Монгол Улс түүхэндээ анх удаа 42 сая тонн нүүрс экпортлох амбиц энэ жил хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна. Оны эхний долоон сарын статистикийг харвал нийт 20.8 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үл ялиг л өндөр дүн. Гэхдээ өнгөрсөн оны мөн үед нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өссөнөөр үнийн дүн 177.2 сая ам.доллараар нэмэгдэж, 1.788 тэрбум ам.долларын орлого олжээ. Эдийн засгийг нуруундаа үүрч, төсвийн орлогыг бүрдүүлж буйн хувьд нүүрсний салбарынхандаа талархах учиртай.
Харамсалтай нь, нүүрсний салбарт экспорт хэмээх ганц талыг жанжин шугамаа болгож, бодлогын тэнцвэр алдагдсаны уршгаар дотоодод нүүрсний ач тусаас илүү балгийг нь хүртэж буй. Монголчууд 100 жилийн өмнө ч түлдэг байсан шигээ өнөөдөр анхдагч нүүрсээ шууд түлж байна. Үүнээс болж хүн амын дунд амьсгалын зам, зүрх судасны өвчлөл газар авч, цаг бусаар хорвоог орхигсдын тоо жилээс жилд нэмэгдэж буйг эрүүл мэндийн статистик тоонууд харуулна. Агаарын бохирдлын улмаас эрүүл мэндийн даатгалын санд жилд 18.4 тэрбум төгрөгийн ачаалал ирж, хөдөлмөрийн алдагдсан бүтээмжийн зардал 19.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг НҮБ-ын ЮНИСЕФ-ээс гаргасан “Аюулын харанга” тайланд дурджээ. Энэ нь зөвхөн 2016 оны үзүүлэлт бөгөөд байдал энэ чигээрээ үргэлжилбэл хүн амын төрөлтийг дагаад ачаалал, алдагдах бүтээмж бүр ч илүү нэмэгдэх нь гарцаагүй.
Энэ бүхэн монголчууд 175 тэрбум орчим тонноор хэмжигддэг нүүрс хэмээх байгалийн баялгаа захиран зарцуулахдаа гаргаж буй бодлогын алдаа, хэрэгжилтийн гажуудлаас болсон гэмээр. Бодлогын алдаа байгаа учраас хүйтний улиралд валют ганзагалаж ирдэг нүүрсээ дээр дооргүй ад шоо үздэг. Хамгийн тод жишээ нь, энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосон үйл явдал. Тооцоо судалгаа муутай, захиргаадан гаргасан энэхүү шийдвэр хүсэн хүлээсэн шигээ үр дүн авчрахгүй гэдэг нь хэрэгжихээсээ ч өмнө тодорхой байсан. Түүхий нүүрсийг орлуулах шахмал түлшний үнэ утаа үйлдвэрлэгч 216 мянган өрхийн худалдан авах чадвараас өндөр, үйлдвэрлэгчид нь бэлтгэлээ сайн базаагаагүй, тээвэр ложистикийн асуудлаа шийдээгүй гээд амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Мөн шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа буюу тавдугаар сард цаг агаар түр хүйтрэхэд түүхий нүүрсний далд худалдаа цэцэглэж, нэг шуудай нь 4500 төгрөгт хүрч байв.
Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин 2017 онд гаргасан “Төр улсыг засах тухай” номынхоо эхний ботид “Байгаль орчноо хамгаалах нь үйлдвэрлэх хүчнийг хамгаалах явдал, экологийн орчныг сайжруулах нь үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх явдал мөн гэсэн ойлголтыг хүчтэй бий болгон, ногоон хөгжил, хүлэмжийн хийн бага ялгаралтай хөгжлийг улам түргэтгэх шаардлагатай бөгөөд байгаль орчны бүрэн бүтэн байдлаа хэсэг хугацааны эдийн засгийн өсөлтийн ашгаар сольж хэрхэвч үл болно” гэсэн үг нь өдгөө бодлого болон ягштал хэрэгжиж явна. Үүнийг манай экспортлогчид ч соргогоор мэдэрч, бодлогын өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг нь угтуулан стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргахаар зүтгэж буй. Одоогоор 10-аад уурхай олборлосон нүүрсэндээ анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн өмнөд хөршийн зах зээлд гаргаж байгааг салбарын төлөөлөл хэлж байна. Үнэндээ Монголд одооноос л нүүрсний технологид анхаарч эхэлж байгааг Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг онцолсон. Тэрбээр “Нүүрсний чанараа сайжруулж, анхан шатны боловсруулалт хийх нь зүй ёсны асуудал болсон. Энэ нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага, стандарттай холбоотой. Үүндээ анхаарсан компаниудын борлуулалт сайн, зах зээл нээлттэй байна” гэв.
