Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Одоогийн хэлэлцүүлж буй хуулийн төсөлд “Байгалийн баялаг бол төрийн болон нийтийн өмч байна” гэж өөрчлөх саналыг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамтарсан ажлын хэсэг гаргаад буй.
Монголчуудын амьдрал уул уурхайгаас хараат байгаа, цаашдаа ч байх энэ цаг үед байгалийн баялгаа зөв зүйтэй захиран зарцуулж, үүнд зориулсан хуулийг зөв логиктой гаргаж гэмээнэ бид цаашдын үсрэнгүй хөгжлийн тухай ярих боломжтой. Үндсэндээ, байгалийн баялагтай холбоотой Үндсэн хуулийн зохицуулалтын үг, үсэг, таслал, цэг бүрийг маш сайн нягталж, батлах нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, монголчуудын амь амьдрал ямар байхаас шалтгаална. Тэгвэл өнөөдрийн хэлэлцүүлж буй Үндсэн хуулийн төсөлд байгалийн баялаг ТӨРИЙН БОЛОН НИЙТИЙН ӨМЧ байна гэсэн санал явж буй. Төсөл санаачлагч 62 гишүүний анхны саналд зөвхөн төрийн өмч байна гэсэн агуулга байсан бол Ерөнхийлөгч үүнийг нийтийн өмч болгож өөрчлөх нь зүйтэй гэсэн санал оруулсан. Ингээд эцэстээ хамтарсан ажлын хэсгээс нийтийн гэдэг үгний өмнө, 62 гишүүний төрийн гэдэг үгийг нэмж, “Төрийн болон нийтийн өмч байна” гэсэн агуулга бүрэлдсэн юм.
Эндээс харахад, төрийн өмчийн тухай ойлголт хэн бүхэнд тайлбарлах шаардлагагүй ойлгомжтой биз ээ. Тухайн жилийн сонгуульд ялалт байгуулсан нам төрөө эмхлэн байгуулж, байгалийн баялгийн зарцуулалтыг шийдвэрлээд явна гэсэн үг. Харин “нийтийн өмч”-ийг юу гэж ойлгох вэ гэсэн асуулт эндээс ургана. Угтаа нийтийн өмчийг ард түмэнд, ард түмний өмч мэтээр ойлгуулж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ энэ үг нэлээд салаа утгатай болохыг дараах хуулийн зохицуулалтаар тайлбарлахыг хичээе.
1.Хуулийн зохицуулалт
Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэжээ. Энэ нь өмчийн төрөл тэгшээр оршин байхыг, мөн нэгэн адилаар хамгаалагдаж, хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон гэж үзэж болно. Энэхүү Үндсэн хуульд тунхагласан үндсэн эрхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Иргэний хууль зэрэгт нийтийн болон төрийн өмчийн хэлбэр, төрөл, эзэн, эзэмших ашиглах, өмчлөх эрхийн агуулга зэргийг зохицуулсан байна. Тодруулбал, Иргэний хуульд “Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна” гэснээс үзвэл зөвхөн ард түмэн гэх ойлголт өрөөсгөл болох нь харагдаж байгаа юм. Ерөөс нийтийн өмч гэх уг хуулийн томъёололд төр өөрөө ард түмэнтэйгээ оршин байна гэж үзэж болох нь.
Өөрөөр хэлбэл, “нийтийн өмчийн” төрлийг субъектээр нь ангилбал төрийн өмч нь “Төрийн нийтийн зориулалттай өмч”, “төрийн өөрийн өмч”- өөс бүрдэх бөгөөд энэ нь Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд хуваагдана. Харин “Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэг нь Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтааар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлийг хэлдэг байна.
2. Нийтийн өмчийн тухай ойлголт
Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид зохицуулсан нийтийн өмчийн тухай ойлголт нь нэгдүгээрт, зориулалт нь тодорхойгүй, давуу байдлаар хэн өмчлөх вэ гэдгээс шалтгаалан нийтийн өмчийг тодорхойлсон, хоёрдугаарт, нийтийн өмчийн агуулга, ач холбогдол нь тодорхой бус, зөрчилтэй байна. Тухайлбал, нийтийн өмч нь түүний нэг хэлбэр болох төрийн нийтийн зориулалттай төрийн өмчөөс ялгахад төвөгтэй байгаад асуудлын гол буй. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийтийн гэдэг нь бүх ард түмний өмч гэж бууж болох боловчиг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.1-т “Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалттаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэсэн байдаг. Эндээс харахад, Үндсэн хуулийн нийтийн өмчийг ард түмэн байна гэж тунхагласан хэдий ч бусад хуулиар нийтийн өмчийг төр захиран зарцуулна гэж шийдвэрлэсэн байдаг.
