Монголын уул уурхайн үндсэний ассоциацийн ерөнхийлөгч Т.Гантөмөртэй нүүрсний салбар болон уул уурхайн хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.
-Уул уурхайн салбарт Засгийн газрын баримталж буй бодлогын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар ашигт малтмалын зарим лицензийг шууд хүчингүй болгож байгаа нь буруу юм. Компаниудын үйл ажиллагааг шалгаж тогтоосны үндсэн дээр тодорхой арга хэмжээ авах ёстой. Миний хувьд уул уурхайн компаниуд хууль зөрчөөд байгаа асуудлыг сайн мэдэхгүй. Сайн засаглал гэдэг нь бүх асуудалд хариуцлагатай хандах, шалгалт хийх, буруутай этгээдэд хариуцлага тооцдог байх учиртай юм. Миний хувьд аль аль тал нь учир зүйгээ олох байх гэж бодож байна. Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг шалгахад буруу байхгүй.
-Лиценз цуцалсанаар уул уурхайн компаниуд хэдий хэмжээний хохирол хүлээж байна вэ?
-Үүнийг шүүх тогтоох байх. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт геологи хайгуулд зарцуулсан, байгаль хамгаалах технологио сайжруулах талаар ямар ажил хийсэн зэргээс хохиролын хэмжээ шалтгаална. Эдгээрийг тооцон батлаж байж хохирлыг нөхөн төлөх эсэх асуудал нь тодорхой болно. Лиценз цуцалсан гол үндэслэл нь байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулаагүй гэж байгаа. Үүнийг бас шалгаж нотлох ёстой байх.
-Уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага ямар байна вэ?
-Зарим ашигт малтмалыг хэсэг хугацааны дараа хэрэглэхгүй болно. Учир нь бие биенийгээ нөхсөн бүтээгдэхүүнүүд бий болж байгаа юм. Тухайлбал, төмрийн ашиглалт маш их буурч байна. Түүнийг орлох олон төрлийн химийн бүтээгдэхүүн бий болсон. Ийм учраас ирээдүйд олон төрлийн ашигт малтмалыг ашиглахгүй болох нь тодорхой. Өөрөөр хэлбэл ашигтай малтмал биш ашиггүй малтмал болно. Тэгэхээр манай улс ашигт малтмалаас илүү эдийн засгийг аваад явах аж үйлдвэрийн суурийг хөгжүүлэх ёстой юм. Үүнийг бий болгохын тулд олон жил шаардлагатай.
-Уул уурхайн салбарт нэн тэргүүнд шийдэх ёстой ямар ямар асуудал байна вэ?
-Хариуцлагатай байлгах асуудал хамгийн чухал. Нинжа гэж нэрлэгдсэн хүмүүс байгаль орчныг маш их сүйтгэж байна. Үүнийг дагаад хариуцлагатай ажиллаж байгаа компаниудын нэр хүнд унаж байна. Мөн төрийн хяналтыг сайжруулахын тулд тогтолцоог нь өөрчлөх ёстой. Үүний тулд төрийн засаглалыг сайжруулах учиртай. Тухайн орон нутгийн Засаг даргатай хуйвалдаад л ашигт малтмал олборлох асуудал газар авсан. Яваад очиход эзэнгүй баахан техник байдаг. Шалгалтынхан явахаар ажлаа явуулдаг тал бий. Энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Томоохон компаниуд байгаль орчин хамгаалах, орон нутагтай хамтран ажиллах, татвар хураамжаа төлөх зэрэгт хариуцлагатай ажиллаж байгаа. Уул уурхайн салбарын хүчээр манай улсын эдийн засаг өдий зэрэгтэй явж буй юм. 2000 оны эхэн хүртэл Улаанбаатар хотод цахилгаан байсгээд л тасардаг. Шатахуун хомсдож хүмүүс нөөцөлдөг байсан шүү дээ. Тэгээд уул уурхайн үйлдвэрлэл бий болохоор эдийн засгийн эргэлт сайжирч тасардаг, хомсддог зүйлгүй болсон. Одоо уул уурхайг хаа гэж байгаа нь хачирхалтай. Уул уурхайн үйлдвэрлэлийг хаавал бид ямар хэмжээнд хүрэх вэ гэдгээ бодох л ёстой. Манай улсын хөгжлийн гол түлхүүр нь уул уурхай. Цаашид ч тийм байх нь гарцаагүй юм.
-Энэ онд уул уурхайн салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байна вэ?
-Энэ талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна.
-Урд хөршөөс өөр улс орон манай нүүрсийг хэр сонирхож байна вэ?
-Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад. Тэгвэл манай улс тус улстай хиллэж байгаа нь давуу тал юм. Иймд нүүрсний экспортоо бүтээмжтэй хийж чадвал Монгол Улсын эдийн засаг хөгжих бололцоо бий. Дэлхий нийтээр БНХАУ руу тэмүүлж байна. Өмнөд Африк, Өмнөд Америкийн орнууд Хятадад нүүрс нийлүүлэхийг мөрөөдөд сууж байгаа. Гэтэл бид хил залгаа байж экспортоо хангалттай хэмжээнид хийж чадахгүй байгаа нь харамсалтай. ОХУ-аар дамжуулж нүүрс экспортлох нь өндөр өртөгтэй гэж би боддог. Учир нь тээвэрлэх зай урт байх тусам зардал өртөг нэмэгдэнэ шүү дээ.
-Ирэх арван жилд Хятадын нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн төсөөлөл гарсан. Тэгвэл манай улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хэзээ нэгэн цагт дэлхий нийтэд нүүрс ашиглахгүй болохыг үгүйсгэх аргаггүй. Өнөөдөр маш олон ашигт малтмал ашиглахгүй болж байна. Ялангуяа, агаар орчныг бохирдуулдаг учраас нүүрсний хэрэглээ дэлхийн хэмжээнд буурч байгаа. Хятад “Цэлмэг тэнгэрийн бодлого” гэж хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд нүүрсний хэрэглээгээ жил бүр бууруулж байна. Ингээд ОХУ-аас байгалийн хий авах шугам татаж буй юм. Тэгэхээр бид ойрын жилүүдэд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх нь чухал. Тэгэхээр гаалийн байгууллага хялбарчилсан бүрдүүлэлт хийдэг, хилээр нэвтрэх гэж уддаггүй байх, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэж байж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломжтой юм. Нүүрсний зах зээл таатай байгаа өнөө үед ахиухан борлуулалт хийж чадвал бидний зол болно.
-Нүүрсний үнэ ирэх хоёр гурван жилд тогтвортой байх төлөв бий гэсэн. Ийм боломж үнэхээр байгаа юм уу?
-Ашигт малтмалын үнэ ханш тодорхой давтамжтай өсч, буурдаг. Эдийн засгийн хямрал тохиохгүй гэсэн баталгаа байхгүй. Гэвч ирэх хоёр жилд нүүрсний үнэ ханш тогтвортой байна гэж судлаачид үзэж байгаа юм.
-Нүүрсний зах зээлийн гол өрсөлдөгч нь ямар улс байна вэ?
-Казахстан, ОХУ манай гол өрсөлдөгч болж байна. Гэвч манай улс нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадтай хил залгаа байгаа нь давуу тал юм.
-Нүүрсний тээвэр болохгүй бүтэхгүй байна гэж олон жил ярьж ирлээ. Энэ асуудал хэзээ цэгцрэх бол гэж бодож байна вэ?
-Төмөр замаа л даруй барих хэрэгтэй. Тэгвэл манай нүүрсний экспортын хэмжээ, хилийн дамжин өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдэнэ. Мөн нэг тонн нүүрс зөөх өртөг хямдарна. Маш богино хугацаанд их хэмжээний нүүрс гаргах боломжтой болно.
-Хамгийн гол нь Хятадын зах зээл манайхаас их хэмжээний нүүрс авах боломж бий юу. Манай улсаас авах нүүрсний хэмжээгээ бууруулж байгаа шүү дээ?
-Монгол Улс Хятадын нүүрсний хэрэглээний 0.4 хувийг нийлүүлдэг. Тэгэхээр нүүрсний асар их хэрэгцээ байна гэсэн үг. Австрали, Индонез улсаас маш их хэмжээний нүүрс авч байна. Манай улс нүүрсээ маш хямд зардлаар олборлож байгаа. Тэгвэл Хятад коксжих нүүрсээ гүний уурхайгаас олборлодог учраас өртөг зардал нь өндөр юм.
-Энэ онд нүүрсний экспорт ямар хэмжээнд байх дүр зураг харагдаж байна вэ?
-Одоогоор 33 сая тонн нүүрс олборлоод байна. Наймдугаар сарын байдлаар уг нүүрсний 25 сая тонныг нь экспортлоод байгаа.
-Тэгвэл манай улс нэг тонн нүүрс олборлоход хэдий хэмжээний зардал гаргаж байна вэ?
-Уурхай бүрийн олборлох зардал өөр. Хөрсний зузаан олборлох өртөгт шууд нөлөөлдөг. Тэр ч бүү хэл энэ сард олборлсон нүүрсний өртөг зардал дараа сард өөр байх жишээтэй. Тэгэхээр нэг тонн нүүрс олборлоход төдөн төгрөг зарцуулдаг гэж хэлэхэд хэцүү. Манай улсад коксжих нүүрс олборлож байгаа 14 компани бий. Улсын хилд хамгийн ойрхон уурхайгаас олборлож байгаа нүүрс хамгийн хямд юм.