Ши Жиньпин үзэсгэлэнт Хятад орныг байгуулах үзэл санааныхаа хүрээнд өдгөө нүүрсний гадаад түншүүдэдээ тавьж буй шаардлагаа өндөрсгөөд байгаа нь гадаад бодлого нь дотоод бодлоготойгоо хэрхэн уялдсаны тод илрэл. Монголчууд нүүрсний экспортоо тэрхүү шаардлагад нь нийцүүлэхээр зорьж байгаа шигээ дотооддоо ч гэсэн анхаарах цаг үе ирээд байна.
Үе үеийн Засгийн газруудын толгойн өвчин болж, эрхэм дарга нарыг сандал суудлаас нь ганхуулдаг сэдэв бол агаарын бохирдол. Шахмал, сайжруулсан, утаагүй гэх мэтээр нүүрсний угаарыг багасгах олон арга хэмжээ авсан. Энэ засгийн хэрэгжүүлж буй бас нэг гол ажил нь мөнөөх л сайжруулсан түлш. Гэтэл олон улсын шинжээчид иргэдийнхээ эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалах огт өөр шийдэл санал болгодог. ЮНИСЕФ-ээс “Шингэн, эсвэл хийн түлшийг ашиглах нь хатуу түлш хэрэглэснээс агаарыг бохирдуулах нь бага бөгөөд эрчим хүчний үр ашигтай байдлыг хангасан, хэрэглэхэд илүү тохиромжтой” хэмээгээд, улмаар “Хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөө, шийдвэрлэх арга зам” бодлогын зөвлөмждөө тусгасан. Харамсалтай нь, манайд ийм технологи алга. Хоёр жилийн өмнө АНУ-ын “Поларис Ассет Корпораци” нь Монгол Улсад ийм технологи нутагшуулах сонирхолтойгоо илэрхийлж, Засгийн газрын түвшинд уулзаж, “Эрдэнэс Монгол” ХК-тай хамтран ажиллахаар яригдаж байсан. Гэвч өнөөг хүртэл ажил хэрэг болоогүй л байна. Тун саяхан Азийн төлөөх Боао форум дээр ч “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал П.Ганхүү Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шингэрүүлсэн хийн төсөлд хөрөнгө оруулахыг уриалж буй харагдсан. Чухамхүү агаарын бохирдлоос хурдан салахын тулд төвлөрөл задална, дагуул хот байгуулна гэхээс илүү нүүрсний технологид анхаарах нь оновчтой болох нь сүүлийн жилүүдэд бүр ч тодорхой харагдаж байна.
Тиймээс нүүрсний хэрэглээ, түүнээс урган гарсан нийгэм, эдийн засгийн сорилтыг даван туулахын тулд нүүрсний экспортод анхаарал хандуулж, зүтгүүлдэг шигээ чармайхсан. Ядаж л хөрөнгө санхүүд гар таталгүйгээр угаар үгүй түлш үйлдвэрлэж, дотоодын зах зээлд хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцсэн үнээр борлуулж, зөрүүг нь нүүрсний экспортын орлогоороо нөхөх, шахмал түлшний зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажил тууштай хиймээр. 2018 онд экспортод гаргасан 36 сая тонн нүүрсний ердөө нэг сая тоннтой тэнцэх нүүрсийг л дотооддоо хэрхэн хэрэглэх шийдлээ олж ядаж буйгаас нийслэлчүүд жилийн тэн хагаст нь угаартаж буй. Нүүрсний салбарт бодлого зөв байвал биднийг тэжээнэ, харин буруу бол угаартаж устахдаа тулж буй нь харамсалтай.
Үнэндээ манай улсад өнөөдөртөө нүүрснээсээ сайн чанарын шахмал түлш гарган авч, нарийн хяналттай, чанд зохион байгуулалттайгаар агаарын бохирдлоосоо салах бодлогоо тултал нь хэрэгжүүлэхээс өөр сонголт алга.