3.Оновчгүй томъёолол
Тэгэхээр нийтийн өмч хэмээх нэр томъёо өөрөө оновчтой биш байна. Нийтийн өмчийн эд хөрөнгө нь бүгд нийтийн, нийт ард түмний, төрийн гэх мэт туйлын өмчлөх эрхэд хамаардаггүй, өөрөөр хэлбэл өмчлөх боломжгүй зүйл. Энэ утгаараа дээр дурьдсанчлан, нийтийн өмчийн өмчлөгч гэх ойлголт агуулга, зориулалтын хувьд буруу бөгөөд бүх нийтээр ашиглах эд зүйлс гэх ойлголт байх нь оновчтой. Түүнчлэн, Үндсэн хууль болон холбогдох Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ бол хууль тогтоох дээд байгууллага атал юуны учир төрийн нийтийн зориулалттай өмчийн өмчлөгч болж буй нь өөрөө агуулгын хувьд зөрчилдөөнтэй гэж хэлж болох. Нийтийн эрх зүйд төрийн байгууллага өмчийн өмчлөгч биш, харин итгэмжлэн удирдах гэх ойлголт байх бөгөөд нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн нийтийн буюу төрийн өмчийг зөв зохистой удирдах ёстой гэх үзэл бодол эх газрын системтэй орнуудад хүлээн зөвшөөрөгдөж иржээ. Германы эрдэмтэн эдийн засагч Лутц Хоффманы үзсэнээр “Төр гэгч нь зөвхөн бүх нийтийн өмчийг итгэмжлэлийн үндсэн дээр удирдах үүрэг бүхий, байнга солигдож байдаг аппарат юм. Төр хэзээ ч өмчлөгч байхгүй. Төрийн өмч гэж яривал энэ нь бүх ард түмний өмч юм” гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь, энэ ойлголт Монгол Улсад яг эсрэгээрээ байдаг билээ. Тиймээс эрх баригчид төрийн өмч, төр давамгай байдалтай байна гэх ойлголтоос салж , үзэл бодлын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Энэ тохиолдолд л өмчийн холимог хэлбэрийг зохистой байдлаар хэрэгжүүлж, өмчийн бүх төрлийг зохистой байдлаар хамгаалж, эрүүл өрсөлдөөн бий болгох нөхцөл бүрэлдэх боломжтой юм.
4.Баялгаа ашиглах шийдэл юу вэ?
Ийм том газар нутагтай, тийм их байгалийн баялагтай, багтаж ядсан их малтай атлаа яагаад Монгол хүн бид эх орондоо уруу дорой амьдрах ёстой гэж. Энэ бүхэнд өгөх цор ганц хариулт бол хөгжлийн урт хугацааны бодлого Монгол Улсад алга. Өөрөөр хэлбэл, эрх баригчид урт хугацаанд хөгжлийг харж, төлөвлөж чадахгүй байна гэсэн үг. Аливаа улс орон хөгжлийн урт хугацааны бодлогын хөтөлбөртэй байж, томоохон зорилго тавьж гэмээн үсрэнгүй хөгжиж, түүний үр шим нь иргэндээ наалдаж, ард түмэн өнөөдөртөө санаа зовохгүй маргаашийнхаа төлөө сэтгэл амар зүтгэдэг. Ийм жишээ бид олныг мэднэ.
Дэлхийд хамгийн томд бас амжилттай загварт тооцогдох Норвегийн баялгийн сан нь анх 1996 онд байгуулагдахдаа 300 сая ам.долларын хөрөнгөтэй байсан бол өдгөө нийт хөрөнгө нь нэг их наяд ам.доллар даваад байна. Норвегийн Үндэсний нийт бүтээгдэхүүнээс 2.5 дахин их хөрөнгөтэй тус сан дэлхий даяар 9000 гаруй компани, уурхайн тодорхой хувийг эзэмшдэг юм. Тус сан бол хүн ам цөөн, хөдөлмөрийн хүч багатай ч өөрийн сул талыг нөхөж болдог гэдгийг харуулсан Норвегийн урт хугацааны хөгжлийн загвар юм. Норвеги улс өдгөө энэхүү сангаараа дамжуулан улс дамнасан хөрөнгө оруулалтын сангууд байгуулж, гадаад улс орнуудын шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, хөдөлмөрийн хүчний нөөцийг харилцан ашигтай ашиглан хөгжиж буй. Нэг Норвеги иргэнд ногдох хэмжээ нь 195 мянган ам.доллар. Энэ 195 мянган ам.долларт гадаадын компаниудын хувьцаа, бонд, Засгийн газруудын өрийн бичиг, оюуны өмчийн патентуудыг ашиглах зөвшөөрөл зэрэг багтдаг юм. Энэ бүхнийг ард иргэд нь хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшдэг. Харин Засгийн газар нь баялгийн сангаас орж ирсэн мөнгийг барилга, дэд бүтэц зэрэг үйлдвэрлэлийн капитал, мөн боловсрол, эрүүл мэнд гээд хүний капиталдаа хөрөнгө оруулж, эдийн засгаа солонгоруулах бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Асар их баялагтай Монголд үүнийг хөгжлийн урт хугацааны загварын нэг тулах цэг болгон авч болох юм. Харин мөнгийг нь яг юунд зарцуулах нь маш тодорхой байх ёстой. Эс бөгөөс, одоогийнх шиг хэн засгийн эрхийг атгана тэр, тойрон хүрээлэгчид нь өрмийг нь хамж, жирийн иргэд хусмыг нь хүртэх төдий байсаар байж болохгүй юм.