг. Хамгийн сайхан наадам бол Шилийн гол аймгийн 512 бөхийн барилдаан. Энэ барилдаанд манай Улаанхадны хоёр бөх, Баруун Байран хошууны н.Гэгээрэх бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн. Би 512 бөхийн барилдаанд тав түрүүлсэн.
-Монгол Улсад очиж барилдсан уу?
-Үгүй. Би Монгол Улсаас бөхчүүд ирж барилдвал сайхан ах нар аа гэж хүндэлж явдаг. Монгол Улсад очиж барилдах бодол бий. Би өвлийн бэлтгэлээ өөр мужид очиж хийж байгаа. Тэгэхээр бэлтгэл удирдаж байгаа багшийнхаа удирдлагыг дагах ёстой.
-Тэгвэл Монгол Улсын бөхчүүдтэй барилдаж байв уу?
-Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Д.Анар, улсын начин Б.Амарзаяа, Э.Даш нартай барилдаж байсан. Монгол Улсын бөхчүүд бяр ихтэй байдаг. Энэ нь байнгын бэлтгэл сургууль хийж байдагтай холбоотой гэж бодож байна. Өвөр Монголын бөхчүүд байнга бэлтгэл хийдэггүй. Өөрийн эрхэлдэг ажлынхаа хажуугаар бөхийн спортыг сонирхон барилддаг. Тэгээд хошууны найр, наадамд л зодоглоно.
-Монгол Улсын бөхчүүдээс ямар бөхийг илүү хүндэтгэж явдаг вэ?
-Өвөр Монголд ирж барилдаж байсан Монгол Улсын аварга Ч.Санжаадамбыг хүндэтгэдэг. Өвөр Монголд гурван том барилдаанд ирж бүгдэд нь түрүүлж байсан юм. Ч.Санжаадамба аваргыг биширдэг хүн их олон.
-Тэгэхээр Өвөр Монголын бөхчүүд хэдий хугацаанд хэрхэн бэлтгэл хийдэг юм бэ?
-Өвөл, хаврын бэлтгэл их чухал. Сүүлийн жилүүдэд манай зарим бөх н.Одсод багш, Төмөр аваргыг дагаж Монгол Улсад очиж бэлтгэл хийх болсон. Тэгээд бөхийн спортын талаар олон зүйл сурч байгаа.
-Өвөр Монголд бөхийн барилдааны нэгдсэн дүрэм гэж бий юү?
-Өнөөдөр Шилийн гол, Улаанхад гээд аймаг, сум бүр өөр өөрийн бөхийн дүрэмтэй. Үүнийг цэгцлэх юм. Монгол бөхийн нийгэмлэгийн хурлаар ирэх оны долдугаар сараас Өвөр Монголын бөхийн дүрмийг цэгцлэхээр ярьсан байгаа.

-Өвөр Монголд алдартай ямар ямар бөх байна вэ?
-Зүүн Үзэмчиний н.Цагаанзаан, 2048 бөхийн барилдаанд түрүүлсэн Баруун Үзэмчиний Минжүүрийн Соёл, их аварга н.Баярбаатар гээд сайхан бөхчүүд бий. Өнөө үед барилдаж байгаа Баруун Үзэмчиний н.Цагаанзаан байна. Түүнийг Шилийн гол аймгийнхаа даян аварга гэж ярьдаг. Аймгийн цол олгох найраар гурван удаа түрүүлсэн.
-Монгол Улсаас барилдаад үзчих юм сан гэдэг бөх бий юү?
-Улсын харцага О.Хангайтай барилдаад үзчих юм сан гэж боддог. О.Хангай харцага Өвөр Монголд хоёр удаа ирж барилдсан. Тэгээд нэг удаа түрүүлсэн. Мөн их аварга н.Баярбаатар, манай Баруун Байран хошууны н.Гэгээрэхэд унасан.
-Таны хамгийн сайн хийдэг дархан мэх юу вэ?
-Би залуу бөх болохоор өөрт тохирсон дархан мэхтэй болж амжаагүй байна. Ойрын хэдэн жилээс дархан мэхтэй болох байх.
-Та цаашид ямар зорилт тавьж байна вэ?
-Монгол бөхөөр сайн барилдаж монголынхоо соёлыг олон хүнд таниулах бодолтой явдаг.
-Монгол бөхөөр хичээллэх сонирхолтой залуус хэр олон байна вэ?
-Монгол бөхөөр барилддаг залуус олон. Гэвч түүндээ аж амьдралаа зориулж бэлтгэл сургууль хийж байгаа хүн байхгүй. Ажлын чөлөө завсараар л бэлтгэл сургууль хийдэг. Монгол Улс шиг улсын цол хүртсэн бөхөд нэг компани даан авч цалин мөнгө өгч, бэлтгэл сургууль хийлгэнэ гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр ар гэрийн амьдралаа зохицуулчхаад багахан хугацаанд бэлтгэл хийдэг.
-Таныг хүүхдэд туслах сайн үйлсийн аян өрнүүлдэг гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол бөхөөр барилддаг хүмүүс ард түмний тус, шагналын мөнгөөр амьдарч байгаа. Ард түмэн найр, наадам хийхгүй бол бөх хүн орлоготой байж чадахгүй. Ийм учраас би 2016 оны хавраас “Говийн наран” гэж сан байгууллаа. Тэгээд хошууны ядуу өрхийн болон өвчинд нэрвэгдсэн, эцэг, эх нь нас барсан хүүхдүүдэд тусалдаг. Тэгээд тэднийг сургуульд хамруулах талаар ажилласан. Сүүлийн үед олон хүний тус дэмээр үйл ажиллагаа өргөжсөн. Хамгийн сүүлд манай аймагт ясны сүрьеэ өвчин туссан 15 настай эмэгтэй хүүхэд байсан. Ар гэр нь эмнэлгийн төлбөр төлөх боломжгүй. Ийм учраас бид мөнгө цуглуулж эмнэлэгт эмчилгээ хийлгэж өгсөн. Мөн манай нутгийн нэг хүүхдийн аав нь гурван сарын өмнө элэгний өвчнөөр нас барсан. Гэтэл сарын өмнө гэр нь шатаж хүнд байдалд орсон. Түүнд бас мөнгө цуглуулж тусалсан.
-Хандивын мөнгийг хэрхэн цуглуулдаг вэ?
-Би ганцаараа энэ бүх хандив туслалцааг үзүүлж чадахгүй. Цахим сүлжээгээр шууд нэвтрүүлэг цацаж тусламжийн гараа сунгахыг хүмүүст уриалдаг. Миний сүлжээгээр цацсан хандив тусламжийн аяныг 2000 гаруй хүн үзэж дэмждэгт талархаж явдаг. Тэдгээр хүмүүс тийм их хөрөнгө мөнгөтэй биш. Сайхан сэтгэлийн үүднээс чадах ядахаараа туслалцаа үзүүлж хандив өргөдөг юм.